A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 05 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуульд заасан төслийн санхүүжилтийг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

2.1.Энэ хуулийн үйлчлэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх дараах төсөл хамаарна:

2.1.1.газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;

2.1.2.Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл.

2.2.Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төсөл нэмэхийг хориглоно.

2.3.Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, НЭГДСЭН ТӨСӨВ ХООРОНДЫН ХАМААРАЛ

3 дугаар зүйл.Гадаад зээлийн ашиглалтын зардал

Хэвлэх

3.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн тухайн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох бөгөөд нэмэгдсэн дүн нь уг хязгаарт хамаарахгүй.

3.2.Тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ

4 дүгээр зүйл.Гадаад зээлийн ашиглалтын хяналт, ил тод байдал

Хэвлэх

4.1.Засгийн газар энэ хуулийн биелэлтийн талаарх тайланг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хамт Монгол Улсын Их Хуралд хүргүүлнэ.

4.2.Энэ хуулийн 2.1-д заасан төслийн хэрэгжилт, санхүүжилт, гадаад зээлийн ашиглалттай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олон нийтэд ил тод, нээлттэй, тогтмол мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам

Хэвлэх

5.1.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтад санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1, 3.2-т заасан зохицуулалтад хамруулна.

5.2.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.

5.3.Энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ