A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний "SAT1" хэвшил, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний "О" дэд хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчин гарсан нутаг дэвсгэрт 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосугай.

2.Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам"-д заасан арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) болон Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Шүлхий өвчний "SAT1" хэвшлийн сорьцыг олон улсын мал эмнэлгийн лабораторид яаралтай хүргүүлэн баталгаажуулж, тохирох вакцин үйлдвэрлэгчийг судалж, вакцины хангамжийг зохион байгуулахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.

4.Шүлхий өвчний "SAT1" хэвшлийн хилээр нэвтэрсэн нөхцөл байдал, тархалтын болзошгүй хүрээг тогтооход мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т тус тус даалгасугай.

5.Улсын хил хамгаалалтын бүсэд малчдыг отор нүүдэл хийлгэхгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6.Улсын хилээр нэвтэрч байгаа хүн, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг зохих журам, стандартын дагуу шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7.Шүлхий өвчний "SAT1" хэвшлийг ялгаварлан оношлох оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, дархлаажуулалтад шаардагдах вакциныг батлагдсан төсөвтөө багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авч нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т даалгасугай.

8.Шүлхий өвчний халдварын голомтод байгаа, халдвар тараах нь тогтоогдсон мал, амьтныг холбогдох журам, зааврын дагуу устгах, тархалтыг зогсоох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, устгалд хамруулсан малын үнийн нөхөн төлбөрийг холбогдох акт, баримтыг үндэслэн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.

9.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЦУЦЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий, Говьсүмбэр, Дундговь, Төв, Ховд аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цуцалсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, уг дэглэмийн хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:

2.1.хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулах;

2.2.хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрээс малын гадагш чиглэсэн хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоох;

2.3.мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг малчид, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг хангуулж ажиллах.

3.Улсын хилийн хамгаалалтын бүсэд отор, нүүдэл хийлгэхгүй байхыг улсын хилийн бүс бүхий аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР