A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 253

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2 дахь заалтад заасан шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгаж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагуудын удирдлагад тус тус зөвлөсүгэй.

3.Мэргэжлийн нэгдсэн холбоог улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням), "И-Монгол академи" УТҮГ (М.Баттулга)-т тус тус үүрэг болгосугай.

4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР