A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ

 

2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 

Дугаар 05

Улаанбаатар хот

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын 
15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг
Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, О.Мөнхсайхан, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар, С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч О.Билгүүн нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ... мөн.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...", мөн зүйлийн 8 дахь заалтын "... үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар нараас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:

"Зохиогчийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасныг үндэслэн өвлүүлэгчид байсан хэмжээний оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн эд хөрөнгийн эрхийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, сүүлчийн зохиогч нас барснаар өв залгамжлал үүсгэх тухай маргааныг бий болгох, хамтран бүтээл туурвисан бусад зохиогчид өвлөх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх, бусад зохиогчид онцгой эрх эзэмшигч, хууль ёсны өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн бүтээлийг хуулбарлах, түрээслэх зэргээр ашиглаж худалдан борлуулж, үр шимийг хүртэх, ашиг орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудлууд үүсэж, иргэдийн эдийн бус хөрөнгийг өвлөх эрхэд ноцтой хохирол учруулж байна.

Өөрөөр хэлбэл, зохиогч амьдралынхаа бүхий л цаг хугацааны туршид судалсан судалгаа, хуримтлуулсан туршлага, ур чадварт тулгуурлан бүтээсэн бүтээлд нэрээ оруулсан шавь нар нь зохиогчийг нас барсны дараа хууль ёсны өвлөгчийн эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь эзэмшиж, бүтээлийн халдашгүй байдалд халдаж, түүний утга агуулгын илэрхийллийг өөрчлөн гуйвуулж хэвлүүлэн, англи хэл рүү орчуулж, Америкийн Нэгдсэн Улсын Амазон худалдааны сайт дээр их хэмжээгээр худалдан борлуулж, Конгрессын номын санд бүртгүүлж, хандивласан зэрэг Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, өвлүүлэх эрхэд ноцтой халдсан үйлдлүүд бий болсоор байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэрэг маргааныг үүсгэсэн явдал гарсаар байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;", мөн зүйлийн 8 дахь заалтад "соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.", 9.2 дахь хэсэгт "Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлнэ." гэж заажээ. Зохиогчид бүтээлийнхээ эд хөрөнгийн эрхийн хувь хэмжээг гэрээгээр харилцан тохиролцоогүй тохиолдолд хувь тэнцүүлэн тухайн эд хөрөнгийн эрхийг эдлэх эрхтэй юм.

Хамтын бүтээлийн зохиогч шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд бий болсон бүтээлийнхээ хувьд эдлэх өөрт байсан хэмжээний эд хөрөнгийн онцгой эрхээ хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлүүлэх эрхээ хамгийн сүүлчийн зохиогч нас барсан үед хэрэгжүүлж болохоор байгаа нь иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгө өвлөх үндсэн эрхийг зөрчихөөс гадна Иргэний хуулийн холбогдох заалттай харшилж байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна.", Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт "Өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ.", 516 дугаар зүйлийн 516.1 дэх хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно." гэж тус тус заасныг Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг ноцтой зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.4 дэх заалтад зохиогчийн туурвисан бүтээл нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж заасан бөгөөд зохиогчийн хууль ёсны өв залгамжлагч түүнийг өвлөх, үр шимийг хүртэх эрхтэй атал хамтын бүтээлийн сүүлчийн зохиогч нас барсан үед өвлөх эрх нь нээгдэхээр байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт "Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын бүтээлийг ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, шилжүүлэхэд бусад хамтран зохиогчдоос зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахгүй." гэж заасан байдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу зохиогчийн бүтээлээ нийтэд түгээх, дамжуулах, тоглох, дэлгэж үзүүлэх болон хуулбарлах, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх өвлүүлэгчид байсан хэмжээний эд хөрөнгийн онцгой эрхийг бусад зохиогчид үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхийг хориглосон нь тэр байтугай тухайн эд хөрөнгийн эрхийг худалдах, шилжүүлэх тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчаас зөвшөөрөл авахгүйгээр шууд хэрэгжүүлж болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гэтэл Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцод заасны дагуу тус конвенцод нэгдэн орсон 178 улс оронд зохиогчийн эрхийн бүтээлийг нэгэн зэрэг нийтэд түгээх, дамжуулах, тоглуулах зэргээр эд хөрөнгийн эрхийг ашиглуулсны үр шимийг хүртэх, нэгэн зэрэг 178 улс орноос зохиогчийн эрхийн хамгаалалт хүсэх зохиогчийн хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хохироосон тохиолдол гарч байна.

Хамтын бүтээлийн зохиогчид нь Иргэний хуульд заасан журмын бус үндэслэлээр өв хүлээн авах, бүтээлийн үр шимийг хүртэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл, шалтгааныг бүрдүүлж байна. Түүнчлэн Монгол Улсын соёрхон баталсан "Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай" Бернийн конвенцын 7 дугаар зүйлийн (1)-д "Зохиогч энэхүү конвенцоор насан турш хамгаалалтад байх бөгөөд түүнийг нас барснаас хойш тавин жил үйлчилнэ.", мөн 7 bis зүйлд "Зохиогчийг нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон ...", Зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт "Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна." гэж тус тус заасан зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг тоолох суурь зарчмыг мушгин гуйвуулж зохицуулсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжтой харшилсан гэж үзэж болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ." гэж заасан. Энэ зарчим нь төрийн бүх шатны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр болон Улсын Их Хурлаас баталж байгаа хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцод нийцсэн байх, иргэдийн эрхийг хамгаалах, тэдгээрийн эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байх үүргийн агуулгыг илэрхийлдэг. Гэтэл мэдээлэлд дурдаж байгаа хуулийн зохицуулалт өвлөгчийн эрхийг хуулиар хязгаарлаж байгаа нь төрийн хууль дээдлэх зарчим, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, хүчингүйд тооцож өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Б.Төгөлдөр, Б.Энхтуяа, З.Алтанхуяг, Н.Тэмүүлэн нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ...", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх ... хөрөнгө шударгаар олж авах, ... өв залгамжлуулах эрхтэй. ...", мөн зүйлийн 8 дахь заалтын "... бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Үүнд:

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь нэг талаас хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалд хууль зүйн үндэслэлгүй шаардлага тогтоосон төдийгүй нөгөө талаас иргэний үндсэн эрх болох хөрөнгө шударгаар олж авах, өв залгамжлуулах болон үр шимийг хүртэх эрхүүдийг хязгаарласан байна.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд эдгээр үндсэн эрх удаа дараа хууль тогтоох үйл ажиллагаанд (1993, 2006 онд) зөрчигдсөөр ирсэн байна. Жишээ болгон өмнө нь үйлчилж байсан зохиогчийн эрхийн хууль тогтоомжид, нэн ялангуяа Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. ..." гэж, мөн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж тус тус заасныг дурдаж болох юм. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж өмнө нь үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжийн зохицуулалттай адил агуулгаар зохицуулсан байна.

Энэ талаар зохиогчийн эрхийн онолын бүтээлүүдэд өнөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тухайлбал, Оюуны өмчийн эрх (2004) хэмээх тайлбар тольд "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. ..." гэж бичигдсэн байна. Энэ талаар С.Нарангэрэл, Н.Тэмүүлэн нарын Зохиогчийн эрхийн тулгуур асуудал (2008) хэмээх бүтээлд "Хамтын бүтээлийн хоёр төрөл байдгаас уялдан хуваагдашгүй ба хуваагдах гэсэн хамтарсан зохиогчийн хоёр төрөл бий болдог. Хуваагдашгүй хамтарсан зохиогч нь хоёр буюу түүнээс дээш этгээдийн бүтээсэн салшгүй нэгдмэл цогц, хэсэг нь бие даасан ач холбогдолгүй бүтээл юм. Хуваагдашгүй хамтарсан зохиогчдын нөхцөлд бүтээлийг буй болгоход оролцсон этгээдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнг бараг зохиогчийн эрхийн нэгдмэл объектоос тусгаарлаж болшгүй байдаг. Хамтын бүтээлийн хуваагдах хамтарсан зохиогчид нь нэгдмэл боловч энэ нь бие даасан ач холбогдол бүхий хэсгээс бүрэлдсэн, тэрхүү хэсгийг бүтээсэн зохиогч нь хамтарсан зохиогчдоос хэн болох нь тодорхой байна. Хуваагдах хамтарсан зохиогчдын жишээ нь тодорхой бүлгийн зохиогчийг заасан хэд хэдэн этгээдийн бичсэн хөгжимт драмын бүтээл, сурах бичиг буюу хамтын нэг сэдэвт зохиол юм. ... Дагаж мөрдөж буй хууль тогтоомжоор өвлөгчдийн зохиогчийн эрхийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгоогүй байна. ... Хамтарсан зохиогчдын туурвисан бүтээлийн зохиогчийн эрхийг өвлөх тухай асуудлыг хуулиар хангалттай нарийвчлан зохицуулж чадаагүй байна. ..." гэж дурдсан байна.

Энэ байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн " ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ..." гэсэн зохицуулалтын үзэл санаа, үндсэн агуулга, суурь зарчимд нийцэхгүй байна.

Эдгээр зохицуулалтын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар (2009) хэмээх хамтын бүтээлд "Монгол Улсад иргэдийн туурвисан оюуны өмч бол зохиогчийнх нь өмч байхаар Үндсэн хуульд хуульчилсан. Энэ нь 1990 оны нэмэлтийн дараа Иргэний хуульд өмчийн эрх зүйд холбогдох шинэ бүлэг бий болсон цоо шинэ зарчмаас улбаатай юм. Энэ үеийг хүртэлх хугацаанд өмчийг бодит өмчийн үзэл санаан дээр тулгуурлан зохицуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхан, аж үйлдвэрийн салбарт хамаарах оюуны бүтээлийг өмнө байснаас огт өөр зарчмаар хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. ..." гэж товчхон тайлбарласан байна.

Тэгвэл Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар (2024) хэмээх бүтээлд "... Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэдэг нь өмчлөгчөөс өмчийн зүйл болон түүнээс хамааралтай буй болсон эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, тэр эрх болон өмчлөлийн зүйл аливаа хууль бус халдлагаас ангид байх тухай юм. Хамгаалахын учир нь аливаа өмч халдлагад өртөхөөс хүний нийгэм чөлөөлөгдөөгүй, эрсдэл бүхий учраас ийнхүү тусгайлан зохицуулсан хэрэг. ... Иргэний туурвисан оюуны үнэт зүйл, түүний зохиогчийн өмчлөх эрхийг ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалж, үндэсний баялаг гэж зарласан нь дараах учир шалтгаантай. Оюуны үнэт зүйл нь уугуул, өргөн утгаараа зан суртахууны, танин мэдэхүйн, шашин, гоо зүйн болон бусад үзэл санаа, төсөөлөл, мэдлэгийг агуулсан ойлголт. ... Энд оюуны үнэт зүйлийг агуулсан, биет үнэт зүйл буюу иргэний туурвисан оюуны үнэ цэнтэй бүтээлийн тухай өгүүлж байна. Тэгэхээр, Үндсэн хуулийн энэ хэсэгт авч үзсэн оюуны үнэт зүйл гэсэн ойлголтыг оюуны биет үнэт зүйл гэсэн утгаар хэрэглэж, ойлгох нь зөв юм. Зохиогч оюуны үнэт зүйл бүтээдэггүй. Харин оюуны үнэт зүйл, үнэт чанар агуулсан бүтээл туурвидаг. Иргэний туурвисан оюуны бүтээлийг ийнхүү зохиогчийн өмч гэдгийг онцолсон нь оюун бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюуны өмчийг хөгжүүлэх, өмчлөх эрхийн сэтгэлгээг бий болгох, оюуны өмчийн шинэ төрлийг хөгжүүлэх, бүтээлч, чөлөөт сэтгэлгээг дэмжих, улс орны хөгжлийн шинэ замд оюун ухааны хүчин зүйлийн үүргийг дээшлүүлэх, оюуны бүтээл туурвих сэдлийг төрүүлэх зэрэг шалтгаантай гэж үзнэ." гэж тус тус дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Үүнээс гадна Н.Чинбат, Иргэний эрх зүй лекцийн товчоон (2014) хэмээх бүтээлд "... Үндсэн хуулийн агуулгаар зохиогч нь өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар туурвисан бүтээлийнхээ тухайд өмчлөгч байдаг. Түүнийг ийнхүү өмчлөгч байхаар тодорхойлсон эрх зүйн байдал нь энэ төрлийн харилцаа цаашид хэрэгжих эрх зүй, нийгмийн үндэс болдог гэж үзэж болно. Зохиогчийн эрхийн объект болж буй бүтээлүүд нь бусад этгээдээс түүнийг ашиглах онцлогийг тодорхойлдог бөгөөд энэ нь тухайн харилцааны агуулгыг тодорхойлох үндэс болдог." гэж иргэний эрх зүйн талаас авч үзсэн байна.

Мөн С.Нарангэрэл, Н.Тэмүүлэн нарын Зохиогчийн эрхийн тулгуур асуудал (2008) хэмээх бүтээлд "Зохиогчийн өөрийнх нь бүтээлийн эрхээс ялгагдах ялгаа нь тэр зохиогчид насан туршийн шинж чанартай байдаг бол харин өвлөгчийн зохиогчийн эрх хуулиар тогтоосон хугацааны хязгаарлалттай байна. ..." гэж тэдгээрийн хоорондох зохиогчийн эрхийн онцлогийн талаар хөндсөн байна. Үүнийг үндэслээд дараах тайлбарыг хийж болохоор байна.

1.Үндэсний хууль тогтоомжид хамтарсан зохиогч, хамтын бүтээлийн талаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ." гэж, 9.2 дахь хэсэгт "Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлнэ." гэж тус тус заасан.

Харин хамтын бүтээлийн зохиогч нарын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын талаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь өвлүүлэгч болон өвлөгчийн аль алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна. Учир нь хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын асуудлыг зохицуулахдаа тодорхой цаг хугацааны төдийгүй субъектийн шинжтэй хязгаарлалт тогтоосон нь хамтын бүтээлийн зохиогчийн өв залгамжлуулах эрхийг төдийгүй өвлөгчийн хөрөнгө шударгаар олж авах эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлийг бий болгосон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Иргэний хуулийн 516 дугаар зүйлийн 516.1 дэх хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно." гэж, 516.2 дахь хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх 50 жилийн хугацаанд хадгалагдана." гэж тус тус заасан. Олон зохиогчтой хамтын бүтээлийн хувьд зохиогчийн эрхийн болон иргэний хууль тогтоомж хоорондын холбогдох зохицуулалт уялдаа холбоогүй, хэт ерөнхий, тодорхой бус байна.

Үүнээс улбаалан үндсэн эрхийн зөрчил гарах хууль зүйн нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх ... хөрөнгө шударгаар олж авах, ... өв залгамжлуулах эрхтэй. ..." гэж заасан. Энэ зохицуулалтын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар (2009) хэмээх хамтын бүтээлд "Өв залгамжлах гэж нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжихийг хэлнэ. Өв залгамжлал нь хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэгдэнэ. "Шударгаар" гэж эд хөрөнгийг хуулийн хүрээнд, үндэслэлтэйгээр олж авсан, эзэмшсэн, өмчилсөн, өв залгамжилсныг хэлнэ." гэж товчхон тайлбарласан байна.

Харин Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар (2024) хэмээх бүтээлд "Хэрэг дээрээ хүн эд юмсын эрхийг шударгаар олж авсан нөхцөлд л өмчлөх эрх үүсэх бөгөөд тэр нь анхдагч болон үүсмэл ерөнхий аргын хүрээнд олон төрлийн арга, хэлбэрээр хэрэгждэг. Тодруулбал, ... өв болон эрх залгамжлах аргаар ... олдог. ... Монгол Улсын иргэн шударгаар олж авсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг дээрх агуулгаар эзэмших, өмчлөхөөс гадна өв залгамжлуулах эрхтэй гэж онцолсон нь эд юмсын эрхийн хүрээнд уг эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг тодруулан гаргах үүднээс ийнхүү онцолсон гэж үзнэ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Харин энэ мэтээр өв залгамжлуулах эрхийг хуулиар ч хязгаарлахгүй гэсэн утгыг илэрхийлнэ. ..." гэж дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Энэ талаар С.Нарангэрэл, Н.Тэмүүлэн нарын Зохиогчийн эрхийн тулгуур асуудал (2008) хэмээх бүтээлд "... Зохиогчийн эрхийг өв залгамжлах өөр нэгэн чухал онцлог бол зохиогчийн субьектив эрх өвлөгчид хувь хэмжээ ногдохгүйгээр шилжих журам мөн. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх ногдсон хувьгүйгээр, хуваагдахгүйгээр цул нэгдмэл байдлаар өвлөгдөнө. ... Хуульд хамтын бүтээлийн зохиогчийн эрх сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдахаар заасан. Эндээс үзэхэд үл хуваагдах ба хуваагдах хамтарсан зохиогч байгаагаас үл шалтгаалан энх тунх үлдсэн хамтарсан зохиогчид бүтээлийг ашиглах талаарх өөрсдийн үйлдлийг нас барсан зохиогчийн өв залгамжлагчидтай нийцүүлэх ёстой гэсэн санаа гарч байна ..." гэж бичсэн байна.

Түүнчлэн Н.Чинбат, Иргэний эрх зүй лекцийн товчоон (2014) хэмээх бүтээлд "... Өвлүүлэгчийн тухайд өөрийн өмчлөлийн зүйлээ бусад этгээдэд шилжүүлэх талаар хууль зүйн ямар нэгэн хязгаарлалтгүй байх ёстой. Гэхдээ энэ нь хуулиар тодорхойлогдсоноор бусдад шилжиж болох эд хөрөнгийн үүрэгтэй байх явдалтай хамааралгүй. ... Оюуны үнэт зүйлсийн тухайд өвлөгдөх эрх нь зөвхөн оюуны өмчийн эрхийн харилцаанаас үүссэн эд хөрөнгийн эрхэд хамаардаг. Энэ эрх нь 50 жилийн хугацаанд хадгалагдана. Бусад төрлийн өв залгамжлалын зүйлийн тухайд хуулиар тусгайлсан хязгаарлалт, дэг журам байхгүй. ..." гэж бичсэн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн маргаан бүхий дээрх зохицуулалт нь бүхэлдээ зохиогчийн үндсэн эрх болох өв залгамжлуулах эрхийг төдийгүй өвлөгчийн хөрөнгө шударгаар олж авах эрхийг тус тус хязгаарласан шинжтэй байна. Ийнхүү хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалд өвлүүлэгч болон өвлөгчийн аль алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй шаардлага тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох эрх чөлөөний зарчимд төдийгүй мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хөрөнгө шударгаар олж авах, өв залгамжлуулах эрхүүдийн үзэл санаа, гол агуулгад нийцэхгүй байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад "... бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэж заасан. Энэ зохицуулалтын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар (2009) хэмээх хамтын бүтээлд "... соёл, урлагийн бүтээлийн үр шимийг хүн бүр хүртэх, ашиглах эрхтэй." гэж товчхон тайлбарласан байна. Харин Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар (2024) хэмээх бүтээлд "... "соёл, урлаг, шинжлэх ухааны бүтээлийн үр шимийг нь хүртэх эрхтэй." гэснээр зохиогч нь түүнээс сэтгэлийн таашаал авах, төр болон бусад этгээдээр үнэлүүлэх, бүтээлээсээ ашиг, орлого олох эрх нээлттэй, чөлөөтэй бөгөөд энэ эрхийг хөндсөн, дордуулсан, хориг саад учруулсан хууль тогтоохгүй, хуулийг тийнхүү тайлбарлан хэрэглэх, хэрэгжүүлж болохгүй гэсэн утгатай болно. ..." гэж дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Хэдийгээр хамтын бүтээлийн зохиогч болох өвлүүлэгч болон өвлөгч нар тухайн бүтээлээс үр шим хүртэх үндсэн эрхтэй боловч холбогдох хууль тогтоомжоор тогтоосон "тодорхойгүй" хугацаагаар хязгаарлагдаж байна. Жишээлбэл, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй." гэж, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмшинэ." гэж заасан.

Энэ талаар Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал (2014) хэмээх бүтээлд "Иргэний хуулийн 88 дугаар зүйлд эд юмсын болон эрхийн үр шим гэсэн ойлголтыг зохицуулсан бөгөөд энд шууд болон шууд бус замаар бий болох үр шим хамаарна. Эд юмсын шууд үр шим гэдэг нь түүнийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд буй болсон бүтээгдэхүүн байна. Харин шууд бус үр шим гэдэгт эд зүйлийг эрх зүйн харилцаанд оруулснаар бий болох бусад давуу тал багтана. Үүнийг эрх зүйн үүднээс авч үзвэл яг тухайн эд зүйлийн үр шим бус, харин уг зүйлийн өмчлөх эрхийнх нь үр шим байдаг." гэж иргэний эрх зүйн талаас нь авч үзсэн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуульд нэрлэн заасан бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх үндсэн эрхийн утга агуулгыг явцууруулан өвлөгчийн хувьд хязгаарлагдмал байдлаар зохицуулсан нь хэт өрөөсгөл зохицуулалт болсон байна. Ийнхүү хуульчлан тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох эрх чөлөөний зарчимд төдийгүй, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад заасан иргэний үр шим хүртэх эрхийн үзэл санаа, гол агуулгад нийцэхгүй байна.

Иймд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ...", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх ... хөрөнгө шударгаар олж авах, ... өв залгамжлуулах эрхтэй ...", мөн зүйлийн 8 дахь заалтын "... бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Гурав. Монгол Улсын иргэн Л.Эрдэнэтуяа Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:

"Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн." гэж заасан. Энэхүү зохицуулалт нь оюуны өмчийг хувийн өмчийн нэг төрөл болохыг баталгаажуулсан. Өмчийн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан суурь эрх бөгөөд энэ утгаараа хууль тогтоогч уг эрхийн агуулгыг үгүйсгэх, хэт хязгаарлах байдлаар зохицуулж болохгүй.

Хамтын бүтээлийн нэг зохиогч нас барсан тохиолдолд түүний онцгой эрхийн өв залгамжлал шууд үүсэхгүйгээр сүүлчийн зохиогч нас барах хүртэл хойшлогдож байгаа нь тухайн зохиогчийн өмчийн эрхийн залгамж чанарыг бодитоор тасалдуулж байна. Тодруулбал, хамтын бүтээлийн нэг зохиогч нас барсан тохиолдолд өөрт ногдох хэсгээ өв залгамжлуулах нь бусад зохиогчийн субьектив эрхэд нөлөөлөхгүй, бусад зохиогчид хамтран зохиогчоор бүртгэлтэй хэвээрээ байна. Өв залгамжлуулсан тохиолдолд хамтын зохиогч тус бүрийн эзэмшлийн хувь хэмжээ хэвээр байх юм. Гэтэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг өмчлөх эрхийн агуулгыг хэт хязгаарлаж байна гэж үзэж байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ..." гэж заасан. Өмчийн эрхийн агуулга нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах, өвлүүлэх гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтоно. Өв залгамжлах эрх нь өмчийн эрхийн салшгүй хэсэг бөгөөд өмчлөгч нас барсан мөчөөс эхлэн хууль ёсны өв залгамжлагчид шилжих ёстой.

Иргэний хуулийн 516 дугаар зүйлийн 516.1 дэх хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно.", 516.2 дахь хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх 50 жилийн хугацаанд хадгалагдана." гэж, 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт "Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ." гэж тус тус заасан. Иргэний хуульд зааснаар иргэн нас барсан өдрөөс өв нээгддэг. Гэтэл Зохиогчийн эрхийн тухай хуульд хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүсэхээр заасан нь цаг хугацаа, учир зүйн логикгүй алдаатай зохицуулалт болжээ. Жишээлбэл, өвлөгчид нь хамтын бүтээлийн зөвхөн тухайн нас барсан зохиогчийн хэсгийг өвлөх эрхийн асуудал юм.

Дээрх зохицуулалтын сөрөг үр дагавраас үүдэн сүүлчийн зохиогч нас барах хүртэл хугацаанд нас барсан зохиогчийн өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр өвлүүлэгчийн оюуны бүтээлийг худалдах, борлуулах, арилжих зэргээр ашиг орлого олох зөрчлийг үүсгэж байна. Маргаан бүхий зохицуулалт нь нас барсан зохиогчийн эрхийг шууд өвлөгдөх боломжгүй болгож, бусад зохиогчдын амьдралын хугацаатай холбон хязгаарлаж байгаа нь өв залгамжлах эрхийн бодит хэрэгжилтийг хязгаарласан шинжтэй байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." гэж заасан. Маргаан бүхий зохицуулалт нь өмчийг шууд хураагаагүй боловч өмчийн эрхийг хугацаагаар хязгаарласан, ашиг хүртэх боломжийг хойшлуулсан, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үр дагавартай байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдэд өмчийн эрхэд хязгаарлалт тогтоохдоо нийгмийн зайлшгүй шаардлага, пропорциональ байдал, эрхийн мөн чанарыг үгүйсгээгүй байх шалгуурыг баримталж ирсэн. Энэхүү зохицуулалтаар өв залгамжлагчийн эрхийг бүхэлд нь хойшлуулж байгаа нь пропорциональ байдлын шалгуурт нийцэхгүй байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна." гэж заасан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт "Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.", мөн зүйлийн 531.2 дахь хэсэгт "Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно." гэж заасан байдаг.

Харин Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн эрх, эд хөрөнгө өвлөн авах эрхэд хамаарахгүй гэж үзэж байна. Хамтын бүтээл туурвисан хамгийн сүүлийн зохиогч нас барснаар өвлөх эрхийн гэрчилгээ олговол өмнө нас барсан зохиогч, туурвигчдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой хохиролтой. Тус хуулийн заалтаас үүдэн үр хүүхэд, гэр бүлийн гишүүддээ зохиогчийн эрхээ өвлүүлж чадахгүй тохиолдолд өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй оюуны бүтээлийг хувилах, олшруулах, борлуулах зөрчил үүсэх юм.

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад "соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэж заасан. Бүтээлийн эдийн засгийн үр шим нь зохиогчийн онцгой эрхээр баталгааждаг. Зохиогч нас барсны дараа энэхүү эрх нь өв залгамжлагчид шилжиж, үр шимийг хүртэх боломж бүрдэх ёстой. Харин маргаан бүхий зохицуулалт нь энэхүү эрхийн бодит хэрэгжилтийг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож, хүчингүйд тооцож өгнө үү." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуулийн цэцэд хандан дараах хариу тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

"1.Маргаан бүхий зохицуулалтын эрх зүйн үндэслэл

Маргаан үүсгээд байгаа "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан зохицуулалтыг түүхчлэн судлан үзэхэд 1993, 2006, 2021 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Зохиогчийн эрхийн тухай холбогдох хуулиар зохицуулж ирсэн байна. Тухайлбал, 1993 оны Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. Харин уг бүтээлийг ашигласны үнэ, хөлсийг нас барсан зохиогчийн өв залгамжлагч болон үлдсэн зохиогч гэрээний дагуу хуваан авна." гэж заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай анхны хуулийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн, Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцод нэгдэн орох бэлтгэл хангах хүрээнд тус конвенцын 36 дугаар зүйлд заасан "Энэхүү конвенцид нэгдэн орж буй орон бүр тухайн үед өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлж чадахуйц байвал зохино." гэсэн шаардлагыг хангаж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас санал, зөвлөмж авсны үндсэн дээр боловсруулсан. Тус хуулийн хувийн хэрэгт байх хуулийн төслийн танилцуулгад "зохиогчийн эрхийг түүний насан туршид болон нас барснаас хойш хамгаалах журам тогтоож, Бернийн конвенцын шаардлагад нийцүүлсэн" хэмээн дурдсан байдаг.

Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцод Монгол Улс 1998 онд нэгдэн орсон. Конвенцын 7 дугаар зүйлийн (1)-д "зохиогч энэхүү конвенцоор насан турш хамгаалалтад байх бөгөөд түүнийг нас барснаас хойш тавин жил үйлчилнэ." гэж заасан. 7 дугаар зүйлд зохиогч нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон тохиолдолд өмнөх зүйлийн заалтыг уг хамтын бүтээлийн хувьд хэрэглэхээр заасан.

"Сүүлчийн амьд зохиогч" (last surviving author)-ийн зарчмын дагуу бүтээлийн амьд "холбоо" нь хамгийн сүүлчийн зохиогч амьд байгаа хугацаанд хадгалагдах бөгөөд уг зохиогч нас барснаар бүтээлийн "амьд эрхийн үе" дуусаж, дараагийн шат болох өв залгамжлалын харилцаа үүсдэг. Тодруулбал, хамтран бүтээл туурвисан бүх зохиогчийн эрхийг ижил түвшинд хамгаалах, өв залгамжлагчдад ашиг хүртэх боломж олгох, бүтээлийн үнэ цэнийг хамгаалах зорилготойгоор "last surviving author" зарчмыг хэрэглэдэг байна.

Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар зохиогч бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ. Амины эрх өвлөгдөхгүй. Гагцхүү зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх өвлөгдөх юм. Хамтран зохиогчтой, хамтын бүтээлийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг хууль тогтоогч Зохиогчийн эрхийн тухай хуульд "хамгийн сүүлчийн зохиогч нас барснаар эхлэх"-ээр тооцож зохицуулсан нь "last surviving author" зарчим, Бернийн ковнвенцын 7 bis зүйлтэй нийцүүлсэн гэж үзэж болохоор байна.

2.Зохиогчийн эрхийн тухайд 19 дүгээр зууны эцсээр Франц Улсад хоёрдмол үзэл баримтлал үүсэж хөгжсөн байх бөгөөд энэ нь эх газрын эрх зүйн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдөж Европ тивийн улс орнуудын үндэсний хууль тогтоомжид зохих ёсоор тусгалаа олсон байна. Хоёрдмол үзэл баримтлалын дагуу зохиогчийн эрхийг эд хөрөнгийн бус амины эрх, эд хөрөнгийн эрх гэж хуваах болжээ. Монгол Улсын анхны зохиогчийн эрхийн хууль тогтоомжийг энэхүү үзэл хандлагын дагуу боловсруулсан байна.

Зохиогчийн эрх зүйн харилцааны гол субъект нь зохиогч өөрөө байдаг. Зохиогч нь оюуны бүтээлч хөдөлмөрөөрөө бүтээл туурвисан эрх зүйн этгээд. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт оюуны өмч нь эдийн бус баялагт хамаарахаар заасан байх ба энэхүү баялаг нь эдийн баялаг шиг материаллаг байдлаар бус зохиогчийн оюун санаанд оршдог. Энэ утгаараа оюуны өмчийн эрх бол зохиолчийн өөрийн бүтээсэн зүйлийг мэдэлдээ байлгаж, түүнийг хянах эрх юм. Энэ тухай нийтлэлч, судлаач Брэд Тэмплтон "Материаллаг эд зүйлсийн харилцааг зохицуулахын тулд эрх зүйн тодорхой зохицуулалтыг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг бол хүн өөрийнхөө толгойд буй бодол, санааг ямар нэг эрх зүй, философигүйгээр өмчилж чаддаг" хэмээсэн байдаг.

Зохиогчийн эрх зүйн харилцаанд хамтын бүтээлийн зохиогчийн асуудал нэлээд нарийн төвөгтэй, тусгай зохицуулалт шаарддаг хэсэгт хамаардаг. Нэгээс олон зохиогч оролцсон бүтээлийн хувьд эрхийн эзэмшил хэрхэн явагдах, ашиглалтын шийдвэрийг хэрхэн гаргах, нас баралтын дараах эрхийн үргэлжлэл хэрхэн тооцогдох гэдэг нь онол, практикийн түвшинд маргаантай бөгөөд эрх зүйн тусгай зохицуулалтыг шаарддаг. Хууль тогтоогч хамтын бүтээлийн онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг "сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс" тооцохоор хуульчилсан нь өмчийн эрх, өвлөх эрх, тэгш эрхийн зарчимтай зөрчилдөөгүй.

Зохиогчийн эрх зүй дэх нэгдмэл объектын онолоор хамтын бүтээл нь нэгэн цул оюуны бүтээл, зохиогч бүрийн хувь нэмэр тусдаа өмчийн объект болж оршихгүй, нэгдсэн илэрхийлэл болдог. Иймээс хамтын бүтээл нь олон өмчийн нийлбэр бус, харин нэг өмчийн хамтран эзэмших хэлбэр юм. Түүнчлэн хамтын бүтээлийн хувьд объект материаллаг бус, ашиглалт нь салангид хэсгээр явагдах боломжгүй байдгаараа иргэний эрх зүй дэх энэ төрлийн харилцаанаас ялгаатай. Иймд хугацааг зохиогч бүрээр тооцох нь хамтын өмчийн логикийг эвддэг. Энэ зарчим нь хамтын бүтээлийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал үүсэх хугацаанд тусгалаа олсон. Энэ нь хамтран зохиогчдын эрхийг хамгаалах, бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг нэг цэгээс эхлэн тооцож, адил хугацаатай байлгах зорилготой байхын зэрэгцээ тухайн бүтээлд оюуны хүч хөдөлмөрөө шингээсэн амьд үлдсэн зохиогчийн эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болсон гэж үзэж байна. Тодруулбал, зохиогч бүрийн өв залгамжлагчийг тус бүрд нь өөр хугацаатай бус өв залгамжлагчдад ижил хугацаанд эрхээ эдлэх боломж олгодог. Энэ нь эрхийн зөрчил, хугацааны зөрүү үүсэхээс сэргийлж, өв залгамжлалын нэгдмэл хамгаалалт бий болгодог.

Олон улсад хамтран зохиогчдын эрхийг ихэвчлэн бүх хамтран зохиогчдын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсад хамтран эзэмшигчийн аль нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг ашиглаж болно, гэхдээ ийм ашиглалтаас олсон ашгийг бусад зохиогчтой хуваах ёстой байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад өмчлөх, өвлүүлэх ерөнхий эрхийг баталгаажуулдаг. Харин ямар төрлийн өмчийг ямар журмаар өвлүүлэхийг хуулиар нарийвчлан зохицуулах боломжийг үгүйсгэдэггүй. Оюуны өмч нь эдийн бус баялаг болохын хувьд нарийвчилсан зохицуулалт бүхий Зохиогчийн эрхийн тухай хуулиар өв залгамжлалтай холбогдох харилцааг зохицуулсан байна. Тодруулбал, хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь салангид бус, хамтын шинжтэй эрх тул нэг зохиогч нас барсан даруйд бүтээлийг өвлүүлэх нь бусад хамтран зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийн нэгдмэл байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Иймд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь өмчлөх болон өвлүүлэх, өвлөх эрхийг үгүйсгээгүй, зөвхөн хамтын бүтээлийн хувьд эрхийн өв залгамжлал үүсэх, эхлэх хугацааг тодорхойлсон зохицуулалт бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтад заасан эрхийг хязгаарлаагүй болно.

Хууль тогтоогчийн зүгээс тухайн харилцааг тодорхой, ойлгомжтой, маргаангүй байдлаар зохицуулах үүрэгтэй. Хэрэв хамтын бүтээлийн өв залгамжлалыг зохиогч нас барах бүрд үүснэ гэж үзвэл нэг бүтээлийн эрх олон үе шаттайгаар задрах; эрх хэрэгжүүлэх, хамгаалах, шилжүүлэхэд бодит хүндрэл үүсэх; эрх зүйн тодорхой байдал алдагдах сөрөг үр дагавар бий болно. Иймд хууль тогтоогчоос сүүлчийн зохиогч нас барснаар өв залгамжлал бүрэн утгаараа үүснэ гэж тогтоосон нь эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцсэн зохицуулалт юм.

Харин хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зохиогчийн эрхийн тухай хуулийн хамтарсан зохиогчтой холбогдох харилцааг илүү тодорхой болгож сайжруулах шаардлага байна. Тодруулбал, бие даасан хэсэгт хуваагдах болон бие даасан хэсэгт үл хуваагдах хамтын бүтээлийн зохиогчийн эрх хэрэгжих, бүтээл ашиглахтай холбоотой эрх зүйн үр дагавар өөр байх тул түүнд тохирсон зохицуулалтыг боловсронгуй болгох, хэд хэдэн өвлөгчтэй, өвийн зүйл нь нэг объект байдаг энэхүү өв залгамжлалын харилцааг илүү боловсронгуй болгох, өвлөгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байна. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн өв залгамжлалын харилцааг илүү сайжруулах, өвлөх эрх үүсэх төрөл, хэлбэрүүдийг нэмэгдүүлэн хуульчлах шаардлагатай болохыг судлаачид онцолсныг энд дурдах нь зүйтэй.

Иймд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, хууль санаачлагчийн хувьд Зохиогчийн эрхийн тухай хуулийн дээр дурдсан маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр цаашид ажиллах болно." гэжээ.

Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн дүгнэлт, тогтоол);

Монгол Улсын шүүхийн холбогдох шийдвэр (шүүгчийн захирамж);

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.03.19, УИХ-03/2711;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, "Хуулбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.12.08, ТГ-03/1389; 2026.01.28, ТГ-02/109;

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.02.02, №1/592;

Оюуны өмчийн газар, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.12.17, №1/609;

Монголын Нотариатчдын танхим, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.02.09, №115; 2026.03.12, №190;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг, Шинжээчийн дүгнэлт, 2026.02.28;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл, Шинжээчийн дүгнэлт, 2026.03.02;             

Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, 1886;

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт, 1966;

Дэлхийн оюуны өмчийн байгууллага байгуулах тухай конвенц, 1967;

Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Ерөнхий тайлбар: 15 дугаар зүйл 1(c) (Хүн бүр өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон материаллаг ашиг сонирхлыг хамгаалуулах эрх), 2005, №17;

НҮБ-ын Хүний эрхийн Комиссын бие даасан шинжээч, Хүн бүр хөрөнгийг ганцаараа болон бусадтай хамтран өмчлөх эрхийн тухай тайлан, 1993, E/CN.4/1994/19.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Зохиогчийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан байна. Уг хуулийн 15 дугаар зүйлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг өв залгамжлуулах харилцааг зохицуулж, 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." (цаашид "маргаан бүхий зохицуулалт" гэх) гэж хуульчилжээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийнхээ үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн эсэх, Үндсэн хуулийн бусад заалтад нийцсэн эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.

Нэг.Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөө (цаашид "үндсэн эрх" гэх)-г хязгаарласан эсэх

1.1.Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." гэж заасан. Монгол Улсад өмчийн олон хэлбэр байхыг хүлээн зөвшөөрч, өмч, түүнтэй холбогдон бий болох эрхийг хуулиар тэгш хамгаалахаар ийнхүү баталгаажуулсан байна. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг энэхүү үзэл баримтлалаар тодорхойлж байжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд "Л.Цог: ... энэ Үндсэн хуулиараа өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр нь хэнийг ч шоовдорлоогүй, өмчийн бүх хэлбэрийг гэж байгаа. ..." гэсэн байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" гэж зааж, хувийн өмчийг өмчлөх эрхийг хамгаалсан байна. Өмч нь өмчлөлийн зүйлийг тодорхой этгээдэд харьяалуулж оноох бөгөөд өмчлөх эрх нь өмчлөгч өмчтэйгөө харилцах эрх хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, уг эрхийн агуулга нь өмч олж авах, удирдах, ашиглах, захиран зарцуулах зэрэг эрхээр тодорхойлогдоно.

Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрх нь иргэний хувийн эрх чөлөөний баталгаатай нягт холбоотой. Хувийн өмч нь хувь этгээдийн эдийн засгийн эрх чөлөөг хангах, ингэснээр эрх чөлөөгөө хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Хувийн өмч байхгүй бол хувь хүн чөлөөтэй хөгжих, бие даан, нэр төртэй амьдрахад зайлшгүй материаллаг хэрэгслээр дутагдана. Хувийн өмч нь эдийн засгийн харилцаанд өмчлөгчийн чөлөөт орон зайг баталгаажуулж, улмаар хувийн амьдралаа удирдах, бие даан авч явах боломж олгох чиг үүрэгтэй. Үндсэн хуулийн эрх зүйн өмчийн ойлголт ийм чиг үүрэгтэй учраас иргэний эрх зүй дэх өмчийн ойлголтоос илүү өргөн агуулгатай.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын өмчлөх эрхийг зөвхөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөхөөр явцууруулан ойлгох нь хүн хувийн амьдралаа удирдах, бие даан авч явах боломжийг олгох өмчийн чиг үүргийг алдагдуулах тул энэхүү чиг үүргийн дагуу өргөжүүлэн тайлбарлах шаардлагатай. Тодруулбал, хувийн өмчийн Үндсэн хуулийн баталгааг хангахын тулд эд хөрөнгө төдийгүй эдийн бус хөрөнгө өмчлөх эрх хамгаалагдана. Эд хөрөнгө гэдэг нь бусдын өмчлөлд шилжих боломжтой биет обьект (эд юмс) бөгөөд энэ нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна. Эдийн бус хөрөнгө гэдэгт эдийн засгийн үнэ цэн бүхий шаардах эрх, оюуны өмч зэрэг багтана.

Монгол Улсын олон улсын гэрээ болох Дэлхийн оюуны өмчийн байгууллага байгуулах тухай конвенцын 2 дугаар зүйлийн (viii)-д "оюуны өмч"-ийг нарийвчлан тодорхойлсон байдаг. Үүнд: утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл, тоглогчийн тоглолт, дуу авианы бичлэг болон радио телевизийн нэвтрүүлэг, хүний бүтээн туурвисан бүх шинэ бүтээл, шинжлэх ухааны нээлт, бүтээгдэхүүний загвар, бараа болон үйлчилгээний тэмдэг, хуулийн этгээдийн нэр болон илэрхийлэл, шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалт              болон аж үйлдвэр, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт гарч буй оюуны бүтээлээс үүдэн гарах бусад бүх эрхийг хамааруулан ойлгохоор заасан байдаг. Оюуны өмчийн эдгээр эрхийг зохиогчийн эрх болон аж үйлдвэрийн өмч гэж ангилан зохицуулдаг байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад "зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг" хуулиар хамгаалахаар зааж, оюуны өмчийн Үндсэн хуулийн баталгааг тогтоосон байна. Энд заасан "зохиогчийн эрх" гэдгийг зохиогч өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой эдлэх эрх гэж ойлгоно. Тухайлбал, ном, хөгжим, дүрслэх урлаг, тайзны урлаг, газрын зураг, архитектур, техникийн зураг, гэрэл зураг, кино, компьютерын программ, мэдээллийн сан зэрэг оюуны бүтээлээс үүдэн гарах эрхийг зохиогч эдэлнэ. Зохиогчийн эрх нь оюуны бүтээл туурвигчийн эрхийг зохицуулдаг эрх зүйн салбарын нэг хэсэг юм. Утга зохиол, урлаг болон шинжлэх ухааны бүтээл нь зохиогчийн эрхээр, харин тоглогч уран бүтээлч, фонограмм бүтээгч, өргөн нэвтрүүлэг нь зохиогчийн эрхэд хамаарах эрхээр тус тус хамгаалагдана.

Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ... мөн." гэж хуульчилсан. Оюуны үнэт зүйл зохиогчийнх нь өмч мөн болохыг тодорхойлоход өмчлөгчийн эрх, түүнийг хэрэгжүүлэх боломж чухлаар тавигдана. Тиймээс хүний оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрх нь оюуны өмчид багтаж, Үндсэн хуулиар хамгаалагдана. Зохиогчийн эрхийг Үндсэн хуулийн утгаар өмч гэж үзэх нь бүтээлч үйл ажиллагааны үр дүнг зохиогчид харьяалуулж, түүнийгээ захиран зарцуулах эрх чөлөөг эдлүүлэх ач холбогдолтой. Энэ нь зохиогчийн эрхийн Үндсэн хуулиар хамгаалагдсан цөм юм. Иймээс зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл нь Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан оюуны үнэт зүйлд хамаарах бөгөөд зохиогч бүтээлийнхээ өмчлөгч байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно." гэж зохиогчийн эрхийн бүтээлийг тодорхойлжээ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийг "6.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээл; 6.1.2.хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл; 6.1.3.дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл; 6.1.4.уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээл; 6.1.5.чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл; 6.1.6.жүжиг, бүжиг, уран нугаралт, пантомим зэрэг тайзны урлагийн бүх төрлийн бүтээл; 6.1.7.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл; 6.1.8.кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл; 6.1.9.газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан, техникийн шинжтэй тайлбар зураг; 6.1.10.компьютерын программ; 6.1.11.үүсмэл бүтээл; 6.1.12.мэдээллийн сан; 6.1.13.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл." гэж тоочсон байна.

Зохиогчийн эрхийн тухай хуульд хамтын бүтээл туурвисан хамтран зохиогчид, мөн бүтээл ашиглах онцгой эрхийн талаар хуульчилсан байна. Тодруулбал, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогч (хамтран зохиогч) хэмээн тодорхойлжээ. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх буюу бүтээл ашиглах онцгой эрх эдлэхээр хуульчилжээ. Бүтээл ашиглах онцгой эрхэд бүтээлийг хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх эрх хамаарна (Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг). Бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь өмчлөгчтэй ижил түвшинд бусад этгээдийн эсрэг шаардлага гаргах боломжтой байна.

Дээрхээс үзэхэд, бүтээл ашиглах онцгой эрх нь өмчлөх эрхийн шинжийг агуулсан, биет бус, эдийн бус хөрөнгийн эрх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын өмчлөх эрхийн хамгаалалтад багтана. Бүтээл ашиглах онцгой эрхийн Үндсэн хуулийн хамгаалалтын баталгаа нь зохиогч оюуны бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнгээрээ Үндсэн хуулиар хамгаалагдах ач холбогдол бүхий эдийн засгийн үнэ цэнийг бий болгож, хувийн амьдралаа удирдах, бие даан авч явах боломжоор тодорхойлогдоно. Энэ талаар уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд томилогдсон шинжээчийн дүгнэлт (2026.03.02)-д "Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь уламжлалт эд зүйлийн өмчлөх эрхтэй ижил бүтэцтэй биш боловч биет бус хөрөнгийн хувьд өмчлөх эрхтэй төстэй, эдийн засгийн ашиг хүртэх, гуравдагч этгээдийн эсрэг шаардлага гаргах хүчин чадал бүхий онцгой шинжтэй хөрөнгийн эрх ..." гэжээ.

1.2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад өмчлөх эрхээс гадна "өв залгамжлуулах" эрхийг тусгайлан хамгаалжээ. Өв залгамжлуулах эрх нь хүний өмчлөх эрхийн хэрэгжилт өмчлөгч нас барснаар тасалдахаас сэргийлэх, эрх залгамжлалын замаар түүний тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг хангах чиг үүрэгтэй бөгөөд энэ эрхийг эдлүүлэх нь өмчлөх эрхийн баталгааг нөхөн гүйцээж, Үндсэн хуулиар тогтоосон өмчийн тогтолцооны үндэс суурийг бэхжүүлнэ. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх нь өмчийг олж авах, удирдах, ашиглах, захиран зарцуулах зэрэг эрхийг хэрэгжүүлэх боломжийг тасралтгүй, бодитойгоор хангахыг шаардана.

Өв залгамжлуулах эрх нь өмчлөгчийн хувьд нас барсан тохиолдолд тухайн хөрөнгийг захиран зарцуулах боломжийг олгоно. Өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэрхэхийг зөвхөн амьд байх хугацаандаа төдийгүй нас барсныхаа дараа ч тодорхойлох боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, өмчлөгч хөрөнгөө өвийн журмаар тодорхой этгээдэд шилжүүлэх эрхтэй бөгөөд өв залгамжлалыг хуульд заасны дагуу, эсхүл гэрээслэлээр гүйцэтгэнэ.

Маргаан бүхий зохицуулалт нь хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогч бүтээл ашиглах онцгой эрхээ сүүлчийн зохиогч нас барах хүртэл тодорхой бус хугацаагаар өв залгамжлуулах боломжгүй болгож, уг эрх өв залгамжлалын нийтлэг журмын дагуу өвлөгчид шилжихгүй байх нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн өмчлөгч хөрөнгөө өвийн журмаар захиран зарцуулж чадахгүй байх тул түүний өмчлөх эрх нь хязгаарлагдсан байна. Учир нь маргаан бүхий зохицуулалт нь түрүүлж нас барсан зохиогчийн өмчлөх эрхийн хэрэгжилт, залгамж чанарыг алдагдуулахаар байна.

Бүтээл ашиглах онцгой эрхийн хувьд бусад хөрөнгөөс ялгагдах нэг онцлог нь уг эрх зохиогч насан туршдаа, мөн нас барснаас хойш тодорхой хугацаанд зохиогчийн эрхийн хамгаалалтад байдаг. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жил, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 жил байхаар хуульчилсан байна. Энэ хугацаа дуусахад өвлөгчийн бүтээл ашиглах онцгой эрх дуусаж, бүтээл нийтэд нээлттэй болно. Үүгээрээ зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн харилцаа нь бусад хөрөнгийн өмчлөх эрхийн хамгаалалт, өв залгамжлалаас ялгаатай зохицуулагддаг байна.

1.3.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад хөрөнгө шударгаар олж авах эрхийг баталгаажуулсан. Аливаа хөрөнгийг хуулийн дагуу, эсхүл хууль зөрчигдсөнийг мэдээгүй, эсхүл хууль зөрчигдөж байгааг мэдэх бололцоогүй байсан нөхцөлд л шударгаар олж авсанд тооцох боломжтой (Цэцийн дүгнэлт, 2018, №03). Тодорхой нөхцөлд хөрөнгө олж авах "хууль ёсны хүлээлт" нь хөрөнгө шударгаар олж авах эрхийн хүрээнд хамгаалагдана. Гэхдээ аливаа хүлээлтийг "хууль ёсны" гэж үзэхийн тулд энэ нь зүгээр нэг горьдлого, найдлагаас илүү бодитой байх ёстой бөгөөд тухайн хөрөнгийн ашиг сонирхолд хамаарах хуулийн заалт, эсхүл шүүхийн шийдвэр зэрэг эрх зүйн актад үндэслэгдсэн байх шаардлагатай.

Хөрөнгө шударгаар олж авах эрх нь өв залгамжлуулах эрхтэй харилцан нөхцөлдсөн шинжтэй байна. Нэг талаас өмчлөгч буюу өвлүүлэгч хөрөнгөө өв залгамжлуулж, нөгөө талаас өвлөгч нь уг хөрөнгийг шударгаар олж авч байдаг. Өвлөгч нь өв залгамжлалаар дамжуулан хөрөнгө олж авч, өмчлөх эрхтэй. Иймээс өв залгамжлалын дагуу зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг олж авах нь хөрөнгийг шударгаар олж авах нэг хэлбэр мөн.

Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь хуульд зааснаар, эсхүл гэрээслэлээр өвлөгдөх эдийн бус хөрөнгийн эрх юм. Иймээс аливаа бүтээл туурвисан зохиогчийн өвлөгчид зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг өвийн журмаар олж авах хууль ёсны хүлээлт бий болно. Өвлөгчийн энэхүү хүлээлт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан хөрөнгө шударгаар олж авах эрхийн хүрээнд хамгаалагдана. Гэтэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь хамтын бүтээл туурвисан зохиогчдын хамгийн сүүлд амьд үлдсэн зохиогчоос бусад зохиогчийн өвлөгч тухайн бүтээл ашиглах онцгой эрхийг өвийн журмаар олж авах хүлээлтийг нь үгүйсгэж, хөрөнгө шударгаар олж авах эрхийг шууд хязгаарлаж байна. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалтаас шалтгаалан хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн өвлөгч нь бүтээл ашиглах онцгой эрхээ хэрэгжүүлэх, эрхийн зөрчлийг таслан зогсоох боломжгүй болж байх тул Үндсэн хуулиар хамгаалсан өмчлөх эрхэд нь хязгаарлалт бий болгожээ.

1.4.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад Монгол Улсын иргэн "соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;" гэж заажээ. Бүтээл туурвих эрхийн хүрээнд иргэн бүтээлч үйл ажиллагааны арга барил, агуулга, чиг хандлагаа чөлөөтэй сонгох бөгөөд бүтээл туурвих орон зай нь хамгаалагдана. Төрийн байгууллага, албан тушаалтан, хэн боловч иргэн бүтээл туурвих эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс дур мэдэн оролцож болохгүй. Түүнчлэн бүтээлийн үр шимийг хүртэх эрх нь өмчлөх эрхтэй шууд холбоотой хэрэгжинэ. Иймээс зохиогчийн ашиг сонирхлоос илүү нийтийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих зайлшгүй шаардлага үүссэнээс бусад тохиолдолд зохиогч өөрийн бүтээлийн эдийн засгийн үр шимийг хүртэх эрхтэй.

Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь өв залгамжлалын обьект болно. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг насан турш болон түүнийг нас барснаас нь хойш тодорхой хугацааны туршид хамгаалахаар тогтоосон. Ийнхүү зохиогч нас барснаас хойш зохиогчийн эрхийг тодорхой хугацааны турш хамгаалахаар хуульчилсан нь тухайн зохиогчийн өвлөгч бүтээлийн эдийн засгийн үр шимийг уул хугацаанд хүртэхэд зориулагдсан байна. Энэ үндэслэлээр өвлөгч нь зохиогч биш боловч түүний бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг эдэлнэ.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь хамтын бүтээл туурвисан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын харилцааг зохицуулсан байна. Иймээс энэ зохицуулалт нь иргэний аливаа хэлбэрээр соёл, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвих эрхийг хязгаарлаагүй, харин туурвисан бүтээлийн үр шимийг түүний өвлөгч хүртэх эрхийг цаг хугацааны хувьд хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хамтын бүтээл туурвисан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхээ тодорхойгүй хугацаанд өвлөгчдөө шилжүүлэх боломжгүйд хүргэж, хязгаарлалт бий болгосноор зохиогчийн өвлөгчийн тухайн бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэн эдийн засгийн үр шимийг хүртэх эрх хөндөгджээ.

Маргаан бүхий зохицуулалтыг түүхчлэн үзвэл Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. Харин уг бүтээлийг ашигласны үнэ, хөлсийг нас барсан зохиогчийн өв залгамжлагч болон үлдсэн зохиогч гэрээний дагуу хуваан авна." гэж заасан байжээ. Энэ хэсгийн эхний өгүүлбэр нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалттай агуулгын хувьд адил байх боловч хоёр дахь өгүүлбэр нь нас барсан зохиогчийн өвлөгч бүтээл ашигласны үнэ, хөлсийг гэрээгээр хуваан авах боломжийг олгож, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг тодорхой хэмжээнд эдлүүлэхээр хуульчилсан байна.

1.5.Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, түүний албан ёсны тайлбарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтална (Цэцийн дүгнэлт, 2025, №01; №04; №10). Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй." гэж, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр дараах эрх эдлэхийг хүлээн зөвшөөрнө:" гээд (c) заалтад "өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон материаллаг ашиг сонирхлыг хамгаалуулах." гэж заажээ.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) заалтад хамаарах 17 дугаар Ерөнхий тайлбарт дурдсанаар зохиогчийн "материаллаг ашиг сонирхол"-ыг хамгаалах тухай заалт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйл болон бүс нутгийн хүний эрхийн гэрээнд хүлээн зөвшөөрөгдсөн өмчлөх эрхтэй нягт уялдаатай байна. Өмчийн эдийн засгийн мөн чанар нь өмчлөгч түүний үр шимийг хүртэх, хувийн амьдралаа удирдах, бие даан авч явахад шаардлагатай хэрэгцээгээ хангах явдал байдаг. Зохиогч нь өөрийн оюуны өмч буюу бүтээлийнхээ үр шимийг хуульд үл харшлах бүхий л хэлбэрээр хүртэх эрхтэй. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь материаллаг ашиг сонирхлыг агуулсан байдаг тул бүтээлийн үр шимийг хүртэх боломж олгодог.

Хоёр. Маргаан бүхий зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах зарчмыг хангасан эсэх

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн мэдэлд байлгаж, түүний үр шимийг хүртэх, чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй боловч энэ эрх нь туйлын эрх биш юм (Цэцийн дүгнэлт, 2025, №06). Өмчлөх эрх төдийгүй хөрөнгө шударгаар олж авах, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрх нь туйлын эрх биш тул тэдгээрийн хүрээг Үндсэн хуулийн дагуу нийтийн ашиг сонирхолтой тэнцвэржүүлж зохицуулна. Учир нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж заасан байна.

Туйлын эрхээс бусад үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болох боловч уг хязгаарлалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг зарчимд нийцсэн байх шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгээр иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийнхээ үр шимийг хүртэх эрхийг хязгаарласан нь эдгээр зарчимд нийцсэн эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.

2.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх

Хууль дээдлэх ёс үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Эрх зүйн тодорхой байдлын зарчим хангагдсанаар хувь хүн өөрийн үйлдэл, шийдвэрээс үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг урьдчилан мэдэх, зан үйлээ түүнд нийцүүлэх боломж бүрдэж, цаашилбал, шударга ёс, тэгш байдал хангагдах нөхцөл бүрдэнэ. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэхийг шалгалаа.

2.1.1.Маргаан бүхий зохицуулалтад хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв сүүлчийн зохиогч нас барсан өдөр нээгдэхээр хуульчилсан болох нь хуулийн бичвэрээс ойлгогдож байгаа хэдий ч хуулийн бусад зүйл, заалттай системчлэн авч үзэхэд уг зохицуулалт нь хууль хэрэгжүүлэх болон хэрэглэхэд тодорхойгүй байдлыг бий болгосон байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна." гэж зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хувьд өвийн нийтлэг журмыг хэрэглэхээр заасан байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт "Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.", 516 дугаар зүйлийн 516.1 дэх хэсэгт "Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно." гэж хуульчилжээ. Мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт "Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ." гэж хүнийг нас барсан, эсхүл нас барсанд тооцсон өдрөөс өв нээгдэхээр зохицуулсан байх бөгөөд энэ нь иргэний эрх зүй дэх өвийн нийтлэг журам юм.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын хувьд өв залгамжлалын харилцааг Иргэний хуульд заасан нийтлэг журмаас өөрөөр буюу хамтын бүтээл туурвисан зохиогчдын хамгийн сүүлд амьд үлдсэн зохиогчоос бусад нас барсан зохиогчийн өв түүнийг нас барсан өдөр нээгдэхгүй байхаар хуульчилсан байна. Маргаан бүхий зохицуулалтад уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан өв нээгдэх хугацааны нийтлэг журмаас өөр журмыг баримтлахаар заасан нь хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд зөрчилдөөн бий болгосон байна. Тухайлбал, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт "Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана." гэж заасны дагуу нотариатч нь хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын гэрчилгээг бусад зохиогчийг нь амьд байхад олгох тохиолдол гарсан байна (Нотариатчидын танхим, 2026.03.12, №190). Цаашилбал, энэ байдал нь практикт иргэд, байгууллага, албан тушаалтны хооронд иргэний болон захиргааны хэрэг үүсгэх үндсийг бүрдүүлжээ (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2025.05.16, №128/ШЗ2025/3312; Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2025.05.26, №308/ШЗ2025/01185).

Нэр томьёоны хувьд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс "өв залгамжлал үүсэх"-ээр хуульчилсан байгааг "өв нээгдэх" агуулгыг илэрхийлсэн гэж үзэж болохоор байгаа хэдий ч "өв залгамжлал үүсэх" гэсэн нэр томьёо нь Иргэний болон холбогдох бусад хуульд хуульчлагдаагүй, хэвшмэл бус нэр томьёо байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт (2026.03.02)-д "... хууль болон онолын бүтээлүүдэд "өв нээгдэх" гэдгийг "өвлүүлэгч нас барах" гэж ойлгодог. Харин "өв залгамжлал үүсэх" гэсэн нэр томьёо Иргэний хууль болон онолын бүтээлд тусгагдаагүй байна. ... Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн үзэл санаа нь "зохиогч нас барсан өдрөөс" өв залгамжлал үүснэ буюу "нас барсан өдөр" гэдгийг тодорхой илэрхийлсэн байгаа нь өв нээгдэх агуулгыг илтгэсэн гэж дүгнэхээр байна. ... "өв залгамжлал … эхлэн үүснэ" гэх хэллэг нь бодит агуулгын хувьд "өв нээгдэх үе"-тэй дүйх утгыг илэрхийлж байгаа боловч Иргэний хуульд тогтсон нэр томьёоны хэрэглээнээс зөрүүтэй, агуулгын хувьд ойлгомжгүй байдал үүсгэх эрсдэлтэй байна." гэжээ.

2.1.2.Хамтын бүтээлийн хувьд зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг амьд үлдсэн сүүлчийн зохиогч нас барснаас хойш тооцох зохицуулалтыг олон улсын эрх зүйд болон бусад улсад түгээмэл хэрэглэдэг бөгөөд үүнийг "амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журам" гэж нэрлэдэг. Энэ журам нь хамтын бүтээл туурвисан зохиогчид өөр өөр цаг хугацаанд нас барах тохиолдолд тухайн бүтээлийг ашиглах онцгой эрхийг хамгаалах хугацааг тоолохдоо сүүлчийн зохиогч нас барсан жилээс эхлэн 50 жил, эсхүл тухайн улсын үндэсний хууль тогтоомжид заасан хугацаагаар тоолох агуулгатай юм. Амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журам нь зохиогч бүрийн зохиогчийн эрхийг бүрэн, тэгш хамгаалах ач холбогдолтой.

Монгол Улс 1886 оны Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц болон тус Конвенцын нэмэлт хэсэгт 1997 онд нэгдэн орсон болно. Тус конвенцын 7 дугаар зүйлийн (1)-д "Зохиогч энэхүү конвенцоор насан турш хамгаалалтад байх бөгөөд түүнийг нас барснаас хойш тавин жил үйлчилнэ.", 7 bis зүйлд "Зохиогчийг нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон тохиолдолд өмнөх зүйлийн заалтыг уг хамтын бүтээлийн хувьд хэрэглэнэ." гэж заасан байна. Конвенцын энэхүү заалтад тусгасан зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг тооцох журмыг Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт "Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна." гэж тусгажээ.

Хууль тогтоогч амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журмыг Зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгээс гадна хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын харилцааг зохицуулсан тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт нэмж тусгасан байна. Гэтэл хамтын бүтээл ашиглах онцгой эрхийг хамгаалах болон түүнийг өв залгамжлуулах гэсэн ялгаатай харилцааг амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журмаар адилхан зохицуулах үндэслэл нь ойлгомжгүй байна. Хамтын бүтээл ашиглах онцгой эрхийг хамгаалах хугацааг тооцоход хэрэглэгддэг амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журмыг хамтын бүтээл ашиглах онцгой эрхийг өв залгамжлуулахад баримтлахаар хуульчилсан нь уг зохицуулалтын тодорхой байдлыг алдагдуулах нэг шалтгаан болжээ.

2.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх

Үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байх шаардлагатай. Уг зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой байх, уг зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Маргаан бүхий зохицуулалтыг эдгээр шалгуурыг хангасан эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус хуулийн зорилтыг "... шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж тодорхойлжээ. Харин уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалтад "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж амьд үлдсэн сүүлчийн зохиогчоос бусад зохиогч, түүний өвлөгчийн эрхийг тодорхойгүй хугацаанд хэрэгжих боломжгүй байхаар хязгаарласны зорилгыг тодорхойлох шаардлагатай байна.

Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. Харин уг бүтээлийг ашигласны үнэ, хөлсийг нас барсан зохиогчийн өв залгамжлагч болон үлдсэн зохиогч гэрээний дагуу хуваан авна.", 2006 онд баталсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2021 онд баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалттай адил агуулгаар хуульчилж байжээ. Гэтэл 1993, 2006, 2021 онд батлагдсан эдгээр хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг судлахад уг зохицуулалтын зорилгыг тодорхой дурдаагүй байна.

Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт уг зохицуулалтын зорилгыг тодорхойлохдоо "Энэ нь хамтран зохиогчдын эрхийг хамгаалах, бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг нэг цэгээс эхлэн тооцож, адил хугацаатай байлгах зорилготой байхын зэрэгцээ тухайн бүтээлд оюуны хүч хөдөлмөрөө шингээсэн амьд үлдсэн зохиогчийн эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болсон гэж үзэж байна. Тодруулбал, зохиогч бүрийн өв залгамжлагчийг тус бүрд нь өөр хугацаатай бус өв залгамжлагчдад ижил хугацаанд эрхээ эдлэх боломж олгодог. Энэ нь эрхийн зөрчил, хугацааны зөрүү үүсэхээс сэргийлж өв залгамжлалын нэгдмэл хамгаалалт бий болгодог." гэсэн байна (2026.03.19, УИХ-03/2711).

Хамтын бүтээлд оруулсан зохиогчдын хувь нэмэр нь зохиогчийн эрхээр хамгаалагдахуйц, нэгдмэл нэг зорилготой, хамтын бүтээл нь нэгэн бүхэл цогц байдлаар оршиж байгаа тохиолдолд зохиогч бүр бүтээлийг хуваагдашгүй байдлаар хамтран эзэмшинэ (Шинжээчийн дүгнэлт, 2026.02.28). Өөрөөр хэлбэл, хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогч бүрийн бүтээлд оруулсан оюуны бүтээлч хувь нэмрийн хэр хэмжээ, бүтээлийн шинж чанараас үл шалтгаалан бүх зохиогчдод хамаарна. Энэ талаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлж болохоор заасан. Ийнхүү хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хувь зохиогч эдлэхээс гадна бүтээлийг хуваагдашгүй байдлаар хамтран эзэмшиж байгаа тохиолдолд ч зохиогч бүрд бүтээл ашиглах онцгой эрх хадгалагдана.

Хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн өвлөгч тухайн зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг өвлөж авах нь бусад амьд үлдсэн зохиогчийн эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлэхээргүй байна. Тодруулбал, хамтран зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх өвлөгчид шилжсэнээр амьд үлдсэн зохиогч өөрийн бүтээл ашиглах онцгой эрхийг үргэлжлүүлэн эдлэхэд аливаа хязгаарлалт бий болохгүй юм. Өөрөөр хэлбэл, амьд үлдсэн зохиогч нь тухайн бүтээл ашиглах онцгой эрхийг хамтран эзэмшигч субьект өөрчлөгдөх эсэхээс үл хамааран өөрийн зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хамтран зохиогчоо амьд байхад эдэлж байсан зохиогчийн амины болон бүтээл ашиглах онцгой эрхээ амьд үлдсэн зохиогч түүний өвлөгчийн хамт үргэлжлүүлэн эдэлнэ. Тухайлбал, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт "Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын бүтээлийг ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, шилжүүлэхэд бусад хамтран зохиогчдоос зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахгүй." гэж зохицуулжээ. Энэ зохицуулалт нь хамтран зохиогчдын хооронд төдийгүй амьд үлдсэн хамтран зохиогч болон түрүүлж нас барсан зохиогчийн өвлөгчийн хоорондын (хамтран зохиогч бүгд нас барсан тохиолдолд тэдгээрийн өвлөгчдийн хоорондын) харилцаанд адил үйлчлэхээр байна. Үүнтэй холбогдон үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь хамтын бүтээл туурвисан зохиогч, эсхүл түүний өвлөгчид нээлттэй байна.

Дээрхээс үзэхэд, хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг нэг цэгээс эхлэн тооцож, адил байлгах нь амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн эрхийг хамгаалахад ач холбогдолгүй байна. Зохиогчийн эрхийг олон улсын болон үндэсний эрх зүйн актаар тодорхой хугацааны турш хамгаалахаар тогтоосон байдаг. Зохиогчийн эрхийг хамтын бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн хуулиар тогтоосон хугацаа дуустал адилхан хамгаална. Энэ хугацаанд зохиогч өөрөө, эсхүл түүний өвлөгч бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран уг эрхийн хамгаалалт нийт хамтран зохиогчийн хувьд адил хугацаанд үйлчилнэ. Харин Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь хамтран зохиогчдоос нас барсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг амьд үлдсэн зохиогч дангаараа, эсхүл амьд үлдсэн бусад зохиогчийн хамт зохих үндэслэлгүйгээр хэрэгжүүлэх эрсдэл үүсгэсэн байна.

Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлийг хамгаалах зорилготой байх ёстой ба ийм шаардлагыг хангаж байж зүй ёсны шинжтэй болдог (Цэцийн дүгнэлт, 2025, №06). Харин Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалтад амьд үлдсэн сүүлчийн зохиогчоос бусад зохиогч, түүний өвлөгчийн бүтээл ашиглах онцгой эрхийг тодорхойгүй хугацаанд хэрэгжих боломжгүй байхаар хязгаарласны хууль ёсны зорилго тогтоогдохгүй байна. Маргаан бүхий зохицуулалт нь хууль ёсны зорилгогүй байх тул тохирсон байх зарчмын хүрээнд түүнийг хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй эсэх шалгуураар үргэлжлүүлэн шалгах боломжгүй байна. Иймээс тохирсон байх зарчим хангагдаагүй байна.

2.3.Ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангасан эсэх

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдлын зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байж болохгүй. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан. Энэ заалт нь хүн бүр хүн болох хувьдаа угаас тэгш гэсэн нийтлэг итгэл үнэмшилд тулгуурлаж, хүн бүрийг адилхан хүн гэж хүлээн зөвшөөрч хүний ёсоор хүндлэх үүргийг төр хүлээнэ. Тэгш байх эрхийн ноцтой зөрчлийн нэг бол ялгаварлан гадуурхал юм. Иймээс Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж тусгайлан заасан бөгөөд энд дурдсан, эсхүл дурдагдаагүй шинжээр нь ялгаварлан гадуурхсан хязгаарлалтыг үндсэн эрхэд тавьж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2025, №01).

Маргаан бүхий зохицуулалтаар хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал түүнийг туурвисан зохиогчдоос сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүсэхээр тогтоосон нь ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.

2.3.1.Зохиогч бүтээлийг дангаараа болон бусадтай хамтран туурвиж болно. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар зохиогч бүтээлийг дангаараа туурвисан тохиолдолд түүний бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал Иргэний хуульд заасан журмын дагуу зохицуулагдахаар байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна." гэж заасны дагуу уг харилцаанд Иргэний хуулийн V хэсгээр тогтоосон нийтлэг журам үйлчилнэ. Тус хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт "Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ." гэж заасан тул дангаараа бүтээл туурвисан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв зохиогчийг нас барсан, эсхүл нас барсанд тооцсон өдөр нээгдэхээр байна. Гэтэл маргаан бүхий зохицуулалтын дагуу хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв тухайн зохиогчийг нас барсан өдөр бус, харин хамгийн сүүлийн зохиогч нас барсан өдөр нээгдэхээр тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа нь дангаараа бүтээл туурвисан зохиогч болон хамтын бүтээл туурвисан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх тэдгээрийн өвлөгчдөд ялгаатай журмаар өвлөгдөх үндсийг бүрдүүлж, эдгээр зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд тэгш бус байдал бий болгожээ.

2.3.2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалт нь хамтын бүтээл туурвисан зохиогчдын хооронд ч мөн ялгаатай эрх зүйн байдлыг бий болгожээ. Тодруулбал, хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв түүнийг нас барсан, эсхүл нас барсанд тооцсон өдөр бус, харин тодорхой бус хугацааны дараа нээгдэхээр байна. Харин хамтын бүтээл туурвисан зохиогчдоос хамгийн сүүлд нас барсан зохиогчийн өв түүнийг нас барсан өдөр нээгдэнэ. Ингэснээр түрүүлж нас барсан зохиогчийн өвлөгч бүтээл ашиглах онцгой эрхийг өвийн журмаар шууд шилжүүлэн авах боломжгүй байхад хамгийн сүүлд нас барсан зохиогчийн өвлөгч нь тухайн зохиогч нас барсан өдрөөс Иргэний хуульд заасан өвийн журмаар бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэн авах боломжтой байна. Энэ нь хамтран зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд ялгаатай байдлыг үүсгэж байна.

Тэгш байх эрх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчим нь хүн бүрд бүх талаар тэгш хандах утгыг илэрхийлэхгүй бөгөөд адил төсөөтэй нөхцөлд байгаа хүмүүст тэгш хандах, харин ялгаатай нөхцөлд байгаа хүмүүст тэгш бус хандах агуулгатай (Цэцийн дүгнэлт, 2025, №01). Аливаа хэлбэрээр бүтээл туурвисан зохиогчдын хувьд тэдний бүтээл ашиглах онцгой эрхийг өв залгамжлуулах журмыг ялгаатай зохицуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүсэхээр зохицуулсан нь хууль ёсны зорилгогүй байгааг өмнө тэмдэглэсэн. Иймээс дангаараа болон хамтран бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд, мөн хамтын бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд ялгаатай эрх зүйн үр дагавар бий болгох зохицуулалтыг зөвтгөх зохих үндэслэл тогтоогдохгүй байх тул ялгаварлан гадуурхал бий болгосон гэж үзэхээр байна.

2.4.Зохиогчийн эрхийн тухай хууль (2021)-ийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ (Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, 2021.04.20). Энэхүү маргааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн тайлбарт "... хамтын бүтээлийн өв залгамжлал нь сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэхээр заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Улмаар хамтран туурвисан зохиогчдоос нэг буюу хэд хэдэн зохиогч сүүлчийн зохиогчоос түрүүлж нас барсан тохиолдолд сүүлчийн зохиогч нас барах хүртэл хамтын бүтээл ашиглах онцгой эрхэд өв залгамжлал үүсэхгүй буюу хамтын бүтээл ашиглах онцгой эрхээ эдлэх боломжгүйд хүрэхээр байна. ..." гэсэн байгааг дурдах нь зүйтэй байна (Албан бичиг, 2026.02.02, №1/592).

Гурав. Нэгтгэн дүгнэхэд

Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь өмчлөх эрхийн шинж агуулсан, эдийн бус хөрөнгийн эрх тул Үндсэн хуулийн өмчлөх эрхийн хамгаалалтад багтана. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтаар хамгаалсан үндсэн эрхийг хязгаарласан байна. Тодруулбал, хамтын бүтээл туурвисан зохиогчдоос хамгийн сүүлд амьд үлдсэн зохиогчоос бусад зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв эрх зүйн нийтлэг журмаар бус, харин сүүлчийн зохиогч нас барах хүртэл тодорхойгүй хугацаагаар нээгдэхгүй байхаар хуульчилсан нь сүүлчийн зохиогчоос бусад зохиогчийн өмчлөх, өв залгамжлуулах эрхийг, мөн түүний өвлөгчийн хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг хязгаарласан байна. Гэвч маргаан бүхий зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангаагүй байна.

Маргаан бүхий зохицуулалтад хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв сүүлчийн зохиогч нас барсан өдөр нээгдэх нь хуулийн бичвэрээс ойлгогдож байгаа хэдий ч уг зохицуулалт нь хууль хэрэгжүүлэх болон хэрэглэхэд тодорхойгүй байдлыг бий болгож байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан нийтлэг журмын дагуу өв залгамжлахаар зохицуулсан хэдий ч маргаан бүхий зохицуулалтад өөр журмыг баримтлахаар хуульчилсан нь хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд зөрчилдөөн бий болгосон байна. Мөн хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн хамгаалалтын хугацааг тооцоход хэрэглэгддэг амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журмыг хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын харилцаанд хэрэглэхээр хуульчилсан нь уг зохицуулалтын тодорхой байдлыг алдагдуулжээ.

Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой, уг зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шаардлагатай. Гэтэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалтын хууль ёсны зорилго тогтоогдохгүй байх тул тохирсон байх зарчмыг хангаагүй байна. Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгогүй тохиолдолд хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй эсэх шалгуураар үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй юм.

Аливаа хэлбэрээр бүтээл туурвисан зохиогчдын хувьд тэдний бүтээл ашиглах онцгой эрхийг өв залгамжлуулах журмыг ялгаатай тогтоохуйц үндэслэл байхгүй байна. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь дангаараа болон хамтын бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд, мөн хамтын бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд зохих үндэслэлгүйгээр ялгаатай эрх зүйн үр дагавар бий болгосон байх тул ялгаварлан гадуурхсан шинжтэй байна.

Дээрхээс үзэхэд, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь Үндсэн хуулиар хамгаалсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн байна. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалт нь эдгээр эрхийг зохих үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг болон Долдугаар зүйлийн 2 дахь хэсгээр хамгаалсан зохиогчийн өмчийн хамгаалалтыг алдагдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ... мөн.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...", мөн зүйлийн 8 дахь заалтын "... үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэсэнд нийцээгүй байна.

2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧГ.БАЯСГАЛАН

ГИШҮҮДЖ.ЭРДЭНЭБУЛГАН

О.МӨНХСАЙХАН

Ц.ЦОЛМОН

Б.БОЛДБААТАР