A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, хүлэмжийн хийн тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн механизм, карбон зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Агаарын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд төр, иргэн, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, бусад оролцогч талуудын эрх, үүргийг зохицуулсан харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."даван туулах" гэж уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдэл тулгарахад байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтолцоо, үндсэн чиг үүрэг, өвөрмөц чанар, бүтцээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, сэргээн зохион байгуулагдах, дасан зохицох чадавхыг;

4.1.2."давхар тооллого" гэж хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээх үйл ажиллагаанаас үүссэн сааруулалтын үр дүнг давхардуулан бүртгүүлэх, тайлагнах, ашиглах ажиллагааг;

4.1.3."дасан зохицох" гэж уур амьсгалын өөрчлөлт бодитой бий болсон, эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй сөрөг нөлөөлөлд өртөх байгаль орчин, эдийн засаг, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.4."дүйцүүлэх" гэж иргэн, хуулийн этгээд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд баталгаажсан, бүртгэгдсэн сааруулалтын үр дүнг зохих журмын дагуу өөрийн үүрэгт дүйцүүлэн тооцуулахыг;

4.1.5."карбон зах зээл" гэж карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглахтай холбоотой зах зээлийг;

4.1.6."карбон кредит" гэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжтойгоор баталгаажсан, бүртгэгдсэн карбон нэгжийг;

4.1.7."карбон нэгж" гэж сааруулалтын үр дүнг нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцэлд дүйцэх байдлаар илэрхийлсэн тооцооллын нэгжийг;

4.1.8."ногоон санхүүжилт" гэж байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэх, доройтлыг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжихэд чиглэсэн, тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;

4.1.9."ногоон таксономи" гэж байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод хувь нэмэр оруулах эдийн засгийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг тодорхойлсон нэгдсэн шалгуур, ангиллыг;

4.1.10."олон талт карбон зах зээл" гэж олон улсын гэрээ, шийдвэрийн хүрээнд төвлөрсөн зохицуулалтаар хэрэгжих, олон улсад шилжүүлэн тооцох, сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийг;

4.1.11."олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн" гэж оролцогч талуудын зөвшөөрлөөр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, эсхүл олон улсын бусад сааруулалтын зорилгоор ашиглахад зориулан шилжүүлж, харгалзах тохируулгыг хийсэн сааруулалтын үр дүнг;

4.1.12."сааруулалтын үр дүн" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлсэн, баталгаажсан, хэмжигдэхүйц үр дүнг нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцлээр, эсхүл хүлэмжийн хийн бус хэмжүүрээр илэрхийлснийг;

4.1.13."сайн дурын карбон зах зээл" гэж хууль тогтоомжоор биелүүлэх үүргээс ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох карбон зах зээлийг;

4.1.14."урьдчилсан баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөр хэрэгжихээс өмнөх суурь түвшин, аргачлал, хүлээгдэж байгаа сааруулалтын үр дүн, бусад мэдээлэл нь холбогдох стандарт, шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэх үйл ажиллагааг;

4.1.15."уур амьсгалын өөрчлөлт" гэж байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн агаар мандлын хийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс үүдэн уур амьсгалд урт хугацаанд гарч байгаа өөрчлөлтийг;

4.1.16."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий хүн амын бүлэг" гэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, газар зүйн байршлын улмаас түүнд дасан зохицох, даван туулах чадавх хязгаарлагдмал хүн амын бүлгийг;

4.1.17."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар" гэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, мэдрэг байдалтай, дасан зохицох чадавх хязгаарлагдмал байдлаас шалтгаалан үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засгийн үр ашигт нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бүхий салбарыг;

4.1.18."уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.19."уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл" гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг өөрчлөлтийг;

4.1.20."уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл" гэж уур амьсгалын аюулт үзэгдэл, эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөлөл, хамаарлаас үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;

4.1.21."уур амьсгалын санхүүжилт" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, бусад эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;

4.1.22."үндэсний карбон зах зээл" гэж Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнд үүссэн карбон кредитийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах замаар зохицуулсан зах зээлийг;

4.1.23."Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт" гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах чиглэлээр тодорхойлсон зорилт, арга хэмжээг;

4.1.24."үр дүнгийн баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад бодитоор бий болсон сааруулалтын үр дүнгийн хэмжилт, тайлагналын мэдээлэлд үндэслэн холбогдох стандарт, аргачлалын дагуу шалган баталгаажуулах үйл ажиллагааг;

4.1.25."харгалзах тохируулга" гэж давхар тооллогоос зайлсхийх зорилгоор олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд нэмж, эсхүл хасаж тооцохыг;

4.1.26."хоёр талт карбон зах зээл" гэж улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийг;

4.1.27."хүлэмжийн хий" гэж агаар мандалд дулааныг шингээж хадгалах шинж чанартай, байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчид, перфторт нүүрстөрөгчид, хүхрийн гексафторид, азотын трифторид болон олон улсын гэрээ, стандартаар хүлэмжийн хий гэж хүлээн зөвшөөрөгдсөн бусад хийг;

4.1.28."хүлэмжийн хийг шингээх" гэж ой, бэлчээр, ургамлын бүрхэвч, хөрс, ус, бусад экосистемийг ашиглах, геологийн, биологийн, физикийн, эсхүл технологийн аргаар хүлэмжийн хийг агаар мандлаас урт хугацаанд тогтвортой шингээх, хадгалах үйл ажиллагааг;

4.1.29."хүлэмжийн хийн тооллого" гэж холбогдох хууль тогтоомж, журам, олон улсын аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж, эсхүл агаар мандлаас шингээн авч байгаа хүлэмжийн хийг тооцоолох үйл ажиллагааг;

4.1.30."хүлэмжийн хийн ялгарал" гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;

4.1.31."хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх" гэж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх байсан хүлэмжийн хийн ялгарлаас зайлсхийхэд чиглэсэн үйл ажиллагааг;

4.1.32."хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

4.1.33."хүлэмжийн хийн ялгарлын тэнцэл" гэж тайлант хугацаанд үүссэн хүлэмжийн хийн нийт ялгарлаас бууруулалт, урьдчилан сэргийлсэн ялгарал болон шингээлтийг хасаж гарах цэвэр дүнг;

4.1.34."хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг батлагдсан аргачлалын дагуу хэмжих, үр дүнг тайлагнах, тайлагнасан мэдээллийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн этгээдээр шалгуулан баталгаажуулах үйл ажиллагааг;

4.1.35."эрсдэлийн сан" гэж хоёр болон олон талт карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүн бүрэн, эсхүл хэсэгчлэн алдагдсан тохиолдолд нөхөн бүрдүүлэх зорилгоор тодорхой хувийг шилжүүлэх, ашиглах боломжгүйгээр хадгалж төвлөрүүлсэн санг.

5 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Энэ хуулиар зохицуулах харилцаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах;

5.1.2.тэгш хүртээмжтэй шилжилтийг дэмжих;

5.1.3.олон улсын эрх зүйн хэм хэмжээг баримтлах;

5.1.4.эдийн засгийн үр ашигтай байх;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.талуудын оролцоог хангах;

5.1.7.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар, хүн амын бүлгийг тэргүүн ээлжид авч үзэх;

5.1.8.шинжлэх ухаан, инновацид суурилах;

5.1.9.уламжлалт мэдлэгийг ашиглах;

5.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Улсын Их Хурал уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах асуудлыг тусган батлах;

6.1.2.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төсөлд энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусган батлах, хяналт тавих;

6.1.3.Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тайлан, илтгэлийг сонсож, хэлэлцэх;

6.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороог байгуулж, ажиллуулах;

7.1.2.Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны санал, зөвлөмжийг үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах;

7.1.3.уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах;

7.1.4.хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах;

7.1.5.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн бодлого, ногоон санхүүжилтийн стратегийг батлах;

7.1.6.улсын болон орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон төсөл, хөтөлбөрт зориулсан ногоон таксономийг батлах;

7.1.7.эрсдэлийн санд төвлөрүүлэх сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээг тогтоох;

7.1.8.энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан карбон зах зээлийг зохицуулах, карбон кредитийг бүртгэх журам батлах;

7.1.9.хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;

7.1.10.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийг бүртгэх, тайлагнах, ил тод байдлыг хангах журам батлах;

7.1.11.уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааны журам батлах;

7.1.12.хууль тогтоомжид заасан бусад.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах асуудлыг уялдуулан боловсруулах;

8.1.2.ногоон хөгжил болон урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийг дэмжих арга хэмжээг тодорхойлох;

8.1.3.ногоон санхүүжилтийн стратегийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах.

8.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.ногоон таксономийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах.

8.3.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах;

8.3.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих;

8.3.3.хоёр талт олон улсын хэлэлцээрийн хамтарсан хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

8.3.4.олон талт карбон зах зээлийн үйл ажиллагаанд зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох, оролцогч этгээдийг бүртгэх, хяналт тавих;

8.3.5.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;

8.3.6.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;

8.3.7.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;

8.3.8.сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;

8.3.9.техникийн хороо, мэргэжлийн зөвлөлийг байгуулах;

8.3.10.олон улсын гэрээгээр үүрэг хүлээсэн тайланг хянах, олон улсын байгууллагад хүргүүлэх;

8.3.11.карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийн хэмжээг тогтоох;

8.3.12.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

8.3.13.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;

8.3.14.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, журам батлах;

8.3.15.энэ хуулийн 7.1.10-т заасан журмын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлуулах;

8.3.16.энэ хуулийн 7.1.9, 7.1.11-д заасан журмын төслийг боловсруулж, батлуулах;

8.3.17.сааруулалтын үр дүнг тооцох аргачлал, стандарт, ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дэргэдэх техникийн хороогоор хэлэлцүүлж, түүний дүгнэлтэд үндэслэн батлах;

8.3.18.хууль тогтоомжид заасан бусад.

8.4.Төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.4.1.энэ хуулийн 6.1.1, 7.1.2-т заасны дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах арга хэмжээг салбарын хэмжээнд тодорхойлж, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

8.4.2.салбарын хэмжээнд хүлэмжийн хийн тооллоготой холбоотой мэдээллийг цуглуулах, мэдээллийн санд оруулах, тайлагнах, баталгаажуулах;

8.4.3.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох аргачлалыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох;

8.4.4.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

8.4.5.салбарын хэмжээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хангах, хүлэмжийн хийн ялгарлын тооллоготой холбоотой өгөгдөл, мэдээллийг цуглуулах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

8.4.6.хууль тогтоомжид заасан бусад.

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн аймаг, нийслэлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, гүйцэтгэлд хяналт тавина.

10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу хийнэ.

10.2.Энэ хуулийн 6.1.1, 7.1.2, 9.1-д заасантай уялдуулан тухайн нутаг дэвсгэрийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжилтийг ханган тайлагнана.

11 дүгээр зүйл.Үндэсний зохицуулагч байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

11.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг удирдан зохион байгуулах;

11.1.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн жилийн тайлан болон энэ хуулийн 27.3-т заасан тайланг боловсруулж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлэх;

11.1.3.карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредитийн болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн бүртгэлийн системийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

11.1.4.карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрийн санал, баримт бичгийг хянах, шаардлага хангасан төслийг бүртгэх, холбогдох саналыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

11.1.5.сааруулалтын үр дүнгийн бүртгэл, шилжүүлгийг хянах, давхар тооллогоос сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

11.1.6.хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийх;

11.1.7.уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

11.1.8.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг бүртгэх, хянах, тайлагнах;

11.1.9.сааруулалтын үр дүнгийн урт хугацааны хадгалалт алдагдах, хэтрүүлэн тооцож шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан буцаан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүнгийн тодорхой хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэн, энэ хуулийн 7.1.8-д заасан журмын дагуу буцаан олгох, удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх;

11.1.10.хууль тогтоомжид заасан бусад.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

12 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ

Хэвлэх

12.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлын үнэлгээг жил бүр, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлага, нөлөөллийн үнэлгээг таван жил тутам хийж, үнэлгээний дүнг нэгтгэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

12.2.Энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг эдийн засаг, нийгмийн салбар, бүс нутаг тус бүрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан үнэлгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, шинжлэх ухаанд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээний бодлого, төлөвлөлтийг тодорхойлно.

12.4.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэсний, бүс нутгийн, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө боловсруулахад ашиглана.

12.5.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

12.6.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн гарах эдийн засгийн болон эдийн засгийн бус гарз хохирлын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан журмын дагуу холбогдох төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

13 дугаар зүйл.Хүлэмжийн хийн үндэсний тооллого

Хэвлэх

13.1.Үндэсний зохицуулагч байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүн, тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

13.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний тооллогын үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог хангах нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж, тооллогын тайланд хяналт тавина.

13.3.Үндэсний зохицуулагч байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, үндэсний нөхцөл, онцлогт тохирсон ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг тодорхойлох, шинэчлэх судалгааг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулна.

13.4.Үндэсний зохицуулагч байгууллага хөгжлийн төлөвлөлт, холбогдох мэдээлэлд үндэслэн үндэсний түвшний хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөллийг боловсруулна.

13.5.Хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэтийн төсөөллийг боловсруулах аргачлал, хяналт, чанарын баталгаажуулалт хийх аргачлал, ялгарал, шингээлтийн итгэлцүүрийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

13.6.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллого хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг гаргаж өгнө.

13.7.Хүлэмжийн хийн үндэсний тооллого нь улсын болон салбарын түвшинд хийгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын суурь мэдээлэл байна.

13.8.Хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг олон улсын гэрээ, тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

14 дүгээр зүйл.Харгалзах тохируулга хийх

Хэвлэх

14.1.Хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг шилжүүлж, хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийхдээ дараах шаардлагыг хангана:

14.1.1.Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцсэн байх;

14.1.2.олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг зөвшөөрсөн тухай тодорхойлолтод үндэслэсэн байх;

14.1.3.карбон бүртгэлийн системд бүртгэгдэж, давхар тооллого үүсгэхгүй байх;

14.1.4.харгалзах тохируулгыг холбогдох олон улсын гэрээнд нийцсэн журам, удирдамжийн дагуу хийх.

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад Монгол Улсаас олон улсад шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгоогүй сааруулалтын үр дүн, карбон кредитэд харгалзах тохируулгыг хийхгүй.

15 дугаар зүйл.Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ

Хэвлэх

15.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, хуулийн этгээд нь үйл ажиллагаанаас үүдэн ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг энэ хуулийн 18.8-д заасан аргачлалын дагуу тооцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу хийж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ

16 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлт

Хэвлэх

16.1.Үндэсний зохицуулагч байгууллага энэ хуулийн 12.1, 12.2-т заасан үнэлгээний үр дүнд үндэслэн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулна.

16.2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

16.3.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд заасан арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлнэ.

16.4.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 4.1.16, 4.1.17-д заасан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий хүн амын бүлэг, салбарын дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

16.5.Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг бүх шатны боловсролын түвшинд эзэмшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

16.6.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, олон улсын төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, хандив, хуульд заасан бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

17 дугаар зүйл.Дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, тайлан

Хэвлэх

17.1.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

17.2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ, ШИНГЭЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

18 дугаар зүйл.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөлт

Хэвлэх

18.1.Засгийн газар Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг таван жил тутам шинэчлэн батална.

18.2.Урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийн стратегийг хүлэмжийн хийн үндэсний тооллого, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөлөлд үндэслэн боловсруулна.

18.3.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх төлөвлөлтийг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн тодорхойлно.

18.4.Энэ хуулийн 18.2-т заасан стратеги, төлөвлөгөөнд хүлэмжийн хийг ялгаруулагч болон шингээгч салбар тус бүрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тусгана.

18.5.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 8.4 дэх хэсэг, 9, 10 дугаар зүйлд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт тусгаж хэрэгжүүлнэ.

18.6.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг харгалзан үзнэ.

18.7.Хувийн хэвшлийн байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох, бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

18.8.Үндэсний зохицуулагч байгууллага байгууллагын болон төслийн түвшний хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалттай холбоотой заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

18.9.Үндэсний зохицуулагч байгууллага уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

18.10.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг тусгана.

19 дүгээр зүйл.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнг тооцох, тайлагнах

Хэвлэх

19.1.Үндэсний зохицуулагч байгууллага энэ хуулийн 13.1-д заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, холбогдох өгөгдөл, мэдээлэлд үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг тооцно.

19.2.Үндэсний зохицуулагч байгууллага Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

19.3.Энэ хуульд заасан журмын дагуу хоёр болон олон талт карбон зах зээлийн хүрээнд зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгогдсон төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнд оруулан тооцож болно.

19.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжсэн үйл ажиллагаанаас бий болсон олон улсад шилжүүлээгүй, холбогдох журмын дагуу баталгаажсан сааруулалтын үр дүнг талууд тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын биелэлтэд тооцож болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НОГООН САНХҮҮЖИЛТ

20 дугаар зүйл.Ногоон санхүүжилт

Хэвлэх

20.1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг ногоон санхүүжилтээр дэмжинэ.

20.2.Ногоон санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, мөнгөний бодлого, ногоон санхүүжилтийн стратегитай нийцсэн байна.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зардал, үр ашгийн тооцоо, эдийн засаг, нийгмийн өгөөж, төсөвт үзүүлэх нөлөөлөлд үндэслэнэ.

20.4.Ногоон санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

20.4.1.улсын болон орон нутгийн төсөв;

20.4.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт;

20.4.3.дотоод, гадаадын хуулийн этгээд, хувь хүний санхүүжилт;

20.4.4.гадаадын зээл, буцалтгүй тусламж;

20.4.5.байгаль орчин, уур амьсгалын сан;

20.4.6.хууль тогтоомжид нийцсэн бусад эх үүсвэр.

20.5.Ногоон санхүүжилтийг дараах санхүүгийн хэрэгсэл, хөшүүргийг ашиглан хэрэгжүүлж болно:

20.5.1.улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт;

20.5.2.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;

20.5.3.батлан даалт;

20.5.4.зорилтот бонд, зээл;

20.5.5.төр, хувийн хэвшлийн болон олон улсын эх үүсвэртэй холимог санхүүжилт;

20.5.6.хууль тогтоомжид заасан бусад.

20.6.Энэ хуулийн 20.5-д заасан ногоон санхүүжилтийн санхүүгийн хэрэгсэл, хөшүүрэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан байна.

20.7.Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа нь ногоон санхүүжилтийн шалгуур, ногоон таксономи, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлагыг хангасан байна.

21 дүгээр зүйл.Ногоон санхүүжилтийн шалгуур, нийцэл

Хэвлэх

21.1.Ногоон санхүүжилт нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл учруулахгүй байх зарчмыг хангана.

21.2.Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүн бодит, хэмжигдэхүйц, баталгаажихуйц байна.

21.3.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулахад энэ хуульд заасан хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо, холбогдох аргачлалыг баримтална.

22 дугаар зүйл.Ногоон санхүүжилтийн ил тод байдал, хяналт

Хэвлэх

22.1.Ногоон санхүүжилтийн мэдээлэл ил тод, нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй байна.

22.2.Уур амьсгалын санхүүжилтийн мэдээллийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланд тусган тайлагнана.

Тайлбар: Энэ хуулийн 4.1.21-д заасан уур амьсгалын санхүүжилт нь 4.1.8-д заасан ногоон санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд энэ хуульд "ногоон болон уур амьсгалын санхүүжилт" гэж дурдсан тохиолдолд уур амьсгалын санхүүжилтийг ногоон санхүүжилтэд хамааруулан ойлгоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

КАРБОН ЗАХ ЗЭЭЛ

23 дугаар зүйл.Карбон зах зээлийн зохицуулалт

Хэвлэх

23.1.Карбон зах зээл дараах төрөлтэй байна:

23.1.1.олон талт;

23.1.2.хоёр талт;

23.1.3.үндэсний;

23.1.4.дүйцүүлэх;

23.1.5.сайн дурын.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн үр дүнд сааруулалтын үр дүн, карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүснэ.

23.3.Карбон зах зээлийн үйл ажиллагаанд дараах үндсэн шаардлагыг хангана:

23.3.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах төрийн бодлого, зорилттой нийцсэн байх;

23.3.2.бодит, хэмжигдэхүйц, нэмэлт, баталгаажсан үр дүнд суурилах;

23.3.3.давхар тооллого үүсгэхгүй байх;

23.3.4.сааруулалтын үр дүн урт хугацаанд хадгалагдах;

23.3.5.байгаль орчин, эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;

23.3.6.сонирхогч талуудын тэгш оролцоог хангах, үр ашгийг шударгаар хуваарилах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

23.3.7.тухайн төсөл хэрэгжих орон нутгийн иргэдэд төсөл, хөтөлбөрийн танилцуулга хийж, санал авсан байх.

23.4.Карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч карбон бүртгэлийн системд бүртгүүлж, дараах тодорхойлолтыг авна:

23.4.1.энэ хуулийн 8.3.5-д заасан тодорхойлолт;

23.4.2.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;

23.4.3.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд үүссэн олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;

23.4.4.энэ хуулийн 8.3.8-д заасан тодорхойлолт.

23.5.Карбон зах зээлийн төсөлд олгох зөвшөөрсөн тухай тодорхойлолтод дараах асуудлыг тусгана:

23.5.1.үүсэх сааруулалтын үр дүнгээс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцох хэмжээ;

23.5.2.эрсдэлийн санд хуримтлуулах сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээ;

23.5.3.хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулга хийх шаардлага;

23.5.4.давхар тооллого үүсгэхээс сэргийлэхэд шаардлагатай суурь мэдээлэл;

23.5.5.сааруулалтын үр дүнг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцох, олон улсад шилжүүлэх эсэхийг тодорхойлсон ашиглалтын зорилго;

23.5.6.зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгож байгаа сааруулалтын үр дүнгийн хамрах хүрээ, хэмжээ;

23.5.7.төслийн суурь түвшин, аргачлал, нэмэлт чанарын шаардлага;

23.5.8.хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлага;

23.5.9.сааруулалтын үр дүнгийн эхний шилжүүлэг;

23.5.10.төслийн хугацаа, сааруулалтын үр дүн үүсгэх хугацаа.

23.6.Карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талуудын хооронд хуваарилах, ашиглах асуудлыг хоёр талт олон улсын хэлэлцээр, төсөл хэрэгжүүлэх гэрээгээр зохицуулна.

23.7.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

24 дүгээр зүйл.Карбон кредитийн бүртгэл, шилжүүлэг

Хэвлэх

24.1.Баталгаажсан карбон кредит нь карбон кредитийн бүртгэлийн системд бүртгэгдсэнээр түүнийг эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах, арилжих, захиран зарцуулах эрх үүснэ.

24.2.Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээс бусад эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төслөөс үүссэн карбон кредитийн эзэмших эрхийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийг хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөл, бусад сонирхогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоох бөгөөд тухайн гэрээнд талуудын оролцоо, эрх, үүрэг, үр ашгийн хуваарилалт тусгагдсан байна.

24.3.Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслөөс үүсэх кредитийг эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах, бусад хэлбэрээр захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 7.1.8-д заасан журмаар зохицуулна.

24.4.Карбон кредитийн эзэмшил, шилжүүлгийн мэдээллийг үндэсний бүртгэлд бүртгэж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн тайланд тусгаж тайлагнана.

25 дугаар зүйл.Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт

Хэвлэх

25.1.Төсөл хэрэгжүүлэгч сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг баталсан аргачлалын дагуу жил бүр хийж, энэ хуулийн 11.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.

25.2.Сааруулалтын үр дүнгийн баталгаажуулалт нь урьдчилсан баталгаажуулалт болон үр дүнгийн баталгаажуулалтаас бүрдэх бөгөөд баталгаажуулалтыг холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу итгэмжлэгдсэн, хараат бус хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

25.3.Сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг энэ хуулийн 7.1.9-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан итгэмжлэгдсэн, хараат бус этгээдийг бүртгэх журмыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангана.

25.5.Сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрөөс үүсэх карбон кредиттэй холбоотой хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тайланг баталгаажуулалт хийгдсэний дараа энэ хуулийн 11.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН САН, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

26 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ

Хэвлэх

26.1.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, олон улсын байгууллагын мэдээлэл солилцох, зөвлөлдөх, хамтын ажиллагааг дэмжих үндэсний мэдээллийн систем байна.

26.2.Үндэсний зохицуулагч байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийг энэ хуулийн 26.1-д заасан үндэсний мэдээллийн системд бүртгэж, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг ханган ажиллана.

27 дугаар зүйл.Хяналт шинжилгээ, үнэлгээ

Хэвлэх

27.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, гарз хохирлыг бууруулах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгож, аргачлалыг батална.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн үр дүнгийн үнэлгээг жил бүр хийж, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан Засгийн газарт танилцуулна.

27.3.Монгол Улсын олон улсын гэрээ, тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу дараах тайлан, мэдээллийн ил тод байдлыг ханган тайлагнана:

27.3.1.хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайлан;

27.3.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайлан;

27.3.3.уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын үндэсний тайлан, илтгэл;

27.3.4.карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан;

27.3.5.уур амьсгалын санхүүжилтийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан.

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан тайлан, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах зорилгоор дотоодын хяналт, чанарын баталгаажуулалт болон олон улсын техникийн шинжилгээнд хамруулна.

27.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл, хүлэмжийн хийн ялгарал, сааруулалт болон дасан зохицох арга хэмжээний талаарх мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын стандартын дагуу ил тод мэдээлж болно.

28 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл

Хэвлэх

28.1.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох, сааруулах арга хэмжээний талаарх мэдээллийг хадгалах, шинэчлэх мэдээллийн сантай байна.

28.2.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн байгууллага уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой холбогдох өгөгдөл, мэдээллийг хуульд заасан журмын дагуу энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.

28.3.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийн систем, карбон бүртгэлийн системийг удирдлага, зохион байгуулалтаар хангана.

28.4.Карбон бүртгэлийн систем нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын систем, олон улсын холбогдох карбон бүртгэлийн системтэй уялдсан байна.

28.5.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбон бүртгэлийн систем нь уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын бүрэлдэхүүн хэсэг байна.

28.6.Мэдээллийн сан, бүртгэлийн систем дэх өгөгдөл, мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, хүртээмжтэй байлгах бөгөөд үндэсний аюулгүй байдал, нууцлалтай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД

29 дүгээр зүйл.Хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

29.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцогдох карбон кредитийг энэ хуулийн 8.3-т заасан байгууллагын зөвшөөрсөн тухай тодорхойлолтгүйгээр худалдах, арилжих, бусад байдлаар шилжүүлэхийг хориглоно.

29.2.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөө, үр дүнгийн талаар илт худал, төөрөгдүүлсэн, баталгаажаагүй мэдээлэл ашиглан тайлагнахыг хориглоно.

30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

30.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

Хэвлэх

31.1.Энэ хуулийн 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан журмыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор баталж, мөрдүүлнэ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2026 оны 07 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

 

1.1.Энэ хуулийн зорилго нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, хүлэмжийн хийн тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн механизм, карбон зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

 

2 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж

 

2.1.Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Агаарын тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд төр, иргэн, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, бусад оролцогч талуудын эрх, үүргийг зохицуулсан харилцаанд энэ хууль үйлчилнэ.

 

3.2.Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1."даван туулах" гэж уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдэл тулгарахад байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтолцоо, үндсэн чиг үүрэг, өвөрмөц чанар, бүтцээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, сэргээн зохион байгуулагдах, дасан зохицох чадавхыг;

 

4.1.2."давхар тооллого" гэж хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээх үйл ажиллагаанаас үүссэн сааруулалтын үр дүнг давхардуулан бүртгүүлэх, тайлагнах, ашиглах ажиллагааг;

 

4.1.3."дасан зохицох" гэж уур амьсгалын өөрчлөлт бодитой бий болсон, эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй сөрөг нөлөөлөлд өртөх байгаль орчин, эдийн засаг, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг;

 

4.1.4."дүйцүүлэх" гэж иргэн, хуулийн этгээд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд баталгаажсан, бүртгэгдсэн сааруулалтын үр дүнг зохих журмын дагуу өөрийн үүрэгт дүйцүүлэн тооцуулахыг;

 

4.1.5."карбон зах зээл" гэж карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглахтай холбоотой зах зээлийг;

 

4.1.6."карбон кредит" гэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжтойгоор баталгаажсан, бүртгэгдсэн карбон нэгжийг;

 

4.1.7."карбон нэгж" гэж сааруулалтын үр дүнг нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцэлд дүйцэх байдлаар илэрхийлсэн тооцооллын нэгжийг;

 

4.1.8."ногоон санхүүжилт" гэж байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэх, доройтлыг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжихэд чиглэсэн, тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;

 

4.1.9."ногоон таксономи" гэж байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод хувь нэмэр оруулах эдийн засгийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг тодорхойлсон нэгдсэн шалгуур, ангиллыг;

 

4.1.10."олон талт карбон зах зээл" гэж олон улсын гэрээ, шийдвэрийн хүрээнд төвлөрсөн зохицуулалтаар хэрэгжих, олон улсад шилжүүлэн тооцох, сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийг;

 

4.1.11."олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн" гэж оролцогч талуудын зөвшөөрлөөр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, эсхүл олон улсын бусад сааруулалтын зорилгоор ашиглахад зориулан шилжүүлж, харгалзах тохируулгыг хийсэн сааруулалтын үр дүнг;

 

4.1.12."сааруулалтын үр дүн" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлсэн, баталгаажсан, хэмжигдэхүйц үр дүнг нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцлээр, эсхүл хүлэмжийн хийн бус хэмжүүрээр илэрхийлснийг;

 

4.1.13."сайн дурын карбон зах зээл" гэж хууль тогтоомжоор биелүүлэх үүргээс ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох карбон зах зээлийг;

 

4.1.14."урьдчилсан баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөр хэрэгжихээс өмнөх суурь түвшин, аргачлал, хүлээгдэж байгаа сааруулалтын үр дүн, бусад мэдээлэл нь холбогдох стандарт, шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэх үйл ажиллагааг;

 

4.1.15."уур амьсгалын өөрчлөлт" гэж байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн агаар мандлын хийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс үүдэн уур амьсгалд урт хугацаанд гарч байгаа өөрчлөлтийг;

 

4.1.16."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий хүн амын бүлэг" гэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, газар зүйн байршлын улмаас түүнд дасан зохицох, даван туулах чадавх хязгаарлагдмал хүн амын бүлгийг;

 

4.1.17."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар" гэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, мэдрэг байдалтай, дасан зохицох чадавх хязгаарлагдмал байдлаас шалтгаалан үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засгийн үр ашигт нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бүхий салбарыг;

 

4.1.18."уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг;

 

4.1.19."уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл" гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг өөрчлөлтийг;

 

4.1.20."уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл" гэж уур амьсгалын аюулт үзэгдэл, эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөлөл, хамаарлаас үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;

 

4.1.21."уур амьсгалын санхүүжилт" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, бусад эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;

 

4.1.22."үндэсний карбон зах зээл" гэж Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнд үүссэн карбон кредитийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах замаар зохицуулсан зах зээлийг;

 

4.1.23."Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт" гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах чиглэлээр тодорхойлсон зорилт, арга хэмжээг;

 

4.1.24."үр дүнгийн баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад бодитоор бий болсон сааруулалтын үр дүнгийн хэмжилт, тайлагналын мэдээлэлд үндэслэн холбогдох стандарт, аргачлалын дагуу шалган баталгаажуулах үйл ажиллагааг;

 

4.1.25."харгалзах тохируулга" гэж давхар тооллогоос зайлсхийх зорилгоор олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд нэмж, эсхүл хасаж тооцохыг;

 

4.1.26."хоёр талт карбон зах зээл" гэж улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, арилжих, дүйцүүлэх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийг;

 

4.1.27."хүлэмжийн хий" гэж агаар мандалд дулааныг шингээж хадгалах шинж чанартай, байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчид, перфторт нүүрстөрөгчид, хүхрийн гексафторид, азотын трифторид болон олон улсын гэрээ, стандартаар хүлэмжийн хий гэж хүлээн зөвшөөрөгдсөн бусад хийг;

 

4.1.28."хүлэмжийн хийг шингээх" гэж ой, бэлчээр, ургамлын бүрхэвч, хөрс, ус, бусад экосистемийг ашиглах, геологийн, биологийн, физикийн, эсхүл технологийн аргаар хүлэмжийн хийг агаар мандлаас урт хугацаанд тогтвортой шингээх, хадгалах үйл ажиллагааг;

 

4.1.29."хүлэмжийн хийн тооллого" гэж холбогдох хууль тогтоомж, журам, олон улсын аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж, эсхүл агаар мандлаас шингээн авч байгаа хүлэмжийн хийг тооцоолох үйл ажиллагааг;

 

4.1.30."хүлэмжийн хийн ялгарал" гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;

 

4.1.31."хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх" гэж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх байсан хүлэмжийн хийн ялгарлаас зайлсхийхэд чиглэсэн үйл ажиллагааг;

 

4.1.32."хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

 

4.1.33."хүлэмжийн хийн ялгарлын тэнцэл" гэж тайлант хугацаанд үүссэн хүлэмжийн хийн нийт ялгарлаас бууруулалт, урьдчилан сэргийлсэн ялгарал болон шингээлтийг хасаж гарах цэвэр дүнг;

 

4.1.34."хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг батлагдсан аргачлалын дагуу хэмжих, үр дүнг тайлагнах, тайлагнасан мэдээллийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн этгээдээр шалгуулан баталгаажуулах үйл ажиллагааг;

 

4.1.35."эрсдэлийн сан" гэж хоёр болон олон талт карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүн бүрэн, эсхүл хэсэгчлэн алдагдсан тохиолдолд нөхөн бүрдүүлэх зорилгоор тодорхой хувийг шилжүүлэх, ашиглах боломжгүйгээр хадгалж төвлөрүүлсэн санг.

 

5 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой

үйл ажиллагаанд баримтлах зарчим

 

5.1.Энэ хуулиар зохицуулах харилцаанд дараах зарчмыг баримтална:

 

5.1.1.байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах;

5.1.2.тэгш хүртээмжтэй шилжилтийг дэмжих;

5.1.3.олон улсын эрх зүйн хэм хэмжээг баримтлах;

5.1.4.эдийн засгийн үр ашигтай байх;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.талуудын оролцоог хангах;

5.1.7.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар, хүн амын бүлгийг тэргүүн ээлжид авч үзэх;

 

5.1.8.шинжлэх ухаан, инновацид суурилах;

5.1.9.уламжлалт мэдлэгийг ашиглах;

5.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН

БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

 

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

 

6.1.Улсын Их Хурал уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

6.1.1.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах асуудлыг тусган батлах;

 

6.1.2.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төсөлд энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусган батлах, хяналт тавих;

 

6.1.3.Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тайлан, илтгэлийг сонсож, хэлэлцэх;

 

6.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

 

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

7.1.Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороог байгуулж, ажиллуулах;

 

7.1.2.Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны санал, зөвлөмжийг үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах;

 

7.1.3.уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах;

 

7.1.4.хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах;

7.1.5.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн бодлого, ногоон санхүүжилтийн стратегийг батлах;

 

7.1.6.улсын болон орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон төсөл, хөтөлбөрт зориулсан ногоон таксономийг батлах;

 

7.1.7.эрсдэлийн санд төвлөрүүлэх сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээг тогтоох;

 

7.1.8.энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан карбон зах зээлийг зохицуулах, карбон кредитийг бүртгэх журам батлах;

 

7.1.9.хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;

 

7.1.10.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийг бүртгэх, тайлагнах, ил тод байдлыг хангах журам батлах;

 

7.1.11.уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааны журам батлах;

 

7.1.12.хууль тогтоомжид заасан бусад.

 

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 

8.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

8.1.1.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах асуудлыг уялдуулан боловсруулах;

 

8.1.2.ногоон хөгжил болон урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийг дэмжих арга хэмжээг тодорхойлох;

 

8.1.3.ногоон санхүүжилтийн стратегийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах.

 

8.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

8.2.1.ногоон таксономийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах.

 

8.3.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

8.3.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах;

 

8.3.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих;

 

8.3.3.хоёр талт олон улсын хэлэлцээрийн хамтарсан хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

 

8.3.4.олон талт карбон зах зээлийн үйл ажиллагаанд зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох, оролцогч этгээдийг бүртгэх, хяналт тавих;

 

8.3.5.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;

 

8.3.6.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;

 

8.3.7.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;

 

8.3.8.сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;

 

8.3.9.техникийн хороо, мэргэжлийн зөвлөлийг байгуулах;

8.3.10.олон улсын гэрээгээр үүрэг хүлээсэн тайланг хянах, олон улсын байгууллагад хүргүүлэх;

 

8.3.11.карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийн хэмжээг тогтоох;

 

8.3.12.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

 

8.3.13.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;

 

8.3.14.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, журам батлах;

 

8.3.15.энэ хуулийн 7.1.10-т заасан журмын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлуулах;

 

8.3.16.энэ хуулийн 7.1.9, 7.1.11-д заасан журмын төслийг боловсруулж, батлуулах;

 

8.3.17.сааруулалтын үр дүнг тооцох аргачлал, стандарт, ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дэргэдэх техникийн хороогоор хэлэлцүүлж, түүний дүгнэлтэд үндэслэн батлах;

 

8.3.18.хууль тогтоомжид заасан бусад.

 

8.4.Төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

8.4.1.энэ хуулийн 6.1.1, 7.1.2-т заасны дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах арга хэмжээг салбарын хэмжээнд тодорхойлж, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

 

8.4.2.салбарын хэмжээнд хүлэмжийн хийн тооллоготой холбоотой мэдээллийг цуглуулах, мэдээллийн санд оруулах, тайлагнах, баталгаажуулах;

 

8.4.3.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох аргачлалыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох;

 

8.4.4.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

8.4.5.салбарын хэмжээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хангах, хүлэмжийн хийн ялгарлын тооллоготой холбоотой өгөгдөл, мэдээллийг цуглуулах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

 

8.4.6.хууль тогтоомжид заасан бусад.

 

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын бүрэн эрх

 

9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн аймаг, нийслэлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, гүйцэтгэлд хяналт тавина.

 

 

10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

 

10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу хийнэ.

 

10.2.Энэ хуулийн 6.1.1, 7.1.2, 9.1-д заасантай уялдуулан тухайн нутаг дэвсгэрийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжилтийг ханган тайлагнана.

 

11 дүгээр зүйл.Үндэсний зохицуулагч байгууллагын чиг үүрэг

 

11.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

11.1.1.хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг удирдан зохион байгуулах;

 

11.1.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн жилийн тайлан болон энэ хуулийн 27.3-т заасан тайланг боловсруулж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлэх;

 

11.1.3.карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредитийн болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн бүртгэлийн системийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

11.1.4.карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрийн санал, баримт бичгийг хянах, шаардлага хангасан төслийг бүртгэх, холбогдох саналыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

 

11.1.5.сааруулалтын үр дүнгийн бүртгэл, шилжүүлгийг хянах, давхар тооллогоос сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

 

11.1.6.хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийх;

11.1.7.уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

11.1.8.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг бүртгэх, хянах, тайлагнах;

 

11.1.9.сааруулалтын үр дүнгийн урт хугацааны хадгалалт алдагдах, хэтрүүлэн тооцож шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан буцаан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүнгийн тодорхой хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэн, энэ хуулийн 7.1.8-д заасан журмын дагуу буцаан олгох, удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх;

 

11.1.10.хууль тогтоомжид заасан бусад.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

 

12 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл,

эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ

 

12.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлын үнэлгээг жил бүр, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлага, нөлөөллийн үнэлгээг таван жил тутам хийж, үнэлгээний дүнг нэгтгэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

12.2.Энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг эдийн засаг, нийгмийн салбар, бүс нутаг тус бүрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

 

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан үнэлгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, шинжлэх ухаанд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээний бодлого, төлөвлөлтийг тодорхойлно.

 

12.4.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэсний, бүс нутгийн, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө боловсруулахад ашиглана.

 

12.5.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

12.6.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн гарах эдийн засгийн болон эдийн засгийн бус гарз хохирлын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн4 20.3-т заасан журмын дагуу холбогдох төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

 

13 дугаар зүйл.Хүлэмжийн хийн үндэсний тооллого

 

13.1.Үндэсний зохицуулагч байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүн, тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

 

13.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний тооллогын үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог хангах нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж, тооллогын тайланд хяналт тавина.

 

13.3.Үндэсний зохицуулагч байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, үндэсний нөхцөл, онцлогт тохирсон ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг тодорхойлох, шинэчлэх судалгааг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

13.4.Үндэсний зохицуулагч байгууллага хөгжлийн төлөвлөлт, холбогдох мэдээлэлд үндэслэн үндэсний түвшний хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөллийг боловсруулна.

 

13.5.Хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэтийн төсөөллийг боловсруулах аргачлал, хяналт, чанарын баталгаажуулалт хийх аргачлал, ялгарал, шингээлтийн итгэлцүүрийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

 

13.6.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллого хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг гаргаж өгнө.

 

13.7.Хүлэмжийн хийн үндэсний тооллого нь улсын болон салбарын түвшинд хийгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын суурь мэдээлэл байна.

 

13.8.Хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг олон улсын гэрээ, тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

14 дүгээр зүйл.Харгалзах тохируулга хийх

 

14.1.Хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг шилжүүлж, хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийхдээ дараах шаардлагыг хангана:

 

14.1.1.Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцсэн байх;

 

14.1.2.олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг зөвшөөрсөн тухай тодорхойлолтод үндэслэсэн байх;

 

14.1.3.карбон бүртгэлийн системд бүртгэгдэж, давхар тооллого үүсгэхгүй байх;

 

14.1.4.харгалзах тохируулгыг холбогдох олон улсын гэрээнд нийцсэн журам, удирдамжийн дагуу хийх.

 

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад Монгол Улсаас олон улсад шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгоогүй сааруулалтын үр дүн, карбон кредитэд харгалзах тохируулгыг хийхгүй.

 

 

 

15 дугаар зүйл.Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ

 

15.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, хуулийн этгээд нь үйл ажиллагаанаас үүдэн ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг энэ хуулийн 18.8-д заасан аргачлалын дагуу тооцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 8.3.14-т заасан журмын дагуу хийж болно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН

ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ

 

16 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлт

 

16.1.Үндэсний зохицуулагч байгууллага энэ хуулийн 12.1, 12.2-т заасан үнэлгээний үр дүнд үндэслэн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулна.

 

16.2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд5 заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

 

16.3.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд заасан арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлнэ.

 

16.4.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 4.1.16, 4.1.17-д заасан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий хүн амын бүлэг, салбарын дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

 

16.5.Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг бүх шатны боловсролын түвшинд эзэмшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

16.6.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, олон улсын төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, хандив, хуульд заасан бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

 

17 дугаар зүйл.Дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, тайлан

 

17.1.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

17.2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ХҮЛЭМЖИЙН

ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ, ШИНГЭЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

 

18 дугаар зүйл.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан

сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх

бодлого, төлөвлөлт

 

18.1.Засгийн газар Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг таван жил тутам шинэчлэн батална.

 

18.2.Урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийн стратегийг хүлэмжийн хийн үндэсний тооллого, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөлөлд үндэслэн боловсруулна.

 

18.3.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх төлөвлөлтийг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн тодорхойлно.

 

18.4.Энэ хуулийн 18.2-т заасан стратеги, төлөвлөгөөнд хүлэмжийн хийг ялгаруулагч болон шингээгч салбар тус бүрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тусгана.

 

18.5.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 8.4 дэх хэсэг, 9, 10 дугаар зүйлд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт тусгаж хэрэгжүүлнэ.

 

18.6.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг харгалзан үзнэ.

 

18.7.Хувийн хэвшлийн байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох, бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

18.8.Үндэсний зохицуулагч байгууллага байгууллагын болон төслийн түвшний хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалттай холбоотой заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

 

18.9.Үндэсний зохицуулагч байгууллага уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

 

18.10.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг тусгана.

 

19 дүгээр зүйл.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын

үр дүнг тооцох, тайлагнах

 

19.1.Үндэсний зохицуулагч байгууллага энэ хуулийн 13.1-д заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, холбогдох өгөгдөл, мэдээлэлд үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг тооцно.

 

19.2.Үндэсний зохицуулагч байгууллага Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу боловсруулж, энэ хуулийн 8.3-т заасан байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

 

19.3.Энэ хуульд заасан журмын дагуу хоёр болон олон талт карбон зах зээлийн хүрээнд зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгогдсон төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнд оруулан тооцож болно.

 

19.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжсэн үйл ажиллагаанаас бий болсон олон улсад шилжүүлээгүй, холбогдох журмын дагуу баталгаажсан сааруулалтын үр дүнг талууд тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын биелэлтэд тооцож болно.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НОГООН САНХҮҮЖИЛТ

 

20 дугаар зүйл.Ногоон санхүүжилт

 

20.1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг ногоон санхүүжилтээр дэмжинэ.

 

20.2.Ногоон санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, мөнгөний бодлого, ногоон санхүүжилтийн стратегитай нийцсэн байна.

 

20.3.Энэ хуулийн 20.1-д заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зардал, үр ашгийн тооцоо, эдийн засаг, нийгмийн өгөөж, төсөвт үзүүлэх нөлөөлөлд үндэслэнэ.

 

20.4.Ногоон санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

20.4.1.улсын болон орон нутгийн төсөв;

20.4.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт;

20.4.3.дотоод, гадаадын хуулийн этгээд, хувь хүний санхүүжилт;

20.4.4.гадаадын зээл, буцалтгүй тусламж;

20.4.5.байгаль орчин, уур амьсгалын сан;

20.4.6.хууль тогтоомжид нийцсэн бусад эх үүсвэр.

20.5.Ногоон санхүүжилтийг дараах санхүүгийн хэрэгсэл, хөшүүргийг ашиглан хэрэгжүүлж болно:

 

20.5.1.улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт;

20.5.2.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;

20.5.3.батлан даалт;

20.5.4.зорилтот бонд, зээл;

20.5.5.төр, хувийн хэвшлийн болон олон улсын эх үүсвэртэй холимог санхүүжилт;

 

20.5.6.хууль тогтоомжид заасан бусад.

 

20.6.Энэ хуулийн 20.5-д заасан ногоон санхүүжилтийн санхүүгийн хэрэгсэл, хөшүүрэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль6, Өрийн удирдлагын тухай хууль7, Татварын ерөнхий хууль8 болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан байна.

 

20.7.Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа нь ногоон санхүүжилтийн шалгуур, ногоон таксономи, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлагыг хангасан байна.

 

21 дүгээр зүйл.Ногоон санхүүжилтийн шалгуур, нийцэл

 

21.1.Ногоон санхүүжилт нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл учруулахгүй байх зарчмыг хангана.

 

21.2.Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүн бодит, хэмжигдэхүйц, баталгаажихуйц байна.

 

21.3.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулахад энэ хуульд заасан хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо, холбогдох аргачлалыг баримтална.

 

22 дугаар зүйл.Ногоон санхүүжилтийн ил тод байдал, хяналт

 

22.1.Ногоон санхүүжилтийн мэдээлэл ил тод, нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй байна.

 

22.2.Уур амьсгалын санхүүжилтийн мэдээллийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланд тусган тайлагнана.

 

Тайлбар: Энэ хуулийн 4.1.21-д заасан уур амьсгалын санхүүжилт нь 4.1.8-д заасан ногоон санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд энэ хуульд "ногоон болон уур амьсгалын санхүүжилт" гэж дурдсан тохиолдолд уур амьсгалын санхүүжилтийг ногоон санхүүжилтэд хамааруулан ойлгоно.

 

 

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

КАРБОН ЗАХ ЗЭЭЛ

 

23 дугаар зүйл.Карбон зах зээлийн зохицуулалт

 

23.1.Карбон зах зээл дараах төрөлтэй байна:

 

23.1.1.олон талт;

23.1.2.хоёр талт;

23.1.3.үндэсний;

23.1.4.дүйцүүлэх;

23.1.5.сайн дурын.

 

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн үр дүнд сааруулалтын үр дүн, карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүснэ.

 

23.3.Карбон зах зээлийн үйл ажиллагаанд дараах үндсэн шаардлагыг хангана:

 

23.3.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах төрийн бодлого, зорилттой нийцсэн байх;

 

23.3.2.бодит, хэмжигдэхүйц, нэмэлт, баталгаажсан үр дүнд суурилах;

23.3.3.давхар тооллого үүсгэхгүй байх;

23.3.4.сааруулалтын үр дүн урт хугацаанд хадгалагдах;

23.3.5.байгаль орчин, эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;

 

23.3.6.сонирхогч талуудын тэгш оролцоог хангах, үр ашгийг шударгаар хуваарилах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

 

23.3.7.тухайн төсөл хэрэгжих орон нутгийн иргэдэд төсөл, хөтөлбөрийн танилцуулга хийж, санал авсан байх.

 

23.4.Карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч карбон бүртгэлийн системд бүртгүүлж, дараах тодорхойлолтыг авна:

 

23.4.1.энэ хуулийн 8.3.5-д заасан тодорхойлолт;

23.4.2.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;

 

23.4.3.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд үүссэн олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;

 

23.4.4.энэ хуулийн 8.3.8-д заасан тодорхойлолт.

 

23.5.Карбон зах зээлийн төсөлд олгох зөвшөөрсөн тухай тодорхойлолтод дараах асуудлыг тусгана:

 

23.5.1.үүсэх сааруулалтын үр дүнгээс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцох хэмжээ;

 

23.5.2.эрсдэлийн санд хуримтлуулах сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээ;

 

23.5.3.хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулга хийх шаардлага;

 

23.5.4.давхар тооллого үүсгэхээс сэргийлэхэд шаардлагатай суурь мэдээлэл;

 

23.5.5.сааруулалтын үр дүнг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцох, олон улсад шилжүүлэх эсэхийг тодорхойлсон ашиглалтын зорилго;

 

23.5.6.зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгож байгаа сааруулалтын үр дүнгийн хамрах хүрээ, хэмжээ;

 

23.5.7.төслийн суурь түвшин, аргачлал, нэмэлт чанарын шаардлага;

23.5.8.хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлага;

23.5.9.сааруулалтын үр дүнгийн эхний шилжүүлэг;

23.5.10.төслийн хугацаа, сааруулалтын үр дүн үүсгэх хугацаа.

 

23.6.Карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талуудын хооронд хуваарилах, ашиглах асуудлыг хоёр талт олон улсын хэлэлцээр, төсөл хэрэгжүүлэх гэрээгээр зохицуулна.

 

23.7.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

24 дүгээр зүйл.Карбон кредитийн бүртгэл, шилжүүлэг

 

24.1.Баталгаажсан карбон кредит нь карбон кредитийн бүртгэлийн системд бүртгэгдсэнээр түүнийг эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах, арилжих, захиран зарцуулах эрх үүснэ.

 

24.2.Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээс бусад эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төслөөс үүссэн карбон кредитийн эзэмших эрхийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийг хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөл, бусад сонирхогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоох бөгөөд тухайн гэрээнд талуудын оролцоо, эрх, үүрэг, үр ашгийн хуваарилалт тусгагдсан байна.

 

24.3.Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслөөс үүсэх кредитийг эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах, бусад хэлбэрээр захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 7.1.8-д заасан журмаар зохицуулна.

 

24.4.Карбон кредитийн эзэмшил, шилжүүлгийн мэдээллийг үндэсний бүртгэлд бүртгэж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн тайланд тусгаж тайлагнана.

 

25 дугаар зүйл.Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт

 

25.1.Төсөл хэрэгжүүлэгч сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг баталсан аргачлалын дагуу жил бүр хийж, энэ хуулийн 11.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.

 

25.2.Сааруулалтын үр дүнгийн баталгаажуулалт нь урьдчилсан баталгаажуулалт болон үр дүнгийн баталгаажуулалтаас бүрдэх бөгөөд баталгаажуулалтыг холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу итгэмжлэгдсэн, хараат бус хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

 

25.3.Сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг энэ хуулийн 7.1.9-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

 

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан итгэмжлэгдсэн, хараат бус этгээдийг бүртгэх журмыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангана.

 

25.5.Сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрөөс үүсэх карбон кредиттэй холбоотой хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тайланг баталгаажуулалт хийгдсэний дараа энэ хуулийн 11.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН САН, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

 

26 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ

 

26.1.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, олон улсын байгууллагын мэдээлэл солилцох, зөвлөлдөх, хамтын ажиллагааг дэмжих үндэсний мэдээллийн систем байна.

 

26.2.Үндэсний зохицуулагч байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийг энэ хуулийн 26.1-д заасан үндэсний мэдээллийн системд бүртгэж, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг ханган ажиллана.

 

27 дугаар зүйл.Хяналт шинжилгээ, үнэлгээ

 

27.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, гарз хохирлыг бууруулах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгож, аргачлалыг батална.

 

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн үр дүнгийн үнэлгээг жил бүр хийж, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан Засгийн газарт танилцуулна.

 

27.3.Монгол Улсын олон улсын гэрээ, тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу дараах тайлан, мэдээллийн ил тод байдлыг ханган тайлагнана:

 

27.3.1.хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайлан;

27.3.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайлан;

 

27.3.3.уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын үндэсний тайлан, илтгэл;

 

27.3.4.карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан;

 

27.3.5.уур амьсгалын санхүүжилтийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан.

 

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан тайлан, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах зорилгоор дотоодын хяналт, чанарын баталгаажуулалт болон олон улсын техникийн шинжилгээнд хамруулна.

 

27.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл, хүлэмжийн хийн ялгарал, сааруулалт болон дасан зохицох арга хэмжээний талаарх мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын стандартын дагуу ил тод мэдээлж болно.

 

28 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн

сан, карбоны бүртгэл

 

28.1.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох, сааруулах арга хэмжээний талаарх мэдээллийг хадгалах, шинэчлэх мэдээллийн сантай байна.

 

28.2.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн байгууллага уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой холбогдох өгөгдөл, мэдээллийг хуульд заасан журмын дагуу энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.

 

28.3.Энэ хуулийн 11.1-д заасан байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийн систем, карбон бүртгэлийн системийг удирдлага, зохион байгуулалтаар хангана.

 

28.4.Карбон бүртгэлийн систем нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын систем, олон улсын холбогдох карбон бүртгэлийн системтэй уялдсан байна.

 

28.5.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбон бүртгэлийн систем нь уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын бүрэлдэхүүн хэсэг байна.

 

28.6.Мэдээллийн сан, бүртгэлийн систем дэх өгөгдөл, мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, хүртээмжтэй байлгах бөгөөд үндэсний аюулгүй байдал, нууцлалтай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД

 

29 дүгээр зүйл.Хориглох үйл ажиллагаа

 

29.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцогдох карбон кредитийг энэ хуулийн 8.3-т заасан байгууллагын зөвшөөрсөн тухай тодорхойлолтгүйгээр худалдах, арилжих, бусад байдлаар шилжүүлэхийг хориглоно.

 

29.2.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөө, үр дүнгийн талаар илт худал, төөрөгдүүлсэн, баталгаажаагүй мэдээлэл ашиглан тайлагнахыг хориглоно.

 

30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

30.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль#_[9]_#, Зөрчлийн тухай хууль#_[10]_# болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

30.2.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд#_[11]_# заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

31 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

 

31.1.Энэ хуулийн 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан журмыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор баталж, мөрдүүлнэ.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

#_[1]_# Монгол Улсын Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

#_[2]_# Байгаль орчныг хамгаалах тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

#_[3]_# Агаарын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

#_[4]_# Гамшгаас хамгаалах тухай хууль "Төрийн мэдээлэл" хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 07

дугаарт нийтлэгдсэн.

#_[5]_# Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2020 оны 21 дүгээрт нийтлэгдсэн.

#_[6]_# Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

#_[7]_# Өрийн удирдлагын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 09 дүгээрт нийтлэгдсэн.

#_[8]_# Татварын ерөнхий хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

#_[9]_# Эрүүгийн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

#_[10]_# Зөрчлийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2017 оны 24 дүгээрт нийтлэгдсэн.

#_[11]_# Төрийн албаны тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2018 оны 01 дүгээрт нийтлэгдсэн.