A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 07 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Гэр бүлийн хэргийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

3.2.Гэр бүлийн хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчим

Хэвлэх

4.1.Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 4, 5, 6 дугаар зүйлд заасан зарчмаас гадна Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хүүхэд хамгааллын зарчмыг баримтална.

4.2.Шүүх гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хөдөлмөрийн чадваргүй, эрх ашиг нь хөндөгдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.

4.3.Эцэг, эх, эсхүл 14 нас хүрсэн хүүхэд, эсхүл Хүүхэд хамгааллын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтан, хүүхдийн суралцдаг сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хөндсөн ажиллагааны талаар шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхтэй.

4.4.Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш, хүртээмжтэй байх зарчмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ

5 дугаар зүйл.Гэр бүлийн хэргийн харьяалал

Хэвлэх

5.1.Гэр бүлийн болон түүнтэй холбогдсон харилцаанаас үүссэн дараах маргааныг шүүх харьяалан шийдвэрлэнэ:

5.1.1.гэрлэлттэй холбоотой маргаан;

5.1.2.эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаанаас үүссэн маргаан;

5.1.3.эцэг, эх байх эрхтэй холбоотой маргаан;

5.1.4.хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой маргаан;

5.1.5.тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбоотой маргаан;

5.1.6.хүүхэд үрчлэлттэй холбоотой маргаан;

5.1.7.асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой маргаан;

5.1.8.хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхтэй холбоотой маргаан;

5.1.9.гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой маргаан;

5.1.10.гэр бүлийн холбогдолтой бусад маргаан;

5.1.11.гэрлэлтийн бүртгэлгүй хамтын амьдралаас үүсэх хөрөнгийн харилцаатай холбоотой маргаан.

6 дугаар зүйл.Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

6.1.Шүүх онцгой ажиллагааны журмаар дараах гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэнэ:

6.1.1.энэ хуулийн 6.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;

6.1.2.хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;

6.1.3.сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;

6.1.4.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;

6.1.5.хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;

6.1.6.гэрлэлт сэргээх.

6.2.Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх тогтооно:

6.2.1.садан, төрлийн холбоотой эсэх;

6.2.2.бусдын асрамжид байгаа эсэх;

6.2.3.хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох;

6.2.4.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, эсхүл сэргээх;

6.2.5.гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох;

6.2.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9.2-т заасан хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд шилжсэн хүүхдийн хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах;

6.2.7.асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах.

6.3.Шүүх энэ хуулийн 6.1, 6.2-т заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээс бусад гэр бүлийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

6.4.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт гэм хорыг арилгуулах нэхэмжлэл гаргасан бол шүүх гэр бүлийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ.

6.5.Өв залгамжлалын харилцаанаас үүссэн маргаан гэр бүлийн хэрэгт хамаарахгүй.

7 дугаар зүйл.Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

Хэвлэх

7.1.Гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

7.2.Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

7.4.Улсын дээд шүүх гэр бүлийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах

Хэвлэх

8.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэр бүлийн хэргийн нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

9 дүгээр зүйл.Нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал

Хэвлэх

9.1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргах нэхэмжлэгч 0-14 нас хүрээгүй хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн оршин суугаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд гаргаж болно.

9.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйл, энэ хуулийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгч шүүхийг сонгосон бол энэ хуулийн 7.1-д заасан нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

10 дугаар зүйл.Шүүхийн онцгой харьяалал

Хэвлэх

10.1.0-14 нас хүрээгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоохтой холбогдсон нэхэмжлэлийг хүүхдийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.2.Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.3.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.4.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.5.Хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг тухайн хүний сүүлчийн оршин сууж байсан газрын, сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.6.Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцуулах тухай хүсэлтийг тухайн хүний оршин суугаа, эсхүл эмчлүүлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.7.Хорих ял эдэлж байгаа хүн нэхэмжлэл, хүсэлт гаргах, эсхүл хорих ял эдэлж байгаа хүнд холбогдуулан нэхэмжлэл, хүсэлт гаргах бол түүний ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

10.8.Энэ зүйлд заасан гэр бүлийн хэргийн онцгой харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болохгүй.

10.9.Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу гаргана.

11 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах

Хэвлэх

11.1.Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн гардуулна.

11.2.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх энэ хуулийн 11.1-д заасны дагуу дараах нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй бол хариуцагчийн ажлын газрын хаягаар, хариуцагчийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа 30 хоногийн дотор хийж, тодруулж ирүүлсэн хаягаар гардуулна:

11.2.1.гэрлэлт цуцлуулах;

11.2.2.хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоолгох;

11.2.3.тэжээн тэтгэх, тэтгүүлэх;

11.2.4.хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох;

11.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасуулах, эсхүл сэргээлгэх;

11.2.6.хүүхэд үрчлэлт;

11.2.7.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах.

11.3.Шүүх энэ хуулийн 11.2-т заасны дагуу холбогдох нэхэмжлэлийг хариуцагчид хүргүүлсэн боловч тухайн хаягт оршин суудаггүй бол Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан эрэн сурвалжлагдаж байгаа хүний талаарх мэдээллийн сүлжээ, сангаар дамжуулан хариуцагчийг эрэн сурвалжлах арга хэмжээ авхуулна.

11.4.Энэ хуулийн 26.4.1-д заасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг гардуулах болон хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулахдаа эрсдэлд орсон гэрлэгч, түүний хүүхэд, гэр бүлийн бусад гишүүний нэхэмжлэлд тусгасан хувийн мэдээллийг уншигдах боломжгүй байдлаар нууцална.

12 дугаар зүйл.Хэргийн оролцогч, хүүхэд хамгааллын байгууллага, ажилтны хамтран ажиллах үүрэг

Хэвлэх

12.1.Хэргийн оролцогч үйл баримтын талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх бөгөөд үйл баримтыг тогтооход хамтран ажиллах үүрэгтэй.

12.2.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтан, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран ажиллах, энэ талаар гаргасан шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй.

12.3.Шүүхээс гарах шийдвэр нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал, эсхүл хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах шаардлагын үүднээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр, эсхүл шүүх санаачилгаараа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

12.4.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл шүүгч энэ талаар эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

12.5.Шаардлагатай тохиолдолд шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл өгөх, холбон зуучлах ажиллагааг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

13 дугаар зүйл.Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг хаалттай явуулах

Хэвлэх

13.1.Гэр бүлийн хэргийн шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд хаалттай явуулна:

13.1.1.гэрлэлт цуцлуулах;

13.1.2.хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоолгох;

13.1.3.тэжээн тэтгэх, тэтгүүлэх;

13.1.4.хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох;

13.1.5.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасуулах, эсхүл сэргээх;

13.1.6.хүүхэд үрчлэлт;

13.1.7.асран хамгаалах, харгалзан дэмжих.

13.2.Энэ хуулийн 13.1-д зааснаас бусад тохиолдолд нээлттэй, ил тод явуулах нь иргэний үндсэн эрхэд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй, эсхүл хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хэргийн оролцогчийн санал, эсхүл өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулж болно.

13.3.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэхийг хориглоно.

13.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулах эсэхээс үл хамааран гэр бүлийн хэргийн материал, нотлох баримттай гагцхүү хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч танилцах, хуулбарлан авах эрхтэй.

13.5.Хэргийн оролцогч бус этгээд энэ хуульд заасан хаалттай явуулах тохиолдлоос бусад гэр бүлийн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангалттай үндэслэлтэй бөгөөд хэргийн оролцогч болон бусад этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл танилцахыг зөвшөөрч болно.

14 дүгээр зүйл.Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагч

Хэвлэх

14.1.Энэ хуульд заасан гэр бүлийн хэргийг анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэнэ.

14.2.Энэ хуулийн 6.4-т заасны дагуу гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт гэм хорыг арилгуулах нэхэмжлэл гаргасан нь хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үндэслэл болохгүй.

15 дугаар зүйл.Зохигч шүүх хуралдаанд оролцох

Хэвлэх

15.1.Өмгөөлөгч оролцож байгаа эсэхээс үл хамааран зохигч шүүх хуралдаанд өөрөө хүрэлцэн ирж оролцох үүрэгтэй. Зохигч хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд шүүх хуралдаанд өөрөө оролцох үүргээ цахим хэлбэрээр хэрэгжүүлж болно.

15.2.Шүүх хуралдаанд оролцох үүргээ шүүхийн байрнаас бусад газарт цахим хэлбэрээр хэрэгжүүлж байгаа тохиолдолд шүүгч шаардлагатай гэж үзсэн нөхцөлд зохигч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71.1.14-т заасан шүүхийн шаардлага хангасан байрнаас шүүх хуралдаанд оролцоно.

15.3.Зохигч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу өөрөө оролцох боломжгүй бол төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд оролцож болно. Зохигч өөр орон нутаг, хилийн чанадад байгаа нь шүүх хуралдаанд оролцох үүргээ цахим хэлбэрээр хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

15.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох журмыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн бол хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зохигчийг албадан ирүүлэх захирамж гаргаж болно.

15.5.Шүүхийн мэдэгдэх хуудаст энэ хуулийн 15.4-т заасан шүүх хуралдаанд ирээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарласан байна.

15.6.Зохигч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдааныг хойшлуулж болно.

15.7.Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх энэ хуулийн 15.4-т заасны дагуу албадан ирүүлэх боломжгүй бол хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж болно. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, энэ хуулийн 15.4-т заасны дагуу албадан ирүүлэх боломжгүй бол шүүгч нэхэмжлэлийг буцаах эрхтэй.

15.8.Хэргийн оролцогчийн эрхийг хамгаалах, эсхүл бусад зайлшгүй шалтгааны улмаас зохигчийн аль нэгийг шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж болно.

15.9.Энэ хуулийн 15.8-д заасны дагуу хэргийн оролцогч өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр мэдэгдсэнийг үндэслэлтэй гэж шүүх үзвэл хүсэлт гаргасан хэргийн оролцогчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.

15.10.Энэ хуулийн 15.4-т заасан үндэслэлээр торгуулсан зохигч, түүний төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д заасны дагуу гомдол гаргах эрхтэй. Гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

16 дугаар зүйл.Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

Хэвлэх

16.1.Энэ хуулийн 26.4-т зааснаас бусад гэрлэлт цуцлуулах маргаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

16.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

17 дугаар зүйл.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл

Хэвлэх

17.1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн хугацаа, газар, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоолгох, тэжээн тэтгэх болон хөрөнгийн талаарх хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгуулсан эсэхийг тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

17.2.Хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж, шийдвэртээ энэ талаар тусгана.

17.3.Гэрлэлт цуцлах үед эхнэр, эсхүл нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатай тохиолдолд тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно.

17.4.Хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход түүний санал болон энэ хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайланг харгалзан үзнэ.

17.5.Нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч долоо хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүгч уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

17.6.Энэ хуулийн 26.4.1-д заасан тохиолдолд шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шуурхай шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл.Гэрлэгчдийн хөрөнгийн болон тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх

Хэвлэх

18.1.Гэрлэгчид харилцан тохиролцож хөрөнгийн болон тэжээн тэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын нэхэмжлэлээр эдгээр гэрээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

19 дүгээр зүйл.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ

Хэвлэх

19.1.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар, эсхүл зохигчийн хүсэлтээр дараах арга хэмжээг урьдчилан авах тухай захирамж гаргаж болно:

19.1.1.насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх, нэмэлт зардлыг гаргуулах;

19.1.2.хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;

19.1.3.хүүхдийг эцэг, эсхүл эхтэй хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, шүүхээс томилсон сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчийн хяналтад, эсхүл дангаар уулзуулах түр хуваарь гаргах;

19.1.4.энэ хуулийн 26.4.1-д заасан тохиолдолд аюул учруулж болзошгүй гэрлэгчийг гэрээсээ өөр газарт байхыг даалгах;

19.1.5.энэ хуулийн 26.4.1-д заасан тохиолдолд гэрлэгчид уулзах, ойртох болон аливаа хэлбэрээр харилцаа тогтоохыг хориглох;

19.1.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.2-т заасан үүргээ биелүүлж, тохирсон арга хэмжээ авахыг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд даалгах;

19.1.7.гэрлэгч хэн нэгийгээ тэжээн тэтгүүлэх;

19.1.8.орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулахыг хориглох;

19.1.9.шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх.

19.2.Шүүх холбогдох этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.1.5, 19.1.8, 19.1.9-д заасан урьдчилсан арга хэмжээг авч болох боловч урьдчилсан арга хэмжээ авснаас хойш 14 хоногийн дотор эрх ашиг нь хөндөгдсөн хэргийн оролцогчийн тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааныг зарлан хуралдуулж болно.

19.3.Шүүгч энэ хуулийн 19.1-д заасан захирамж гаргасан бол уг захирамжийг холбогдох этгээдэд нэн даруй хүргүүлнэ.

19.4.Урьдчилсан арга хэмжээ тогтоосон шүүгчийн захирамжийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл зохигчийн хүсэлтээр шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шийтгэвэр гарган зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр торгож, албадан ирүүлэх захирамж гаргаж болно.

19.5.Шаардлагатай тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан эцэг, эхийг шүүх өөрийн санаачилгаараа, эсхүл зохигчийн хүсэлтээр гэрлэлт цуцлуулах, түүний үр дагавар, хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь, хүүхдээ тэжээн тэтгэх зэрэг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх сургалт, хөтөлбөрт хамруулж болно.

20 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох

Хэвлэх

20.1.Шүүгч гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрийн санаачилгаар, эсхүл зохигчийн хүсэлтээр өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно.

20.2.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дараах нөхцөлд дуусгавар болсонд тооцно:

20.2.1.гэрлэгчид эвлэрч, шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон;

20.2.2.гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

21 дүгээр зүйл.Хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах

Хэвлэх

21.1.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл дараах ажиллагааг шүүгч өөрийн санаачилгаар явуулна:

21.1.1.хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судалж, тайлан гаргахыг энэ хуулийн 22.1-д заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд даалгах тухай захирамж гаргах;

21.1.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аюулын зэргийн, 32 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.2.3-т заасан эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээг хийлгүүлэхээр даалгах тухай захирамж гаргах;

21.1.3.холбогдох байгууллага, хувь хүнээс дансны мэдээлэл, хөрөнгийн байдал, орлого, боловсролын байдал болон бусад шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах, мэдүүлэг авах.

21.2.Энэ хуулийн 21.1.2-т заасан шүүгчийн захирамж гарснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

21.3.Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д заасан журмаар гомдол гаргахгүй.

21.4.Энэ хуулийн 21.1.2-т заасан холбогдох дүгнэлтийг шүүгчид ирүүлсэн, эсхүл дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл захирамжаар тогтоосон хугацаа өнгөрсөн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.3-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх бөгөөд уг захирамжид гомдол гаргахгүй.

22 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн

Хэвлэх

22.1.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны ажилтан байна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 881дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

22.3.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь дараах бүрэн эрхтэй:

22.3.1.зохигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асуух;

22.3.2.эцэг, эх, хүүхэд болон холбогдох бусад этгээдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх;

22.3.3.гэр бүлийн нөхцөл байдал, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, нийгмийн бүх орчинд ажиглалт явуулах;

22.3.4.холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах;

22.3.5.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллагад нэвтрэх, албан тушаалтнаас шаардлагатай асуудлаар мэдээлэл, тайлбар авах;

22.3.6.хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол түүний саналыг авах.

22.4.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлахдаа хараат бус байх зарчмыг баримтлах бөгөөд нууц хадгалах, задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

23 дугаар зүйл.Татгалзан гарах үндэслэл

Хэвлэх

23.1.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн дараах үндэслэл байвал хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлахгүй:

23.1.1.хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;

23.1.2.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг шударгаар судалж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

23.1.3.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.

23.2.Энэ хуулийн 23.1-д зааснаас бусад үндэслэлээр хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг татгалзахгүй.

24 дүгээр зүйл.Татгалзан гарах хүсэлт гаргах

Хэвлэх

24.1.Энэ хуулийн 23.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн энэ хуулийн 21.1.1-д заасан шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор татгалзан гарах тухай мэдэгдэнэ.

24.2.Хэргийн оролцогч хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг энэ хуулийн 23.1-д заасны дагуу татгалзан гаргах үндэслэлтэй гэж үзвэл энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргана.

24.3.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг татгалзан гаргах тухай асуудлыг шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана.

25 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан

Хэвлэх

25.1.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн энэ хуулийн 21.1.1-д заасны дагуу хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг 21 хүртэл хоногийн дотор судалж, тайланг шүүгчид хүргүүлнэ.

25.2.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, тайлан гаргах бөгөөд тайланд дараах асуудлыг тусгаж болно:

25.2.1.маргааны шалтгаан, нөхцөл, талуудын хүсэл зориг, байр суурь;

25.2.2.гэрлэгчдийн эрүүл мэнд, сэтгэлзүй, зан үйл, нийгэмшилт, хөдөлмөр эрхлэлт;

25.2.3.хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход шаардлагатай хүүхдийн нөхцөл байдалтай холбоотой хүчин зүйлийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тодорхойлох;

25.2.4.эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах боломжит хувилбар;

25.2.5.хүүхдийн онцлог байдал, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшилд эцэг, эхээс анхаарвал зохих асуудал;

25.2.6.талууд эвлэрэх боломжтой эсэх талаарх санал.

25.3.Энэ хуулийн 25.1-д заасан тайлан гаргах аргачлалыг Улсын дээд шүүх батална.

25.4.Энэ хуулийн 25.1-д заасан тайлангаас тодруулах, нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол шүүх энэ талаар мэргэжилтэнд асуулт, шаардлага тавьж дахин хугацаа тогтоон хүргүүлж болно. Шүүгч шийдвэр гаргахдаа тайланг харгалзан үзнэ.

25.5.Хүүхэдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд үл нийцэх бусад баримтыг түүний эцэг, эх тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг хориглоно.

25.6.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн энэ хуулийн 25.2-т заасан бүх асуудлыг болон хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарсан иж бүрэн, эсхүл маргааны зүйлээс шалтгаалан шүүгчийн тавьсан асуулт, шаардлагын хүрээнд хэсэгчлэн тайлан гаргаж болно.

25.7.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 25.1-д заасан тайланг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хэлбэрээр хүргэнэ.

26 дугаар зүйл.Гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

26.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд гэр бүлийн хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

26.3.Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

26.4.Шүүгч дараах тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:

26.4.1.гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;

26.4.2.гэрлэгчид тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;

26.4.3.хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.

26.5.Гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэнэ.

26.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах шийдвэр гаргана.

26.7.Хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл 14 насанд хүрсэн хүүхэд, эсхүл хүүхдийн эцэг, эсхүл эхийн хүсэлтээр шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шийтгэвэр гарган зөрчил гаргасан эцэг, эсхүл эхийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр торгож, албадан ирүүлэх захирамж гаргаж болно.

26.8.Гэрлэлт цуцалсан болон бусад шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тухайн шүүх ажлын гурван өдрийн дотор уг шийдвэрийн хувийг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

27 дугаар зүйл.Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүсэлт

Хэвлэх

27.1.Энэ хуулийн 6.1-д заасан хэргийн талаарх хүсэлтэд зорилго, шалтгаан, үндэслэлийг тодорхой тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

28 дугаар зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа

Хэвлэх

28.1.Хүсэлт хүлээн авсан шүүгч алга болсон хүний талаар мэдээ өгч чадах хүн /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан/ байгаа эсэхийг тодруулж, сураггүй алга болсон хүний талаар түүний сүүлчийн оршин сууж байсан болон ажиллаж байсан газрын зохих байгууллагад холбогдох баримт, мэдээ байгаа эсэхийг лавлана.

28.2.Шүүгч шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан тухайн хүнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авхуулах бөгөөд түүний хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.

29 дүгээр зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

29.1.Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүгч хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.

29.2.Шүүгч хүнийг сураггүй алга болсонд тооцож, шийдвэртээ түүний хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.

29.3.Хүнийг нас барсан гэж зарласан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүх ажлын гурван өдрийн дотор уг шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

30 дугаар зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

Хэвлэх

30.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан хүн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүх тухайн хүний хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, уг шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

31 дүгээр зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцуулах тухай хүсэлт гаргах

Хэвлэх

31.1.Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг тухайн хүний гэр бүлийн гишүүн, эсхүл сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.

32 дугаар зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

32.1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн хүний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.

32.2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.

32.3.Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгч, харгалзан дэмжвэл, эсхүл асран хамгаалбал зохих этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

33 дугаар зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай шийдвэр

Хэвлэх

33.1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцож тухайн хүнд асран хамгаалалт, харгалзан дэмжилтийг тогтооно.

33.2.Эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал тухайн хүн, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон энэ хуулийн 31.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.

33.3.Энэ хуулийн 33.2-т заасан шийдвэр гарсны дараа тухайн хүнд тогтоосон асран хамгаалалт, харгалзан дэмжилтийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргана.

34 дүгээр зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанышүүхийн зардал

Хэвлэх

34.1.Хүнийг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.

34.2.Сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг мэдсээр байж хүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцуулахаар энэ хуулийн 31.1-д заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.

35 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

35.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

35.2.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

35.3.Шүүх хүсэлтийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

36 дугаар зүйл.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

36.1.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.

36.2.Шүүх хүсэлтийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

36.3.Шүүх энэ хуулийн 36.2-т зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХЭРГИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

37 дугаар зүйл.Шүүхийн эвлэрүүлэн зуучлал

Хэвлэх

37.1.Энэ хуулийн 16.1-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, шүүхэд гэр бүлийн хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахад энэ бүлэгт заасан журам үйлчилнэ.

37.2.Энэ бүлэг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6.3-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамаарахгүй.

37.3.Шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлангаар талуудыг эвлэрүүлэх боломжтой гэж үзсэн, эсхүл талуудын хүсэлтээр эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлах багт хэргийг шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргана.

37.4.Энэ хуулийн 37.3-т заасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт шүүгч гэрлэгчдийн эвлэрэх боломж, үндэслэлийн талаар тусгах ба шаардлагатай гэж үзвэл эвлэрүүлэн зуучлах баг уг захирамжийн үндэслэх хэсгээс тодруулан ярилцаж болно. Энэ ярилцлагын явцад тэмдэглэл хөтлөхгүй байж болно.

37.5.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гарсан тохиолдолд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эцэг, эхээс нууцалбал зохих хэсгээс бусдыг энэ хуулийн 37.3-т заасан шүүгчийн захирамжид хавсаргана.

37.6.Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, хадмал бичвэр, дуун тайлбар бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

38 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах баг

Хэвлэх

38.1.Эвлэрүүлэн зуучлах баг нь шүүгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйчээс бүрдэнэ. Шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилно.

38.2.Эвлэрүүлэн зуучлах баг шүүгчийн захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулна.

38.3.Эвлэрүүлэн зуучлах баг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

38.3.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;

38.3.2.маргаанд хувийн ашиг сонирхолгүйгээр төвийг сахисан байр суурьтай байх;

38.3.3.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих.

39 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйч

Хэвлэх

39.1.Эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйчийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилох бөгөөд сэтгэл зүйч нь төрийн захиргааны албан хаагч байна.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан сэтгэл зүйч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож болох бөгөөд ажиллах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40 дүгээр зүйл.Эвлэрүүлэх уулзалтын бэлтгэл хангах

Хэвлэх

40.1.Эвлэрүүлэх уулзалтаар хэргийг хэлэлцэхтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлагч шүүгч дараах бэлтгэл ажиллагааг явуулна:

40.1.1.эвлэрүүлэх уулзалт хэзээ, хаана болохыг талуудад шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх;

40.1.2.шаардлагатай гэж үзвэл эвлэрүүлэх уулзалтаас өмнө гэрлэгчдийг сэтгэл зүйчтэй уулзуулах арга хэмжээ авах;

40.1.3.эвлэрүүлэн зуучлалын багийн гишүүдтэй бэлтгэл уулзалт хийж, эвлэрүүлэх уулзалтын дэг, уулзалтын явцад хөндөх асуудлын дараалал, ярилцах арга зүйг үндэслэлтэй тодорхойлох.

40.2.Эвлэрүүлэх уулзалт чиглүүлэгчийг энэ хуулийн 40.1.3-т заасан уулзалтаар эвлэрүүлэн зуучлах багийн гишүүдийн олонхын саналаар сонгоно.

41 дүгээр зүйл.Эвлэрүүлэх уулзалт

Хэвлэх

41.1.Эвлэрүүлэх уулзалтын явцад хөндөгдсөн асуудал, гэрлэгчдийн байр суурийг хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэхгүй бөгөөд хүүхэдтэй хийсэн ярилцлагыг түүний эцэг, эх тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулах эсэхийг шүүгч, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний саналыг харгалзан шийдвэрлэнэ.

41.2.Эвлэрүүлэх уулзалтыг нэг удаа хийх бөгөөд дахин уулзалт хийх хүсэлтийг гэрлэгчид нэгэн адил гаргавал хоёр дахь удаагийн уулзалтыг хийж болно.

41.3.Эвлэрүүлэх уулзалтын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө. Дэлгэрэнгүй тэмдэглэлийг нарийн бичгийн дарга үйлдэнэ.

41.4.Энэ хуулийн 41.2-т заасан сүүлчийн уулзалтаас дэлгэрэнгүй ба хураангуй тэмдэглэл хөтөлнө. Хураангуй тэмдэглэлд гагцхүү гэрлэгч аль нэг асуудлаар эвлэрсэн, эсхүл эвлэрээгүй талаар дурдсан байна. Хураангуй тэмдэглэлийг эвлэрүүлэх уулзалтын чиглүүлэгч үйлдэнэ.

41.5.Эвлэрүүлэх уулзалтын үр дүнд зохигч гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрсэн, эсхүл эвлэрээгүй тухай, эсхүл гэрлэлт цуцлахаас бусад асуудлаар харилцан тохиролцсон бол энэ талаар хураангуй тэмдэглэлд тусгаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүгчид хүргүүлнэ. Шүүгч тэмдэглэлийг хүлээн авсан бол шүүх хуралдааныг зарлан хуралдуулна.

41.6.Шүүгч энэ хуулийн 41.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар зохигчийн эвлэрэх хүсэлт хэвээр байгаа эсэхийг тодруулж, зохигчид нэгэн адил хүсэлттэй бол шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

41.7.Энэ хуулийн 37.3-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хүрээнд гэрлэгчид эвлэрээгүй боловч гэрлэгчдийн хооронд үүссэн гэрлэлт цуцлахаас бусад тэтгэлэг, тэтгэмж, хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх нь хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, дундын хөрөнгө хуваахтай холбоотой асуудлаар гэрлэгчдийг харилцан тохиролцоход эвлэрүүлэн зуучилж болно.

41.8.Гэрлэгчид энэ хуулийн 41.7-д заасан асуудлаар харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн гэж үзвэл хэрэг үүсгэсэн шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэрт энэ тухай тусгана.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

42 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

42.1.Энэ хуулийг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ