- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчийг гэрт ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:
1.1.аймгийн төв болон нийслэлийн дүүрэгт "Хотхоны бага сургууль", нийслэлийн гэр хороололд "Бага сургууль", хөдөөгийн алслагдсан баг, хил орчмын нутаг дэвсгэрт "Багийн бага сургууль" байгуулах арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан 2026-2027 оны хичээлийн жилээс эхлүүлж, цаашид жил бүрийн улсын болон нийслэл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.2.орон сууцны хороолол, хотхоны барилга байгууламжийн талбайг сургалтын зориулалтаар ашиглах боломжийг судалж, тухайн барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлт стандартын шаардлагад нийцүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.3.сургуулийн өмнөх насны хүүхдийн тооны бууралтаас шалтгаалан бүрэн хүчин чадлаар ашиглагдахгүй байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийг бага ангийн сургалтын зориулалтаар ашиглах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.4.нийслэлд сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сул хүчин чадлыг түшиглэн төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн зарим анги, бүлэг болон суралцагчийг шилжүүлэн суралцуулах асуудлыг хүүхдийн суралцах эрх, аюулгүй байдал, сургалтын чанар, хүртээмжийг хангах зарчимд нийцүүлэн судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авах, уг арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн нэг суралцагчид ногдох суурь хувьсах зардалд тохируулга хийх замаар санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт;
1.5.төрийн болон хувийн хэвшлийн өмчлөлд байгаа, сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийн судалгааг гаргаж, түрээсийн гэрээгээр ашиглахад шаардагдах зардлын тооцоо, санхүүжилтийн саналыг боловсруулан хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.
2.Барилга байгууламжийн стандарт, хүчин чадлаас хэтэрсэн ачаалал бүхий ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх, ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг ханган, явц, үр дүнгийн талаар 2027 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх