A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/1066

Улаанбаатар хот

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, 2026-2027 оны хичээлийн жил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдон нийслэлийн авто замын хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс үүсэх замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

1.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.2-т заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8) -оор төгссөн автомашиныг 2026 оны 08 дугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12-ны өдрүүдэд, сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн автомашиныг 2026 оны 08 дугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 09 дүгээр сарын 03, 05, 07, 09, 11-ний өдрүүдэд, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Галбадрах), "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;

1.2.Энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.3-т зааснаас гадна цахилгаан тэжээлийн тээврийн хэрэгсэл болон зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дипломат байгууллага, гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах болон таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг энэхүү захирамжийн үйлчлэлээс чөлөөлөн, шаардлагатай бүртгэлд хамруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газар (С.Галбадрах)-т, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;

1.3.Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, чиглэлийг шинэчлэн тогтоож, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн бодлогын газар (Г.Билгүүн)-т;

1.4.Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл түгээх, сурталчлан таниулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч (Л.Хосбаяр), мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга (Ч.Бат-Оргил)-д тус тус үүрэг болгосугай.

2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас ажиллах албан хаагчдын хоол, шатахууны нэмэлт зардлыг төсвийн холбогдох зардлаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Ү.Ганболд)-т зөвшөөрсүгэй.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Б.Мөнхбат)-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА