A

A

A

Бүлэг: 1979

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны

07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаанд баримтлах үзүүлэлт, түүнд тавих хяналт болон дэвшилтэт технологи ашиглан цахим (цаашид "финтек" гэх)-аар зээлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Банк бус санхүүгийн байгууллага (цаашид "ББСБ" гэх) нь энэхүү журам болон холбогдох бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг дагаж мөрдөнө.

ХОЁР. ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөл, журамд хуульд зааснаас гадна дараах харилцааг зохицуулсан баримт бичгийг баталж, мөрдөнө:

 2.1.1.зээл судлах, шийдвэрлэх, олгох, хянах үйл ажиллагаа;

 2.1.2.бүтээгдэхүүний хүү, шимтгэл, хураамж, хугацаа;

 2.1.3.эрсдэлийг удирдах, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт, хариуцлага;

 2.1.4.харилцагчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;

 2.1.5.Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн талаар баримтлах бодлого;

 2.1.6.харилцагчийн гомдол, маргаан шийдвэрлэх.

2.2.Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох журамд тусган үйл ажиллагаандаа мөрдөнө.

2.3.Зээлийн гэрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаас гадна зээлдэгчийн цахим шуудангийн хаягийг тусгана.

2.4.Зээл олгохдоо харилцагчийн дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

 2.4.1.эрх зүйн бүрэн чадамжтай эсэх;

 2.4.2.санхүүгийн эх үүсвэр;

 2.4.3.гэрээгээр хүлээсэн үүрэг, бусад зээл, төлбөр;

 2.4.4.зээл эргэн төлөх чадвар.

2.5.Финтек зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрд мэдээллийг бодит цагийн горимоор, бусад зээлийн хувьд тухай бүр зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.

2.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан этгээдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.

2.7.Зээл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг харилцагчид мэдэгдэнэ.

2.8.ББСБ-аас олгох хэрэглээний зээл нь дараах өр, орлогын болон зээл, үнэлгээний харьцааг хангасан байна:

 2.8.1.хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа 55 хувиас хэтрэхгүй;

 2.8.2.суудлын автомашин барьцаалсан болон худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй ба үнэлгээг тооцохдоо автомашин худалдах, худалдан авах гэрээний үнэ эсхүл зах зээлийн үнийг үндэслэнэ.

2.9.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-ийн ангилалд хамаарах ББСБ-аас олгох ногоон болон нийгмийн зээлд энэ журмын 2.8 дахь хэсэг хамаарахгүй.

2.10.Энэ журмын 2.8.1-т заасан харьцааг энэ журмын хавсралтаар баталсан "Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг тооцох аргачлал"-ын дагуу тооцно.

2.11.ББСБ-ын хувьцаа эзэмшигчид зээл олгох тохиолдолд бусад зээлдэгчтэй ижил нөхцөлөөр зээл олгоно.

2.12.Зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал, зээл эргэн төлөх чадварт эрсдэл учирсан тохиолдолд зээлдэгчид зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай саналыг тавьж болно.

2.13.Зээлийн үйл ажиллагааны талаарх сурталчилгаанд Зар сурталчилгааны тухай хуулийг дагаж мөрдөх ба зээлийн хүү болон зээлийн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөлүүдийг тусгана.

2.14.Зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийг өмнөх жилийн салбарын дунджаас өндөр тогтоосон тохиолдолд Хорооноос бууруулах саналыг албан бичгээр мэдэгдэнэ.

2.15.ББСБ энэ журмын 2.14-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор үйлчилгээний хураамж, шимтгэлийн хэмжээг бууруулсан талаарх шийдвэрийг буцаан мэдэгдэх ба буцаан мэдэгдээгүй тохиолдолд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу Хороо шийдвэрийг хүчингүй болгож, энэ тухай нийтэд мэдээлнэ.

2.16.Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

ГУРАВ. ФИНТЕК ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.ББСБ нь дэвшилтэт технологийн шийдэл ашиглан финтек зээлийн үйлчилгээг зах зээлд гаргахаас ажлын 10 өдрийн өмнө Хороонд урьдчилан мэдэгдэнэ.

3.2.Финтек зээлийн  үйлчилгээ гаргахад дараах үзүүлэлтийг хангана:

 3.2.1.Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандарт, эсхүл үүнтэй дүйцэх стандартыг хангах;

 3.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 5,000,000,000 (таван тэрбум) төгрөгөөс доошгүй байх.

3.3.Финтек зээлийг олгохдоо дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 3.3.1.зээл олгох бүрд мэдээллийн эзний зөвшөөрлөөр гарын хурууны хээнээс бусад биометрик мэдээллийг ашиглан харилцагчийг таньж баталгаажуулах;

 3.3.2.харилцагчийн зээлийн эрхийг энэ журмын 2.8.1-т заасан харьцаанд үндэслэн автомат тооцоолол хийх тохиргоотой байх;

 3.3.3.харилцагчид зээлийн шугамын эрх нээх тохиолдолд 3 сараас ихгүй хугацаанд өр, орлогын харьцааг дахин тооцож, зээлийн эрхийг шинэчилдэг байх.

3.4.Харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж финтек зээлийн гэрээ байгуулсан даруй зээлийн эрхийг зээлийн шугам хэлбэрээр энэхүү журмын 2.5-д заасны дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлнэ.

3.5.Харилцагчийн зээлийн лавлагаанд сүүлийн 72 цагийн дотор 5-аас доошгүй банк, санхүүгийн байгууллага зээл судалсан тухай бүртгэгдсэн бол тухайн ББСБ нь зээл судлах хугацааг 24 цагаар хойшлуулж, зээлийн лавлагааг шинэчлэн авсны үндсэн дээр зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

3.6.ББСБ нь үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилгоор гуравдагч этгээдийн мэдээллийн технологийн системд холбогдон тухайн программ хангамжид боловсруулагдсан мэдээллийг ашиглан зээл олгох тохиолдолд Хороонд энэ журмын 3.1-т заасны дагуу урьдчилан мэдэгдэнэ.

3.7.Энэ журмын 3.6-д заасан гуравдагч этгээд нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан шаардлагыг хангасан байна.

3.8.ББСБ нь финтек зээлийн бүтээгдэхүүн гаргасантай холбоотойгоор Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 17.1.7-д заасан үүргийг биелүүлж ажиллах ба холбогдох дүгнэлт, зөвлөмж, шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, мэдээллийг дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

 

---оОо---

 

 

 

  

 

 "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын хавсралт

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОХ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛД ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААГ

ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1.Энэхүү аргачлалыг ББСБ-аас хэрэглээний зээлийг шинээр олгох, өмнө олгосон зээлийн нөхцөлийг өөрчлөхөд мөрдөнө.

1.2."Хэрэглээний зээл"-д ББСБ-аас иргэнтэй харилцан тохиролцож, тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр, иргэний өрхийн болон хувийн хэрэгцээнд зориулан олгосон зээл, санхүүгийн үйлчилгээг хамруулна.

Тайлбар: Хэрэглээний зээл нь иргэний цалин, бусад орлого, хөрөнгийг барьцаалсан, эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаар баталгаажсан байж болно. Тухайлбал, финтек зээл, автомашины зээл, цахилгаан барааны зээл зэрэг эдгээртэй төстэй бусад гэрээ, хэлцлийг хамааруулна.

1.3.Энэхүү аргачлалд дараах төрлийн зээл хамаарахгүй.

 1.3.1.итгэлцэл барьцаалсан зээл;

 1.3.2.ипотекийн зээл;

 1.3.3.үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл;

 1.3.4.иргэдийн жижиг, дунд бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалттай зээл;

 1.3.5.амьжиргааны доод түвшнээс бага дүнтэй зээл;

 Тайлбар: Тухайн иргэний банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан энэ аргачлалын 1.3.5-д хамаарах олгосон зээлийн дүн нь амьжиргааны доод түвшнээс ихгүй байхыг ойлгоно.

1.3.6.сургалтын төлбөрийн зээл.

1.4."Зээлийн нөхцөлийг өөрчлөх" гэдэгт зээлийн хугацааг өөрчлөх, нэмэлт зээл олгох, зээлийн хэмжээний эрхийг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийг хойшлуулах тохиолдлыг хамааруулна.

1.5.Аргачлалын 1.4-т жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй, эмнэлгийн комиссоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд орлого буурсан саруудад үндэслэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах тохиолдол хамаарахгүй.

ХОЁР. ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ

2.1.Зээлдэгчийн орлогыг дараах байдлаар тодорхойлно:

 2.1.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлоготой иргэний хувьд нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан орлого, эсхүл тухайн иргэний банкны тодорхойлолт, дансны хуулга, холбогдох гэрээ, хэлцэл, данс тооцоо, бусад баримтаар нотлогдох гарт олгосон тогтмол мөнгөн орлого;

Тайлбар: Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах, эрүүл мэнд, сургалтын чөлөөтэй байсан иргэний хувьд ажилдаа эргэн орсон хугацаа 6 сар хүрэхгүй тохиолдолд чөлөө авахаас өмнөх 6 сарын орлогыг тооцоололд ашиглаж болно.

 2.1.2.мал өмчилдөг иргэний хувьд мал тооллогын хамгийн сүүлийн албан ёсны мэдээ буюу малын А дансны лавлагаанд тооцоолсон малын ашиг шимийн орлого, эсхүл тухайн малчны банкны тодорхойлолт, дансны хуулга, данс тооцоо, бусад холбогдох баримтаар нотлогдсон тогтмол орлого;

 2.1.3.үйл ажиллагааны орлоготой иргэний хувьд татварын байгууллагаас баталгаажуулсан орлого, эсхүл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны тодорхойлолт, дансны хуулга, холбогдох гэрээ хэлцэл, данс тооцоо, бусад холбогдох баримтаар нотлогдсон тогтмол мөнгөн орлого;

Тайлбар: Энэ төрлийн орлогод Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1-т заасан үйл ажиллагааны орлого, 9.1.1-т заасан "хөрөнгө ашиглуулсан, түрээслүүлсний орлого", 12.1.3-т заасан "бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого" буюу "ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд" болон "хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд"-ийн орлого зэрэг хамаарч болно.

2.2.Сарын дундаж орлогыг үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн энэ аргачлалын 2.1-т тусгагдсан орлогуудын сүүлийн 6 сарын дундаж орлогоор тооцно.

ГУРАВ. САРЫН ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ

3.1.Зээлийн сарын төлбөрийг тодорхойлохдоо үндсэн зээлдэгчийн эргэн төлөлтийн хуваарь дахь сарын нийт төлбөрийн дүн дээр хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бусад бүх төрлийн зээлийн сарын төлбөрийг нэмж тооцоолно.

 3.1.1.Кредит карт, овердрафт эрхтэй харилцах данс эзэмшдэг зээлдэгчийн хувьд банк, санхүүгийн байгууллагаас тогтоосон зээлийн эрхийн 10 хувиар, финтек зээлийн шугамын эрхтэй зээлдэгчийн хувьд банк бус санхүүгийн байгууллагаас тогтоосон зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцно.

3.2.Үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бусад бүх төрлийн зээлийн сарын төлбөрүүдийн мэдээллийг зээл хүсэгчээс гаргуулан авч зээлийн сарын төлбөрийн тооцоололд ашиглана.

ДӨРӨВ. ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААГ ТООЦОХ

    ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  
4.1.Зээлдэгчийн өр, орлогын харьцаа (цаашид "ӨОХ" гэх)-г дараах томьёоны дагуу тооцно:

𝑀 – Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон ӨОХ-ны дээд хязгаар

𝑃𝑖 – Аргачлалын 3.1 дэх хэсгийн дагуу тооцсон зээлийн сарын төлбөр

𝑛 – Зээлийн тоо

СО – Аргачлалын 2.2 дахь хэсгийн дагуу тооцсон сарын орлого

4.2.ББСБ нь иргэдийн хэрэглээний зээл тус бүрийн хувьд энэ аргачлалын дагуу зээлдэгчийн

ӨОХ-г тооцно.

4.3.Зээлийн хугацааг гэрээнд тусгасан хугацаагаар тодорхойлно.

4.4.ББСБ нь зээлийн эрсдэлээс хамааруулан өөрийн эрсдэлийн удирдлагын бодлоготой уялдуулж зээлдэгчийн ӨОХ-г Хорооноос тогтоосон ӨОХ-ны дээд хязгаараас багаар тогтоож болно.

 

---оОо---