A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СТРАТЕГИЙН НӨӨЦИЙН ЗАРИМ БАРАА БОЛОН ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

СТРАТЕГИЙН НӨӨЦИЙН ЗАРИМ БАРАА БОЛОН ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Махны нөөцийг зохистой хэмжээнд бүрдүүлэх, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах үе шат, олгосон санхүүжилтийн талаарх мэдээллийг цахим төлбөрийн баримтын системд бүртгэх, хяналт тавих нэгдсэн системийг 2026 оны 08 дугаар сард багтаан хөгжүүлж, ашиглалтад оруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран), "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Б.Наранбаатар), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан бүртгэл, хяналтын нэгдсэн системийг "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард"-тай холбож, хэрэглээнд нэвтрүүлэхийг "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Б.Наранбаатар)-т даалгасугай.

3.Нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгасугай.

4.Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн агуулах дахь махны нөөц бүрдүүлэлтийн гүйцэтгэлд үндэслэн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2026 оны 377 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.Нийслэлийн хүн амын 2027 оны хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах үйл ажиллагааг энэ тогтоолын 1-д заасан бүртгэл, хяналтын нэгдсэн системээр дамжуулан хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран)-т тус тус үүрэг болгосугай.

6.Мах, шатахуун, түлш, улаанбуудай, төмс, хүнсний ногооны нөөцийн бүрдүүлэлт, хүртээмжийг сайжруулах зорилгоор агуулах, зоорь барих аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгасугай.

7.Хүнсний нөөц бүрдүүлэх зориулалтаар төмс, хүнсний ногоо хадгалах зоорины цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт тус тус даалгасугай.

8.Нөөцийн мах бэлтгэх, түгээх, борлуулах бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийн үйл ажиллагаа, зоорь, агуулахын байршил, хүчин чадлын талаар нийтэд нээлттэй мэдээлэх, сурталчлах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран)-т тус тус үүрэг болгосугай.

9.Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг 14 хоног тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайханд, үр дүнг тайлагнахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (П.Батбаатар)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН