- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 07 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрх, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга өрсөлдөөн, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж
2.1.Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах зарчим
3.1.Эдийн засгийн эрх чөлөөг хангахад дараах зарчмыг баримтална:
3.1.1.хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.2.бизнесийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх;
3.1.3.төрийн зохицуулалт нь тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байх;
3.1.4.шударгаар олж авсан өмчлөх эрхийг хамгаалах;
3.1.5.бизнесийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
3.1.6.хөдөлмөр, оюуны бүтээл, хөрөнгө оруулалтын үр шимээр болон хууль ёсны дагуу олсон орлогоо чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг баталгаажуулах;
3.1.7.хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг бие даан тодорхойлох эрхийг хангах;
3.1.8.хөдөлмөрлөх эрхийг бүрэн хангах, зохистой хөдөлмөрийг дэмжих;
3.1.9.ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулах;
3.1.10.шударга өрсөлдөөнийг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байх, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударгаар өрсөлдөх боломжоор хангах;
3.1.11.хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахгүй байх;
3.1.12.төрийн үйлчилгээ цахим, ил тод, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй байх, бизнес эрхлэгчээс нэг мэдээллийг нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.13.нийтийн мэдээллийг хуульд заасны дагуу нээлттэй өгөгдөл болгож ашиглах боломжийг нэмэгдүүлэх;
3.1.14.бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээнд суурилсан, давхардалгүй, ил тод, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглэсэн хяналт шалгалтыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх;
3.1.15.хуульд зааснаас бусад тохиолдолд төрөөс үнэ тогтоох үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.
3.2.Эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа энэ хуулийн 3.1-д заасан зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
4 дүгээр зүйл.Эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, зохицуулалт
4.1.Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалтыг боловсруулахдаа бизнес эрхлэгчид үзүүлэх ачаалал, шударга өрсөлдөөний хязгаарлалт, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, бизнес эрхлэгч болон мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог хангаж ажиллана.
4.2.Өмчлөх эрхийг хязгаарлах шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хуулиар эрх олгосон байх шаардлагыг хангасан байна.
4.3.Төрөөс үнэ тогтоох, нийлүүлэлтийг хязгаарлах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 3.1.2-т заасан зарчмыг баримтлах бөгөөд аливаа хязгаарлалтыг зөвхөн тодорхой хугацаагаар тогтооно.
4.4.Тухайн жилийн төсвийн тухай хууль, түүнийг дагаж боловсруулсан хууль тогтоомжоос бусад хууль тогтоомж нь бизнес эрхлэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, зардлыг нэмэгдүүлэхээр байгаа бол түүний хүчин төгөлдөр болох хугацааг баталснаас хойш 6-аас доошгүй сарын дараа дагаж мөрдөхөөр тогтооно.
4.5.Бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны шийдвэрийн үр дагаварт жил тутам шинжилгээ хийж шаардлагагүй, давхардсан, үр ашиггүй зохицуулалтыг багасгах арга хэмжээ авна.
4.6.Бизнес эрхлэгчийн ашиг, орлого, хөрөнгөд ногдуулах татварыг зөвхөн хуулиар тогтооно.
4.7.Төр нь бизнесийн үйл ажиллагаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлал, арбитрын болон бусад шүүхийн бус журмаар шуурхай, шударга, хараат бусаар шийдвэрлэх боломжийг дэмжинэ.
4.8.Төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалт, худалдан авалт нь бизнес эрхлэгчийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх боломж, нөхцөлийг хангасан байна.
4.9.Мэргэжил эзэмших, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн зохицуулна.
4.10.Төсвийн сахилга батыг сахиж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд[2] заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж ажиллана.
4.11.Төр нь бизнес эрхлэгчийн зөвшөөрөлтэй эрхэлж байгаа үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ ГАРГАХ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
5 дугаар зүйл.Гомдол гаргах эрх
5.1.Бизнес эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан гомдлыг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэх, түүний зөрчигдсөн эрхийг сэргээх, бизнес эрхлэгчид учирсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй.
6 дугаар зүйл.Ил тод байдал, хяналт
6.1.Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа төрийн зохицуулалтын үндэслэл, зорилго, үр нөлөө, шийдвэр гаргах үйл явцын талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлж байна.
6.2.Төр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой өөрт байгаа мэдээллийг нийтэд тэгш, шударга, хүртээмжтэйгээр хүргэнэ.
6.3.Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөг хангах тухай энэ хуулийн хэрэгжилтийн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ.
6.4.Тайланд дараах мэдээллийг тусгана:
6.4.1.эдийн засгийн зохицуулалт хийсэн хүрээ, арга хэлбэр, үр нөлөөний тоон үзүүлэлт;
6.4.2.эдийн засгийн эрх чөлөө зөрчигдсөн, нөхөн төлбөр олгосон тохиолдлын тоо, хэмжээ;
6.4.3.ил тод байдал, шударга өрсөлдөөний орчны талаарх дүн шинжилгээ;
6.4.4.үнэ тарифын зохицуулалттай бизнесийн үйл ажиллагааны жагсаалт, тэдгээрт төрөөс олгосон татаас, дэмжлэгийн хэмжээ, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үнэ тарифын зохицуулалтын үргэлжлэх хугацаа;
6.4.5.энэ хуулийн 6.4.4-т зааснаас бусад төрөөс бизнесийн үйл ажиллагаанд олгосон татаас, дэмжлэгийн хэмжээ;
6.4.6.эдийн засгийн эрх чөлөөний төлөв байдлын талаарх хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын санал.
7 дугаар зүйл.Төрийн бодлого, үйл ажиллагаанд хориглох зүйл
7.1.Эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
7.1.1.үндэсний аюулгүй байдал, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг хамгаалахаас бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, норм, стандартын баримт бичиг батлан гаргах;
7.1.2.бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдах, үндэслэлгүй, хуурамч мэдээлэл түгээх;
7.1.3.бизнес эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан татан оролцуулах;
7.1.4.хуульд зааснаас бусад тохиолдолд зарим бизнес эрхлэгчид давуу эрх олгосон захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам батлах, үйл ажиллагаа явуулах, эс үйлдэхүй гаргах;
7.1.5.энэ хуульд заасан зарчмыг зөрчиж эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлах, эс үйлдэхүй гаргах;
7.1.6.бизнесийн үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, оролцох, өмч хөрөнгийг нь хууль бусаар хураан авах, дайчлах;
7.1.7.бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актад зааснаас бусад баримт бичиг, түүний бүрдлийг шаардах;
7.1.8.бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, хяналт шалгалт хийхээр тогтоосон хугацааг хэтрүүлэх.
7.2.Хувийн өмчийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хураах, дайчлан авах төрийн шийдвэр нь зөвхөн зах зээлийн бодит үнэлгээнд үндэслэсэн нөхөх олговор бүрэн төлөгдсөн тохиолдолд хэрэгжинэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
8 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
8.1.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[3] заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[4], эсхүл Зөрчлийн тухай хуульд[5] заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх