A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 07 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд, гэр бүлийн гишүүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх, үүрэг, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэр бүлийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гэр бүлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Гэр бүлийн харилцааны зарчим

Хэвлэх

3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.

3.2.Гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж, гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.

3.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн харилцаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаална.

3.4.Төр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.

3.5.Гэр бүл аюулгүй бөгөөд хүчирхийллээс ангид байна.

3.6.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."асран хамгаалах" гэж энэ хуулийн 54.1-д заасан хүүхдийн, эсхүл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;

4.1.2."бүтэн өнчин хүүхэд" гэж дараах хүүхдийг:

4.1.2.а.эцэг, эх нь тогтоогдоогүй;

4.1.2.б.эцэг, эх нь нас барсан;

4.1.2.в.эцэг, эхийг нь нас барсан гэж зарласан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

4.1.2.г.эцэг, эхийг нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

4.1.2.д.эцэг, эхийнх нь эцэг, эх байх эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тухайн шийдвэрт заасан хугацаанд;

4.1.2.е.эцэг, эхийнх нь эцэг, эх байх эрхийг хассан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол уг шийдвэрийг хүчингүй болсонд тооцох хүртэл;

4.1.2.ё.эцэг, эхийн хэн нэг нь тодорхойгүйн улмаас эцэг, эсхүл эхтэйгээ амьдарч байгаад эцэг, эсхүл эх нь нас барсан, эсхүл энэ хуулийн 4.1.2.в, 4.1.2.г, 4.1.2.д, 4.1.2.е-д заасан шүүхийн шийдвэрээр эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн бол;

4.1.2.ж.гэрлэлт цуцалсны улмаас асрамждаа авсан эцэг, эсхүл эх нь нас барсан, эсхүл энэ хуулийн 4.1.2.в, 4.1.2.г, 4.1.2.д, 4.1.2.е-д заасан шүүхийн шийдвэрээр эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг, эсхүл эх асрамждаа аваагүй бол.

4.1.3."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг;

4.1.4."гэрлэгчид" гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, хамтын үүрэг хүлээхээр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;             

4.1.5."гэр бүл" гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон гэр бүлийн гишүүдийг;

4.1.6."гэр бүлийн гишүүн" гэж дараах хүнийг:

4.1.6.а.гэрлэгчид;

4.1.6.б.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;

4.1.6.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүн.

4.1.7."нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болох" гэж Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бэлгийн эс ашиглаж, эсхүл тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг;

4.1.8."овог" гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцэг /эх/-ийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг;

4.1.9."садангийн хүн" гэж тухайн хүний төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;

4.1.10."сонирхогч тал" гэж 14 насанд хүрсэн хүүхэд, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтныг;

4.1.11."төрлийн хүн" гэж тухайн хүний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, эсхүл ач, зээгийн хүүхдийг;

4.1.12."үрчлэлт" гэж шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийг үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр улсын бүртгэлд бүртгүүлснийг;

4.1.13."харгалзан дэмжих" гэж энэ хуулийн 54.2-т заасан хүүхдийн, эсхүл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;

4.1.14."хүүхэд" гэж 18 насанд хүрээгүй хүнийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Гэрлэх нөхцөл

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 7.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь эсрэг хүйсний гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэн гэрлэлтээ бүртгүүлж болно.

5.2.Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.

5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын өвчтэй эсэх талаар харилцан мэдээлэлтэй байх зорилгоор эрүүл мэндийн шинжилгээ өгч, тодорхойлолт гаргуулан авна.

5.4.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо төрөл, садангийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.

6 дугаар зүйл.Гэрлэхийг хүсэгчдэд өгөх зөвлөгөө, сургалт

Хэвлэх

6.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага анх удаа гэрлэхийг хүсэгчдэд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, хүүхдийн эрх, хөгжил, хүмүүжил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн маргааныг харилцан ойлголцол, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх чиглэлээр гэр бүлийн боловсрол олгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан гэр бүлийн боловсролын сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалт, хугацаа, сургалтад хамруулах журмыг боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Засгийн газар батална.

6.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага энэ хуулийн 6.1-д заасан сургалтыг иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулж болно.

7 дугаар зүйл.Гэрлэхэд харшлах шалтгаан

Хэвлэх

7.1.Гэрлэхэд дараах нөхцөл харшилна:

7.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;

7.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй;

7.1.3.гэрлэхийг хүсэгчид хоорондоо төрөл, садангийн холбоотой;

7.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо үрчлэгч, үрчлүүлэгчийн харилцаатай;

7.1.5.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай;

7.1.6.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон.

7.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 7.1.2-т заасан харшлах нөхцөл хамаарахгүй.

8 дугаар зүйл.Гэрлэлтийн бүртгэл

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ 18 насанд хүрсэн гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.

8.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд энэ хуульд заасан эрх, үүрэг үүснэ.

9 дүгээр зүйл.Гэрлэгчдийн эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах эрхтэй:

9.1.1.гэр бүлээ төлөвлөх;

9.1.2.оршин суух газраа сонгох;

9.1.3.сурах, ажил, мэргэжлээ сонгох;

9.1.4.хуваарьт хөрөнгөтэй байх;

9.1.5.сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах;

9.1.6.гэр бүлийн хүчирхийллээс ангид байх;

9.1.7.хамтран өмчлөх дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

9.1.8.хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо буруутай гэрлэгчээс гаргуулах.

9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ:

9.2.1.бие биеэ тэжээн тэтгэх, асран халамжлах;

9.2.2.бие биеийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөрчихгүй байх;

9.2.3.гэр бүлийн угийн бичиг хөтлөх;

9.2.4.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг эрхэмлэх;

9.2.5.хамтын үүрэг, хариуцлагаа ухамсарлан бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.

9.3.Энэ хуулийн 9.2.3-т заасан угийн бичиг хөтлөх журмыг хууль зүй, соёлын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ, СЭРГЭЭХ, ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ

10 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болох

Хэвлэх

10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:

10.1.1.гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан;

10.1.2.гэрлэгчдийн хэн нэгнийг нас барсан гэж зарласан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

10.1.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

10.2.Гэрлэлт дараах тохиолдолд дуусгавар болно:

10.2.1.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан;

10.2.2.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.

10.3.Энэ хуулийн 10.1.3-т заасан хүйсийн өөрчлөлт нь тухайн хүний хөрөнгийн эрх болон эцэг, эхийн эрхийг хязгаарлах, үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

11 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлах

Хэвлэх

11.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны, эсхүл шүүхийн журмаар цуцална.

11.2.Гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

12 дугаар зүйл.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

Хэвлэх

12.1.Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, хөрөнгийн маргаангүй бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу хүсэлтээ гаргаж, гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулна.

13 дугаар зүйл.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

Хэвлэх

13.1.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах асуудлыг гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ.

13.2.Энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлт дуусгавар болсонд тооцсон бол гэрлэлт цуцлахаас бусад хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах асуудлаар гэрлэгчид нэхэмжлэл гаргах үүрэгтэй бөгөөд эдгээр асуудлыг уг нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ.

13.3.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.

13.4.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь, тэтгэлэг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах асуудлыг бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

13.5.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.

13.6.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:

13.6.1.хүүхдийн асрамж;

13.6.2.хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь /нөхцөл, хэлбэр, байршил, хугацаа/;

13.6.3.тэтгэлгийн хэмжээ, нэмэлт зардал.

13.7.Шүүх энэ хуулийн 13.6.1, 13.6.2-т заасан асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангаж, дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

13.7.1.хүүхдийн нас, бие махбод, оюун санаа, нийгэмшихүй, танин мэдэхүй, сэтгэхүй, хөгжил, сэтгэл зүйн онцлогт нийцсэн хэрэгцээ, шаардлагыг;

13.7.2.хүүхэд долоо болон түүнээс дээш настай бол түүний саналыг;

13.7.3.хүүхдийн эцэг, эх, ах, эгч, дүү, эмээ, өвөө болон түүний амьдралд чухал нөлөө бүхий бусад хүнтэй тогтоосон харилцаа, ээнэгшин дассан байдлыг;

13.7.4.эцэг, эхийн хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэхэд оролцож байсан оролцооны байдал, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, чадавхыг;

13.7.5.хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх төлөвлөгөө, хүүхэдтэй харилцах чадвар, эцэг, эхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, эрхэлсэн ажил, ажлын цагийг;

13.7.6.гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон эсэхийг;

13.7.7.эцэг, эхийн зан байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх, хүүхдэд үзүүлэх нөлөөг.

13.8.Гэрлэгчид хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн байдлаар өөрөөр тохиролцоогүй бол шүүх энэ хуулийн 13.6.1-д заасан хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгоно.

13.9.Шүүх энэ хуулийн 13.6.3-т заасан тэтгэлгийн хэмжээ, нэмэлт зардлыг энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

13.10.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.

13.11.Эхнэр нь жирэмсэн, эсхүл хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

13.12.Гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийллээс болж, гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд аюул, хор уршиг учирч болзошгүйн улмаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргахад энэ хуулийн 13.11-д заасан нь саад болохгүй.

13.13.Энэ хуулийн 13.11-д заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Тайлбар: -Энэ хуулийн 13.6.1-д заасан "хүүхдийн асрамж" гэж хүүхдийг хэний асрамжид үлдээх буюу хүүхдийн амьдрах газрыг ойлгоно.

-Энэ хуулийн 13.8-д заасан "хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх" гэж хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад зорчих, шашин шүтэх, эс шүтэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйланд сургах зэрэг хүүхдийн хөгжил, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах талаар шийдвэр гаргах эрхийг ойлгоно.

-Энэ хуулийн 13.11-д заасан "хүндээр өвчилсөн" гэж гэрлэгчдийн хэн нэг нь баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад заасан өвчтэй бөгөөд шүүхэд гэрлэлт цуцлуулах асуудлыг хэлэлцэх үед өвчин нь хүндэрсэн шатандаа орсны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг ойлгоно.

14 дүгээр зүйл.Шүүхээс гэрлэлт цуцлах тусгай журам

Хэвлэх

14.1.Шүүх дараах нөхцөлд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална:

14.1.1.гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;

14.1.2.гэрлэгчид сүүлийн таваас доошгүй жилийн хугацаанд хамтран амьдраагүй бөгөөд бага насны хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;

14.1.3.хөрөнгийн маргаантай боловч 18 хүртэл насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.

15 дугаар зүйл.Шүүх гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийг тодорхойлох

Хэвлэх

15.1.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

15.2.Гэрлэлтээс гадуурх харилцааны, эсхүл гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцалсан, эсхүл гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлын үүднээс гэрлэлт цуцалсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож болно.

16 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Хэвлэх

16.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгааныг зөрчиж гэрлэсэн, эсхүл гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

16.2.Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл гуравдагч этгээд гэрлэгчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хууль бус бусад арга хэрэглэсний улмаас гэрлэлтээ бүртгүүлсэн нь тогтоогдсон бол шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

17 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

Хэвлэх

17.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэгчдийн байгуулсан гэрлэлтийн гэрээ хүчин төгөлдөр бус болно.

17.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн гэрлэлтээс төрсөн, эсхүл үрчлэн авсан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд эцэг, эх хуульд заасан үүрэг, хариуцлага хүлээнэ.

17.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлтийг сэргээхгүй.

18 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх

Хэвлэх

18.1.Гэрлэлт цуцлуулсан талууд эвлэрснээ хамтран илэрхийлж, хүсэлт гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй, талууд өөрөөр тохиролцоогүй бол улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж сэргээх бөгөөд гэрлэлтийг сэргээсэн өдрөөс эхлэн тооцно.

18.2.Гэрлэгчид энэ хуулийн 18.1-д заасан гэрлэлт сэргээсэн өдрийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болно.

18.3.Шүүхийн шийдвэрээр нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцогдсон хүн эргэж ирэн нөхөр, эсхүл эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй бол талуудын зөвшөөрснөөр шүүх гэрлэлтийг сэргээх бөгөөд анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

19 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Хэвлэх

19.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, эсхүл хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийх, эсхүл хууль бус үйлдлээ нуун далдлах, эсхүл ашиг олох зорилгоор гэрлэлтээ цуцлуулсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

20 дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

Хэвлэх

20.1.Энэ хуулийн 19.1-д заасан шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэснээр гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

20.2.Энэ хуулийн 19.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөс Иргэний хуулийн 129.8-д заасан журмаар гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл.Гэрлэлтийн бүртгэлгүй хамтын амьдралаас үүсэх хөрөнгийн харилцаа

Хэвлэх

21.1.Дараах нөхцөл бүгд хангагдсан тохиолдолд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгийн эрхийн талаарх маргааныг Иргэний хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ:

21.1.1.хамтран амьдрагчид өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй байх;

21.1.2.таваас доошгүй жилийн хугацаанд тасралтгүй хамтран амьдарсан байх;

21.1.3.хөрөнгө хамтран өмчилж байгаа, хамтын амьдралын хугацаанд хөрөнгө бий болсон байх;

21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй байх.

21.2.Хамтран амьдрагчдын хооронд өв залгамжлах эрх үүсэхгүй бөгөөд хамтын амьдрал дуусгавар болсон тохиолдолд харилцан тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ

22 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээ байгуулах журам

Хэвлэх

22.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрлэхийг хүсэгчид болон гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно. Гэрлэхийг хүсэгчид болон гэрлэгчид гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно.

22.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө болон гэрлэгчид гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.

22.3.Гэрлэхийг хүсэгчдийн гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө байгуулсан гэрлэлтийн гэрээ нь гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр болно.

22.4.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн эрх, үүрэг үүсэх, шилжүүлэх, дуусгавар болох, хязгаарлах асуудлыг тусгасан бол энэ хуулийн 22.1-д заасны дагуу нотариатаар гэрчлүүлэхээс гадна улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэнэ.

22.5.Гэрлэлтийн гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулсан боловч энэ хуулийн 22.4-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах гэрлэлтийн гэрээг хүчингүй болгосон бол гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128.2-т заасан хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авна.

22.6.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 22.5-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

23 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээний агуулга

Хэвлэх

23.1.Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:

23.1.1.гэрлэгчдийн байнга оршин сууж амьдарч байгаа орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрх, үүргийг хуваарилах;

23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;

23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн эрх, үүрэг болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;

23.1.4.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.

23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:

23.2.1.эд хөрөнгийн бус харилцаа, гэрлэгчдийн амины эрх;

23.2.2.гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан;

23.2.3.гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хөндсөн;

23.2.4.гэрлэгчид бие биеэ, насанд хүрээгүй болон сургуульд сурч байгаа 18-21 хүртэлх насны, эсхүл хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх, сурах эрхийг хангах үүргээс чөлөөлсөн, эсхүл хязгаарласан;

23.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарласан, эсхүл хассан;

23.2.6.гэрлэгчдийн байнга оршин сууж амьдарч байгаа орон байрны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хязгаарласан.

23.3.Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэгчид харилцан тохиролцож гэрлэлтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 22.1, 22.4-т заасныг баримтална.

23.4.Гэрлэлтийн гэрээг энэ хуулийн 23.2-т заасан нөхцөлөөр байгуулсан бол хүчин төгөлдөр бус гэж тооцно.

23.5.Гэрлэгчдийн хэн нэгний гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн гэрээг цуцлах, эсхүл энэ хууль болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүхэлд нь хүчингүй болгох эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ

24 дүгээр зүйл.Хүүхдэд нэр, эцэг/эх/-ийн нэр, овог өгөх

Хэвлэх

24.1.Эцэг, эх харилцан зөвшилцсөний үндсэн дээр хүүхдэдээ нэр өгнө.

24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүүхэд эцгийн овог, нэрийг авна.

24.3.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд харилцан тохиролцоогүй, эсхүл хүүхдийн эцгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол эх нь хүүхдэд нэр өгөх бөгөөд хүүхэд эхийн овог, нэрийг авна.

24.4.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй бол улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр, овог, эцэг /эх/-ийн нэр өгч болно.

24.5.Дараах тохиолдолд хүүхдийн эцэг, эсхүл эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хүүхдэд овог, эцэг /эх/-ийн нэр өгнө:

24.5.1.хүүхдийн эцгийг тогтоосон бол эцгийн овог, нэрийг;

24.5.2.эцэг нь тодорхойгүй бөгөөд хүүхдийн эхийг тогтоосон бол эхийн овог, нэрийг.

25 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар бүртгэх

Хэвлэх

25.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтран хүсэлт гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага хүүхдийн эцэг, эхийг бүртгэнэ.

26 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох

Хэвлэх

26.1.Хүүхдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, овогтой холбогдох маргааныг сонирхогч талын хүсэлтийг үндэслэн хүүхдийн эцэг, эхийг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

26.2.Эцэг, эхийг тогтоох маргааныг нотлох баримт, шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

27 дугаар зүйл.Нөхөн үржихүйн туслах аргыг ашигласны үр дүнд төрсөн хүүхдийн эцэг, эхийг тогтоох

Хэвлэх

27.1.Гэрлэгчид нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болох талаар харилцан зөвшилцөж, хамтын шийдвэр гаргасан байна.

27.2.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн 15.7-д заасан гэрээ байгуулсны үндсэн дээр нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан хүүхэдтэй болсон гэрлэгчид гэрээний дагуу төрсөн хүүхдийн эцэг, эх байх бөгөөд тухайн хүүхдийг тэдгээрийн төрсөн хүүхэд гэж үзнэ.

27.3.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан гэрлэгчид бэлгийн эсийн донор, эсхүл тээгч эхийг эцэг /эх/-ээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.

27.4.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан бэлгийн эсийн донор, эсхүл тээгч эх өөрийгөө энэ хуульд зааснаас бусад тохиолдолд эцэг, эхээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.

27.5.Тээгч эх хүүхдийн эцэг, эхийг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүчирхийлэлгүй, эсхүл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж, хүүхдийг өөрийн төрсөн хүүхдээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ХАСАХ

28 дугаар зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах

Хэвлэх

28.1.Эцэг, эх хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хүн, хуулийн этгээдийн өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлж, хамгаална.

28.2.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-18 насны хүүхдэд насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх тохиолдолд бичгээр зөвшөөрөл олгох, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.

28.3.Сум, дүүргийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан, хүүхдийн суралцдаг сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаална.

28.4.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.

28.5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгааг тогтоосон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгчийг томилж болно.

28.6.Энэ хуулийн 28.5-д заасан хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах этгээдээр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 47.1-д заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн хүн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг, эсхүл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 22.4-т заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно.

28.7.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон гэр бүлийн бусад гишүүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл.Эцэг, эх хүүхэд хоорондын эрх, үүрэг

Хэвлэх

29.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.

29.2.Хүүхэд гэр бүлийн орчинд амьдрах, эрүүл, аюулгүй өсөж, хүмүүжих, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, хөгжих, эцэг, эхийн анхаарал халамжид байх, өөрт хамаарах асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлах эрхтэй.

29.3.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг, эсхүл эх, эсхүл тэднээс тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

29.4.Хүүхэд төрснөөр, хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүснэ.

29.5.Дагавар хүүхэд хойд эцэг, эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага үүснэ.

29.6.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.

30 дугаар зүйл.Насанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол

Хэвлэх

30.1.Хүүхдийн эцэг, эх хоёулаа насанд хүрээгүй бол тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн насанд хүрээгүй эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй.

30.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 30.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзсан бол тухайн насанд хүрээгүй эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, дүүргийн Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилно.

31 дүгээр зүйл.Эцэг, эхийн эрх, үүрэг

Хэвлэх

31.1.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.

31.2.Эцэг, эх нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалж, энэ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан, эсхүл эцэг, эхийн хэн нэгэнд нь хүүхдийн асрамж тогтоосноос бусад тохиолдолд хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан хамтын шийдвэр гаргана.

31.3.Эцэг, эх нь хүүхдийн эрхийг хамгаалж, хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

31.3.1.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1-д заасан үүрэг;

31.3.2.хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх, эрүүл, аюулгүй орчинд өсгөх;

31.3.3.төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмшүүлэх;

31.3.4.хүүхдийн хөрөнгийг хамгаалах, зохистой захиран зарцуулах;

31.3.5.хүчирхийлэлээс ангид өсгөх, төлөвшүүлэх;

31.3.6.хүүхдийг түүний нас, бие, сэтгэл зүй, сэтгэхүйн онцлогт тохирох аргаар хүмүүжүүлэх;

31.3.7.хүүхэддээ гэр бүлийн угийн бичиг өвлүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг таниулах;

31.3.8.хүүхдээ өөрийгөө болон бусдыг хүндлэх, ёс суртахуунд төлөвшүүлэх;

31.3.9.авьяас, хүсэл сонирхлыг нь дэмжих;

31.3.10.түүх, соёл, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх;

31.3.11.хүүхэд эрхээ хамгаалахад туслах, дэмжлэг үзүүлэх;

31.3.12.хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхээс болон түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;

31.3.13.хуульд заасан бусад.

32 дугаар зүйл.Хүүхдийн асрамж, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүрэг

Хэвлэх

32.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

32.2.Хүүхдийн асрамж, хүүхдийн талаар шийдвэр гаргах болон тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарьтай холбоотой гаргасан шүүхийн шийдвэрийг эцэг, эх биелүүлэх үүрэгтэй.

32.3.Хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхдийн талаар мэдээлэл авах эрхтэй.

32.4.Хүүхдийн талаар шийдвэр гаргах эрхтэй эцэг, эсхүл эх нь хүүхдийн асуудлаар гаргасан аливаа шийдвэрийн талаар тусдаа амьдарч байгаа эцэг, эсхүл эхэд мэдээлэл өгөх үүрэгтэй.

32.5.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл 14 насанд хүрсэн хүүхэд тухайн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүүхдийн асрамж болон хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарийн талаарх шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

32.6.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол энэ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно.

33 дугаар зүйл.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ

Хэвлэх

33.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх, эсхүл бусад шалтгаанаар эцэг, эх нь хүүхдээс тусдаа амьдарч байгаа бол эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж болно.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан гэрээгээр эцэг, эхийн эрх, хүүхэдтэйгээ харилцах, уулзах нөхцөл, хугацаа, өсгөн хүмүүжүүлэх, үүрэг, хариуцлагыг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр харилцан тохиролцож болно.

33.3.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

33.4.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэ хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулж, эсхүл цуцална.

33.5.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл.Хүүхдийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах

Хэвлэх

34.1.Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн Иргэний хуулийн 127.1-д заасан хуваарьт хөрөнгөтэй болох бөгөөд түүний хуваарьт хөрөнгөд өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрх хамаарна.

34.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгийн өмчлөгч нь хүүхэд байх бөгөөд эцэг, эх нь түүний хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн түүний амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, авьяас чадварыг дэмжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулан захиран зарцуулна.

34.3.Эцэг, эх нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах, барьцаалах, шилжүүлэх, бэлэглэх, үрэгдүүлэхийг хориглоно.

34.4.Эцэг, эх нь энэ хуулийн 34.3-т заасан хүүхдийн ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсны улмаас түүний хуваарьт хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

34.5.Хүүхэд 14 насанд хүрснээс хойш Иргэний хуулийн 75.1-д заасан хугацаанд өөрийн хуваарьт хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.

34.6.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрчлөгдсөн нь хүүхдийн хуваарьт хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөх, хязгаарлах, дуусгавар болгох үндэслэл болохгүй.

35 дугаар зүйл.Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрх

Хэвлэх

35.1.Хүүхэд төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.

35.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, эсхүл тусдаа амьдардаг болон бусад шалтгаанаар энэ хуулийн 35.1-д заасан эрхийг хязгаарлахыг хориглоно.

36 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах

Хэвлэх

36.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана:

36.1.1.хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр зориуд хангаагүй, гачигдуулсан;

36.1.2.орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан;

36.1.3.хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан, эсхүл гуйлгачлуулсан;

36.1.4.хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан.

37 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарласнаас үүсэх үр дагавар

Хэвлэх

37.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн тухайн хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох хуулиар олгосон эрхээ шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд алдана.

37.2.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардлагатай тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

37.3.Шүүх эцэг, эх байх эрхийг хязгаарласан хугацаанд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

37.4.Сонирхогч тал эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнийг энэ хуулийн 36.1-д заасан нөхцөлийг арилгаагүй бөгөөд энэ хуулийн 39.1-д заасан нөхцөл бий болсон гэж үзвэл, түүний нэхэмжлэлийн үндсэн дээр тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасах эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

37.5.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.

38 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарласныг дуусгавар болсонд тооцох

Хэвлэх

38.1.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилсан бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болсонд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

38.2.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлахаар байвал шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болгох хүсэлтийг хангахгүй байж болно.

38.3.Шүүх эцэг, эх байх эрхийг хязгаарласныг дуусгавар болсонд тооцох тухай шийдвэр гаргахдаа долоо болон түүнээс дээш насны хүүхдийн санал, энэ хуулийн 41.1-д заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.

39 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хасах

Хэвлэх

39.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг хасна:

39.1.1.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4.б-д заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;

39.1.2.согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай нь тогтоогдсон;

39.1.3.эцэг эх байх эрхээ урвуулан ашиглах, хүүхдээ хаях, төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахайн зорилгоор ашиглах, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн, гэмт хэрэг, зөрчилд татан оролцуулсан.

40 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хассанаас үүсэх үр дагавар

Хэвлэх

40.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх, хүүхэдтэй холбогдох тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хуулиар олгосон бусад эрхийг эдлэхгүй.

40.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол шүүх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийг хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

40.3.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн өв залгамжлах, хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.

40.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардлагатай тэтгэлгийг хариуцагч этгээдээс гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

41 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах

Хэвлэх

41.1.Аймаг, дүүргийн боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага эцэг, эх байх эрхийг нь хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 35.1.10-т заасны дагуу эцэг, эх байх үүрэг, хариуцлагын талаар болон түүний зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах ажлыг хүртээмжтэй байдлаар зохион байгуулна.

41.2.Энэ хуулийн 41.1-д заасан сургалтын хөтөлбөрийг олон улсын жишиг, үндэсний онцлогийг харгалзан боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

42 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг сэргээх

Хэвлэх

42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан нөхцөлийг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

42.2.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй:

42.2.1.энэ хуулийн 39.1-д заасан нөхцөл арилаагүй;

42.2.2.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхэд үрчлэгдсэн;

42.2.3.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

42.2.4.эцэг, эх байх эрхийг сэргээх нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тогтоогдсон.

42.3.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ долоо болон түүнээс дээш настай хүүхдийн санал, энэ хуулийн 41.1-д заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ, ТЭЖЭЭН ТЭТГҮҮЛЭХ ЭРХ

43 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх

Хэвлэх

43.1.Гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, төрлийн хүмүүс бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан этгээд тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан бол тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээдийн нэхэмжлэлээр шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ.

43.3.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол энэ хуулийн 43.1-д заасны дагуу хүүхэд нь гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэхгүй байж болно.

44 дүгээр зүйл.Гэрлэгчдийн бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэг

Хэвлэх

44.1.Гэрлэгчид гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.2.Гэрлэлт дуусгавар болсны дараа гэрлэгчдийн хэн нэг нь дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй:

44.2.1.гэрлэлт дуусгавар болохоос өмнө төрсөн, үрчлэн авсан гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа бол;

44.2.2.гэрлэлт дуусгавар болохоос өмнө эхнэр нь жирэмсэн байсан бөгөөд хүүхэд төрсөн бол;

44.2.3.гэрлэлт дуусгавар болсноос хойш хоёр жилийн дотор хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн, эсхүл бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотойгоор үүссэн бол;

44.2.4.гэрлэлт дуусгавар болохоос өмнө өөрийн буруугүй үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, эсхүл хүнд өвчтэй болсон бөгөөд энэ байдал нь гэрлэлт цуцлуулсны дараа арилаагүй бол.

44.3.Тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь уг үүргээ биелүүлээгүй бол тэтгэлэг гаргуулах тухай тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээдийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

44.4.Энэ хуулийн 44.2-т заасан тэтгэлгийн хэмжээг хариуцагчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн 46.1-д заасны дагуу тогтооно.

45 дугаар зүйл.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг

Хэвлэх

45.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй, эсхүл сургуульд сурч байгаа 18-21 насны, эсхүл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй, эсхүл насанд хүрсэн боловч байнгын асаргаа шаардлагатай нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

45.2.Эцэг, эх нь энэ хуулийн 45.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сонирхогч талын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

45.3.Эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй.

45.4.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг хариуцагчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн 46.1-д заасны дагуу тогтооно.

46 дугаар зүйл.Тэтгэлгийн хэмжээ, олгох хугацаа, хэлбэр

Хэвлэх

46.1.Талууд энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол шүүх энэ хуулийн 46.2-т заасан тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзан тэтгэлэг тогтооно.

46.2.Тэтгэлэг тогтоох аргачлалыг сар, улирал, хагас жил, эсхүл жилээр төлөх тэтгэлгийн хэмжээг тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага, хүүхдийн нас, тоо, хүүхэдтэй уулзах хуваарь зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.

46.3.Энэ хуулийн 46.1-д заасан тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг авагчийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

46.4.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Энэхүү гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно. Гэрээгээр тохиролцсон тэтгэлгийн хэмжээ энэ хуулийн 46.3-т зааснаас багагүй байна.

46.5.Тэтгэлгийг доор дурдсан хэлбэрээр олгож болно:

46.5.1.мөнгөн хэлбэрээр;

46.5.2.эд хөрөнгөөр.

46.6.Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:

46.6.1.сар, улирал, хагас жил, жилээр;

46.6.2.нэг удаа.

46.7.Хүүхдийн тэтгэлгийг түүний хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол уг асуудлаар сонирхогч талын гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

47 дугаар зүйл.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага

Хэвлэх

47.1.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.

47.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө.

47.3.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 47.2-т заасныг баримтална.

48 дугаар зүйл.Тэтгэлэг төлөгчөөс нэмэлт зардал гаргуулах

Хэвлэх

48.1.Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай болсон, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт зардлыг гаргуулж болно.

48.2.Нэмэлт зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдал, тэтгэлэг авагчийн бодит шаардлага, зайлшгүй хэрэгцээнд нийцсэн байна.

48.3.Энэ хуулийн 48.1-д заасан тэтгэлэг авагчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд нэмэлт зардлыг зогсоох тухай тэтгэлэг төлөгчийн нэхэмжлэлийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

49 дүгээр зүйл.Хүүхэд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг

Хэвлэх

49.1.Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл өндөр насны улмаас өөрийгөө тэжээн тэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

49.2.Хоёр, түүнээс дээш хүүхэдтэй бол эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргийг тухайн хүүхдүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно.

49.3.Энэ хуулийн 49.2-т заасны дагуу хүүхдүүд нь тохиролцож чадаагүй бол эцэг, эхийн, эсхүл хүүхдүүдийн хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүүхэд тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно.

50 дугаар зүйл.Төрөл, садангийн хүмүүсийн тэжээн тэтгэх үүрэг

Хэвлэх

50.1.Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

50.2.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

50.3.Тэжээн тэтгэх үүрэгтэй төрөл, садангийн хүн хоёр, түүнээс дээш байвал тэжээн тэтгэх үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүн тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно.

50.4.Төрөл, садангийн хүмүүс тохиролцож чадаагүй бол тухайн хүний, эсхүл төрөл, садангийн хүний хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүн тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно.

51 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох

Хэвлэх

51.1.Энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

51.2.Энэ хуулийн 51.1-д заасан гэрээнд тэтгэлгээс гадна тэжээн тэтгүүлэгчийн хэрэгцээ шаардлага, тэжээн тэтгэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан бусад асуудлаар тэжээн тэтгэх үүргийг тусгаж болно.

51.3.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

51.4.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулах бөгөөд энэ хэлбэрээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, эсхүл цуцална.

51.5.Тэжээн тэтгэх тухай гэрээтэй холбогдох маргааныг талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.

52 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Хэвлэх

52.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл сонирхогч талын нэхэмжлэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

52.2.Шүүх тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол талууд дахин гэрээ байгуулж болно.

53 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх

Хэвлэх

53.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдал өөрчлөгдсөн бол тэтгэлэг авагчийн, эсхүл тэтгэлэг төлөгчийн нэхэмжлэлийн үндсэн дээр тэтгэлгийн хэмжээг өөрчлөх эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

53.2.Шүүх энэ хуулийн 53.1-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 46.2-т заасан аргачлалын дагуу дахин тогтооно.

53.3.Эцэг, эх, эсхүл төрлийн хүн нь хүүхдийг энэ хуульд заасан хугацаанд тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол хүүхэд 18 насанд хүрснээс хойш эцэг, эх, эсхүл төрлийн хүнээ тэжээн тэтгэх үүргээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөж болно.

53.4.Тэжээн тэтгүүлэгчийн тэжээн тэтгүүлэх эрхийн үндэслэл арилсан бол энэ хуулийн 43.1-д заасан этгээдийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно.

53.5.Тэжээн тэтгүүлэгч нь тэжээн тэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчирхийлсэн, дарамталсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс шүүхийн шийдвэрээр чөлөөлнө.

НАЙМДУГААР БҮЛЭГ

АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ

54 дүгээр зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих

Хэвлэх

54.1.Асран хамгаалалтад дараах хүнийг хамруулна:

54.1.1.бүтэн өнчин 14 насанд хүрээгүй хүүхэд;

54.1.2.эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;

54.1.3.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;

54.1.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих ял эдэлж байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;

54.1.5.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүн.

54.2.Харгалзан дэмжлэгт дараах хүнийг хамруулна:

54.2.1.бүтэн өнчин 14 болон түүнээс дээш насны хүүхэд;

54.2.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14 болон түүнээс дээш насны хүүхэд;

54.2.3.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байдаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн асран хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14 болон түүнээс дээш насны хүүхэд;

54.2.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих ял эдэлж байгаа хүний 14 болон түүнээс дээш насны хүүхэд;

54.2.5.ганц бие, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан;

54.2.6.гэр бүлийн гишүүд бие биеэ асран хамгаалах боломжгүй, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан.

54.3.Ах, эгч, дүү нарт болон ихэр хүүхдэд нэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооно. Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн өөр, өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож болно.

54.4.Хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооход төрөл, садангийн хүн давуу эрх эдэлнэ.

55 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болсон хүнийг илрүүлэх

Хэвлэх

55.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 54.1, 54.2-т заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хариуцан хэрэгжүүлнэ.

55.2.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтан асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон хүний талаар тухайн сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

55.3.Энэ хуулийн 55.2-т заасан хүний тухай мэдээлэл хүлээн авсан сум, дүүргийн Засаг дарга сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тухайн хүнийг асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон эсэхийг тогтоож, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамруулах арга хэмжээ авна.

56 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох

Хэвлэх

56.1.Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр болон сонирхогч талын хүсэлтэд үндэслэн, эсхүл энэ хуулийн 54.1, 54.2-т заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар явуулна.

56.2.Сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан энэ хуулийн 54.1, 54.2-т заасан хүний талаарх нөхцөл байдлын үнэлгээг хийж, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

56.3.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 55.3-т заасан үнэлгээг үндэслэн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамруулах талаар дараах арга хэмжээ авна:

56.3.1.асран хамгаалж, харгалзан дэмжвэл зохих хүний тухай мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;

56.3.2.асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг тэргүүн ээлжид энэ хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу асралт гэр бүлд асруулахаар шилжүүлэх арга хэмжээ авах;

56.3.3.асран хамгаалж, харгалзан дэмжвэл зохих хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад, хүнийг төрөлжсөн асрамжийн газарт шилжүүлэх.

56.4.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүнд шинээр асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо энэ хуулийн 56.2, 56.3-т заасныг баримтална.

56.5.Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоосны дараа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

56.5.1.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүн нэг бүрд хувийн хэрэг нээж хөтлөх;

56.5.2.хувийн хэрэгт асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон тухай баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;

56.5.3.асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

56.5.4.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

56.5.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагааны улмаас асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний хөрөнгөд хохирол учирсан бол хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах;

56.5.6.хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлсэн хүүхэд болон төрөлжсөн асрамжийн газарт шилжүүлсэн хүнээс бусад асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг тогтоож, гэрээ байгуулан биелэлтэд хяналт тавих;

56.5.7.хөрөнгө эрхлэн хамгаалахтай холбоотой гарах зардлыг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн хөрөнгөөс гаргуулах.

57 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглох этгээд

Хэвлэх

57.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр дараах этгээдийг тогтоохыг хориглоно:

57.1.1.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан;

57.1.2.өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;

57.1.3.сүрьеэ, эсхүл хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол, эсхүл сэтгэцийн өвчтэй;

57.1.4.согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай;

57.1.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;

57.1.6.хорих ял эдэлж байгаа, эсхүл Эрүүгийн хуульд заасан хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг санаатай хүнд гэмт хэрэг, эсхүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эсхүл бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эсхүл хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан;

57.1.7.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

58 дугаар зүйл.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх

Хэвлэх

58.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараах эрхтэй:

58.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлтэй хамт амьдрах;

58.1.2.эрүүл, аюулгүй орчинд амьдрах;

58.1.3.сурч боловсрох;

58.1.4.хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг бусад олговор авах, хуримтлал, өөрийн хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл авах, хүсэлт гаргах, шаардах;

58.1.5.хөрөнгө эзэмших, өмчлөх;

58.1.6.хуульд заасан бусад эрх.

59 дүгээр зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, түүнд хориглох зүйл

Хэвлэх

59.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ:

59.1.1.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүнийг хоол, хүнс, орон байраар хангах, асран сувилах, хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөлөөр хангах, хүчирхийллээс ангид орчинд өсгөн хүмүүжүүлэх;

59.1.2.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

59.1.3.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний хөрөнгийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо харьяа сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;

59.1.4.асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар харьяа сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах.

59.2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үйлдэл хийхийг хориглоно:

59.2.1.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүнтэй хэлцэл хийх;

59.2.2.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;

59.2.3.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд тухайн хүнийг төлөөлөх;

59.2.4.асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний хөрөнгийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;

59.2.5.сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон сууц хөлслөх болон түүнтэй адилтгах гэрээг цуцлах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоох.

59.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ долоон насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүний саналыг харгалзана.

60 дугаар зүйл.Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа

Хэвлэх

60.1.Энэ хуулийн 54.1, 54.2-т заасан хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж /цаашид "асралт гэр бүл" гэх/ болно.

60.2.Асралт гэр бүлийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, түүний эрх, үүрэг, үйл ажиллагаанд хяналт тавихад Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

61 дүгээр зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогыг зарцуулах

Хэвлэх

61.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхдийг тэжээн тэтгэхэд зориулан асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Нийгмийн халамжийн тухай хуулийн[8] 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу асаргааны тэтгэмж олгоно.

61.2.Төрөл, садангийн хүний болон асралт гэр бүлийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд эцэг, эх, бусад этгээдээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг тухайн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.

61.3.Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг, төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж болон бусад олговрыг тухайн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.

61.4.Энэ хуулийн 61.1, 61.2-т заасан хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийг зарцуулах, хяналт тавих журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

62 дугаар зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн хөрөнгийг захиран зарцуулах, хамгаалах

Хэвлэх

62.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхдийн хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн түүний боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил, соёл, ахуйн хэрэгцээг хангахад зориулан захиран зарцуулж болно.

62.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд хамаарах хөрөнгө, мөнгөн хуримтлалыг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тухайн хүүхдийн нэр дээр бүртгүүлэх, хадгалуулах үүрэг хүлээнэ.

63 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн харилцаа дуусгавар болох

Хэвлэх

63.1.Асран хамгаалуулагч хүүхэд 14 насанд хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

63.2.Дараах тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг дуусгавар болно:

63.2.1.хүүхдийг эцэг, эхэд нь хуульд заасан үндэслэлээр буцаасан;

63.2.2.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийг гэр бүлд нь буцаасан;

63.2.3.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгч хүүхдийг хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад, хүнийг төрөлжсөн асрамжийн газарт шилжүүлсэн;

63.2.4.хүүхдийг үрчлүүлсэн;

63.2.5.харгалзан дэмжүүлэгч 18 насанд хүрсэн;

63.2.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч үүргээ дуусгавар болгох хүсэлт гаргасан;

63.2.7.шүүхийн шийдвэрээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон;

63.2.8.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүн нас барсан;

63.2.9.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг шүүх хүчингүй болгосон;

63.2.10.хорих ялаар шийтгүүлсэн.

63.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрхээ урвуулан ашигласан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох эсэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг сонирхогч талын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.

63.4.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн этгээд асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан хүний хөрөнгийн тайланг харьяа сум, дүүргийн Засаг даргад, хөрөнгийг өөрт нь, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид 30 хоногийн дотор шилжүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮҮХЭД ҮРЧЛЭХ

64 дүгээр зүйл.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх зарчим, нөхцөл

Хэвлэх

64.1.Үрчлэлт нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд үрчлэлтийн харилцаанд дараах зарчмыг баримтална:

64.1.1.хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;

64.1.2.эцэг, эх төрүүлсэн хүүхдээ хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бусдад үрчлүүлэхгүй байх;

64.1.3.долоо болон түүнээс дээш насны хүүхдийн саналыг харгалзах;

64.1.4.үрчлэгч болон үрчлүүлэх хүүхдийн насны зөрүү нь 21 болон түүнээс дээш байх;

64.1.5.төрсөн ах, эгч, дүү, ихэр хүүхэд биш бол нэг удаа нэг хүүхэд үрчлүүлэх;

64.1.6.нэг гэр бүлд хүүхэд дахин үрчлүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх.

64.2.Төрсөн ах, эгч, дүү, ихэр хүүхдийг нэг гэр бүлд үрчлүүлнэ. Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлахгүй бол хүүхдийг төлөөлөх этгээдийн зөвшөөрлийг үндэслэн өөр өөр гэр бүлд үрчлүүлж болно.

64.3.Үрчлэгч нь хүүхдийн төрөл, садангийн хүн бол энэ хуулийн 64.1.2-т заасан зарчим хамаарахгүй.

64.4.Ашиг хонжоо олох зорилгоор үрчлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, зуучлахыг хориглоно.

65 дугаар зүйл.Үрчлэгчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл

Хэвлэх

65.1.Үрчлэгч нь эцэг, эхийн нэгэн адил энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

65.2.Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн чадамжтай, эрүүл мэндийн болон эдийн засгийн бүрэн чадавхтай хүн байх бөгөөд ашиг олох зорилгоор хүүхэд үрчлэн авахыг хориглоно.

65.3.Хүүхдийг дараах хүнд үрчлүүлэхийг хориглоно:

65.3.1.бусдын асрамж, дэмжлэгт байгаа хүн;

65.3.2.ганц бие 65 болон түүнээс дээш настай хүн;

65.3.3.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тогтоогдсон хүн;

65.3.4.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүн;

65.3.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн хүн;

65.3.6.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүн;

65.3.7.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар эцэг, эх байх эрх, үүргийг биелүүлж чадахгүй болох нь тогтоогдсон хүн;

65.3.8.хорих ял эдэлж байгаа, эсхүл Эрүүгийн хуульд заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эсхүл хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эсхүл хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, эсхүл Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хүн;

65.3.9.бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд амьдардаг хүн.

66 дугаар зүйл.Хүүхэд үрчлэх журам

Хэвлэх

66.1.Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд хүүхдийг үрчлүүлэх эсэх тухай асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

66.2.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага үрчлэгчийг гэр бүл, эцэг, эх, хүүхдийн харилцааны талаар зохих сургалт, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангана.

66.3.Эцэг, эх нь хүүхэд үрчлүүлэх зөвшөөрлийг түүнийг төрсний дараа өгнө.

66.4.Сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан үрчлүүлэх хүүхэд, үрчлэх гэр бүлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээг хийж, Зөвлөлд хүргүүлнэ.

66.5.Зөвлөл энэ хуулийн 66.4-т заасан нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хүүхэд үрчлүүлэх эсэх талаар санал, дүгнэлт гаргана.

66.6.Зөвлөл зайлшгүй шаардлагатай гэж үзвэл үрчлүүлэх хүүхэд, үрчлэгчийн нөхцөл байдлын талаар нэмэлт үнэлгээ хийлгэж, холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнээс мэдээлэл, тайлбар гаргуулан авч болно.

66.7.Хүүхдийг үрчлэх асуудлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл болон Зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

66.8.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үрчлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүүхдээ үрчлүүлэх зөвшөөрлөө цуцлах эрхтэй.

66.9.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг эцэг, эх байх эрх хассан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.

66.10.Энэ хуулийн 66.9-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг үрчлүүлэх асуудлаар сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан үрчлүүлэх хүүхэд, үрчлэх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, Зөвлөлд хүргүүлэх бөгөөд хүүхдийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн зөвшөөрөл болон Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

67 дугаар зүйл.Хүүхэд үрчлэлтийн бүртгэл, хяналт

Хэвлэх

67.1.Хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор тухайн шүүх шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

67.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь үрчлэлтийн мэдээллийн сан /хүүхэд үрчлэх хүсэлтэй иргэн, үрчлүүлэх хүүхдийн болон үрчлэгдсэн хүүхэд, үрчилж авсан иргэний мэдээлэл/ бүрдүүлнэ.

67.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага үрчлэгдсэн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд түүнийг 18 насанд хүртэл хагас жил тутамд хяналт тавьж, хүүхдийн хөгжлийн тайланг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

67.4.Энэ хуулийн 67.2-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх, энэ хуулийн 67.3-т заасан үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавих журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

67.5.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал бий болсныг тогтоовол хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

67.6.Сонирхогч тал үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

68 дугаар зүйл.Хүүхэд үрчилснээс үүсэх үр дагавар

Хэвлэх

68.1.Үрчлэгдсэн хүүхэд төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

68.2.Хүүхдийг үрчлүүлснээр төрсөн эцэг, эх хүүхдийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг дуусгавар болно.

68.3.Хүүхдийн үрчлэгдэхээс өмнө өмчилж, эсхүл эзэмшиж байсан хөрөнгийн эрх үрчлэгдсэний дараа хэвээр хадгалагдана.

68.4.Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх нь хүүхдийг үрчлэн авсан эцэг, эхээс өөрсдийг нь тэжээн тэтгэхийг болон бусад байдлаар хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардах эрхгүй.

68.5.Хүүхдийг үрчлүүлсэн эцэг, эх нь үрчлэн авсан эцэг, эхэд аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

69 дүгээр зүйл.Үрчлэлтийн нууц

Хэвлэх

69.1.Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан болон бусад этгээд нууцыг хадгалах үүрэгтэй.

69.2.Үрчлэлтийн нууцыг задруулсан этгээд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

70 дугаар зүйл.Үрчлэлтийг хүчингүйд тооцох

Хэвлэх

70.1.Үрчлэгдсэн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай сонирхогч талын хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

70.2.Үрчлэлтийг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:

70.2.1.үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан;

70.2.2.тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;

70.2.3.үрчлүүлэгч эцэг, эхийг хүүхдээ үрчлүүлэхийг удаа дараа тулган шаардаж, заналхийлж, эсхүл хууран мэхлэх замаар хүүхэд үрчилж авсан нь тогтоогдсон;

70.2.4.хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан;

70.2.5.энэ хуулийн 65.3-т заасан этгээд болох нь тогтоогдсон;

70.2.6.энэ хуулийн 64.4-т заасан үйл ажиллагаа эрхэлсэн, үйлдэл хийсэн нь тогтоогдсон.

70.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үрчлэлтийг хүчингүйд тооцно.

71 дүгээр зүйл.Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

Хэвлэх

71.1.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид буцаах эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

71.2.Хүүхдийг эцэг, эхэд буцаах нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлах, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй бол шүүх хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.

71.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд хохирол учирсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

71.4.Үрчлэлтийг хүчингүйд тооцох тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хүүхдийн нэрийг үрчлэгдэхээс өмнөх овог, эцэг/эх/-ийн нэрээр бүртгэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН ШИНЖТЭЙ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ

72 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрлэлтийг бүртгэх

Хэвлэх

72.1.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтийг бүртгэнэ.

72.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

73 дугаар зүйл.Дипломат төлөөлөгчийн газарт гэрлэлтийг бүртгэх

Хэвлэх

73.1.Монгол Улсын хилийн чандад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар /цаашид "Дипломат төлөөлөгчийн газар" гэх/ нь Монгол Улсын иргэдийн, эсхүл Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл харьяалалгүй хүнтэй гэрлэх гэрлэлтийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэнэ.

74 дүгээр зүйл.Гадаад улсад бүртгүүлсэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх

Хэвлэх

74.1.Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэсэн нь энэ хуульд заасан нөхцөлийг хангаж, гэрлэхэд харшлах шалтгаангүй бол Монгол Улсад гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж, хүлээн зөвшөөрнө.

75 дугаар зүйл.Гэрлэлтийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөхгүй байх

Хэвлэх

75.1.Гадаад улсад бүртгэгдсэн гэрлэлт нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд нийцээгүй бол Монгол Улсад гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй.

76 дугаар зүйл.Гэрлэлт цуцлах

Хэвлэх

76.1.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүний Монгол Улсад бүртгэлтэй гэрлэлтийг цуцлахад Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

76.2.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын гэрлэгчид энэ хуульд заасан захиргааны болон шүүхийн журмаар Монгол Улсад гэрлэлтээ цуцлуулж болно.

76.3.Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтийг захиргааны журмаар цуцалж болно.

76.4.Гадаад улсад Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүн гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр гэж тооцно.

77 дугаар зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг

Хэвлэх

77.1.Гэрлэгчдийн эрх, үүргийг тэдгээрийн хамт оршин суугаа улсын хууль тогтоомж, эсхүл хамгийн сүүлд хамт амьдарч байсан улсын хууль тогтоомж, эсхүл гэрлэлтийн гэрээнд тохиролцсон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлж болно.

77.2.Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэлт бүртгүүлэхдээ гэрээ байгуулж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээ тодорхойлох талаар харилцан тохиролцсон бол эрх, үүргийг гэрээгээр сонгосон улсын хууль тогтоомжоор, сонгоогүй бол тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

77.3.Энэ хуулийн 72.1-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Байнга хамт оршин суугаа улс байхгүй бол эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа улсын хууль, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

78 дугаар зүйл.Эцэг, эх, хүүхдийн үүрэг, хариуцлага

Хэвлэх

78.1.Гадаад улсад оршин суугаа хүүхдийн эрх болон эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариулагыг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль тогтоомж, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлно.

78.2.Эцэг, эх нь хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй бол тэтгэлгийн болон бусад эрх, үүргийг хүүхдийн байнга оршин суугаа улсын хууль, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хангахад давуу байдал үүсгэх эцэг, эхийн оршин суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

79 дүгээр зүйл.Гэр бүлийн гишүүний бие биеэ тэжээн тэтгэх үүрэг

Хэвлэх

79.1.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн гэр бүлийн гишүүн бие биеэ тэжээн тэтгэх үүргийг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль, эсхүл харилцан тохиролцож байгуулсан тэжээн тэтгэх гэрээгээр, эсхүл талуудын харилцан тохиролцсон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлно.

80 дугаар зүйл.Эцэг, эх тогтоох

Хэвлэх

80.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний эцэг, эх тогтоолгох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэнэ.

80.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт эцэг, эх тогтоолгохтой холбоотой маргааныг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

80.3.Гадаад улсад амьдарч байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэг, эхийг захиргааны журмаар бүртгэх бол Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлт гаргаж болно.

80.4.Гадаад улсын хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын иргэн хүүхдийн эцэг, эхийг тогтоосон нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчин төгөлдөр гэж тооцно.

81 дүгээр зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих

Хэвлэх

81.1.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.

81.2.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол Монгол Улсад хүчин төгөлдөр гэж тооцно.

82 дугаар зүйл.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх

Хэвлэх

82.1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хуулийг дагаж мөрдөнө.

82.2.Монгол Улсын харьяат хүүхдийг Монгол Улсын иргэн үрчлэн авах хүсэлт гаргаагүй бол хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн хүүхэд үрчлэн авахаар хүсэлт гаргасан гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлнэ.

82.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл /цаашид "Гадаад үрчлэлтийн зөвлөл" гэх/ ажиллана.

82.4.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллага, эсхүл зөвшөөрөлтэй итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан Гадаад үрчлэлтийн зөвлөлд гаргана.

82.5.Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаанд байнга оршин сууж байгаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтээ энэ хуулийн 82.4-т заасан байгууллагаар дамжуулалгүйгээр Гадаад үрчлэлтийн зөвлөлд гаргана.

82.6.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн үрчлэн авахад энэ хуулийн 64, 65 дугаар зүйлд заасныг нотлох тайланг өөрийн улсын эрх бүхий байгууллагаас гаргуулж, энэ хуулийн 82.9-д заасан журмын дагуу ирүүлнэ.

82.7.Гадаад үрчлэлтийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн улс хооронд хүүхэд үрчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд үрчлэгдсэн эсэх тухай шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын таван өдрийн дотор улсын бүртгэлийн болон гадаадын иргэний асуудал хариуцсан байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

82.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх тухай шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор үрчлэгчид мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлнэ.

82.9.Энэ хуулийн 82.3-т заасан Гадаад үрчлэлтийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

82.10.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг тухайн улсын хуулийн дагуу үрчлүүлсэн нь Монгол Улсын олон улсын гэрээ, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлаагүй бол хүлээн зөвшөөрч болно.

82.11.Энэ хуулийн 65.3-т зааснаас гадна Монгол Улсаас албадан гаргасан, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар тогтоосон хугацаа нь дуусаагүй байгаа гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.

83 дугаар зүйл.Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавих

Хэвлэх

83.1.Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдийн мэдээллийг энэ хуулийн 67.2-т заасан үрчлэлтийн мэдээллийн санд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтмол нийлүүлнэ.

83.2.Улс хооронд үрчлэгдсэн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд тавих хяналтыг Дипломат төлөөлөгчийн газар хэрэгжүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газар байхгүй тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, мэдээлэл авна.

83.3.Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл нь хүүхдийн хөгжлийн тайланг 18 насанд хүртэл хагас жил тутамд энэ хуулийн 83.2-т заасан байгууллагаар дамжуулан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад болон гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

83.4.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан, эсхүл тогтоогдсон бол Дипломат төлөөлөгчийн газар, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

83.5.Гадаад улсад оршин суугаагаас бусад гадаадын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан хяналт тавьж, хүүхэд хөгжлийн тайланг хагас жил тутамд гаргана.

83.6.Гадаад улсад оршин суугаагаас бусад гадаадын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан, эсхүл тогтоогдсон бол хүн, хуулийн этгээд нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

83.7.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсний дараа хяналт тавих, үрчлэгч талтай гэрээ байгуулах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

83.8.Сонирхогч тал улс хооронд үрчлэгдсэн хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийг үрчлүүлэх шийдвэр гаргасан шүүхэд гаргаж, шийдвэрлүүлнэ.

84 дүгээр зүйл.Гадаадын харьяат хүүхдийг үрчлэх

Хэвлэх

84.1.Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат хүүхдийг үрчилж авахад тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

85 дугаар зүйл.Дагаж мөрдөх журмын зохицуулалт

Хэвлэх

85.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэрийг тэтгэлэг авагч тал, түүний хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын дотор энэ хуулийн 46 дугаар зүйлд заасантай нийцүүлэн цаашид авах тэтгэлгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

85.2.Энэ хуулийн 5.4-т заасныг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

85.3.Энэ хуулийн 6.2, 9.3, 61.4, 66.1, 67.4, 82.9, 83.7-д заасан журам, энэ хуулийн 46.2-т заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор батална.

86 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

86.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   С.БЯМБАЦОГТ