A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль[2], Иргэний хууль[3], Компанийн тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.

3.2.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

3.3.Тухайлсан хуулиар зохицуулагдах төрийн өмчит компанийн үйл ажиллагааг тухайн хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 3.1, 3.2-т заасны дагуу зохицуулна.

3.4.Хот, тосгоны өмчит компанийн үйл ажиллагаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчит компанийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."төрийн өмчит компани" гэж төр хуульд заасны дагуу хувьцааг нь эзэмшиж байгаа, эсхүл хяналтын эрхийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийг;

4.1.2."орон нутгийн өмчит компани" гэж орон нутаг хуульд заасны дагуу хувьцааг нь эзэмшиж байгаа, эсхүл хяналтын эрхийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийг;

4.1.3."төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани" гэж компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-иас дээш хувийг төр, эсхүл орон нутаг эзэмшдэг хуулийн этгээдийг;

4.1.4."нийтийн үйлчилгээ" гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг;

4.1.5."хяналтын эрхийг хэрэгжүүлэх" гэж төр, орон нутаг, эсхүл тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдээр дамжуулан тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхыг томилох, эсхүл компанийн стратеги, санхүүгийн бодлого, үндсэн үйл ажиллагаанд заавал биелэгдэх шийдвэр гаргах эрхийг хууль, гэрээ, дүрмийн үндсэн дээр хэрэгжүүлэхийг.

5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.ил тод, нээлттэй байх;

5.1.2.үр ашигтай байх;

5.1.3.зах зээлд шударга өрсөлдөх, аливаа хэлбэрээр давуу эрх эдлэхгүй байх;

5.1.4.монополь, эсхүл давамгай байдлаа урвуулан ашиглахгүй байх;

5.1.5.компанийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;

5.1.6.улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх;

5.1.7.компани төрийн болон орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх;

5.1.8.тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих;

5.1.9.шинэ технологи, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах.

5.2.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 5.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.2.1.компанийн удирдлагын эрх төрийн болон орон нутгийн эрх хэмжээнээс тусгаарлагдсан байх;

5.2.2.хувьцааны төрөл, тоонд нийцүүлэн хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах;

5.2.3.хараат бус хөндлөнгийн хяналттай байх;

5.2.4.мэргэшсэн байх;

5.2.5.үргүй зардал гаргахгүй байх;

5.2.6.эрх бүхий этгээдийн баталсан санхүүгийн болон бизнес төлөвлөгөөний дагуу ажиллах;

5.2.7.хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх;

5.2.8.цаг хугацаандаа, үнэн зөв, бүрэн тайлагнах.

Тайлбар:- Энэ хуульд заасан "үр ашигтай байх" гэж арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд оруулсан капиталын өгөөжийг капиталын жигнэсэн дундаж өртгөөс өндөр түвшинд байхаар үйл ажиллагаа явуулж, компанийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг ойлгоно. Нийтийн үйлчилгээний төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд нийтийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй, боломжит бага зардлаар үзүүлэхийг ойлгоно.

Тайлбар:- Энэ хуульд заасан "зах зээлд шударга өрсөлдөх, аливаа хэлбэрээр давуу эрх эдлэхгүй байх" гэж хуульд зааснаас бусад тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, төрийн болон орон нутгийн өмчийг зах зээлийн үнэ, нөхцөлөөс доогуур ашиглахгүй, зөвшөөрөл, эрх олгох болон төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрх эдлэхгүй, дампуурал, төлбөрийн чадваргүйдлийн нийтлэг журмаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхгүй байхыг ойлгоно.

6 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ангилал

Хэвлэх

6.1.Төрийн өмчит компанийг тухайн компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс хамааруулан дараах байдлаар ангилна:

6.1.1.компанийн нийт гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь төр дангаараа эзэмшдэг бол төрийн өмчийн компани;

6.1.2.компанийн нийт гаргасан энгийн хувьцааны гуравны нэгээс 100 хүртэл хувийг төр эзэмшдэг бол төрийн өмчийн оролцоотой компани.

6.2.Орон нутгийн өмчит компанийг тухайн компанийн хувьцааны орон нутгийн эзэмшлийн хувь хэмжээнээс хамааруулан дараах байдлаар ангилна:

6.2.1.компанийн нийт гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь орон нутаг дангаараа эзэмшдэг бол орон нутгийн өмчийн компани;

6.2.2.компанийн нийт гаргасан энгийн хувьцааны гуравны нэгээс 100 хүртэл хувийг орон нутаг эзэмшдэг бол орон нутгийн өмчийн оролцоотой компани.

6.3.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг үйл ажиллагааны зорилго, чиг үүргээс нь хамааруулан арилжааны, эсхүл нийтийн үйлчилгээний гэж ангилах бөгөөд энэ талаар тухайн компанийн дүрэмд тусгана.

7 дугаар зүйл.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого

Хэвлэх

7.1.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

7.2.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн[5] 4.1.8-д заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

7.3.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогод дараах зүйлийг тусгана:

7.3.1.төрийн өмчит компанийн хувьцаа эзэмших зорилго, хяналтын эрхийг хэрэгжүүлэх үндэслэл;

7.3.2.төрийн өмчит компанийн жагсаалт, хөрөнгийн багц мэдээлэл;

7.3.3.төрийн өмчит компанийн засаглалд оролцогч талуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага;

7.3.4.төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн;

7.3.5.төрийн өмчит компани шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, өөрчлөлт, шинэтгэлийн төлөвлөгөө;

7.3.6.төрийн өмчит компанийн хувьцааг худалдах, түүнийг хэрэгжүүлэх арга, төлөвлөгөө.

7.4.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогод энэ хуулийн 8.1-д заасан төрийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэлийг компани тус бүрээр тодорхойлж тусгана.

7.5.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын хэрэгжилтэд төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газарт, Засгийн газар тайланг Улсын Их Хурлын тухайн жилийн намрын ээлжит чуулганы хугацаанд холбогдох Байнгын хороонд танилцуулна.

7.6.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын хэрэгжилтийн тайланг Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас хоёроос доошгүй сарын өмнө Улсын Их Хуралд танилцуулна.

7.7.Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого, түүний хэрэгжилтийн жил бүрийн тайланг Засгийн газар болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй, ил тод байршуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

8 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл

Хэвлэх

8.1.Төрийн өмчит компанийг дараах үндэслэлээр үүсгэн байгуулж болно:

8.1.1.хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй, санхүүгийн үр ашиггүй нөхцөлд нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх;

8.1.2.үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрийн нийтийн өмчид хамаарах байгалийн баялгийг ашиглах;

8.1.3.зүй ёсны монополь үйл ажиллагаа эрхлэх;

8.1.4.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, харилцаа холбоо, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дэмжих, холбогдох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;

8.1.5.хуульд тусгайлан заасан бол.

8.2.Орон нутаг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 8.1.1-д заасан үндэслэлээр орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулна. Энэ хуулийн 8.1.2-т заасан үндэслэлээр орон нутгийн өмчит компанийг Улсын Их Хурлын зөвшөөрлөөр үүсгэн байгуулж болно.

8.3.Энэ хуулийн 8.1.4-т заасан үндэслэлээр төрийн өмчийн компани үүсгэн байгуулна.

8.4.Хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах санал, шийдвэр

Хэвлэх

9.1.Холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

9.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

9.3.Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах саналд дараах баримт бичгийг хавсаргана:

9.3.1.компанийн дүрмийн төсөл;

9.3.2.энэ хуулийн 8.1-д заасан компани үүсгэн байгуулах үндэслэл төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогод нийцсэн талаарх төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын гаргасан дүгнэлт.

9.4.Энэ хуулийн 9.3.2-т заасан дүгнэлтийг дараах судалгаа, мэдээлэлд үндэслэн гаргана:

9.4.1.компани үүсгэн байгуулах хэрэгцээ, шаардлага буюу хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх гэсэн бодлоготой нийцэж байгаа эсэх, зах зээлийн эрэлт, хүлээлт, компаниас гаргах бараа, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг борлуулах чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх байдлын талаарх зах зээлийн судалгаа, байршил;

9.4.2.хөрөнгө оруулалтын хэмжээ, төр, эсхүл орон нутгаас оруулах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг бүрэн хийж дуусах хугацаа, түүнийг нөхөх болон эргэлтийн эх үүсвэр бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд тавих шаардлага;

9.4.3.бараа, ажил, үйлчилгээнд шаардагдах түүхий эд, эрчим хүч, ажиллах хүч болон бусад шаардлагатай хүчин зүйлийг хангах эх үүсвэр, чадамж;

9.4.4.салбарын хөгжлийн төлөвлөгөө, бодлогод нийцсэн байдал, эдийн засаг, нийгмийн үр ашгийн тооцоолол;

9.4.5.компанийн үйл ажиллагаа явуулах хугацаатай байх эсэх, түүний үндэслэл.

9.5.Төрийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газар, төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газрын зөвшөөрлийг үндэслэн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, бусад этгээд хамтран Компанийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.

9.6.Орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах бөгөөд орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийг үндэслэн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, бусад этгээд хамтран Компанийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.

9.7.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг хугацаатай байгуулж болох бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан тохиолдолд хугацааг сунгах, эсхүл компанийг татан буулгах асуудлыг энэ хуулийн 9.5, 9.6-д заасан этгээд шийдвэрлэнэ.

9.8.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах эсэх асуудлыг тухайн хугацаа дуусах оны өмнөх санхүүгийн жилд багтаан шийдвэрлэх бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаатай холбоотой асуудлыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн дүрэм

Хэвлэх

10.1.Засгийн газар төрийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэр гаргахдаа компанийн дүрмийг батална.

10.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэр гаргахдаа компанийн дүрмийг батална.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан компанийн дүрмийн төслийг боловсруулахад төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, энэ хуулийн 10.2-т заасан компанийн дүрмийн төслийг боловсруулахад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын саналыг авсан байна.

10.4.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна компанийн үйл ажиллагааны зорилго, хүрэх үр дүн, хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, нийтийн үйлчилгээний үүргийн бодлогыг тодорхой тусгана.

10.5.Төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 89.4-т заасан зохицуулалт хамаарахгүй.

10.6.Алтан хувьцаа гаргах тохиолдолд компанийн дүрэмд алтан хувьцаа эзэмших этгээд, эрхийн агуулга, хугацааг тусгана.

11 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн охин компани, салбар, төлөөлөгчийн газар

Хэвлэх

11.1.Төрийн өмчийн компани охин компани үүсгэн байгуулах тохиолдолд Засгийн газар, орон нутгийн өмчийн компани охин компани үүсгэн байгуулах тохиолдолд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.3-т заасан баримт бичгийг үндэслэн шийдвэр гаргана.

11.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компани бусад этгээдтэй хамтран хараат болон охин компани үүсгэн байгуулах асуудлыг энэ хуулийн 8.1-д заасан үндэслэлийн дагуу энэ хуулийн 9.4-т заасан судалгаа, шинжилгээ болон Засгийн газрын зөвшөөрлийн дагуу Компанийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

11.3.Энэ хуулийн 11.1, 11.2-т заасны дагуу үүсгэн байгуулсан охин, хараат компани дахь төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааг толгой компани эзэмшинэ.

11.4.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг Компанийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА, НОГДОЛ АШИГ

12 дугаар зүйл.Хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө,түүний хэмжээг өөрчлөх

Хэвлэх

12.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан байна.

12.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ тухай санхүүгийн тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.

12.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 12.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг өөрчлөн байгуулах, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах тухай саналаа төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газарт, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

13 дугаар зүйл.Алтан хувьцаа

Хэвлэх

13.1.Засгийн газар төрийн өмчит компанийн төрд ногдох хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд компанийн удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй алтан хувьцаа эзэмшихээр зааж болно.

13.2.Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын дараах шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт харшилсан гэж үзвэл Засгийн газар хориг тавина:

13.2.1.өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэл, үндсэн үйл ажиллагааг өөрчлөх;

13.2.2.алтан хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан, хугацааг багасгасан өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулах;

13.2.3.компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;

13.2.4.их хэмжээний хэлцэл байгуулах;

13.2.5.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох;

13.2.6.компанийн хувьцааны хяналтын багцтай хэмжээгээрээ дүйцэхүйц хувьцаа болон хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг нэг болон хэд хэдэн удаагийн дараалсан шийдвэрээр нэмж гаргах;

13.2.7.талууд харилцан тохиролцож, компанийн дүрэмд заасан бусад.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш Засгийн газар ажлын 15 өдрийн дотор хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

13.4.Засгийн газар хориг тавих шийдвэр гаргаагүй бол энэ хуулийн 13.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын шийдвэр хүчин төгөлдөр болно.

13.5.Засгийн газар энэ хуулийн 13.2-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэл, хоригийн хамрах хүрээг заана.

13.6.Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.

13.7.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу компанийн дүрэмд тусгасан хугацаа дуусмагц алтан хувьцаа хүчингүй болох бөгөөд хугацааг сунгахгүй.

13.8.Засгийн газар хориг тавих шийдвэр гаргахдаа зорилгодоо нийцсэн байх, компанийн үйл ажиллагаанд хамгийн бага хязгаарлалт тогтоох зарчмыг баримтална.

14 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанид хөрөнгө олж авах

Хэвлэх

14.1.Үндэсний баялгийн сангийн тухай хууль[6], Ашигт малтмалын тухай хууль[7] болон бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн хувьцааг эзэмших замаар төр хөрөнгө олж авч болно.

14.2.Төр, эсхүл орон нутаг нь компанийн энгийн хувьцааг дараах тохиолдолд олж авч болно:

14.2.1.бэлэглэл, өв залгамжлалаар эзэмшилдээ олж авсан;

14.2.2.Иргэний хуульд заасан арилжааны гэрээний дагуу;

14.2.3.шүүх, арбитрын шийдвэрийн дагуу.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасны дагуу компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс доош хувийг олж авсан бол төр, эсхүл орон нутаг тухайн хувьцааны зах зээлийн үнэ болон бодит үнэ цэнийг тооцон, аль өндөр үнээр тухайн хувьцааг худалдана.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хаалттай хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг Компанийн тухай хуульд өөрөөр заагаагүй бол бусад хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдаж авахыг санал болгоно.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал болгосон хувьцааг тэргүүн ээлжид худалдаж аваагүй тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах хувьцааны үнэ энэ хуулийн 14.3-т зааснаас доошгүй байна.

14.6.Энэ хуулийн 14.3-т заасан компани нь нээлттэй хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдана.

15 дугаар зүйл.Өрийн хэрэгсэл гаргах, зээл авах

Хэвлэх

15.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль[8], Компанийн тухай хуульд заасны дагуу өрийн хэрэгсэл гаргаж болно.

15.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн зээл авч болно.

15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан зөвшөөрөлд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах үнэт цаас, зээл хамаарахгүй.

15.4.Гүйцэтгэх удирдлага зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарь болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлөөлөн удирдах зөвлөлд /байхгүй бол хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид/ танилцуулж, шийдвэрлүүлнэ.

15.5.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани бусад этгээдэд өрийн баталгаа гаргахыг хориглоно.

16 дугаар зүйл.Ногдол ашгийн бодлого

Хэвлэх

16.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани нь Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан ногдол ашгийн бодлоготой байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ батална.

16.2.Ногдол ашгийн бодлогод тухайн компанийн үйл ажиллагааны зорилго, хөрөнгө оруулалтын бүтэц, мөнгөн урсгалын онцлогоос хамааруулан дараах хэлбэрийн аль нэг, эсхүл хосолсон хэлбэрийг тусгана:

16.2.1.аудитлагдсан санхүүгийн тайланд туссан татвар төлсний дараах цэвэр ашгийн тодорхой хувиар;

16.2.2.жил бүр хөрөнгө оруулагчид тогтвортой хуваарилахаар урьдчилан тогтоосон ногдол ашгийн зорилтот хэмжээ болон түүнд тооцох өсөлтийн хувиар;

16.2.3.аудитлагдсан санхүүгийн тайланд туссан хувь нийлүүлсэн хөрөнгө, чөлөөт мөнгөн урсгал, хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг, эсхүл хүү, татварын өмнөх ашиг зэрэг санхүүгийн үзүүлэлтээр урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр;

16.2.4.бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалж урьдчилан тооцоолоогүй орлого бий болсон тохиолдолд түүний урьдчилан тогтоосон тодорхой хувиар.

16.3.Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компанийн ногдол ашгийн бодлогод дараах зарчим, шаардлагыг тусгана:

16.3.1.ногдол ашгийг аудитлагдсан санхүүгийн тайланг үндэслэн тогтоох;

16.3.2.компанийн батлагдсан бизнес болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, их засварын хэрэгцээ, нөөц сан бүрдүүлэх шаардлага, санхүүгийн тогтвортой байдлыг харгалзан үзэх;

16.3.3.нийтийн үйлчилгээний үүрэг хүлээсэн бол тухайн үүргийн санхүүжилт, нөхөн төлбөр, татаас, тарифын зохицуулалт, зориулалтын хөрөнгийг ногдол ашиг тооцох сууринаас тусад нь авч үзэх;

16.3.4.компанийн урт хугацааны үнэ цэн, хэвийн үйл ажиллагааг дордуулахгүй байх;

16.3.5.бусад хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.

16.4.Арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани нь ногдол ашгийн бодлогод заасны дагуу ногдол ашиг хуваарилах үүрэгтэй.

16.5.Энэ хуулийн 16.4-т заасан компанийн тухайн жилд хуваарилах ногдол ашгийн зорилтот хувь хэмжээ, ногдол ашиг тооцох хэлбэрийг Засгийн газар, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсвийн төсөл боловсруулах үе шатанд компанийн ангилал, салбарын онцлог, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, өр төлбөрийн хэмжээ, мөнгөн урсгал, өөрийн хөрөнгийн өгөөж, нөөц сангийн шаардлагыг харгалзан тогтооно.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан зорилтот хувь хэмжээ нь арилжааны зорилго бүхий компанийн хувьд хуваарилж болох цэвэр ашгийн 30 хувиас доошгүй байх зарчмыг баримтална. Харин компанийн санхүүгийн байдал, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, өр төлбөрийн хэмжээ, эсхүл энэ хуулийн 16.8-д заасан үндэслэл байгаа бол уг хувь хэмжээг бууруулж болно.

16.7.Нийтийн үйлчилгээний төрийн болон орон нутгийн өмчит компанид энэ хуулийн 16.6-д заасан доод хувь хэмжээ хамаарахгүй. Компани нь цэвэр ашигтай ажилласан тохиолдолд төлбөрийн чадвар, мөнгөн урсгал, нийтийн үйлчилгээний үүргийн санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар, тасралтгүй байдлыг харгалзан ногдол ашиг хуваарилж болно.

16.8.Дараах үндэслэл байгаа бол энэ хуулийн 16.5, 16.6-д заасан зорилтот буюу доод хувь хэмжээнээс бага хэмжээгээр ногдол ашиг хуваарилж болно:

16.8.1.компанийн хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд цэвэр ашгаас дахин хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн;

16.8.2.компанийн ногдол ашгийн бодлогод тусгасны дагуу хуримтлагдсан алдагдлыг нөхөх шаардлага үүссэн;

16.8.3.эрх бүхий байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн хүрэлцээний шалгуур үзүүлэлтийг хангуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах шаардлага үүссэн.

16.9.Энэ хуулийн 16.8-д заасан үндэслэлээр ногдол ашгийг зорилтот хувь хэмжээнээс бага тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөл гаргана. Саналд дараах баримт бичгийг хавсаргана:

16.9.1.аудитлагдсан санхүүгийн тайлан;

16.9.2.төлбөрийн чадварын болон мөнгөн урсгалын дүгнэлт;

16.9.3.зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол.

16.10.Энэ хуулийн 16.9-д заасан саналыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч хянаж, зөвшөөрөх, өөрчлөх, эсхүл татгалзах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

17 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч,                                            хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч

Хэвлэх

17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч нь Засгийн газар байна.

17.2.Төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.

17.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь нэг этгээд байна.

17.4.Орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.

17.5.Орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байна.

18 дугаар зүйл.Төрийн өмчит компанийн талаарх Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

18.1.Засгийн газар төрийн өмчит компанийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг тогтоох;

18.1.2.төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

18.1.3.энэ хуульд заасан үндэслэлээр төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах;

18.1.4.энэ хуулийн 8.1.2-т заасан үндэслэлээр үүсгэн байгуулсан төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг Улсын Их Хурлын зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлэх, барьцаалуулах;

18.1.5.төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгох;

18.1.6.төрийн өмчийн компанийн газар, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах;

18.1.7.энэ хуулийн 13.2-т заасны дагуу хориг тавих;

18.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

19 дүгээр зүйл.Орон нутгийн өмчит компанийн талаарх аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

19.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит компанийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, орон нутгийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах;

19.1.2.орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгох;

19.1.3.орон нутгийн өмчийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах;

19.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

20 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн бүрэн эрх

Хэвлэх

20.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн талаар төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн, эсхүл орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газар, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх;

20.1.2.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;

20.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх талаар саналын эрхийг хэрэгжүүлэх;

20.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд дүрэм болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх, компанид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөхийг шаардах, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

20.1.5.төрийн болон орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд компанийн дүрэм болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх саналаа төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх;

20.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөө болон төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх;

20.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын чиг үүрэг

Хэвлэх

21.1.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчит компанийн засаглалд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

21.2.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит компанийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.2.1.төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлаар дүгнэлт гаргаж, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлэх;

21.2.2.төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;

21.2.3.төрийн өмчийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;

21.2.4.төрийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага, зөвлөмж өгөх, хуульд заасан үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх саналыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлэх;

21.2.5.төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт тайлагнах;

21.2.6.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

21.2.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, гүйцэтгэхудирдлагын цалин, урамшууллын хэмжээ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

21.2.8.төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан өмчлөлийн бодлогын хэрэгжилтийн тайланг жил бүр хүлээн авч, хянах;

21.2.9.төрийн өмчийн компанийн төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих;

21.2.10.төрийн өмчит компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг энэ хуульд заасан зарчмыг баримталж, тухайн жилийн төсвийн тухай хуульд заасны дагуу бүрэн төвлөрүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

21.2.11.хуульд заасан бусад чиг үүрэг.

21.3.Орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар нь орон нутгийн өмчит компанийн талаар энэ хуулийн 21.2-т заасан чиг үүргийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

КОМПАНИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

22 дугаар зүйл.Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хэвлэх

22.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Компанийн тухай хуульд зааснаар зохицуулна.

22.2.Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг энэ хуулийн 17.2, 17.5-д заасан этгээд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд дангаараа, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан, эсхүл тэдгээрийн оролцоотой компанийн хувьд бусад этгээдтэй хамтран хэрэгжүүлнэ.

22.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэгдлийн хараат, охин компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг толгой компанийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл

Хэвлэх

23.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.1.1.компанийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

23.1.2.компанийн гүйцэтгэлийн үнэлгээний санхүүгийн ба санхүүгийн бус шалгуур үзүүлэлтийг тогтоож, хэрэгжилтийг үнэлэх;

23.1.3.компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гадна хүний эрх, авлига, тэгш боломж, хөдөлмөр, мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалалт, өрсөлдөөн, байгаль орчин, татвар, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийн удирдлага болон хянан нийцүүлэлтийн нэгдсэн бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

23.1.4.компанийн гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэлийг үнэлж, хянах;

23.1.5.компанийн удирдах ажилтны залгамж халааны бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих.

23.2.Энэ хуулийн 24.4-т заасан төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 81.2-т заасан хороодтой байх бөгөөд хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хараат бус гишүүд байна.

23.3.Энэ хуулийн 24.7-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудитын хороотой байна.

23.4.Төлөөлөн удирдах зөвлөлгүй төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд түүний бүрэн эрхийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч хэрэгжүүлнэ.

24 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлага

Хэвлэх

24.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

24.1.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, нийтийн албаны ашиг сонирхлын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;

24.1.2.компанийн үйл ажиллагаа хамаарах салбарын болон санхүүгийн мэдлэг, туршлагатай, төрийн өмчит компанийн хувьд удирдах албан тушаалд таваас доошгүй, орон нутгийн өмчит компанийн хувьд удирдах албан тушаалд хоёроос доошгүй жил ажилласан, эрх зүй, санхүү, аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, эсхүл тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн;

24.1.3.сүүлийн хоёр жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

24.1.4.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болж дампуурсан нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

24.1.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

24.1.6.доор дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд биш байх:

24.1.6.а.тухайн компанийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч;

24.1.6.б.тухайн компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх бүхий албан тушаалтан;

24.1.6.в.төрийн болон орон нутгийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах байдлаар компанитай их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн эрх бүхий албан тушаалтан;

24.1.6.г.төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой.

24.1.7.Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан байх;

24.1.8.компанийн дүрэмд заасан бусад шаардлага.

24.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг компани нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани бол энэ хуулийн 24.1.6.б-д заасан нөхцөл хамаарахгүй.

24.3.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.

24.4.Арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь сондгой тооны таваас ес хүртэлх гишүүнтэй байна.

24.5.Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний төрийн болон орон нутгийн төлөөллийн нэг гишүүн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс санал болгож, томилогдсон этгээд байна.

24.6.Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй бол хоёроос, 7 гишүүнтэй бол гурваас, 9 гишүүнтэй бол дөрвөөс доошгүй нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүнийг Компанийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулна.

24.7.Энэ хуулийн 37.9-д заасан нөхцөлөөс доош үзүүлэлттэй, эсхүл нийтийн үйлчилгээний салбарын төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёроос доошгүй нь хараат бус гишүүн байна.

24.8.Энэ хуулийн 24.5-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн төлөөллийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох бөгөөд төрийн захиргааны албан хаагч нэрээ дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцож болно.

24.9.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, томилуулахаар нэр дэвшүүлэх, эсхүл дэмжиж санал өгөхийг хориглоно.

25 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт

Хэвлэх

25.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно.

25.2.Төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах шийдвэр гарсан, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сул орон тоо гарснаас хойш ажлын таван өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах захиалгыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

25.3.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 30 хоногийн дотор зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид санал болгоно.

25.4.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага, мэргэжлийн нэгдсэн холбооны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулна.

25.5.Энэ хуулийн 25.3-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэнэ.

25.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нөөцөд байх хугацаа хоёр жил байна.

25.7.Энэ хуулийн 25.5-д заасан нөөцийн санд бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд санал болгож болно.

25.8.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон нэр дэвшигчийн нөөц сангийн журмыг Засгийн газар батална.

25.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэр дэвшигч тус бүрийн үнэлгээний оноо, нэр дэвшигчийн нөөцийн сангийн мэдээллийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна.

26 дугаар зүйл.Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт

Хэвлэх

26.1.Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар зохион байгуулна.

26.2.Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасныг баримтална.

27 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалтад оролцогчоос шаардах мэдээлэл

Хэвлэх

27.1.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.2-т заасан захиалга ирүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг өөрийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

27.2.Энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш 14 хоногийн дотор дараах мэдээллийг нотолсон баримт бичгийг бүрдүүлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газарт сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ хүргүүлсэн байна:

27.2.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, боловсролын байдлын талаарх баримт бичиг, холбоо барих мэдээлэл;

27.2.2.сүүлийн таван жилийн ажил эрхлэлт, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан мэдээллийг агуулсан ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

27.2.3.сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь дангаараа болон хамтран тав, түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компанийн хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тухайн компанийн сүүлийн таван жилд үйл ажиллагаа эрхэлсэн салбарын жагсаалт, санхүүгийн үзүүлэлт зэрэг мэдээлэл.

28 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох

Хэвлэх

28.1.Энэ хуулийн 25.3, 25.7-д заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангасан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилно.

28.2.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал болгоно.

28.3.Энэ хуулийн 28.1, 28.2-т заасны дагуу томилогдсон төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөр дуусгавар болно.

28.4.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд ажлын таван өдрийн дотор төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг санал болгоно.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн томилогдоогүйн улмаас төрийн болон орон нутгийн өмчит компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.

28.6.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, эсхүл томилуулахаар санал болгохдоо жендэрийн эрх тэгш байдал буюу төлөөлөн удирдах зөвлөл дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзана.

28.7.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилээс хэтрэхгүй байх бөгөөд нэг удаа хоёр жил хүртэл хугацаагаар улируулан томилж болно. Улируулан томилох тохиолдолд энэ хуулийн 42.1-д заасны дагуу тухайн гишүүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хангалттай гэж үнэлэгдсэн байна.

28.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалын байдлаар томилохгүй.

29 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг, хариуцлага

Хэвлэх

29.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй:

29.1.1.эрх, үүргээ компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх;

29.1.2.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн, эсхүл зайнаас оролцох, шийдвэр гаргахад саналаа өгөх;

29.1.3.шийдвэр гаргахад шаардагдах бүх мэдээлэлтэй танилцаж, үндэслэл бүхий шийдвэр гаргах;

29.1.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, компанийн хөрөнгө, компанийн талаарх мэдээ, мэдээлэл, бизнесийн нууцыг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

29.1.5.албаны чиг үүрэг нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний чиг үүргээс тусгаарлагдсан байх;

29.1.6.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь дангаараа, эсхүл хамтран тухайн компани, эсхүл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хувьцаа эзэмшигч болсон даруйд мэдэгдэх;

29.1.7.компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд үл хамаарах их хэмжээний хэлцэл хийх төлөвлөгөөг тухай бүр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэх;

29.1.8.Банкны тухай хуулийн[9] 31.4.3, 31.4.4, 31.4.5-д заасан болон компанийн дүрэмд заасан бусад.

29.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын ирц гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэй болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нийт гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.

29.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдахаас ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох материалыг хурал болсноос хойш нэг сараас дээшгүй хугацааны дотор хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.

29.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хууль, Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эсхүл гишүүн энэ тухай нотлох баримтын хамт бичгээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэл хүргүүлж, холбогдох арга хэмжээ авна.

29.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг компанийн дүрэмд тусгасан байна.

29.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний санал өгөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч доор дурдсанаас бусад тохиолдолд оролцож, удирдамж, чиглэл өгөхийг хориглоно:

29.6.1.ногдол ашгийн бодлогыг батлах, хэрэгжүүлэх;

29.6.2.төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэх.

29.7.Төрийн болон орон нутгийн өмчийн төлөөлөл нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ компанийн ашиг сонирхол, хуульд заасан үүрэг, хариуцлагыг тэргүүн ээлжид баримтлах бөгөөд энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн баримтлах эсэхийг бие даан шийдвэрлэнэ.

29.8.Төрийн болон орон нутгийн өмчийн төлөөлөл нь энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг баримталсан, эсхүл баримтлаагүй нь түүнийг Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

29.9.Энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч бүртгэж хадгална.

30 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшуулал

Хэвлэх

30.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн цалин, урамшуулалтай байна.

30.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах журмаар тогтооно:

30.2.1.нийтийн үйлчилгээний төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалтны цалингийн жишгийг харгалзан төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналаар;

30.2.2.энэ хуулийн 30.2.1-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг тухайн компанийн хөрөнгийн хэмжээ, ашигт ажиллагаа, зах зээл дэх хувийн хэвшлийн цалингийн жишгийг баримтлан төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх цалин, урамшууллын хорооны саналаар.

30.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээ адил байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь аудитын хороо болон төлөөлөн удирдах зөвлөлийн бусад хороонд ажилласан бол нэмэгдэл урамшуулал авч болно.

30.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хуульд заасан цалин, урамшууллаас бусад тусгайлсан хангамж эдлэхгүй.

30.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглоно.

30.6.Энэ хуулийн 29.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд урамшуулал олгохыг зогсоох, эсхүл үүргээ биелүүлээгүй, эсхүл хуралдаанд оролцоогүй тухайн хугацаанд хамаарах хувь хэмжээгээр урамшууллын хэмжээг бууруулна.

30.7.Энэ хуулийн 30.6-д заасны дагуу урамшуулал олгохыг зогсоох, эсхүл бууруулах арга хэмжээ нь урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс компанийн гүйцэтгэх удирдлагад хандан энэ тухай бичгээр гаргасан мэдэгдэлд үндэслэнэ.

30.8.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд урамшуулал олгох аргачлалыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

30.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн цалин, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.

31 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх

Хэвлэх

31.1.Төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөх, эсхүл чөлөөлөх санал гаргана:

31.1.1.энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон;

31.1.2.хууль, компанийн дүрэмд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, эсхүл ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн;

31.1.3.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

31.1.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;

31.1.5.эрх бүхий байгууллагаас тухайн албан тушаалыг эрхлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон;

31.1.6.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

31.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн энэ хуулийн 31.1.1, 31.1.2, 31.1.3, 31.1.4-т заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

32 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлага, түүнд нэр дэвшигчид тавих шаардлага

Хэвлэх

32.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

32.1.1.энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангасан байх;

32.1.2.бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү, аудит, эсхүл компанийн үйл ажиллагаанд хамаарах салбарын мэдлэг, туршлагатай байх;

32.1.3.өөрийн буруутай үйл ажиллагаанаас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, захирал, дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байх;

32.1.4.бусад компанид гүйцэтгэх удирдлагын албан тушаал давхар эрхэлдэггүй байх;

32.1.5.компанийн дүрэмд заасан бусад шаардлага.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч нь гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх зорилтот түвшний мэдэгдэл боловсруулж, сонгон шалгаруулах комисст хүргүүлнэ.

32.3.Энэ хуулийн 32.2-т заасан зорилтот түвшний мэдэгдэл дараах агуулгатай байна:

32.3.1.нээлттэй өгөгдөл, мэдээлэлд үндэслэсэн компанийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, бүрэн эрхийн хугацаанд хүргэхээр зорьж байгаа үр дүн, түүнтэй уялдсан урамшууллын хувилбар;

32.3.2.компанийн эрхэм зорилго, зорилт, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн хүлээлтийг хэрхэн төсөөлж байгаа болон түүнийг биелүүлэхэд хангалттай ажлын туршлага, ур чадвартай болохоо бататгасан тайлбар, нотолгоо;

32.3.3.компанийн үндсэн үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн зорилтот түвшинд хүргэн удирдах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээ, нөөц бололцоо, учирч болзошгүй эрсдэл, хязгаарлалтын талаар.

32.4.Компанийн гүйцэтгэх удирдлагыг хуульд заасан шаардлагыг хангасан хараат бус, мэргэжлийн багаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

33 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлагыг томилох

Хэвлэх

33.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагыг томилж, гурав хүртэлх жилийн хугацаатай даалгаврын гэрээ байгуулан ажиллуулна. Тухайн жилийн компанийн гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэх удирдлагын ажлын үнэлгээг үндэслэн гэрээг сунгана.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан гэрээнд гүйцэтгэх удирдлагын ажлын зорилт, санхүүгийн болон үйл ажиллагааны хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, цалин хөлс, урамшууллын хэмжээ, түүнийг олгох журам, эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага, түүний эрх хэмжээг түдгэлзүүлэх, чөлөөлөх үндэслэл, журам болон үйл ажиллагааны талаар тайлагнах хуваарийг тусгана.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан гэрээг байгуулахдаа үл өрсөлдөх, нууц хадгалах үүрэг хүлээлгэх гэрээний нэмэлт нөхцөлийг тусган хэрэгжүүлж болно.

34 дүгээр зүйл.Гүйцэтгэх удирдлагын үүрэг

Хэвлэх

34.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлага дараах үүрэгтэй:

34.1.1.компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, албаны чиг үүрэг, бүрэн эрхийг хууль, компанийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэх;

34.1.2.компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах;

34.1.3.төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;

34.1.4.компанийн талаарх мэдээ, мэдээлэл, байгууллагын болон бизнесийн нууц, хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй, эсхүл бусдад задруулахгүй байх;

34.1.5.аудитын хороо, дотоод аудитын нэгж, хөндлөнгийн аудитын хуулийн этгээдийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

34.1.6.компанийн санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авах;

34.1.7.санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд[10] заасан журмыг баримтлан бэлтгэж, ил тод тайлагнах;

34.1.8.хууль болон компанийн дүрэмд зааснаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх;

34.1.9.энэ хуулийн 48 дүгээр зүйлд заасан мэдээллийг компанийн цахим хуудсанд тухай бүр ил тод, нээлттэй байршуулах, эрх бүхий этгээдэд тайлагнах.

34.2.Гүйцэтгэх удирдлага хууль, компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга энэ тухай мэдэгдлийг нотлох баримтын хамт хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид бичгээр хүргүүлж, холбогдох арга хэмжээг авна.

35 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшуулал

Хэвлэх

35.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг энэ хуулийн 33.1-д заасан гэрээгээр тохиролцоно.

35.2.Компанийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдсэн бол гүйцэтгэх удирдлагад урамшуулал олгохоор гэрээнд зааж болно.

35.3.Гүйцэтгэх удирдлага гэрээнд зааснаас бусад чиг үүргийг хэрэгжүүлсэн боловч тухайн чиг үүрэгт тохирсон цалин хөлс, урамшуулал олгохоор гэрээнд заагаагүй бол аливаа цалин хөлс, урамшуулал олгохгүй.

35.4.Гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.

36 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх

Хэвлэх

36.1.Дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагыг ажлаас чөлөөлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална:

36.1.1.үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд компанийг хоёр жил дараалан алдагдал хүлээлгэсэн, эсхүл гэрээнд заасан санхүүгийн зорилтот үзүүлэлтийг хоёр жил дараалан хангаж чадахгүй болсон;

36.1.2.компанийн гүйцэтгэлийн үнэлгээ хоёр жил дараалан хангалтгүй гэж үнэлэгдсэн;

36.1.3.компани төлбөрийн чадваргүй болсон талаар төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдээгүй, дампуурлын хүсэлт гаргаагүй;

36.1.4.хууль болон компанийн дүрэм, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл ноцтой зөрчсөн;

36.1.5.компанийн санхүүгийн байдлын талаар худал мэдээлэл өгсөн;

36.1.6.төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан компанийн төсвийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;

36.1.7.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

36.1.8.энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон;

36.1.9.компанийн шинэ бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны стратеги бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, туршлага, чадвар хангалтгүй байх;

36.1.10.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;

36.1.11.эрх бүхий байгууллагаас тухайн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон;

36.1.12.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

36.1.13.санхүүгийн тайланд хийсэн аудитаар хоёр жил дараалан өөрчлөлттэй дүгнэлт авсан;

36.1.14.компанийн олж авсан хөрөнгийг компанийн өмчид бүртгээгүй, бүртгэлгүй ашигласан.

36.2.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 36.1-д заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

36.3.Гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг тухайн компанийн дүрэмд тусгасан байна.

36.4.Гүйцэтгэх удирдлагын ажлаас чөлөөлөгдсөн этгээд нь ажлаа бүрэн хүлээлцэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлнө.

36.5.Энэ хуулийн 36.1.1-д заасан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит нийтийн үйлчилгээний компани, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон төслийн санхүүжилттэй компанид хамаарахгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

КОМПАНИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

37 дугаар зүйл.Компанийн аудитын тогтолцоо

Хэвлэх

37.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн аудитын тогтолцоо нь төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хороо, дотоод аудитын нэгж, дотоод аудитор, хөндлөнгийн аудитаас бүрдэнэ.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан аудитын хорооны дарга нь санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна.

37.3.Аудитын хорооны үйл ажиллагааны журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална. Журамд аудитын хороо, дотоод аудитын нэгж, гүйцэтгэх удирдлага, хөндлөнгийн аудитын хуулийн этгээдийн хооронд мэдээлэл солилцох арга хэлбэр, бүтэц, зохион байгуулалтыг тусгана.

37.4.Төрийн болон орон нутгийн өмчийн компани жил бүрийн санхүүгийн тайлангаа баталгаажуулах, хараат бус мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргуулах зорилгоор санхүүгийн тайлангийн аудит хийлгэнэ.

37.5.Төрийн аудитын байгууллага тайлант жилийн улсын хөгжлийн бодлого, тухайн жилийн санхүүгийн төлөв байдал, урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийж, өмнөх оны гүйцэтгэсэн аудитын дүн, хүний нөөц, төсөв, санхүү бусад хүчин зүйлд үндэслэн санхүүгийн тайлангийн аудит хийх төрийн болон орон нутгийн өмчийн компанийг сонгон гүйцэтгэнэ.

37.6.Төрийн аудитын байгууллагаас энэ хуулийн 37.5-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компанийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдэд тавих тусгай шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.

37.7.Энэ хуулийн 37.6-д заасан хөндлөнгийн аудит хийх хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд[11] заасан журмын дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулна.

37.8.Энэ хуулийн 7.1-д заасан өмчлөлийн бодлогод нийцүүлэн тухайн жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр санхүүгийн аудит хийлгэх төрийн өмчит компанийн жагсаалт болон аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно.

37.9.Төрийн болон орон нутгийн өмчийн компани нь тухайн жилийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр дараах нөхцөлийг хангасан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд дотоод аудитын нэгжтэй байна:

37.9.1.нийт ашгийн хэмжээ нь 200 сая төгрөгөөс дээш байх;

37.9.2.борлуулалтын орлогын хэмжээ хоёр тэрбум төгрөгөөс дээш байх.

37.10.Энэ хуулийн 37.9-д заасан нөхцөлөөс доош үзүүлэлттэй төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл дотоод аудитын нэгжтэй байх нь эдийн засгийн хувьд оновчтой гэж дүгнэсэн тохиолдолд энэ тухай шийдвэр гаргаж болно.

37.11.Дотоод аудитын нэгж нь компанийн үйл ажиллагааны цар хүрээ, эдийн засгийн үр ашгаас хамааран төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тооны дотоод аудитороос бүрдэнэ.

37.12.Дотоод аудитын нэгж нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны журмын дагуу компанийн үйл ажиллагаанд ээлжит болон ээлжит бус дотоод аудит хийж, дүгнэлт гаргах ба дүгнэлтээ гүйцэтгэх удирдлагад танилцуулж, төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх аудитын хороонд тайлагнана.

37.13.Дотоод аудитын нэгжийн чиг үүрэг, аудиторын эрх, үүрэг, аудитыг зохион байгуулах хэлбэр, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүгнэлт, зөвлөмж гаргахтай холбогдсон харилцааг хуульд нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хороо болон дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны журмаар тогтооно.

37.14.Энэ хуулийн 37.9-д заасан нөхцөлөөс доош үзүүлэлттэй төрийн болон орон нутгийн өмчийн компани нь дотоод аудитын нэгж байгуулахгүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн харьяанд дотоод аудитор ажиллуулна.

37.15.Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын үйл ажиллагааг хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

38 дугаар зүйл.Компанийн дотоод аудитын чиг үүрэг

Хэвлэх

38.1.Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод аудитын нэгж, дотоод аудитор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.1.1.компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэл холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцэж байгаа эсэх, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;

38.1.2.компанийн эрхэм зорилго, бизнес төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага, засаглалын үйл ажиллагааг үнэлэх, сайжруулах замаар компанийг зорилтоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

38.1.3.компанийн бүх нэгжийн үйл ажиллагаанд ээлжит болон ээлжит бус шалгалт хийж, дүгнэлт гаргах ба дүгнэлтээ төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад танилцуулах;

38.1.4.компанийн засаглал болон үйл ажиллагаа холбогдох хууль, дүрэм, журамд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

38.1.5.компанийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал, цаг хугацаандаа, үнэн зөв, бүрэн тайлагнаж байгаа эсэхэд хяналт тавих;

38.1.6.төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

38.1.7.компанийн төсөв, хөрөнгө, нөөцийн ашиглалт, зарцуулалт хэмнэлттэй, үр ашигтай, үр өгөөжтэй байгаа эсэхэд аудит хийж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

38.1.8.компанийн дүрэм болон компанийн дотоод аудитын дүрэмд заасан бусад.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ, ТҮҮНИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ

39 дүгээр зүйл.Компанийн бизнес төлөвлөгөө, түүний гүйцэтгэл

Хэвлэх

39.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулснаас хойш нэг сарын дотор энэ хуулийн 33.1-д заасан хугацаанд хэрэгжүүлэх компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлд батлуулахаар хүргүүлнэ.

39.2.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн хянаж, баталсан бизнес төлөвлөгөөг төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.

39.3.Гүйцэтгэх удирдлага компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан болон гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан компанийн бизнес төлөвлөгөөнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах болон компанийн тогтвортой хөгжлийн бодлогын арга хэмжээг тусган хэрэгжүүлнэ.

40 дүгээр зүйл.Компанийн гүйцэтгэлийн үнэлгээ

Хэвлэх

40.1.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан болон гүйцэтгэх удирдлагын гэрээний хэрэгжилтийн тайланд үндэслэн жил бүр төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэлийг үнэлнэ.

40.2.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 40.1-д заасны дагуу компанийн гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг ирүүлэхийг компанийн удирдлагаас шаардах эрхтэй.

40.3.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэлийг үнэлэх шалгуур, аргачлал, үнэлгээний журмыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар батална.

40.4.Арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчийн компанийн энэ хуулийн 40.3-т заасан гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурт дараах асуудлыг хамааруулна:

40.4.1.компанийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин;

40.4.2.компанийн бүтэц, зохион байгуулалт, засаглал, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн зохистой менежмент;

40.4.3.санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт;

40.4.4.гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо;

40.4.5.борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн ашиглалт, өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалын зорилтот түвшин;

40.4.6.мэдээллийн ил тод байдал.

40.5.Нийтийн үйлчилгээний компанийн энэ хуулийн 40.3-т заасан гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурт дараах асуудлыг хамааруулна:

40.5.1.компанийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин болон нийтийн үйлчилгээний үүргийн биелэлт;

40.5.2.компанийн бүтэц, зохион байгуулалт, засаглал, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн зохистой менежмент;

40.5.3.санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт, төсөв, татаасын ашиглалт, нэгж үйлчилгээний өртөг, зардлын үр ашиг;

40.5.4.үйлчилгээний чанар, хүртээмж;

40.5.5.ашиглаж байгаа үндсэн хөрөнгө, дэд бүтцийн найдвартай ажиллагаа;

40.5.6.мэдээллийн ил тод байдал.

40.6.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээг жил бүрийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж, үнэлгээний тайланг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

40.7.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 40.4, 40.5-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэлийн үнэлгээний тайланг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

40.8.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй үнэлэгдсэн бол хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар гүйцэтгэх удирдлагыг чөлөөлүүлэхээр төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргах эрхтэй.

40.9.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар нь аудитор болон компанийн бусад эрх бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол албан тушаалаас чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй.

40.10.Энэ хуулийн 36.5-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компани үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд 2 жил дараалан санхүүгийн зорилтот үр дүнд хүрээгүй бол өөрчлөн байгуулах, татан буулгах, эсхүл хувьцааг шилжүүлэх, худалдах арга хэмжээг авна.

40.11.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр нийтийн ашиг сонирхлын зорилгоор үнэ, тарифыг өртгөөс доогуур тогтоосон, эсхүл нийтийн үйлчилгээний үүргийн хүрээнд компанид нэмэлт санхүүгийн үүрэг хүлээлгэснээс үүссэн орлогын зөрүү, алдагдлыг компанийн үйл ажиллагааны үр ашиггүй байдалд тооцохгүй бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээнд нотлох баримтад үндэслэн залруулж тусгана.

40.12.Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 40.3-т заасан журамд нийцүүлэн компанийн тэнцвэржүүлсэн гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина. Уг аргачлалд энэ хуулийн 40.4, 40.5-д заасан болон тухайн компанийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн бусад үзүүлэлтийг уялдуулан үнэлэх, тайлагнах, бизнес төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох зохицуулалтыг тусгана.

Тайлбар:- Энэ хуулийн "Тэнцвэржүүлсэн гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал" гэж төрийн болон орон нутгийн өмчит компанийн стратеги, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг санхүүгийн үр дүн, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны үр ашиг, байгууллагын чадавх, хүний нөөцийн хөгжлийн үзүүлэлтээр тэнцвэртэй хэмжиж, үнэлэх, тайлагнах арга зүйн зохицуулалтыг ойлгоно.

41 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө, түүний гүйцэтгэл

Хэвлэх

41.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн бизнес төлөвлөгөө батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор бизнес төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.

41.2.Энэ хуулийн 41.1-д заасан төлөвлөгөөний хувийг төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн компанийн хувьд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газарт хүргүүлнэ.

41.3.Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 41.1-д заасан төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг жил бүр гаргаж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид дараа оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

42 дугаар зүйл.Ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээ

Хэвлэх

42.1.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон гишүүний ажлын гүйцэтгэлийг үнэлнэ.

42.2.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон гишүүний ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээллийг ирүүлэхийг шаардах эрхтэй.

42.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон гишүүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ

НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХ, ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ШИЛЖҮҮЛЭХ, КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

43 дугаар зүйл.Энгийн хувьцаа нэмж гаргах, арилжих

Хэвлэх

43.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани энэ хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн энгийн хувьцаа нэмж гаргаж, дараах хэлбэрээр үнэт цаасны зах зээлд санал болгож хөрөнгө оруулалт татаж болно:

43.1.1.хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгох;

43.1.2.хуульд заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгүүлэн санал болгох;

43.1.3.хуульд заасан бусад хэлбэрээр дотоодын болон гадаадын үнэт цаасны зах зээлд санал болгох.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан шийдвэрийг төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

43.3.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:

43.3.1.компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, өрсөлдөх чадвар, санхүүгийн чадавх, тогтвортой байдлыг дээшлүүлэх;

43.3.2.компанийн засаглал, ил тод байдал, хяналтыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах;

43.3.3.Монгол Улсын иргэн, Үндэсний баялгийн сан, тэтгэврийн сан болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх;

43.3.4.газрын хэвлийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүртээмжтэй, ил тод, зах зээлийн зарчмаар хүргэх;

43.3.5.төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэх.

43.4.Энэ хуулийн 43.3.1-43.3.5-д заасан зорилго болон 43.6.2-т заасан зарчмыг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийн энгийн хувьцааг нийтэд санал болгохдоо хөрөнгө оруулагчийн төрлийг дараах байдлаар дангаар болон хослуулан тогтоож болно:

43.4.1.Монгол Улсын иргэн;

43.4.2.мэргэжлийн хөрөнгө оруулагч;

43.4.3.стратегийн хөрөнгө оруулагч;

43.4.4.бусад хөрөнгө оруулагч.

43.5.Энэ хуулийн 43.4-т заасны дагуу хөрөнгө оруулагчдын төрөл, захиалгын доод болон дээд хэмжээ, хуваарилалтын аргачлал, төвлөрлөөс сэргийлэх арга хэмжээ болон шаардлагатай тохиолдолд нэг этгээдийн эзэмших дээд хэмжээг төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэргэжлийн оролцогчдын санал, дүгнэлтийг үндэслэн тогтооно. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд мэргэжлийн оролцогчдын санал, дүгнэлтийг үндэслэн Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

43.6.Төрийн өмчит компанийн энгийн хувьцааг нийтэд санал болгоход дараах зарчмыг баримтална:

43.6.1.шударга, ил тод оролцох боломж олгох;

43.6.2.дангаар болон холбогдох этгээдэд хувьцаа эзэмшлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх;

43.6.3.хувьцааны үнэ, үнэлгээ, эрсдэл, ногдол ашиг, саналын эрх, хязгаарлалт, захиалгын нөхцөлийг нийтэд хүртээмжтэй мэдээлэх;

43.6.4.захиалга давсан тохиолдолд хувьцааг урьдчилан зарласан журмын дагуу хуваарилах;

43.6.5.Монгол Улсын иргэний хувьцааг богино хугацаанд төвлөрүүлэн худалдан авах, дамжуулан худалдах, зах зээлийг урвуулан ашиглах эрсдэлээс сэргийлэх зохицуулалт тогтоох;

43.6.6.Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бусад энгийн хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хуульд өөрөөр заагаагүй бол хангах.

43.7.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааг дараах хэлбэрээр арилжиж, худалдаж болно:

43.7.1.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд төрийн болон орон нутгийн эзэмшлийн энгийн хувьцааг хоёрдогч зах зээл дээр арилжих;

43.7.2.дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт, хэлэлцээрийн аргаар стратегийн хөрөнгө оруулагчид худалдах;

43.7.3.өөр төрлийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр солих;

43.7.4.хуульд заасан бусад.

43.8.Энэ хуулийн 43.7-д заасны дагуу төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг арилжих, худалдах шийдвэрийг Засгийн газар, орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцааг арилжих, худалдах шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хувьцаа эзэмшигчийн хувиар гаргана.

43.9.Энэ хуулийн 8.1.2-т заасан төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, арилжих шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.

43.10.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ур чадвартай ажилтныг тогтвортой ажиллуулах, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн ажилтнуудад опцион эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж болно.

43.11.Энэ хуулийн 43.10-т заасан хөтөлбөрийн нөхцөл, эзэмшлийн дээд хэмжээ, шилжүүлэх хязгаарлалт, хэрэгжүүлэх хугацаа, шалгуур үзүүлэлтийг төлөөлөн удирдах зөвлөлийн саналын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал Засгийн газрын зөвшөөрлийг үндэслэн батална.

44 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг өөрчлөн байгуулах

Хэвлэх

44.1.Төрийн өмчийн компанийг Засгийн газрын шийдвэрээр, төрийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.

44.2.Орон нутгийн өмчийн компанийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр, орон нутгийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.

44.3.Энэ хуулийн 44.1, 44.2-т заасан байгууллагын шийдвэргүйгээр төрийн болон орон нутгийн өмчийн компанийг өөрчлөн байгуулахыг хориглоно.

44.4.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулахад энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

45 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгах

Хэвлэх

45.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгахад энэ хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.

45.2.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгах ажлыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс томилсон татан буулгах комисс эрхлэн гүйцэтгэнэ.

45.3.Төрийн өмчийн компанийн эд хөрөнгийн тооллого хийж, дуусгалтын тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг хэсэгчлэн шилжүүлэх, эсхүл дуудлага худалдаагаар худалдах ажлыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

45.4.Орон нутгийн өмчийн компанийн эд хөрөнгийн тооллого хийж, дуусгалтын тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг хэсэгчлэн шилжүүлэх, эсхүл дуудлага худалдаагаар худалдах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн орон нутгийн өмчийн газар эрхлэн гүйцэтгэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

46 дугаар зүйл.Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан

Хэвлэх

46.1.Төрийн болон орон нутгийн өмчийн компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргаж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

46.2.Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

46.3.Энэ хуулийн 46.1-д заасан үйл ажиллагааны тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

46.3.1.санхүүгийн болон санхүүгийн бус зорилтын хэрэгжилт, батлагдсан ногдол ашгийн бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтын нийцэл;

46.3.2.бизнесийн стратегийн бодлого, зах зээлийн дүн шинжилгээ;

46.3.3.дотоод болон гадаад зах зээлийн эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө;

46.3.4.бизнесийн хэтийн төлөвийг ойлгоход чухал ач холбогдолтой санхүүгийн бус эрсдэл, тодорхой бус хүчин зүйлсийн тайлбар;

46.3.5.санхүүгийн жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, худалдан авалт, онцлох үйл явдал;

46.3.6.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, цалин хөлс, урамшууллын мэдээлэл;

46.3.7.компанийн тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын тайлан, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дүн;

46.3.8.хүний нөөц, ажиллах хүч, байгууллагын бүтэц.

46.4.Энэ хуулийн 46.3-т заасан үйл ажиллагааны тайланд төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хэрхэн чиглүүлсэн, удирдан зохицуулсан, хянаж нийцүүлсэн талаарх тайлан, гүйцэтгэх удирдлагын болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хүлээн авсан цалин хөлс, урамшууллын хэмжээний талаарх мэдээллийг хавсаргана.

46.5.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газарт энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан өмчлөлийн бодлогын хэрэгжилтийн тайланг жил бүр хүргүүлнэ. Илтгэл бэлтгэх загварыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

46.6.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлд заасан тайлан, илтгэлийг нэгтгэн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн эзэмшиж байгаа хувьцааг шилжүүлэх үр дүнтэй хувилбарын талаарх нэгдсэн тайлан бэлтгэж, саналын хамт Засгийн газарт танилцуулна.

46.7.Энэ хуулийн 46.6-д заасан нэгдсэн тайлан, саналыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд олон нийтэд ил тод, нээлттэй байршуулна.

47 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн нөөц сан

Хэвлэх

47.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 10 хувь хүртэл хэмжээний хөрөнгийг ногдол ашиг хуваарилахаас өмнө компанийн нөөц сан байгуулан төвлөрүүлж болно.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан нөөц сан байгуулах, сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргана.

47.3.Энэ хуулийн 47.1-д заасан нөөц сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

47.3.1.компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэх, технологийг шинэчлэх;

47.3.2.давагдашгүй хүчин зүйл, зах зээлийн гэнэтийн өөрчлөлт болон бусад урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулах.

47.4.Энэ хуулийн 47.1-д заасан нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувиас хэтэрсэн тохиолдолд компани нөөц санд хөрөнгө төвлөрүүлэхгүй байж болно.

48 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдал

Хэвлэх

48.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани Шилэн дансны тухай хуулийн[12] 6.1, 6.4, 6.8 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн[13] 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд, мөн тэдгээрт өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ:

48.1.1.компанийн төсөв, бизнес төлөвлөгөө;

48.1.2.компанийн зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ, өөрийн хөрөнгийн хэмжээ, биет, биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл;

48.1.3.компанийн сүүлийн таван жилд хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан;

48.1.4.компанийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны төлөвлөгөө;

48.1.5.компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл;

48.1.6.компанийн гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гэрээ, түүний гүйцэтгэлийг дүгнэсэн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын гэрээг сунгах эсэх тухай гаргасан шийдвэр;

48.1.7.компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэрэг маргаан, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл;

48.1.8.компанийн дүрэм, компанийн үйл ажиллагааны болон засаглалын дотоод журам;

48.1.9.тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, хэрэгжилтийн явц болон хэрэгжүүлж дууссан төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл;

48.1.10.бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын болон нийлүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, хэрэгжилтийн явц;

48.1.11.Төрийн болон албаны нууцын тухай хууль[14], Байгууллагын нууцын тухай хуульд[15] заасан нууц болон холбогдох бусад хуульд заасан хаалттай, хязгаарлалттай мэдээлэл агуулаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;

48.1.12.байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт;

48.1.13.тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж;

48.1.14.төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан дэмжлэг, татаас, хандив, тусламж.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан мэдээлэлд хяналт шалгалт хийх зорилгоор холбогдох баримт бичгийг хуулбарлахыг зөвшөөрнө.

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

49 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

49.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

49.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[16], эсхүл Зөрчлийн тухай хуульд[17] заасан хариуцлага хүлээлгэнэ.

50 дугаар зүйл.Дагаж мөрдөх журмын зохицуулалт

Хэвлэх

50.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд компани, эсхүл нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах арга хэмжээ авна.

50.2.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу өөрчлөн байгуулагдах компанийн дүрмийг Засгийн газрын шийдвэрээр тогтоосон тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч батална.

50.3.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг энэ хуулийн 8.2-т заасан үндэслэлд нийцүүлэх арга хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна.

50.4.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг 2028 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

50.5.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдсан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит компанид энэ хуулийн 8.2-т заасан зөвшөөрөл хамаарахгүй.

50.6.Энэ хуулийн 50.1-д заасан үйлдвэрийн газарт эмнэлэг, сургууль, цэцэрлэг хамаарахгүй.

51 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

51.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ