- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 06 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын дэмжлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн хууль тогтоомж
2.1.Хөдөө аж ахуйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, Органик бүтэгдэхүүний тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."агро-ойн аж ахуй" гэж ойжуулалтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй зориудаар хослуулсан, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн ашиг тустай аж ахуйн зохион байгуулалтыг;
4.1.2."бэлчээрийн мал аж ахуй" гэж мал сүргийг бэлчээрт жилийн туршид улирлын хуваарьтайгаар идээшлүүлэн маллаж, ашиг шимийг нь хүртдэг, нүүдлийн өв соёлыг хадгалсан уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг;
4.1.3."мал аж ахуйн үйлдвэрлэл" гэж мал, амьтныг өсгөн үржүүлж, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагааг;
4.1.4."тариалангийн үйлдвэрлэл" гэж Тариалангийн тухай хуулийн 16.1-д заасныг;
4.1.5."тогтвортой хөдөө аж ахуй" гэж хүн, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, эдийн засгийн өгөөжтэй, урт хугацаанд үргэлжлэх, бүтээмжтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг;
4.1.6."хөдөө аж ахуйн аялал жуулчлал" гэж мал аж ахуй, газар тариалан, уламжлалт нүүдлийн ахуйн хэв маяг, үндэсний соёл, өв уламжлалыг хадгалах, сурталчлан таниулах аялал жуулчлалын төрлийг;
4.1.7."хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн" гэж хүнсний болон аж үйлдвэрийн зориулалтаар ургамал, мал, тэжээвэр амьтны аж ахуйгаас үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг;
4.1.8."хөдөө аж ахуйн үйлдвэрлэл" гэж хөдөө аж ахуйн газарт байгалийн болон биологийн нөөцөд тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл дагнан, эсхүл хослуулан эрхлэх үйл ажиллагааг;
4.1.9."хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээ" гэж хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах, тээвэрлэх, борлуулах цогц үйл ажиллагааг;
4.1.10."хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч" гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагааг эрхэлж, эдийн засгийн өгөөж хүртэж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.11."эрчимжсэн мал аж ахуй" гэж Тариалангийн тухай хуулийн 3.1.7-д заасныг.
5 дугаар зүйл.Төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын зарчим
5.1.Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тэнцвэрийг хадгалахад чиглэнэ.
5.2.Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.2.1.үндэсний үнэт зүйл, нүүдлийн соёл, өв уламжлалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх;
5.2.2.хүн, байгаль орчинд ээлтэй, ногоон, био эдийн засгийн хөгжлийг дэмжих;
5.2.3.уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
5.2.4.шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
5.2.5.нөөцийг үр ашигтай ашиглах, орон нутгийн хөгжлийг дэмжих;
5.2.6.бүтээмж, эдийн засгийн өгөөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах;
5.2.7.түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих;
5.2.8.хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах;
5.2.9.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог хангах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
6 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөл
6.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дараах ангилалтай байна:
6.1.1.мал аж ахуй;
6.1.2.газар тариалан;
6.1.3.хадлан, тэжээл үйлдвэрлэл;
6.1.4.агро-ойн аж ахуй;
6.1.5.хөдөө аж ахуйн аялал жуулчлал.
6.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл нь үйл ажиллагааны онцлогоос хамаарч дараах төрөлтэй байна:
6.2.1.бэлчээрийн мал аж ахуй;
6.2.2.эрчимжсэн мал аж ахуй;
6.2.3.бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй хосолсон;
6.2.4.ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн мал аж ахуй.
6.3.Газар тариалангийн үйлдвэрлэл нь Тариалангийн тухай хуулийн 16.2-т заасан төрөлтэй байна.
6.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасан үйлдвэрлэлийг хослуулан эрхэлж болно.
7 дугаар зүйл.Хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх
7.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын[15] хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц, зах зээлийн эрэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
7.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, хамгаалагдсан хөрсний тариалан, үржлийн аж ахуй, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг тусгайлан хамааруулна.
7.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх асуудлыг тодорхойлж, орон нутгийн хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.
7.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хоршоо, кластерын зохион байгуулалтаар болон хөдөө аж ахуйн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр төрөлжүүлэн хөгжүүлж болно.
8 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо
8.1.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрүүлэх, хадгалах, чанарын хамгаалалт хийх, худалдан борлуулах төвийг аймаг, суманд байгуулна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төвийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
8.3.Энэ хуулийн 8.1-д заасан төвд нийлүүлж, худалдан борлуулж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл нь хөдөө аж ахуйн биржийн болон энэ хуулийн 10.1-д заасан цахим сантай холбогдсон байна.
8.4.Энэ хуулийн 8.1-д заасан төв нь түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах, холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын дагуу чанараар ангилах, шаардлагатай анхан шатны тордолт хийх, багцлах, савлах, шошголох, хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
8.5.Энэ хуулийн 8.1-д заасан төвийг байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг улсын болон аймаг, сумын төсөв, хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний
9.1.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг холбогдох стандартын дагуу үнэлж, баталгаажуулна.
9.2.Аймаг нь хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжлэн судлах зориулалтын тоног төхөөрөмж, мэргэшсэн шинжээч бүхий лабораторитой байна.
9.3.Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний эрүүл ахуй, чанарын шинжилгээг холбогдох хуулиар зохицуулна.
10 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээний чанарын үнэлгээ, баталгаажуулалт, бүртгэл, мэдээлэл
10.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний бүтээгдэхүүний, зөвшөөрлийн, мал аж ахуй, газар тариалангийн, малын генетик нөөц, мал, амьтан, ургамлын эрүүл мэндийн, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн, дотоодын болон олон улсын худалдаа, үйлчилгээний цахим сан /цаашид "цахим сан" гэх/-тай байна.
11 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээнд оролцогчийн эрх, үүрэг
11.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээнд оролцогч дараах эрх, үүрэгтэй:
11.1.1.үйлдвэрлэлээ өргөтгөх, хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор төсөл боловсруулж, зээл, санхүүгийн дэмжлэг авах;
11.1.2.шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, ашиглах, зөвлөн туслах үйлчилгээ авах;
11.1.3.үйлдвэрлэлийн сүлжээний өөрт хамаарах үе шатанд зохистой дадал нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах;
11.1.4.холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангах;
11.1.5.үйлдвэрлэсэн, бэлтгэн нийлүүлсэн, боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуй, чанарын баталгааг хариуцах;
11.1.6.үйлдвэрлэсэн, бэлтгэн нийлүүлсэн, боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээг бүртгэл, мэдээллийн холбогдох дэд санд мэдээлэх;
11.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
тогтвортой Хөдөө аж ахуй
12 дугаар зүйл.Тогтвортой хөдөө аж ахуйн төлөвлөлт
12.1.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байна.
12.2.Хөдөө аж ахуйн Хөгжлийн зорилтот хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:
12.2.1.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх;
12.2.2.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардагдах мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээг мэргэжил, мэргэшлийн түвшнээр тодорхойлж, хангах арга хэмжээ;
12.2.3.дотоодын хүнсний хангамж, экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт;
12.2.4.түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт;
12.2.5.хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын зах зээлийг судалж, экспортын голлох бүтээгдэхүүн тус бүрээр бодлого, стратеги;
12.2.6.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ашигтай эрхлэх зах зээлийн болон нийгмийн таатай орчин бүрдүүлэлт.
12.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд[16] нийцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангана.
12.4.Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрт энэ хуулийн 12.1-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгана.
13 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газар
13.1.Төрөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх баталгааг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газрыг ашиглах, эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
13.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах уст цэг, худгийн хоорондох зайг усны нөөц, уст цэгийн хайгуулын дүн, бүс нутгийн газар зүйн онцлогт үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
13.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны нөөц, уст цэгийн хайгуул, судалгаа хийх, хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг Усны тухай хуулиар[17] зохицуулна.
13.4.Хөдөө аж ахуйн газрын ангиллыг өөрчлөх, ангилал шилжүүлэхэд Газрын тухай хуулийн[18] 23.2.9-д заасныг баримтлах бөгөөд улсын хөгжлийн бодлогын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн газрыг нэгдмэл сангийн өөр ангилалд шилжүүлэхгүй.
14 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлт
14.1.Хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлтийн тогтолцоо нь дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, зах зээлд гаргах, энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрт тусгасан судалгаа, хөгжүүлэлтийг гүйцэтгэхэд чиглэнэ.
14.2.Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны үр дүнг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
15 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх
15.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлнэ.
15.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг дараах ангиллын дагуу үнэлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
15.2.1.байгаль орчны;
15.2.2.эдийн засгийн;
15.2.3.нийгмийн.
15.3.Энэ хуулийн 15.2.1-д заасан нөлөөллийн эрсдэлд бэлчээрийн болон тариалангийн газрын доройтол, усны хомсдол, генетик нөөцийн төлөв, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалт, хог хаягдлын менежмент хамаарна.
15.4.Энэ хуулийн 15.2.2-т заасан нөлөөллийн эрсдэлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, бүтээмж, өрсөлдөх чадвар, эдийн засгийн өгөөж, түүхий эд, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, санхүүжилтийн хүртээмж, төрийн дэмжлэгийн үр дүн хамаарна.
15.5.Энэ хуулийн 15.2.3-т заасан нөлөөллийн эрсдэлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн тогтвортой ажлын байр, ажиллах орчны аюулгүй байдал, нийгмийн баталгааны өөрчлөлтөд дасан зохицох чадамж хамаарна.
15.6.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг Засгийн газар, бүх шатны Засаг дарга авч, хэрэгжүүлж ажиллана.
16 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн даатгал
16.1.Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, эрсдэл, түүний нөлөөллийг бууруулах зорилгоор хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог хөгжүүлнэ.
16.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн даатгал олон төрлийн багцтай байж болно.
16.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь үйл ажиллагааны төрөлжилт, онцлогоос хамаарч даатгалын нэр төрөл, багцыг сонгон хэрэглэнэ.
16.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн даатгалтай холбогдох харилцааг хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хөдөө аж ахуйн ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ
17 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг
17.1.Төрөөс хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох болон экспортын баримжаатай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд дараах дэмжлэг үзүүлж болно:
17.1.1.шууд болон шууд бус татаас;
17.1.2.тарифын болон тарифын бус зохицуулалт;
17.1.3.хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлт;
17.1.4.хуульд заасан бусад дэмжлэг.
17.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг үзүүлэх үйлдвэрлэлийн сүлжээний оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:
17.2.1.зохистой дадал нэвтрүүлсэн, баталгаажуулсан байх;
17.2.2.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан, баталгаажуулсан байх;
17.2.3.чанараас хамаарсан үнийн тогтолцоог нэвтрүүлсэн байх;
17.2.4.үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлсэн байх;
17.2.5.импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл байх;
17.2.6.нэмүү өртөг шингээсэн байх.
17.3.Энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход мэргэжлийн холбоодын оролцоог хангана.
ТАВДУГААР БҮЛЭГ
Хөдөө аж ахуйн САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
18 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага, зохицуулалт
18.1.Хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлого нь төвлөрсөн байх бөгөөд улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг болон бусад харьяа байгууллагаас бүрдэнэ.
18.2.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд мал, таримал ургамлын генетик нөөц, ургамлын болон мал, амьтны эрүүл мэнд, генийн сан, малын эм үйлдвэрлэл, лаборатори, аймаг дундын отрын бэлчээр, шинжлэх ухаан, инновац, судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт хариуцсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус тус ажиллана.
18.3.Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөдөө аж ахуйн тасгийн бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.4.Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан байгууллага нь энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
20.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх