A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 52

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:

1/Малчны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдааг хангах талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Малчны тухай хуульд заасан батлагдаагүй дүрэм, журам, аргачлал, төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

3/малчдын хөдөлмөрийн үнэлэмж, орлогын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, чанарт суурилсан бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

4/Малчны тухай хуульд заасан малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих талаар салбар дундын нэгдсэн арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх;

6/орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх, ипотекийн шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо барьцаа хөрөнгийн болон орлогын тогтворгүй байдлыг харгалзан малчдын онцлогт тохирсон зохицуулалтыг бий болгох;

7/мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний зах зээлийн ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;

8/малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зээлийн хөнгөлөлт үзүүлэх аргачлал боловсруулах талаар Монголбанктай хамтран шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

9/малчдын залгамж халааг бэлтгэхтэй холбогдуулан мал аж ахуйн чиглэлээр суралцагчийн тоог мэргэжлийн чиглэл, индекс, босго онооны хүрээнд судалж, нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

10/Малчны хөгжлийн сангийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх;

11/хууль хэрэгжүүлэх хүрээнд баталсан захиргааны хэм хэмжээний акт хуульд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, хуулиар олгоогүй нэмэлт шаардлага тогтоосон, иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарласан зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээг авах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Их Хурлын 2027 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /М.Мандхай/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ