- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнгээс үзэхэд улсын архивыг зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, архивын баримтын эрэл, хайлтын системийг боловсронгуй болгох, албан хэрэг хөтлөлтийг зохих заавар, стандартын дагуу явуулах, байгууллагын архивыг үндсэн үүргийнх нь дагуу ажиллуулах архив, бичиг хэргийн ажилтнуудын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын үзлэгийн мөрөөр авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг 1996 оны 12 дугаар сард Хууль зүйн яаманд ирүүлэхийг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
3.Аймгийн улсын архивуудыг зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Шинжлэх ухааны академийн архивыг улсын төрөлжсөн архивын жагсаалтаас хасаж, түүний сан хөмрөгийн холбогдох баримтыг Шинжлэх ухаан, техникийн баримтын төв архив, Улсын түүхийн төв архив, Кино, гэрэл зураг, дуу авиа, бичлэгийн баримтын төв архивт тус тус шилжүүлэх арга хэмжээ авахыг хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгасугай.
5.Төрийн захиргааны болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны хүрээ, онцлог, баримт бичгийн эргэлтийн хэмжээг харгалзан архивуудын зэрэглэл, ажилтны орон тоог тогтоох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/-д даалгасугай.
6.Улсын архивын хэрэг эрхлэх газар, Кино, гэрэл зураг, дуу авиа, бичлэгийн баримтын төв архивын байрны дулааны шугам сүлжээнд их засвар хийх, Улсын түүхийн төв архив, Кино, гэрэл зураг, дуу авиа, бичлэгийн баримтын төв архив, Шинжлэх ухаан, техникийн баримтын төв архивын байрыг цэрэгжүүлсэн харуул хамгаалалттай болгох асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д тус тус даалгасугай.
7.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн "Архивын ажлыг сайжруулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" 1984 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан "БНМАУ-ын архивын сан хөмрөгийн дүрэм"-ийн 2 дугаар хавсралтын 1 дүгээр заалт, "Дүрэм батлах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 295 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
