- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАН ШАТНЫ АНГИЙН БОЛОН ДОТУ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАН ШАТНЫ АНГИЙН БОЛОН ДОТУУР БАЙРНЫ НЭГ ХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 182
Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэлийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн байршил, онцлогийг харгалзан нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг цэцэрлэг, сургууль бүрээр ялгавартай тогтоож байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Жилийн хоолны зардлын хэмжээг цэцэрлэгийн нэг хүүхдэд 36000 төгрөг, дотуур байранд амьдрах ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны (8 дугаар анги төгсөөд элссэн) ангийн нэг сурагчид 110950 төгрөг байхаар тус тус тогтоож улсын төсвөөс санхүүжүүлж байсугай.
4. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн болон сурагчдын дотуур байрын цахилгаан, дулаан, ус, тээврийн зардлыг тухайн цэцэрлэг, сургуулийн байршил, хэв шинжийг харгалзан орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байсугай.
5. Батлагдсан хувьсах зардлын хэмжээг үндэслэн цэцэрлэг, сургуулийн төсвийн төлөвлөгөөг боловсруулж байхыг төсвийн эрх захирагч нарт даалгасугай.
6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн заавар, журмаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар тогтоол, "Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолын 1, З дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
