A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АХМАДУУД БОЛОН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд то
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АХМАДУУД БОЛОН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 145

Монгол улсын Засгийн газраас ТОГТООХнь:

1.Нийслэл, Дархан, Эрдэнэт, Чойр хот, аймгийн төвд амьдарч байгаа ахмадууд (55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд), тахир дутуугийн I, П зэрэг тогтоолгосон иргэдэд зориулан мах, гурил, талхаар үйлчлэх тусгай тасгийг хүнсний барааны зарим дэлгүүрт нээн ажиллуулах, тэдгээр хүнсний барааг тогтоосон хэмжээгээр хуваарилан олгуулах, хангамжийг баталгаажуулах арга хэмжээ авахыг нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

2.Өрх (ам бүл)-ийн дотор тэтгэвэр, тэтгэмжийн орлогоос өөр амьдралын эх үүсвэргүй,орлого олдог хууль ёсны асран тэтгэх хүнгүй ахмадууд (55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд), тахир дутуугийн I, П зэрэг тогтоолгосон иргэдэд энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан дэлгүүрийн тусгай тасгаас худалдан авсан 2,7 кг мах, 4 кг гурил, 10 ширхэг талхны үнийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нөхвөрийг 1993 оны 10 дугаар сарын 1-нээс энэ оныг дуустал хугацаанд амьдрал ядуу, бага орлоготой өрх, иргэдэд туслах сангаас гаргаж аймаг, нийслэлийн дүүрэг, хотуудын нийгмийн халамжийн төвүүд болон нийгэм хангамжийн хэлтсээр дамжуулан сар тутам олгож байх нь зүйтэй гэж үзсүгэй.

Энэхүү нөхвөрт шаардагдах хөрөнгийг амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах санд нэмж олгохыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д үүрэг болгосугай.

3.Орон сууц хувьчлах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэхдээ ахмадууд, дайнд оролцсон ахмад дайчдад эзэмшиж байгаа орон сууцыг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлах саналыг харгалзан үзэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.

4.Хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний өөрчлчлөлттэй уялдуулан тэтгэвэр дээр нэмж олгосон нөхвөрийг үндсэн тэтгэврийн хэмжээнд оруулан тооцох асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдэд тусган боловсруулж, энэ оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д үүрэг болгосугай.

6.Өөрсдөө хөдөлмөрлөх чадвартай, гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой ахмадуудад хувиараа хөдөлмөр эрхлэх, туслах аж ахуй хөгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадын дарга нарт даалгасугай.

7.Ахмадууд болон тахир дутуу иргэдийг сувилах, хөдөлмөрлөх чадварыг нь нөхөн сэргээх зориулалтаар Хараагийн "Тарина" амралтыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны Улсын нийгэм хангамжийн газрын харьяалалд шилжүүлж, алдагдлыг нөхөн санхүүжүүлэх арга хэмжэээ авч байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.

9.Ахмадуудын ажил амьдралын баялаг туршлагаас залуу үеийнхэнд өвлүүлж эзэмшүүлэх,ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ үнийн зохиомол өсөлт гаргах, хүнсний барааг дамлан худалдаалах зэргээр хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох явдалтай тэмцэх, сахилга, дэг журам тогтоох ажлыг ахмадуудын хүчинд түшиглэн эрчимтэй зохион байгуулж, тэдэнд зохих урамшуулал олгож байхыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

10.НҮБ-аас зарласан өндөр настны өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэж байх, аж ахуйн нэгж, байгууллага бүр ахмадуудынхаа бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, тэдний амьдрал байдалтай нь танилцах, шаардлагатай хүмүүст сууц, түлшээр туслах, тэтгэмж олгох зэргээр амьдрал ахуйд нь тусламж дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулж байх, ахмадуудын тэтгэвэрт гарахын өмнө ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөгдсөн буюу татан буугдсан бол түүнийг уламжлан авсан байгууллага, аж ахуйн нэгж нь тэднийг анхаарч халамжилж байх нь зүйтэй гэж үзсүгэй.