A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛТАЙ ХАМШИНЖ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний цагийн байдалтай холбогдуулан эрүүл мэндийн холбогдох байгууллагууд, УБТЗ-ын хэрэг эрхлэх газар, Хилийн улсын мэргэжлийн хяналтын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудал, "МИАТ" ХК, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төрийн захиргааны зохих байгууллагыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээр үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосугай. .

2. Замын-Үүд, Буянт-Ухаагийн боомтоор улсын хил нэвтрэн ирж байгаа иргэдэд тогтмол эрүүл мэндийн хяналт тавьж амьсгалын цочмог халтай хамшинж өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт даалгасугай.

3. Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний голомт бүхий орнууд болон тэдгээрээр дамжин Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэдийн хөдөлгөөн болон эрүүл мэндэд байнгын хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Улирлын ажиллагаатай боомтуудыг түр хугацаагаар нээх, хаах болон Хөх хот-Улаанбаатарын хоорондох агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг сэргээх асуудлыг Эрүүл мэндийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

5. Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шаардлагыг харгалзан иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд /4 дүгээр сарын 13-наас 5 дугаар сарын 9/ зарим яам, агентлаг, аймгаас гарсан төлөвлөгдөөгүй зардлыг хянаж шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоол, "Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаар тогтоол, "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргийг өөрчлөх тухай" Засгийн газрын 2003 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.