A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 398

Улаанбаатар хот

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа, ажил, хөдөлмөр эрхэлдэг эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулахыг Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон хуулиар хараат бус байдлыг нь баталгаажуулсан төрийн байгууллагын удирдлагад зөвлөж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсугай.

2.Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй, шуурхай зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрт илрүүлгийг эрчимжүүлж, тогтоосон хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн суралцагчдыг дараагийн шатлалын үзлэг, оношилгоонд бүрэн хамруулах талаар арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР