- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
УДИРТГАЛ
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
(a) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ëс, бүх нийтийн энх тайвны иш үндэс мөн болохыг эргэн санаж,
(b) Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хүний эрхийн олон улсын пактуудад заасан бүх эрх, эрх чөлөөг хүн бүр ямар нэг ялгаваргүй эдлэх эрхтэй гэдгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын баримт бичигт тунхаглан баталгаажуулсныг эргэн санаж,
(c) Хүний бүх эрх, үндсэн эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, биеэ даасан, өөр хоорондоо харилцан хамааралтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүн эдгээрийг ямар нэг алагчлалгүй, бүрэн дүүрэн эдлэх явдлыг баталгаажуулах шаардлагатай байгааг дахин нотолж,
(d) Эдийн засаг, нийгэм, соëлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Бүх цагаач ажилчин, тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах тухай олон улсын конвенцийг эргэн санаж,
(e) Хөгжлийн бэрхшээл гэдэг нь өөрчлөгдөн хувьсаж байдаг ойлголт бөгөөд нийгмийн амьдралд бусдын нэгэн адил бүрэн дүүрэн чөлөөтэй оролцоход саад тотгор учруулахуйц бие эрхтний согог, нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтаас үүдэн бий болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч,
(f) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох явдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээний бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөхөд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлхийн хөтөлбөр болон Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш боломж олгох стандарт, дүрэм журамд заасан зарчим, бодлогын удирдамжийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,
(g) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг тогтвортой хөгжлийн зохих стратегийн бүрэлдэхүүн хэсэг болгох зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэж,
(h) Хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан алагчлах нь угаас заяасан хувь хүний нэр төр болон, нандин чанарыг үгүйсгэж буй явдал гэдгийг мөн хүлээн зөвшөөрч,
(i) Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч,
(j) Нэн түрүүн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа хүмүүсийг оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрч,
(k) Төрөл бүрийн баримт бичиг баталж, үүрэг хүлээлгэсэн хэдий ч дэлхийн аль ч өнцөг буланд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөж, нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцоход саад учирсаар байгаад сэтгэл гүнээ зовниж,
(l) Орон бүрт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын нөхцөлийг дээшлүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрч,
(m) Бүх нийтийн сайн сайхан хийгээд тухайн хүрээн дэх ялгаатай байдалд хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг дэмжих нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүгээс өнөө үед оруулж буй үнэт, зохих хувь нэмэр, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн дүүрэн оролцуулснаар тэдний нийгмийн оролцооны мэдрэмжийг дээшлүүлж хүний, нийгмийн, эдийн засгийн хөгжил дэвшилд мэдэгдэхүйц амжилт олон ядуурлыг бууруулах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч,
(n) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд сонголтоо чөлөөтэй хийх эрхийг оролцуулан хувийн бие даасан, хараат бус байдал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч,
(o) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэднийг шууд хамаарах болон бусад төрлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллах боломжоор хангагдсан байх ëстойг харгалзан үзэж,
(p) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, гарал үүсэл, нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдал, нас болон бусад байдлаараа давхар болон хүнд хэлбэрийн алагчлалд өртөх хэцүү нөхцөл байсаар байгаад сэтгэл гүнээ зовниж,
(q) Хөгжлийнбэрхшээлтэйэмэгтэйчүүд,охиднь хүчирхийлэл, осол гэмтэл, доромжлол, үл тоомсорлол, хайхрамжгүй харьцаа, хэрцгийлэл, мөлжлөгт өрх гэрийнхээ дотор, гадна хаана ч өртөж болзошгүй туйлын эрсдэлтэй байдалд амьдарч байгааг хүлээн зөвшөөрч,
(r) Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсуудын хүлээсэн үүргийг эргэн санахын хамт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь бусад хүүхдийн нэгэн адил хүний эрх, үндсэн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх учиртайг хүлээн зөвшөөрч,
(s) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг хөхиүлэн дэмжихдээ жендэрийн асуудлыг бүх талаар харгалзан үзэх шаардлагатайг цохон тэмдэглэж,
(t) Хөгжлийн бэрхшээлтэй ихэнх хүн ядуу нөхцөлд амьдарч байгааг тэмдэглэж, үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сөрөг нөлөө үзүүлж буй ядуурлын асуудлуудыг шийдвэрлэх нэн шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч,
(u) Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан зорилго, зарчмыг бүрэн хүндэтгэн сахиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн дүүрэн хамгаалахад нэн чухал хүний эрхийн баримт бичгүүдийг бүхий л нөхцөл байдалд, ялангуяа зэвсэгт мөргөлдөөн болон гадаад улсын түрэмгийллийн үед ч дагаж мөрдөх нь энх тайван, аюулгүй байдлын гол нөхцөл мөн болохыг анхааралдаа авч,
(v) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биеийн, нийгмийн, эдийн засгийн, соëлын орчинд, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүртсэнээр хүний бүхий л эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэхэд чухал болохыг хүлээн зөвшөөрч,
(w) Аливаа хувь хүн өөрийг нь харьяалах нийгэмлэг болон бусад хүний өмнө үүрэг хүлээсэнээр Хүний эрхийн тухай олон улсын Биллд заасан хүний эрхийг хөхиүлэн дэмжиж сахин биелүүлнэ гэдгийг анхааралдаа авч,
(x) Гэр бүл бол хүний мөн чанараас урган гарсан, нийгмийн үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрийн хамгаалалтанд байх эрхтэй хийгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ бүрэн дүүрэн, тэгш эдлэх нөхцөлийг бий болгох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүд тусламж дэмжлэг хүртэх, шаардлагатай хамгаалалтанд байх ëстойд итгэл төгс байж,
(y) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах, хөхиүлэн дэмжих өргөн хүрээтэй бөгөөд суурь олон улсын конвенцийг батлан гаргах нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгарч буй нийгмийн сөрөг нөлөөллийг арилгах болон хөгжингүй, хөгжиж байгаа аль ч оронд тэдгээр хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн бүхий л хүрээнд оролцох явдлыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байж,
дараах зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, түүнчлэн тэдэнд угаас заяасан нэр төрийг хүндэтгэн дэмжихэд оршино.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэц, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь бусад төрлийн саад бэрхшээлтэй хавсран бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон этгээдийг хэлнэ.
2 дугаар зүйл
Энэхүү конвенцийн зорилгод:
"Харилцаа" гэж хэл яриа, эх бичвэрийн үзүүлэн, брайль болон тактил харилцаа, том үсгээр хэвлэгдсэн, хүртээмжтэй мультимедиа хэлбэртэй тоног төхөөрөмж, тухайлбал хэвлэмэл, аудио тоног төхөөрөмж, ойлгоход хялбар хэл яриа, ярьдаг ном, түүнчлэн тэдгээрийг томруулсан болон орлуулсан аргачлал, харилцаа, түүний дотор мэдээлэл, харилцааны технологид нэвтрэх бусад хэрэгслэлийг хэлнэ;
"Хэл яриа" гэж ярианы болон дохионы хэл, түүнчлэн ярианы бус бусад төрлийн хэлийг хэлнэ;
"Хөгжлийн бэрхшээлийн улмаас алагчлах" гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соëл, иргэний болон бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг бусадтай адил тэгш байх үндсэн дээр эдлэх явдлыг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан сулруулах буюу ийм эрхийг хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх зорилго агуулсан, эсхүл тийм үр дүнд хүргэсэн бүх төрлийн алагчлал, хязгаарлалтыг хэлнэ. Үүнд алагчлалын бүх хэлбэр, түүний дотор боломжит хэрэглэгдэхүүнээс татгалзах явдал мөн хамаарна;
"Боломжит хэрэглэгдэхүүн" гэж тодорхой тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг эдлэх явдлыг хангах үүднээс шаардлагатай нөхцөлд, зохицоогүй эсхүл хэт их ачаалал ноогдуулахгүйгээр хэрэгцээтэй бөгөөд шаардлагатай тохируулга хийх болон өөрчилж засварлахыг хэлнэ;
"Түгээмэл загвар" гэж ямарваа нэгэн нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардагдахгүйгээр бүх хүн ашиглахад хамгийн дээд зэргээр тохирох бүтээгдэхүүн, орчин, хөтөлбөр болон үйлчилгээний загварыг хэлнэ.
"Түгээмэл загвар" нь шаардлагатай тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй онцгойлсон бүлэг хүмүүст зориулагдсан туслах хэрэгслүүдийг орхигдуулахгүй.
3 дугаар зүйл
Энэхүү конвенцийн зарчим нь:
(a) сонголт хийх эрх чөлөө болон хүний бие даасан байдлыг оролцуулан хүний угаас заяасан нэр төр, хувийн хараат бус байдлыг хүндэтгэх;
(b) алагчлахгүй байх;
(c) нийгэмд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох болон хамрагдах;
(d) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог байдлыг хүндэтгэх, тэднийг хүний ялгаатай байдал, хүн төрөлхтний нэг хэсэг гэж хүлээн авах;
(e) тэгш боломж олгох;
(f) хүртээмжтэй байх;
(g) эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх;
(h) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсаж өөрчлөгдөх чадамжийг хүндэтгэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өөрийн онцлог байдлаа хадгалах эрхийг хүндэтгэн хандах.
4 дүгээр зүйл
Нийтлэг үүрэг
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан алагчлалгүйгээр хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг оролцогч улсууд хангаж, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээнэ. Эл зорилгоор оролцогч улсууд дараах үүрэг хүлээнэ:
(a) энэхүү конвенцид заасан эрхийг эдлүүлэхийн тулд хууль тогтоох, захиргааны болон холбогдох бусад арга хэмжээ авна;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг алагчлах явдлыг үүсгэж байгаа бүхий л хууль тогтоомж, дүрэм журам, зан заншил, уламжлалыг арилгах, өөрчлөх бүхий л зохистой арга хэмжээг авна;
(c) төрийн бүх бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих явдлыг тусгана;
(d) энэхүү конвенцид үл нийцэх үйлдэл, эсхүл дадал зуршил гарахаас татгалзаж, төрийн эрх бүхий албан тушаалтан, байгууллагыг энэхүү конвенцид нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдлыг хангана;
(e) аливаа этгээд, байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн зүгээс хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас алагчлах явдлыг устгахад чиглэгдсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авна;
(f) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээг хангахад чиглэсэн аль болох хамгийн бага тохируулга шаардагдах бөгөөд хамгийн бага үнэ өртөгтэй энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон түгээмэл загвар бүхий бараа, үйлчилгээ, тоног төхөөрөмж болон хэрэгслийг зохион бүтээх, боловсруулах, энэ талаар судалгаа шинжилгээ хийхийг хөхиүлэн дэмжих, тэдгээрийг ашиглахад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн стандарт, гарын авлагыг боловсруулахдаа түгээмэл загварыг тусгуулах явдлыг дэмжинэ;
(g) хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохирсон, юуны өмнө өртгийн хувьд хямд шинэ технологи, түүний дотор мэдээлэл харилцааны технологи, хөдөлгөөн хөнгөвчлөх хэрэгсэл, тоног төхөөрөмж болон туслах технологийг боловсруулах, энэ талаар судалгаа шинжилгээ хийхийг хөхиүлэн дэмжих;
(h) хөдөлгөөн хөнгөвчлөх хэрэгсэл, тоног төхөөрөмж болон туслах технологи, ялангуяа шинэ технологи, тусламж үзүүлэх бусад хэлбэр, дэмжих үйлчилгээ болон арга хэрэгслийн талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох;
(i) туслалцаа, үйлчилгээг сайжруулах үүднээс энэхүү конвенцид заасан эрхийг эдлэхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцаж ажилладаг мэргэжилтнүүд, ажилтнуудыг сургах ажлыг дэмжих;
2. Эдийн засаг, нийгэм, соëлын эрхийн тухайд эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх нөхцөл байдлыг аажмаар бий болгох үүднээс оролцогч улс бүр олон улсын хууль эрх зүйн дагуу нэн даруй үүсэх энэхүү конвенциор хүлээлгэсэн үүрэгтэй үл харшлах байдлаар өөрийн боломжит нөөцийг дээд хэмжээгээр ашиглах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хамтын ажиллагаанд түшиглэнэ.
3.Энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсруулж мөрдөх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой бусад шийдвэрийг гаргахдаа оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй зөвлөлдөх бөгөөд тэднийг төлөөлөх байгууллагаар дамжуулан тэднийг идэвхтэй оролцуулна.
4.Энэхүү конвенцийн аль ч заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрхээ эдлэх давуу боломж олгосон аливаа улсын дотоодын хууль тогтоомж, эсхүл тухайн улсын хувьд хүчин төгөлдөр олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх явдалд нөлөө үзүүлэхгүй. Энэхүү конвенцид оролцогч аливаа улсын хууль тогтоомж, конвенц, дүрэм журам, зан заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа эрх, үндсэн эрх чөлөөг энэхүү конвенцид тэдгээр эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаанаар хязгаарлах буюу бууруулж болохгүй.
5.Энэхүү конвенцийн заалт бүхэн холбооны улсын хувьд бүх нутаг дэвсгэрт ямарваа нэгэн ялгаа, хязгаарлалтгүй үйлчилнэ.
6 дугаар зүйл
Адил тэгш байдал, үл алагчлал
1.Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд хуулиар ямарваа нэгэн алагчлалгүйгээр тэгш хамгаалуулж, адил ашиг хүртэх эрхтэй болохыг оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө.
2.Оролцогч улсууд нь хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр алагчлах явдлыг хориглох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямарваа хэлбэрийн алагчлалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хууль зүйн хамгаалалтыг бий болгоно.
3.Тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, алагчлалыг устгах үүднээс оролцогч улсууд нь боломжит хэрэглэгдэхүүнээр хангах бүхий л алхмыг хийнэ.
4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш байдлыг de fасtо хангах, ийм байдлыг бий болгоход чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусгай арга хэмжээнүүдийг энэхүү конвенцийн агуулгад алагчлал гэж үзэхгүй.
6 дугаар зүйл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд нь давхар алагчлалд өртөж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулан тэдэнд хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн, адил тэгш эдлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.
2.Оролцогч улсууд нь энэхүү конвенцид заасан хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлүүлэх явдлыг баталгаажуулах зорилгоор эмэгтэйчүүдийг бүх талаар хөгжүүлэх, аж байдлыг дээшлүүлэх болон эмэгтэйчүүдийг чавдаржуулахад чиглэсэн зохих бүхий л арга хэмжээг авна.
7 дугаар зүйл
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусад хүүхдийн нэгэн адил хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээг авна.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ хүүхдийн ашиг сонирхлыг нэн түрүүн харгалзан үзнэ.
3.Оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусад хүүхдийн нэгэн адил нь өөрсдийн нас болон биеийн онцлогт тохирсон байдлаар өөрт нь хамаарах аливаа асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлүүлэх бөгөөд энэхүү эрхээ эдлэхэд нь хөгжлийн бэрхшээл болон насны онцлогт тохирсон туслалцаа үзүүлэх явдлыг хангана.
8 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь дараахь үр дүнтэй, холбогдох арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдлэг ойлголтыг нийгмийн бүх хүрээ, ялангуяа гэр бүлийн хүрээнд нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхийг хүндэтгэх явдлыг бэхжүүлэх;
(b) амьдралын бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хор уршигтай, хохирол учруулахуйц, ялангуяа нас, хүйс зэрэгт үндэслэсэн дадал зуршлыг бий болохуйц нийгэмд хэв маягтай тэмцэх;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүний чадавхи, тэдний оруулж буй хувь нэмрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх.
2.Эдгээр арга хэмжээ нь дараахь төрөлтэй байж болно:
(a) Дараахь төрлийн үр нөлөөтэй олон нийтэд чиглэгдсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх олныг хамарсан ажлыг санаачилж, зохион байгуулах:
(i) хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүлээн зөвшөөрөх байдлыг бий болгох;
(ii) хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар эерэг ойлголт, нийгмийн зөв хандлагыг тогтоохыг дэмжих;
(iii) хөгжлийн бэрхшээлтэй хүний ур чадвар, авьяас билиг, чадавх, түүнчлэн ажлын байр болон хөдөлмөрийн зах зээл дээр тэдний оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрүүлэх явдалд дэмжлэг үзүүлэх.
(b) боловсролын тогтолцооны бүхий л түвшинд, ялангуяа бүх хүүхдэд бага наснаасаа эхэлж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх;
(c) бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг энэхүү конвенцийн зорилгод нийцүүлэн дүрслэн харуулахыг дэмжих;
(d) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх танин мэдэхүй, сурталчилгааны ажлыг хөхиүлэн дэмжих.
9 дүгээр зүйл
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрах, амьдралын бүхий л зүйлд бүрэн дүүрэн оролцох боломжийг бий болгох зорилгоор оролцогч улсууд нь хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил өөрийг нь хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл харилцаа холбоо тухайлбал, мэдээлэл харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн арга хэрэгслүүд, үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авна. Хүртээмжтэй байх явдалд учруулж буй саад, тотгорыг илрүүлэх, устгахад чиглэсэн эдгээр арга хэмжээг inter alia дараахь газарт авна:
(a) барилга байшин, зам, тээвэр болон сургууль, орон сууц, эмнэлэг, ажлын байр зэрэг бүх төрлийн доторх болон гаднах байгууламж;
(b) мэдээлэл, харилцаа холбооны болон бусад төрлийн үйлчилгээ тухайлбал, түргэн тусламжийн болон цахим үйлчилгээ.
2.Түүнчлэн оролцогч улсууд нь дараахь шаардлагатай арга хэмжээг авна:
(a) нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан объект, үйлчилгээг хүртээмжтэй байлгахад чиглэсэн наад захын стандарт, гарын авлагыг боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;
(b) нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан объект, үйлчилгээг эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байдлыг бий болгох, бүхий л хүчин зүйлийг харгалзан үзэх явдлыг хангах;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгарч буй хүртээмжийн асуудлаар холбогдох талуудад зориулсан сургалт зохион байгуулах;
(d) нийтэд нээлттэй үйлчлэх байшин барилга, бусад байгууламжинд брайль үсгээр буюу хялбар уншигдах, ойлгогдохуйц байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийх;
(e) нийтэд нээлттэй үйлчлэх байшин барилга, бусад байгууламжийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх үүднээс хүний туслалцаа, зуучлалын хэлбэрүүд, тухайлбал хөтөч, уншигч, дохионы хэлний мэргэжлийн орчуулагчийг бий болгох;
(f) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүлээн авах хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зохих хэлбэрийг хөхиүлэн дэмжих;
(g) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, систем, үүний дотор интернэтийг хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх;
(h) хүртээмжтэй мэдээлэл, харилцаа холбооны технологи, системийн загварыг зохиох, сайжруулах, үйлдвэрлэх, түгээн борлуулахдаа эхний ээлжинд эдгээр технологи, системийг байж болох хамгийн хямд өртөгтэй байх явдлыг хангах.
10 дугаар зүйл
Оролцогч улсууд нь хүн бүр амьд явах салшгүй эрхтэй гэдгийг дахин нотолж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил энэ эрхээ бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.
11 дүгээр зүйл
Оролцогч улсууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг оролцуулан олон улсын эрх зүйгээр хүлээлгэсэн үүрэгтэй нийцүүлэн эрсдэл бүхий байдал, тухайлбал зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн гамшиг, байгалийн аюул гамшиг тохиолдсон үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
12 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бусад хүмүүсийн нэгэн адил хуулийн өмнө тэгш байх эрхтэйг дахин нотолж байна.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь амьдралын бүхий л хүрээнд бусадтай адил тэгш байх үндсэн дээр эрх зүйн чадамжтай байх явдлыг хүлээн зөвшөөрнө.
3.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх зүйн чадамжаа хэрэгжүүлэхэд нь шаардагдах дэмжлэг туслалцааг хүртээмжтэй байлгах үүднээс шаардлагатай арга хэмжээ авна.
4.Оролцогч улсууд нь эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй, зохистой хамгаалалтыг бий болгохуйц эрх зүйн чадамжаа хэрэгжүүлэхтэй холбогдсон бүхий л арга хэмжээг олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу авна. Эрх зүйн чадамжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ийм хамгаалалт нь тухайн хүний сонголт, хүсэл зоригт нийцсэн,эрхийг хүндэтгэсэн, сонирхлын зөрчилгүй, сөрөг нөлөөгүй, хувийн нөхцөл байдалд нь тохирсон, байж болох хамгийн богино хугацаанд байх бөгөөд бүрэн эрхт, хараат бус, бие даасан байгууллага, эсхүл шүүхийн зохих шатны байгууллага тогтмол хянаж байна. Эдгээр хамгаалалт нь тухайн хүний эрх, ашиг сонирхол аль хэр хөндөгдөнө төдий чинээний хэмжээтэй байна.
5.Энэ зүйлийн заалтуудын дагуу оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эд хөрөнгө эзэмших, түүнийг өвлөх, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон банкны зээл, үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээл болон бусад төрлийн санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрхийг баталгаажуулах зорилгоор шаардлагатай, үр дүнтэй арга хэмжээ авах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эд хөрөнгийг хүсэл зоригийг нь үл хамааран хураахгүй байх явдлыг баталгаажуулна.
13 дугаар зүйл
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил тэгш байх үндсэн дээр шүүхийн шатны бүх үйл ажиллагаа, түүний дотор мөрдөн байцаалт болон шүүхийн өмнөх шатны бусад ажиллагаа зэрэг хууль эрх зүйн бүх ажиллагаанд шууд болон шууд бус оролцох үүрэг, тухайлбал гэрчийн хувьд үр нөлөөтэй оролцох явдлыг байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээ болон насны онцлогт нийцсэн хэрэглэгдэхүүн ашиглах замаар шүүх ажиллагаанд хүртээмжтэй, үр дүнтэй оролцох эрхийг оролцогч улсууд хангана.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шүүх ажиллагаанд үр дүнтэй, хүртээмжтэй оролцох нөхцөлийг хангах үүднээс оролцогч улсууд шүүхийн байгууллагуудад тухайлбал, цагдаа болон хорих ангийн албан хаагчдыг зохих сургалтад хамруулах явдлыг дэмжинэ.
14 дүгээр зүйл
Эрх чөлөө, хувийн халдашгүй эрх
1.Оролцогч улсууд нь бусадтай адил тэгш байх эрхийг хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүний дараахь эрхийг хангана:
(a) эрх чөлөөтэй байх, хувийн халдашгүй эрхээ эдлэх;
(b) хуульд заасан үндэслэл, журмаас гадуур тэдгээр хүний эрх чөлөөг үл хасах, эсхүл зөвхөн хуульд нийцсэн журмын дагуу эрх чөлөөг хасах болон аль ч тохиолдолд хөгжлийн бэрхшээл нь эрх чөлөөг нь хасах үндэслэл болохгүй байх.
2.Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх чөлөөг аливаа журмын дагуу хассан бол уг тохиолдолд оролцогч улсууд нь бусадтай адил тэгш нөхцөлийн үндсэн дээр боломжит хэрэглэгдэхүүнээр хангахыг оролцуулан энэхүү конвенцийн зорилго, зарчим болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдлаар тэдэнд хангах явдлыг хангана.
15 дугаар зүйл
1. Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Ялангуяа, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусадтай адил тэгш байх эрхийн үндсэн дээр эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхээс урьдчилан сэргийлэх бүхий л үр дүнтэй хууль тогтоох, захиргааны, шүүхийн буюу бусад арга хэмжээг авна.
16 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь орон гэрийнхээ дотор, гадна хаана ч жендерт үндэслэсэн байдлыг оролцуулан аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл, доромжлолоос ангид байх явдлыг хангах үүднээс бүхий л зохистой хууль тогтоох, захиргааны, боловсролын болон бусад арга хэмжээг авна.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нас, хүйсийн онцлогт тохирсон тусламж, туслалцаа үзүүлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл, асран халамжлагчид нь аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл, доромжлолтой холбоотой бодит явдлын талаар мэдээлэх, таниулах болон эдгээрээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл түгээх боловсрол олгох зэргээр дэмжлэг үзүүлэх явдлыг хангах замаар аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл, доромжлолоос урьдчилан сэргийлэх зохистой бүхий л арга хэмжээ авна. Оролцогч улсууд ийнхүү үзүүлж буй хамгаалалтын арга хэмжээ нь нас хүйсийн онцлог болон хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн байх явдлыг хангана.
3.Аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл, доромжлол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан байгууллага, хөтөлбөрийг хараат бус эрх бүхий байгууллагаар үр нөлөөтэй хянуулах явдлыг хангана.
4.Оролцогч улсууд аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл, доромжлолын хохирогч болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие махбодь, танин мэдэхүй, сэтгэлзүйн хувьд илааршуулах, сэргээн засах, нийгмийн амьдралд дахин оролцуулах, ялангуяа хамгаалах үйлчилгээ үзүүлэх зэрэг зохистой бүхий л арга хэмжээг авна. Тийнхүү илааршуулах, нийгмийн амьдралд дахин оролцуулах арга хэмжээг тухайн хүний эрүүл мэнд, халамж, өөрийгөө хүндэтгэх байдал, нандин чанар, хувь хүний хараат бус байдлыг хангасан орчин нөхцөлд л авахын зэрэгцээ тухайн хүний нас, хүйсийн онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
5.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мөлжсөн, хүчирхийлсэн, доромжилсон тохиолдол гарсан бол түүнийг илрүүлэх, мөрдөн шалгах болон мөрдөн байцаах, хууль тогтоох болон бусад үр дүнтэй арга хэмжээ, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн хууль тогтоох болон бусад арга хэмжээг оролцогч улсууд авна.
17 дугаар зүйл
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр бусдын нэгэн адил өөрийнхөө бие махбодь болон сэтгэхүйн бүрэн бүтэн байдлаа хүндэтгүүлэх эрхтэй.
18 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бусдын нэгэн адил чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох болон иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох эрхийг хүлээн зөвшөөрч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дараахь эрхийг хангана:
(a) иргэний харьяалал олж авах болон өөрчлөх эрх болон иргэний харьяаллыг хүсэл зоригоос нь гадуур буюу хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хасахыг хориглох;
(b) иргэншлийг нь нотолсон бичиг баримт, эсхүл өөрийг нь тодорхойлох бусад төрлийн биеийн байцаалтыг олж авах, эзэмших, ашиглах, эсхүл чөлөөтэй зорчих эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай цагаачлалын журам зэрэг холбогдох дүрэм журмыг ашиглах эрхийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хасахыг хориглох;
(c) төрөлх улсыг нь оролцуулан аливаа улсыг орхин явах;
(d) өөрийн эх орондоо эргэн ирэх эрхийг хөгжлийн бэрхшээлийн улмаас, эсхүл хүсэл зоригоос гадуур хязгаарлаж болохгүй.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төрөхөөс, эсвэл төрсөн даруйдаа улсын бүртгэлд бүртгэгдэх, нэртэй болох, иргэний харьяалал олж авах болон боломжийн хэрээр эцэг эхээ мэдэх, тэднээрээ асран тэтгүүлэх эрхтэй.
19 дүгээр зүйл
Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний бусдын нэгэн адил нийгмийн амьдралд амьдрах тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэхүү эрхээ эдлэх явдлыг хангах, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн хамрагдаж оролцохыг дэмжих үүднээс дараахь нөхцөлийг хангах замаар зохистой, үр дүнтэй арга хэмжээ авна:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бусдын нэгэн адил оршин суух газар болон хаана, хэнтэй амьдрах эсэхээ чөлөөтэй сонгох боломжтой байх ëстой бөгөөд тусгай нөхцөл байдалд амьдрах шаардлагагүй;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гэрийн, оршин суугаа газрын болон нийгмийн бусад туслах үйлчилгээ, түүний дотор амьдрахад нь дэмжлэг болохуйц болон нийгмийн амьдралд оруулахад хувийн туслах үйлчилгээг хүртэх боломжтой байх бөгөөд нийгмээс тусгаарлах, хөндийрүүлэхээс хамгаалагдана;
(c) нийт хүн амд үйлчлэх зориулалттай нийтийн үйлчилгээ, хэрэгслэлүүд нь бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хэрэглэх боломжтой байх бөгөөд хэрэгцээнд нь нийцсэн байна.
20 дугаар зүйл
Хувийн хөдөлгөөнт байдал
Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даасан байдлыг байж болох дээд хэмжээнд хангах замаар хувийн хөдөлгөөнийг хангах үүднээс дараахь хэлбэрээр үр дүнтэй бүх арга хэмжээг авна:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувийн хөдөлгөөнт байдлыг тэдний сонгосон аргаар, сонгосон цаг хугацаанд нь аль болох хамгийн бага зардлаар хангах явдлыг дэмжих;
(b) чанарыншаардлагахангасанхөдөлгөөндэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, туслах технологи болон амьдралд туслах бусад хэлбэрүүд, мөн зуучлах үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст аль болох хамгийн хямд өртгөөр хүртэх явдлыг дэмжих;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдэнтэй ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг зөөх, хөдөлгөх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах;
(d) хөдөлгөөн дэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, туслах технологиудыг үйлдвэрлэж боловсруулахдаа аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлгөөний бүхий л тал, хэрэгцээг харгалзаж байх явдлыг хангах.
21 дүгээр зүйл
Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил тэгш байх үндсэн дээр энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан өөрсдийн сонгосон харилцааны бүх төрлийн хэрэглэгдэхүүнээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүртэх, тухайлбал, төрөл бүрийн мэдээлэл, үзэл бодлыг хайх, олж авах, түгээх эрхээ эдлэх нөхцөл байдлыг бий болгох үүднээс зохих бүхий л арга хэмжээ авах бөгөөд ялангуяа:
(a) нийгмийн бүхгишүүнд зориулагдсан мэдээллийг түгээхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглахад хүртээмжтэй байхаар зориулж хөгжлийн бэрхшээлийн янз бүрийн хэлбэрт нийцсэн арга замаар, тухайн цаг хугацаанд нь, ямар нэгэн нэмэлт өртөг зардалгүйгээр түгээх;
(b) албан харилцаанд дохионы хэл, брайль үсэг, харилцааны нэмэлт болон сонголтот хэлбэр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгосон мэдээлэл хүртэх харилцааны бусад арга зам, хэлбэр, хэв маягийг ашиглах явдлыг хүлээн авч дэмжлэг үзүүлэх;
(c) интернетийг оролцуулан нийгмийн бүх гишүүнд зориулсан үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг мэдээлэл түгээх, үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ашиглаж болохуйц, хүртээмжтэй хэлбэрээр түгээхийг уриалах;
(d) интернэтээр мэдээлэл түгээдэг байгууллагуудыг оролцуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн үзүүлдэг үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгахад дэмжлэг үзүүлэх;
(e) дохионы хэлийг хэрэглэх явдлыг хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмжих.
22 дугаар зүйл
1.Амьдран буй газар, орон байрны нөхцөл байдлаас нь үл шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байр буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уг халдлага буюу өртөлтөөс хуулийн дагуу хамгаалагдана.
2.Оролцогч улсууд нь бусадтай адил тэгш байх эрхийн үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувийн, эрүүл мэндийн болон нөхөн сэргээн засалтын талаарх мэдээллийн нууцлалыг хамгаална.
23 дугаар зүйл
1. Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил гэрлэлт, гэр бүл болох, эцэг эх болох, хамаатан садан болох асуудалд алагчлах явдлыг устгах үр дүнтэй, шаардлагатай дараах арга хэмжээг авна:
(a) гэрлэх насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрлэх, гэр бүл болох эрхийг гэрлэх хүнийх нь бүрэн, чөлөөтэй өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хүлээн зөвшөөрөх;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүн нь хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын зайг чөлөөтэй шийдвэрлэх, хариуцах эрхтэй бөгөөд насныхаа онцлогт тохирсон мэдээлэл, нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн талаарх боловсрол эзэмшиж, эдгээр эрхээ эдлэхэд нь шаардлагатай нөхцөл бололцоо болон үр удмаа үлдээх тэгш боломжоор хангагдах;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнийг бусадтай адил тэгш эрхийн үндсэн дээр үр удмаа үлдээх эрхээр хангах.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих, итгэмжлэх, хүүхэд үрчлэх, эсхүл эдгээртэй ижил төрлийн арга хэмжээ хэрэв үндэсний хууль тогтоомжид тусгагдсан бол эдгээр арга хэмжээний хувьд эрх, үүргээр хангах бөгөөд ямар ч тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина. Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүүхэд өсгөхтэй холбогдсон үүргээ биелүүлэхэд нь зохих тусламжийг үзүүлнэ.
3.Оролцогч улсууд нь гэр бүлийн харилцаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш эрхийг хангана. Энэхүү эрхийг хэрэгжүүлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нууцлах, орхих, үл тоомсорлох, хөндийрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийг эхнээсээ л бүх талын мэдээллээр хангаж, үйлчилгээ болон туслалцаа үзүүлнэ.
4.Оролцогч улсууд нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тийнхүү хөндийрүүлэх нь хүүхдийн эрх ашигт хамгийн ихээр нийцэх тухай шүүхээр шийдвэрлэсний дагуу эрх бүхий зохих байгууллагаас тодорхойлохоос бусад тохиолдолд хүүхдийг өөрийнхөө хүсэл зоригоос гадуур эцэг эхээсээ тусгаарлагдахгүй байх эрхээр хангана. Ямар ч тохиолдолд эцэг эхийн аль нэг нь, эсхүл хоëулаа, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар хүүхдийг эцэг эхээс нь тусгаарлаж болохгүй.
5.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үндсэн гэр бүл нь асран халамжлах боломжгүй тохиолдолд төрөл садангийн гэр бүлийн хүрээнд асран хамгаалуулах бүх төрлийн арга хэмжээг авах бөгөөд ийм арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд тухайн оршин суугаа орчинд нь гэр бүлийн нөхцөлийг бий болгож асран хамгаална.
24 дүгээр зүйл
1.Оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг ямар нэг алагчлалгүй, тэгш боломжийн үндсэн дээр эдлүүлэх үүднээс оролцогч улсууд нь дараахь зорилгод чиглэсэн бүх түвшинд тэгш боломж олгон сургах болон насан туршийн боловсролын тогтолцоог бий болгоно:
(a) хүний чадвар, нэр төрийн мэдрэмж болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бүрэн дүүрэн хөгжүүлж, хүний эрх, үндсэн эрх чөлөө болон хүний ялгаатай байдлыг хүндэтгэх явдлыг бэхжүүлэх;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн шинж чанар, авьяас чадвар, бүтээлч чанар болон тэдний оюуны болон бие махбодын чадварыг байж болох хамгийн дээд хэмжээгээр хөгжүүлэх;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чөлөөт нийгэмд үр дүнтэйгээр оролцох боломжийг олгох.
2.Эдгээр эрхийг хэрэгжүүлэх үүднээс оролцогч улсууд нь дараахь зүйлээр хангана:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хөгжлийн бэрхшээлийн улмаас ерөнхий боловсролын тогтолцоонд хамрагдахгүй байх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлийн улмаас үнэ төлбөргүй, заавал эзэмших ëстой бага болон дунд боловсрол олгох үйл ажиллагааны гадна үлдэхгүй;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь өөрсдийн амьдарч буй орчиндоо бусадтай адил тэгш байх үндсэн дээр тэгш хамруулсан, үнэ төлбөргүй, чанартай, бага болон дунд боловсролыг эзэмших боломжтой байх;
(c) хувь хүний онцлог шаардлагад нийцсэн боломжит хэрэглэгдэхүүнээр хангах;
(d) ерөнхий боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь өөрсдийн үр дүнтэйгээр сурч боловсрох нөхцөл байдлыг хангуулах үүднээс шаардлагатай дэмжлэг туслалцааг авах;
(e) түүнчлэн мэдлэг олгох болон нийгмийн хөгжилд аль болох дэмжлэг үзүүлснээр хувь хүнд зориулж авах арга хэмжээг үр дүнтэй байлгаж, бүрэн дүүрэн оролцуулах зорилтыг хангах.
3.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн гишүүний хувьд боловсролд бүрэн дүүрэн, тэгш оролцоход нь дэмжлэг үзүүлэх амьдралын болон нийгмийн хөгжлийн ур чадваруудыг эзэмших боломжийг олгоно. Үүний тулд оролцогч улсууд нь дараахь зүйлийг оролцуулан шаардлагатай бусад арга хэмжээ авна:
(a) брайль үсэг болон түүнтэй төстэй өөр үсэг, нэмэлт болон сонголтот арга, төрөл хэлбэр, харилцаанд хэрэглэх бусад хэв маяг, түүнчлэн орон зайн чигийг баримжаалах болон хөдөлгөөн дэмжих ур чадвар эзэмшүүлэх, үе тэнгийнхэн болон сургагч нараас үзүүлэх туслалцаанд дэмжлэг үзүүлэх;
(b) дохионы хэл сурахад туслалцаа үзүүлэх болон сонсголгүй хүмүүсийн хоорондын хэл ярианы өвөрмөц онцлогийг хөхиүлэн дэмжих;
(c) мэдлэг олгох болон нийгмийн хөгжилд аль болох дэмжлэг үзүүлснээр хүмүүс, ялангуяа хараагүй, сонсголгүй, хараагүй-сонсголгүй хүүхдүүдэд олгох боловсролыг тухайн хүний онцлогт нийцсэн хамгийн зохистой хэл яриа, арга хэлбэр, харилцаанд хэрэглэх бусад хэв маягаар олгох явдлыг хангах.
4.Эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцогч улсууд нь багш нар, ялангуяа брайль үсэг болон эсхүл дохионы хэл эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй багш нарыг ажиллуулах талаар зохих арга хэмжээ авч боловсролын бүх түвшинд ажилладаг ажилтан, мэргэжилтнүүдийг сургах зохистой арга хэмжээ авна. Ийм сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх болон зохистой нэмэлт болон сонголтот арга зам, төрөл хэлбэр, харилцаанд хэрэглэх бусад хэв маяг, хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах боловсролын заах арга зүй, сургалтын материал хэрэглэх явдлыг хамарвал зохино.
5.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусадтай адил тэгш, үл алагчлах үндсэн дээр дээд боловсрол эзэмших, мэргэжлийн сургалтад хамрагдах, насанд хүрэгсдийн болон насан туршийн сургалтад хамрагдах явдлыг хангана. Эл зорилгоор оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг боломжит хэрэглэгдэхүүнээр хангах явдлыг баталгаажуулна.
25 дугаар зүйл
Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлийн улмаас алагчлалгүйгээр эрүүл мэндийн боломжит дээд хэмжээний эрхийг эдлэхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг оролцуулан жендерийн онцлогийг харгалзсан эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах боломжийг баталгаажуулах бүхий л зохистой дараахь арга хэмжээг авна. Тухайлбал, оролцогч улсууд нь:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүн амд суурилсан олон нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарыг оролцуулан бусад хүнд хүргэдэгтэй ижил түвшин, чанар, стандарт бүхий үнэ төлбөргүй буюу худалдан авах чадавхид нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөтөлбөрүүдээр хангах;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэнд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй нь холбоотойгоор шаардлагатай үйлчилгээнд хамруулах, эрт илрүүлэх, зохих үед тусламж үзүүлэхэд чиглэгдсэн болон хүүхдүүд, ахмадуудыг цаашид хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулах;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан эмнэлгийн үйлчилгээг тэдний амьдарч байгаа газарт, тухайлбал хөдөө орон нутагт ч аль болох гэрт нь ойр газар үзүүлэх;
(d) эмч, эмнэлгийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусдад үзүүлдгийн нэгэн адил чанартай үйлчилгээ, тухайлбал хүний эрх, нэр төр, хараат бус байдал болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд боловсрол олгох тусгай хэрэгцээ, төрийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын ажилтнуудын баримтлах ëс зүйн хэм хэмжээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар inter alia чөлөөтэй олж авсан мэдээллийн үндсэн дээр үзүүлнэ;
(e) эрүүл мэндийн даатгал, хэрэв дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бол амь насны даатгалын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг алагчлахыг хориглох бөгөөд эдгээрийг шударга, боломжит үндэслэлээр даатгуулна.
(f) хөгжлийн бэрхшээлийн улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эсхүл хоол хүнс, ундны асуудалд алагчилж, үгүйсгэхээс урьдчилан сэргийлэх.
26 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хараат бус байдлыг дээд зэргээр хангах, тэднийг бие махбод, оюун санаа, нийгмийн болон мэргэжлийн бүрэн чадавхтай болгох, амьдралын бүхий л үйл явцад бүрэн хамрагдах, оролцох боломжийг олгох, эзэмшүүлэх үүднээс ижил түвшний хүмүүсийн дэмжлэгтэйгээр үр дүнтэй зохистой арга хэмжээ авна. Эл зорилгоор оролцогч улсууд, ялангуяа эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн үйлчилгээний салбарт сэргээн засах болон нөхөн сэргээн засах иж бүрэн цогц үйлчилгээ, хөтөлбөрүүдийг дараахь арга замаар зохион байгуулж, бэхжүүлж, өргөжүүлнэ:
(a) тухайн хувь хүний зүгээс нэн түрүүн шаардлагатай байгаа хэрэгцээг олон талаас нь үнэлж, дүгнэсний үндсэн дээр аль болох эрт үед хэрэгжүүлж эхлэнэ;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдарлын бүхий л салбарт сайн дурын үндсэн дээр оролцуулах болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэдний амьдарч буй газарт нь ялангуяа хөдөө, орон нутагт дахь орчинтой нь аль болох ойртуулахад дэмжлэг үзүүлэх.
2.Оролцогч улсууд нь сэргээн засах болон нөхөн сэргээх засах үйлчилгээ үзүүлэх салбарт ажилладаг мэргэжилтнүүд, ажилтнуудад зориулсан анхан болон үргэлжилсэн шатны сургалт зохион байгуулах ажлыг хөхиүлэн дэмжинэ.
3.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан сэргээн засах болон нөхөн сэргээн засах үйл явцтай холбоотой туслах хэрэгсэл, технологиудыг хүртээлтэй байлгах, тэдгээрийг хэрэглэх зааварчилгаа, мэдлэг олгох явдлыг хөхиүлэн дэмжинэ.
Ажил, хөдөлмөр эрхлэлт
1.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хүртээлтэй, нээлттэй байгаа, оролцож болох хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх орчинд ажиллахаар чөлөөтэй сонгосон, эсхүл зөвшөөрлөө чөлөөтэй өгсөн нөхцөлд эрхэлж буй хөдөлмөрийнхөө үр шимээр амьжиргааны эх үүсвэрээ олох боломжтой байх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд нь хөдөлмөр эрхлэх явцдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийг оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг эдлүүлэх үүднээс зохистой арга хэмжээ, тухайлбал хууль тогтоох болон дараахь арга хэмжээ авах явдлыг хангаж, хөхиүлэн дэмжинэ:
(a) ажилд авах нөхцөл, хөлсөөр ажиллуулах, ажил олгох, ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлийн хувьд өсөн дэвжих, эрүүл, аюулгүй хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах явдлыг оролцуулан хөдөлмөрийн бүх хэвшилтэй холбогдсон бүхий л асуудалд хөгжлийн бэрхшээлийнх нь улмаас алагчлахыг хориглох;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусадтай адил тэгш байх үндсэн дээр адил хөдөлмөрт ижил тэгш боломж, адил цалин хөлс авах, эрүүл, аюулгүй хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах, тухайлбал, дарамт шахалтад өртөхгүй байх, өргөдөл гомдлоо барагдуулах эрх;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөрлөх, үйлдвэрчний байгууллагатай холбогдсон эрхээр хангах;
(d) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг техникийн болон мэргэжлийн чиг баримжаа олгох ерөнхий хөтөлбөр, ажлын дадал олгох, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтад үр дүнтэйгээр хамрагдах боломжийг бий болгох;
(e) хөдөлмөрийн зах зээлд ажил хайх, ажилд орох, ажиллах болон ажилдаа буцаж орох боломж нөхцөл, мэргэжлийн хувьд дэвших боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгох явдлыг хөхиүлэн дэмжих;
(f) хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн нэгж байгуулах, нөхөрлөл, хоршоо ажиллуулах, хувийн бизнесээ эрхлэх боломжийг дэмжих;
(g) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төрийн албанд ажиллуулах;
(h) зохих бодлого хэрэгжүүлэх, арга хэмжээ авах, түүний дотор тэдэнд зориулсан хөтөлбөр батлах, урамшуулал олгох зэрэг бусад арга хэмжээ авах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөр эрхлэх явдлыг хөхиүлэн дэмжих;
(i) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байранд боломжит хэрэглэгдэхүүн хийх;
(j) хөдөлмөрийн нээлттэй зах зээлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажлын туршлага хуримтлуулах явдлыг хөхиүлэн дэмжих;
(k) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэргэжлийн болон техник мэргэжлийн нөхөн сэргээлт хийх, ажлын байрыг нь хадгалах болон ажилд нь буцааж оруулах хөтөлбөрийг хөхиүлэн дэмжих.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мөлжлөг, боолын байдалд оруулахгүй байх, бусадтай адил тэгш байх үндсэн дээр албадан хөдөлмөрөөс хамгаалагдах явдлыг хангана.
28 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь хүрэлцэхүйц хоол хүнс, хувцас, орон байраар хангагдах эрх, амьдралын нөхцөлөө тасралтгүй сайжруулах явдлыг оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүл амьжиргааны хүрэлцэхүйц түвшинд байх эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг эдлэх явдлыг хөгжлийн бэрхшээлийн улмаас үл алагчлах үндсэн дээр хөхиүлэн дэмжих зохистой арга хэмжээ авна.
2.Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал хүртэх эрх, уг эрхийг хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан аливаа алагчлалгүйгээр эдлэх явдлыг хүлээн зөвшөөрч, эдгээр эрхийг эдлүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, хамгаалах үүднээс дараахь зохистой арга хэмжээ авна:
(a) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цэвэр усны үйлчилгээнд тэгш хамрагдах явдлыг хангах болон хөгжлийн бэрхшээлтэй нь холбоотойгоор шаардагдах, боломжийн өртөгтэй үйлчилгээ, тоног төхөөрөмж болон бусад туслалцааг хүртэх явдлыг хангах;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охид болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудыг нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд хамрагдах явдлыг хангах;
(c) ядуу нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээт зардал тухайлбал, тохирох сургалт, зөвлөгөө, санхүүгийн туслалцаа болон түр хугацааны туслалцаа авахдаа төрөөс дэмжлэг авах боломжоор хангах;
(d) бүх нийтийг орон сууцаар хангах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах;
(e) тэтгэвэр, түүнтэй холбоотой хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах.
29 дүгээр зүйл
Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн эрхийг баталгаажуулж, эдгээр эрхээ бусдын нэгэн адил эдлэх боломжийг бий болгох үүднээс дараахь үүрэг хүлээнэ:
(a) Бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрх, боломжийг оролцуулан шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан улс төр, нийгмийн амьдралд үр дүнтэй, бүрэн дүүрэн оролцох байдлыг дараахь хэлбэрээр хангана:
(i) Сонгууль өгөх журам, байр, сонгуулийн хуудас нь ашиглахад зохистой, хүртээмжтэй болон ойлгох, ашиглахад хялбар байх явдлыг хангах;
(ii) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгууль болон ард нийтийн санал асуулгад ямар нэг сүрдүүлэггүйгээр саналаа нууцаар өгөх, сонгуульд нэрээ дэвшүүлэх, болон шаардлагатай тохиолдолд туслах болон шинэ технологи ашиглах замаар албан тушаал хаших, төр, засгийн байгууллагын аль ч түвшинд төрийн алба хаах эрхийг дэмжиж хамгаалах;
(iii) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгогчийн хувьд өөрийн санал, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үүний тулд шаардлагатай тохиолдолд тэдгээр хүмүүсийн хүсэлтээр сонгосон хүний туслалцаатайгаар саналаа өгөх.
(b) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусадтай адил тэгш байх үндсэн дээр ямар нэг алагчлалгүйгээр төрийн удирдах хэрэгт бүрэн дүүрэн, үр нөлөөтэй оролцох орчин бүрдүүлэх явдлыг идэвхтэйгээр хөхиүлэн дэмжиж, тэдний олон нийтийн үйл хэрэгт оролцох оролцоог дараахь хэлбэрээр дэмжинэ:
(i) улс орны улс төрийн болон төрийн хэрэг, ялангуяа улс төрийн намуудын үйл ажиллагаа болон удирдлагатай нь холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох;
(ii) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг олон улсын, үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд төлөөлөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага байгуулах, тийм байгууллагад элсэх.
30 дугаар зүйл
1.Оролцогч улсууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил тэгш байх үндсэн дээр соëлын амьдралд оролцох эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дараахь эрхийг хангах зохистой бүхий л арга хэмжээг авна:
(a) соëлын бүтээлийг хүртээмжтэй хэлбэрээр хүртэх;
(b) телевизийн хөтөлбөр, кино, театр болон соëлын бусад арга хэмжээг хүртээмжтэй хэлбэрээр хүртэх;
(c) театр, музей, кино театр, номын сан, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг соëлын үзвэр, үйлчилгээ эрхэлдэг газруудад нэвтрэх боломжтой байх бөгөөд түүнчлэн хөшөө дурсгал болон үндэсний соëлын ач холбогдол бүхий газруудад ч нэвтрэх боломжтой байх.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн өөрийн сайн сайхны төдийгүй нийгмийн баялагт хувь оруулах үүднээс уран бүтээлийн, урлагийн болон оюуны чадавхиа ашиглах болон хөгжүүлэх боломжийг тэдэнд бий болгох зохистой бүхий л арга хэмжээг оролцогч улсууд авна.
3.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс урлагийн бүтээлийг хүртэхэд оюуны өмчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомж нь үндэслэлгүй, алагчлах шинжтэй саад тотгорыг үүсгэхгүй байх явдлыг хангах үүднээс оролцогч улсууд бүхий л зохистой арга хэмжээг олон улсын эрх зүйн дагуу авна.
4.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн соëлын тусай болон хэл ярианы онцлог байдал тухайлбал, дохионы хэл, сонсголгүй хүмүүсийн өвөрмөц онцлогийг бусадтай адил тэгш байх үндсэн дээр хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.
5.Бусадтай адил тэгш байх үндсэн дээр амралт, чөлөөт цагаа спортын арга хэмжээнд оролцох хэлбэрээр өнгөрүүлэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хангах үүднээс оролцогч улсууд нь дараахь зохистой арга хэмжээг авна:
(a) нийтэд зориулсан спортын бүх төрлийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аль болох бүрэн хэмжээгээр оролцуулах явдлыг дэмжиж сурталчлах;
(b) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулагдсан спорт, чөлөөт цагийн арга хэмжээг зохион байгуулах, хөгжүүлэх болон оролцох боломжтой байх явдлыг тэдгээр хүнд баталгаажуулах, үүний тулд бусадтай адил тэгш байх үндсэн дээр шаардлагатай сургалт, бэлтгэл, хэрэгслээр хангах;
(c) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудад нэвтрэх боломжтой байх;
(d) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тоглоом наадгайд оролцох, амралт чөлөөт цагаа спортын арга хэмжээ, тухайлбал сургууль дээр зохион байгуулагдаж байгаа ийм төрлийн арга хэмжээнд бусад хүүхдийн адил оролцох тэгш боломжтой байх явдлыг хангах;
(e) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх, аялал жуулчлал, амралт, спортын үйл ажиллагааг зохион байгуулдаг байгууллагуудын үйлчилгээг хүртэх боломжтой байх явдлыг хангах.
31 дүгээр зүйл
1.Оролцогч улсууд энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор бодлого, стратеги боловсруулах, статистик болон судалгааны мэдээллийг оролцуулан шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулах, тэдгээр мэдээллийг тухайн бодлогод ашиглах үүрэг хүлээнэ. Ийм мэдээллийг олж авах, цуглуулах ажиллагаа нь:
(a) мэдээллийн нууцлал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувийн халдашгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хамгаалах тухай хууль тогтоомжийг оролцуулан бусад хууль тогтоомжоор олгосон хамгаалалтыг чанд сахих;
(b) статистик мэдээллийг цуглуулах, ашиглахдаа хүний эрх, үндсэн эрх чөлөөний талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон ëс зүйн хэм хэмжээг чанд сахих.
2.Энэ зүйлийн дагуу цуглуулсан мэдээлэл нь зохих түвшинд тодорхой байх бөгөөд оролцогч улсууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд үнэлэлт өгөх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ эдлэх явцад учирч буй саад бэрхшээлүүдийг тогтоох, арилгахад түүнийг мөн хэрэглэнэ.
3.Оролцогч улсууд эдгээр статистик мэдээллийг түгээх үүрэг хүлээх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад хүнд эдгээр мэдээлэл нь хүртээмжтэй байх явдлыг хангана.
32 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь энэхүү конвенцийн зорилт, зорилгыг хэрэгжүүлэх өөрийн үндэсний хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнтэй холбогдуулан улс хооронд үр дүнтэй арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсын, бүс нутгийн болон иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудтай хамтран ажиллах бүхий л зохистой арга хэмжээг авна. Тухайн арга хэмжээ нь дараах байдалтай байж болно:
(a) олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийг оролцуулан олон улсын хамтын ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамарсан, тэдэнд хүртээмжтэй байх явдлыг хангах;
(b) байгаа нөөц бололцоондоо тулгуурлан, түүний дотор мэдээлэл, туршлага, хөтөлбөр болон тэргүүний туршлагуудаа солилцох замаар чадавхийг бэхжүүлэх явдлыг дэмжих;
(c) шинжлэх ухаан, техникийн мэдлэг болон судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
(d) шаардлагатай тохиолдолд техник, эдийн засгийн туслалцаа түүний дотор хүртээмжтэй болон туслах технологийг хүртэх явдлыг хөнгөвчлөх, тэдгээрийг өөр хоорондоо харилцан солилцох, түүнчлэн технологийг шилжүүлэх замаар үзүүлэх.
2.Оролцогч аливаа улс энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд энэ зүйлийн заалт аливаа байдлаар нөлөөлөхгүй.
33 дугаар зүйл
1.Оролцогч улсууд нь төрийн байгууллагын тогтолцоондоо нийцүүлэн засгийн газартаа нэг буюу хэд хэдэн шатны байгууллагыг энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүрэг гүйцэтгүүлэхээр томилох бөгөөд төрөл бүрийн салбарын төрөл бүрийн түвшинд тухайн асуудлыг зохицуулах механизмыг засгийн газрын бүрэлдэхүүнд бий болгох, томилох боломжийг судалж үзнэ.
2.Оролцогч улсууд нь өөрсдийн эрх зүйн болон засаг захиргааны тогтолцоондоо нийцүүлэн өөрийн улсын хувьд шаардлагатай нэг буюу хэд хэдэн бие даасан механизмыг оролцуулан энэхүү конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, хамгаалах ажиллагааг эрхэлсэн бүтцийг шаардлагатай тохиолдолд байгуулах, томилох, бэхжүүлэх, тогтвортойгоор ажиллуулна. Ийм механизмыг байгуулахдаа оролцогч улсууд нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн байдлын талаарх зарчмуудыг анхааралдаа авна.
3.Иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэднийг төлөөлөх байгууллагууд ийнхүү хяналт тавих ажиллагаанд бүрэн дүүрэн оролцох, хамрагдах ëстой.
34 дүгээр зүйл
1.Үүгээр дор заасан чиг үүргийг гүйцэтгэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо (цаашид "Хороо" гэх)-г байгуулна.
2.Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болох үед Хороо нь арван хоëр гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Энэхүү конвенцийг жаран улс соëрхон баталсан, эсхүл нэгдэн орсон бол Хороог хамгийн дээд хязгаар арван найман гишүүн хүртэл зургаан гишүүнээр нэмэгдүүлнэ.
3.Хорооны гишүүд нь өөрийн нэрийн өмнөөс ажиллах бөгөөд өндөр ëс суртахуунтай, энэхүү конвенцид заасан салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар, туршлагатай этгээд байна. Хорооны гишүүнд нэр дэвшүүлэхдээ оролцогч улсууд энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан нөхцөлийг зайлшгүй харгалзан үзнэ.
4.Хорооны гишүүд нь оролцогч улсуудаас сонгогдох бөгөөд ийнхүү сонгогдохдоо улсууд нь газар зүйн шударга хуваарилалт, соëл иргэншил болон эрх зүйн тогтолцооны олон хэлбэрийн төлөөлөл болон хүйсийн тэгш төлөөлөл, хөгжлийн бэрхшээлийн талаар мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ.
5.Өөрсдийн улсаас нэр дэвшүүлсэн оролцогч улсуудын нэр дэвшигчдээс бүрдсэн жагсаалтаас оролцогч улсуудын Бага хурал нууцаар санал хурааж Хорооны гишүүдийг сонгоно. Оролцогч улсуудын гуравны хоëр нь оролцсон санал хураалтыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хуралдаанд байлцаж санал өгсөн оролцогч улсын төлөөлөгчдийн хамгийн олонх буюу дийлэнх олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг Хорооны гишүүнд сонгогдсонд тооцно.
6.Анхны сонгуулийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сараас илүүгүй хугацаанд явуулна. Ээлжит сонгууль явуулахаас наад зах нь дөрвөн сарын өмнө Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж хоëр сарын дотор нэр дэвшүүлэхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг үсгийн дарааллаар нь дэвшүүлсэн улсын хамт гаргаж оролцогч улсуудад хүргүүлнэ.
7.Хорооны гишүүд нь дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар сонгогдох бөгөөд нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Гэхдээ анхны сонгуулиар сонгогдсон зургаан гишүүний бүрэн эрхийн хугацаа хоëр жил байх бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц эдгээр зургаан гишүүний нэрийг энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуралдааныг даргалагч шодож тогтооно.
8.Нэмж сонгогдох зургаан гишүүнийг энэ зүйлийн холбогдох заалтын дагуу ердийн сонгууль явуулах замаар сонгоно.
9.Хорооны гишүүн нас барах, огцрох буюу бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж зарласан тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс энэ зүйлийн холбогдох заалтыг шаардлагад нийцсэн мэргэшил бүхий өөр дадлага, туршлагатай шинжээчийн нэрийг дэвшүүлж үлдсэн хугацаанд томилуулж ажиллуулна.
10.Хороо нь үйл ажиллагааныхаа горим, дэгийг өөрөө тогтооно.
11.Энэхүү конвенцийн дагуу Хорооны ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай боловсон хүчин, материаллаг хэрэгслээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хороог хангах бөгөөд түүний анхны хуралдааныг мөн зарлаж хуралдуулна.
12.Энэхүү конвенцийн дагуу байгуулагдсан Хорооны гишүүд нь Хорооны хүлээсэн үүрэг, хариуцлагын ач холбогдлыг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журам, нөхцөлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөрөнгөөс Ерөнхий Ассамблейн баталсан хөлсийг авна.
13.Нэгдсэн Үндэстний Байгууллагын дархан эрх, эрх ямбын тухай конвенцийн холбогдох заалтын дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын томилолтоор ажиллахдаа Хорооны гишүүд нь шинжээчийн эрх ямба, дархан эрх, хөнгөлөлтийг эдэлнэ.
35 дугаар зүйл
1.Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авсан арга хэмжээ, үүнтэй холбоотойгоор гарсан дэвшлийн талаарх дэлгэрэнгүй тайлан илтгэлээ энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хоëр жилийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Хороонд хүргүүлнэ.
2.Оролцогч улс цаашид шинээр авсан арга хэмжээнийхээ тухай нэмэлт тайлан илтгэлийг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа, түүнчлэн Хорооны хүссэн үед бусад тайлан илтгэлийг гарган өгч байна.
3.Хороо нь тайлан илтгэлийн агуулгыг тодорхойлох аргачлал зааварчилгаагаар хангана.
4.Анхны дэлгэрэнгүй тайлан илтгэлээ Хороонд хүргүүлсэн оролцогч улсын хувьд дараагийн тайлан илтгэлийн өмнө нь дурдсан мэдээллийг давтах шаардлагагүй. Хороонд хүргүүлэх тайлан илтгэлийг бэлтгэхдээ оролцогч улсууд нь нээлттэй, ил тод зарчмыг баримтлах бөгөөд энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзнэ.
5.Тайлан илтгэлдээ энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулж буй хүндрэл, нөхцөл байдлын талаар дурдаж болно.
36 дугаар зүйл
1.Хороо нь тайлан илтгэл бүрийг авч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл ерөнхий зөвлөмж, саналыг оролцогч улсад хүргүүлнэ. Оролцогч улс аливаа мэдээллийг хариулт болгон өөрийн сонголтоор Хороонд хүргүүлж болно. Түүнчлэн Хороо нь энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээллийг оролцогч холбогдох улсаас хүсч болно.
2.Оролцогч улсууд нь тайлан илтгэлээ хүргүүлэх хугацааг нэлээд хугацаагаар хожимдуулсан тохиолдолд Хороо оролцогч холбогдох улсад мэдэгдэл өгснөөс хойш гурван сарын дотор зохих тайлан илтгэлийг хүлээж аваагүй тохиолдолд нь оролцогч тухайн улсын хувьд энэхүү конвенцийн хэрэгжилтийг өөрт байгаа бодит мэдээлэлд тулгуурлан хэлэлцэх талаар мэдэгдэнэ. Ийнхүү хэлэлцэхэд оролцогч улсыг оролцуулах талаар Хороо санал гаргана. Оролцогч улсын зүгээс мэдэгдлийн дагуу холбогдох тайлан илтгэлийг хүргүүлэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг удирдлага болгоно.
3.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тайлан илтгэлийг оролцогч бүх улсад хүргүүлнэ.
4.Оролцогч улсууд нь өөрийн орондоо тайлан илтгэлийг олон нийтэд өргөн хэмжээгээр танилцуулах бөгөөд тайлан илтгэлтэй холбогдуулан гаргасан ерөнхий зөвлөмж, саналыг олон нийт танилцахад хүртээмжтэй байлгана.
5.Хороо нь шаардлагатай гэж үзвэл техникийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа хүсэх зорилгоор оролцогч улсуудын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, сангууд, хөтөлбөрүүдэд анхаарлыг нь хандуулах үүднээс хүргүүлэх бөгөөд хэрэв байгаа бол тухайн тайлан илтгэлтэй холбогдуулж Хорооноос гаргасан санал, зөвлөмжийг хавсарган хүргүүлнэ.
37 дугаар зүйл
1.Оролцогч улс бүр Хороотой хамтран ажиллах бөгөөд Хорооны гишүүд өөрийн мандатаа хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслалцаа үзүүлнэ.
2.Оролцогч улсуудтай хамтран ажиллахдаа Хороо нь олон улсын хамтын ажиллагаанаас үзүүлэх туслалцааг оролцуулан энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг дээшлүүлэх арга зам, хэлбэрийг харгалзан үзнэ.
38 дугаар зүйл
Энэхүү конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болон түүний хамарсан салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс:
(a) Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд болон бусад байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаарх энэхүү конвенцийн холбогдох зүйл заалтын хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд төлөөллөө байлцуулж болно. Хороо нь шаардлагатай гэж үзвэл төрөлжсөн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагыг тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар энэхүү конвенцийн хэрэгжилтийн тухайд шинжээчийн зөвлөгөө өгөхийг хүсч болно. Түүнчлэн Хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд болон бусад байгууллагыг үйл ажиллагааных нь хүрээний асуудлаар энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлан илтгэл ирүүлэхийг хүсч болно.
(b) тухайн асуудал Хорооны бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах тохиолдолд шаардлагатай гэж үзвэл олон улсын хүний эрхийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан бусад холбогдох байгууллагатай өөрсдийн тайлан илтгэлийг хэлэлцэх аргачлал, санал, ерөнхий зөвлөмж гаргах журмын нийцлийг хангах үүднээс зөвлөлдөх бөгөөд үйл ажиллагааны давхцал, хийдэл гаргахаас сэргийлнэ.
39 дүгээр зүйл
Хороо нь хоëр жил тутамд өөрийн үйл ажиллагааны талаарх тайлан илтгэлийг Ерөнхий Ассамблей болон Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хүргүүлэх бөгөөд оролцогч улсуудаас хүлээн авсан мэдээлэл, тайлан илтгэлийг хэлэлцсэний үр дүнд үндэслэн ерөнхий зөвлөмж, санал гаргаж болно. Ийнхүү гаргасан ерөнхий зөвлөмж, санал нь Хорооны тайлан илтгэлд хавсаргагдах бөгөөд хэрэв оролцогч улсуудаас тайлбар ирүүлсэн бол түүнийг мөн хамтад нь хүргүүлнэ.
40 дүгээр зүйл
1.Энэхүү конвенцийн хэрэгжилттэй холбоотой аль ч асуудлыг хэлэлцэх зорилгоор оролцогч улсууд нь оролцогч улсуудын Бага хурлыг тогтмол хуралдуулна.
2.Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сараас илүүгүй хугацаанд оролцогч улсуудын Бага хурлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна. Дараагийн Бага хурлуудыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын зарлан хуралдуулснаар хоëр жил тутамд нэг удаа, эсхүл Оролцогч улсуудын Бага хурлаас шийдвэрлэсэн тухай бүр хуралдана.
41 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн эх хадгалагч нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
42 дугаар зүйл
Энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нью-Йорк хот дахь төв байранд 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гарын үсэг зурахад бүх улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд нээлттэй байна.
43 дугаар зүйл
Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улсуудын хувьд түүнийг соëрхон батлах бөгөөд, гарын үсэг зурсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд албан ëсоор батламжилна. Энэхүү конвенцид гарын үсэг зураагүй аливаа улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд энэхүү конвенц нь нэгдэн ороход нээлттэй байна.
44 дүгээр зүйл
1."Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд" гэж тодорхой бүс нутгийн тусгаар тогтносон улсуудаас бүрдсэн, гишүүн улсууд нь энэхүү конвенцоор зохицуулсан асуудлаар шийдвэр гаргах өөрийн эрх мэдлээ шилжүүлсэн байгууллагыг хэлнэ. Тийм байгууллагууд нь албан ëсоор батламжилсан, эсхүл нэгдэн орох тухай баримт бичигт энэхүү конвенцоор зохицуулсан асуудлын хувьд ямар эрх мэдэлтэй болох талаар тусгана. Түүний дараа эдгээр байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гарсан аливаа өөрчлөлтийн талаар эх хадгалагчид мэдээлж байна.
2.Энэхүү конвенцид "оролцогч улс" гэсэн ишлэл нь эдгээр байгууллагын хувьд түүнд олгосон бүрэн эрхийн хүрээнд үйлчилнэ.
3.Энэхүү конвенцийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгийн зорилгын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагаас хадгалуулсан аль ч баримт бичгийг тооцохгүй.
4.Өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага нь оролцогч улсуудын бага хуралд энэхүү конвенцийн оролцогч болж буй өөрийн гишүүн улсынхаа тоотой тэнцүү хэмжээний саналын эрхтэй оролцож болно. Чингэхдээ гишүүн улсынх нь аль нэг нь санал өгөх эрхээ эдэлсэн тохиолдолд хамтын ажиллагааны байгууллагууд эсрэгээр санал өгөх эрхээ эдлэхгүй.
45 дугаар зүйл
1.Энэхүү конвенц нь хорь дахь соëрхон баталсан батламж жуух, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2.Хорь дахь баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү конвенцийг соëрхон баталсан буюу нэгдэн орсон улс, эсхүл албан ëсоор батламжилсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд ижил төрлийн баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гуч дахь өдрөөс эхлэн энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.
46 дугаар зүйл
1.Энэхүү конвенцийн зорилго, зорилттой үл нийцэх тайлбарыг хүлээн авахгүй.
2.Тайлбарыг ямар ч үед буцааж авч болно.
47 дугаар зүйл
1.Энэхүү конвенцид оролцогч аль ч улс нэмэлт өөрчлөлт хийх саналаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг саналыг оролцогч улсуудад мэдээлж, тухайн саналыг хэлэлцэж санал хураах зорилгоор оролцогч улсуудын бага хурал хуралдуулах саналтай эсэхээ хариу мэдэгдэхийг хүснэ. Ийнхүү мэдээлснээс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс багагүй нь Бага хурлыг хуралдуулах саналтай байвал Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор зарлан хуралдуулна. Нэмэлт өөрчлөлт нь хуралд оролцогч улсуудын гуравны хоëроос доошгүйн саналаар дэмжигдэх бөгөөд ийнхүү дэмжигдсэн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий Ассамблейгаар батлуулахаар хүргүүлэх бөгөөд дараа нь оролцогч улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр хүргүүлнэ.
2.1 дэх хэсгийн заалтын дагуу дэмжигдэж, батлагдсан нэмэлт өөрчлөлт нь тухайн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үед байлцсан оролцогч улсуудын гуравны хоëрын тоотой тэнцүү тооны улс түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн оролцогч аливаа улсын хувьд хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлт нь зөвхөн түүнийг баталсан оролцогч улсуудын хувьд заавал дагаж мөрдөх хүчинтэй байна.
3.Хэрвээ оролцогч улсуудын бага хурлаас нийтийн тохиролцооны үндсэн дээр шийдвэрээ гаргасан бол энэхүү конвенцийн 34, 38, 39 болон 40 дүгээр зүйлийн заалтад хамаарах энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу дэмжигдэж, батлагдсан нэмэлт өөрчлөлт нь түүнийг дэмжих үед байлцсан оролцогч улсуудын гуравны хоëртой тэнцүү тооны хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш гуч хоногийн дараа оролцогч бүх улсын хувьд хүчин төгөлдөр болно.
48 дугаар зүйл
Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
49 дүгээр зүйл
Хүртээмжтэй хэлбэр
Энэхүү конвенцийн эх бичвэр нь хүртээмжтэй хэлбэрээр үйлдэгдэнэ.
50 дугаар зүйл
Энэхүү конвенцийн англи, араб, испани, орос, хятад, франц хэлээрх эх бичвэр нь ижил хүчинтэй байна.
Үүнийг нотолж, засгийн газраасаа зохих ëсоор бүрэн эрх олгогдсон бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх