- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛ
Энэхүү Протоколд Оролцогч улсууд нь дараах зүйлийн талаар хэлэлцэн тохиров:
1дүгээр зүйл
1.Энэхүү Протоколд оролцогч улсууд (цаашид "оролцогч улсууд" гэх) нь конвенцид тусгасан аль нэг эрхийг оролцогч тухайн улс зөрчсөний улмаас хохирсон хэмээн мэдүүлж буй харьяат этгээдийнх нь мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн Хороо ("Хороо") хэргийг харьяаллыг хүлээн зөвшөөрнө.
2.Конвенцийн Оролцогч улс хэдий ч энэхүү протоколд нэгдэн ороогүй улстай холбоотой аливаа мэдээллийг Хороо хүлээн авахгүй.
2 дугаар зүйл
Хороо нь дараахь тохиолдолд мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ:
(a) мэдээлэл нь нэр хаяггүй;
(b) мэдээлэл нь тийнхүү мэдээлэх эрхээ урвуулан ашигласан буюу энэхүү конвенцийн зүйл заалттай нийцээгүй;
(c) тухайн асуудал Хороогоор хэдийн хэлэлцэгдсэн, эсхүл олон улсын мөрдөн шалгах буюу зохицуулах өөр журмын дагуу шалгагдсан эсхүл өөр хороогоор хэлэлцэгдсэн;
(d) дотоодын эрх зүйн хамгаалалтын бүхий л арга хэрэгслийг барагдуулаагүй. Эдгээр арга хэрэгслийг ашиглах явдал хүндэтгэх шалтгаангүйгээр удааширсан бол энэ журмыг мөрдөхгүй;
(e) мэдээлэл нь үндэслэлгүй буюу хангалттай нотлогдож чадахгүй;
(f) мэдээлэлд дурдагдсан баримт нь тухайн оролцогч улсын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болохоос өмнө бий болсон бөгөөд тухайн мэдээлэл хүргэгдэх өдрийг хүртэл үргэлжлээгүй.
3 дугаар зүйл
2 дугаар зүйлийн заалтын дагуу Хороо энэхүү протоколийн дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг нууцалж оролцогч улсын сонорт хүргэнэ. Мэдээлэл хүлээн авсан улс дурдагдсан асуудлын талаар, түүнчлэн тухайн улсаас авсан байж болох аливаа арга хэмжээ байгаа бол тэр тухайгаа тодруулсан тайлбар буюу мэдэгдэл бичгээр гаргаж зургаан сарын дотор Хороонд ирүүлнэ.
4 дүгээр зүйл
1.Хороо мэдээллийг хүлээн авсны дараа аль ч үед болон түүний талаар зарчмын шийдвэр гаргахаасаа өмнө оролцогч холбогдогч улсад хандаж, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй хохирогч буюу хохирогчдод нөхөж баршгүй хохирол учрахаас урьдчилан сэргийлэх үүднээс оролцогч тухайн улс зайлшгүй шинжтэй түр арга хэмжээ авахыг хүсч болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу Хорооны өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах эрхээ хэрэгжүүлж байгаа нь энэ мэдээллийг хүлээн авч болох эсэх буюу түүний талаар зарчмын шийдвэр гаргаж байгаа хэрэг биш юм.
5 дугаар зүйл
Энэхүү протоколд дурдагдсан мэдээллийг Хороо нь хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ. Мэдээллийг шалгаж тогтоосныхоо дараа Хороо нь хэрэв холбогдох зөвлөмж, санал гаргасан бол тэдгээрийг оролцогч улс болон гомдол гаргагчид мэдээлнэ.
6 дугаар зүйл
1.Конвенцид заасан эрхийг оролцогч улс ноцтойгоор удаа дараа зөрчиж байгаа тухай баттай мэдээллийг Хороо хүлээн авсан бол мэдээллийг шалгахад хамтран оролцож, мэдээллийн талаарх саналаа ирүүлэхийг оролцогч улсаас хүсч болно.
2.Оролцогч холбогдох улсаас ирүүлж болох аливаа санал, түүнчлэн Хороонд байгаа баталгаатай бусад мэдээллийг харгалзан Хороо мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж, дүнг яаралтай илтгүүлэх зорилгоор нэг буюу хэд хэдэн гишүүнээ томилж болно. Шаардлагатай гэж үзсэн бөгөөд оролцогч тухайн улс зөвшөөрсөн тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
3.Тэрхүү мөрдөн шалгалтын ажиллагааны дүнг судалж үзсэний дараа Хороо нь үр дүнг санал, зөвлөмжийнхөө хамт оролцогч холбогдох улсад хүргүүлнэ.
4.Хорооноос ирүүлсэн үр дүн, санал, зөвлөмжийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор оролцогч холбогдогч улс Хороонд хариу илгээнэ.
5.Мөрдөн шалгах тухайн ажиллагааг нууцлалыг хадгалсан байдлаар явуулах бөгөөд энэ ажлын бүхий л үе шатанд оролцогч улсын зүгээс хамтын ажиллагааг хангах бүх арга хэмжээг авна.
7 дугаар зүйл
1.Энэхүү протоколын 6 дугаар зүйлийн дагуу явуулсан мөрдөн шалгалтын ажиллагаатай холбогдуулан авсан аливаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Конвенцийн 35 дугаар зүйлийн дагуу ирүүлэх тайлан илтгэлдээ тусгахыг Хороо оролцогч холбогдогч улсаас хүсч болно.
2.Шаардлагатай тохиолдолд 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зургаан сарын хугацаа дууссаны дараа мөрдөн шалгалтын ажиллагаатай холбогдуулан авсан аливаа арга хэмжээний тухай мэдээлэхийг Хороо оролцогч холбогдогч улсаас хүсч болно.
8 дугаар зүйл
Оролцогч аливаа улс энэхүү протоколд гарын үсэг зурах, түүнийг соëрхон батлах, эсхүл нэгдэж орохдоо 6 болон 7 дугаар зүйлд заасан Хорооны эрх мэдлийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж болно.
9 дүгээр зүйл
Энэхүү протоколын эх хадгалагч нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
10 дугаар зүйл
Энэхүү протокол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нью-Йорк хот дахь төв байранд 2007 оны 3 дугаар 30-ны өдрөөс гарын үсэг зурахад бүх улсууд болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад нээлттэй болно.
11 дүгээр зүйл
Энэхүү протокол нь Конвенцийг соëрхон баталсан, эсхүл нэгдэн орж энэхүү протоколд гарын үсэг зурсан оролцогч улсуудын хувьд соëрхон батлавал зохино. Түүнчлэн Конвенцийг албан ëсоор батламжилсан, эсхүл нэгдэн орсон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд энэхүү протоколыг албан ëсоор батламжилна. Конвенцийг соëрхон баталсан, эсхүл нэгдэн орсон буюу албан ëсоор батламжилсан боловч Протоколд гарын үсэг зураагүй оролцогч улсууд болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд энэхүү протокол нэгдэн ороход нээлттэй байна.
12 дугаар зүйл
1."Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд" гэж тодорхой бүс нутгийн тусгаар тогтносон улсуудаас бүрдсэн гишүүн улсууд нь конвенц болон энэхүү протоколоор зохицуулсан асуудлаар шийдвэр гаргах өөрийн эрх мэдлээ шилжүүлсэн байгууллагыг хэлнэ. Тийм байгууллагууд нь албан ëсоор батламжилсан, эсхүл нэгдэн орох тухай баримт бичигт конвенц болон энэхүү протоколоор зохицуулсан асуудлын хувьд ямар эрх мэдэлтэй болох талаар тусгана. Түүний дараа эдгээр байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гарсан аливаа өөрчлөлтийн талаар эх хадгалагчид мэдээлж байна.
2.Энэхүү протоколд "оролцогч улс" гэсэн ишлэл нь эдгээр байгууллагын хувьд түүнд олгосон бүрэн эрхийн хүрээнд үйлчилнэ.
3.Энэхүү протоколын 13 зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зорилгын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагаас хадгалуулсан аль ч баримт бичгийг тооцохгүй.
4.Өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага нь оролцогч улсуудын зөвлөлдөөнд энэхүү протоколын оролцогч болж буй өөрийн гишүүн улсуудынхаа тоотой тэнцүү хэмжээний саналын эрхтэй оролцож болно. Чингэхдээ гишүүн улсуудынх нь аль нэг нь санал өгөх эрхээ эдэлсэн тохиолдолд хамтын ажиллагааны байгууллагууд эсрэгээр санал өгөх эрхээ эдлэхгүй
13 дугаар зүйл
1.Конвенцийг хүчин төгөлдөр болсон нөхцөлд энэхүү протокол нь арав дахь соëрхон баталсан батламж жуух, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2.Арав дах баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү протоколыг соëрхон баталсан буюу нэгдэн орсон, эсхүл албан ëсоор батламжилсан улс, эсхүл бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд ижил төрлийн баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гуч дахь өдрөөс эхлэн энэхүү протокол хүчин төгөлдөр болно.
14 дүгээр зүйл
1.Энэхүү протоколын зорилго, зорилттой үл нийцэх тайлбарыг хүлээн авахгүй.
2.Тайлбарыг аль ч үед буцааж авч болно.
15 дугаар зүйл
1.Энэхүү протоколд оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт хийх саналаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга нь уг саналыг оролцогч улсуудад уламжилж, уг саналыг хэлэлцэж, санал хураахаар оролцогч улсуудын зөвлөлдөөн хийх эсэхээ хариу мэдэгдэхийг хүснэ. Ийнхүү мэдээлснээс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсын гуравны нэгээс багагүй нь зөвлөлдөөн хийх саналтай байвал Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор хийлгэнэ. Нэмэлт өөрчлөлт нь зөвлөлдөөнд оролцогч улсуудын гуравны хоëроос доошгүйн саналаар дэмжигдэх бөгөөд ийнхүү дэмжигдсэн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий Ассамблейгаар батлуулахаар хүргүүлэх бөгөөд дараа нь оролцогч улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр хүргүүлнэ.
2.1 дэх хэсгийн заалтын дагуу дэмжигдэж, батлагдсан нэмэлт өөрчлөлт нь тухайн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үед байсан оролцогч улсуудын гуравны хоëрын тоотой тэнцүү тооны улс түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн оролцогч аливаа улсын хувьд хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулахаар хүргүүлснээс хойш гуч хоногийн дараа нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлт нь зөвхөн түүнийг баталсан оролцогч улсуудын хувьд заавал дагаж мөрдөх хүчинтэй байна.
16 дугаар зүйл
Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж энэхүү протоколыг цуцалж болно. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
17 дугаар зүйл
Энэхүү протоколын эх бичвэр нь хүртээмжтэй хэлбэрээр үйлдэгдэнэ.
18 дугаар зүйл
Энэхүү протоколын англи, араб, испани, орос, хятад, франц хэлээрх эх бичвэр нь ижил хүчинтэй байна.
Үүнийг нотолж, засгийн газраасаа зохих ëсоор бүрэн эрх олгогдсон бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү протоколд гарын үсэг зурав.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх