- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦЫН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 406
Улаанбаатар хот
ОРОН СУУЦЫН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын сууц, талбайд давхардуулан захиалга авч, худалдах замаар захиалагч иргэн, хуулийн этгээдийг хохироох эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүссэн тухай зохих шийдвэр, газрын нэгж талбарын дугаар, техникийн нөхцөл, тухайн барилга баригдах газрын нэгж талбартай холбож, хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, блок, орцны дугаар, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн дахин давтагдашгүй дугаар (QR код)-ыг давхрын зохион байгуулалтын зургийн хамт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын 3 өдрийн дотор, мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлтийн талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус цахимаар хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.2.энэ тогтоолын 1.1-д заасан мэдээлэлд үндэслэн барьж дуусаагүй барилгын эрхийн гэрчилгээ авсан нийтийн зориулалттай орон сууцын барилгын болон барилгын ажлын зөвшөөрөлтэй, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг ажлын 5 өдрийн дотор, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг тухай бүр албан ёсны цахим хуудсаар, ил тод, нээлттэй мэдээлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням)-т.
2.Барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням)-т үүрэг болгосугай:
2.1.барьж дуусаагүй барилгын эрхийн гэрчилгээгүй барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын сууц, талбайд захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шалгаж, тухайн сууц, талбайд өмнө хийгдсэн захиалгын тэмдэглэлгүй бол "захиалгын гэрээ хийгдсэн" тэмдэглэлийг тухай бүр хийх;
2.2.энэ тогтоолын 2.1-д заасан шаардлагыг хангаагүй бол татгалзсан үндэслэлийг хүсэлт гаргагчид мэдэгдэх, өмнө нь захиалгын тэмдэглэл хийгдсэн, давхардуулан захиалга авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл энэ талаар ажлын 5 хоногийн дотор цагдаагийн байгууллагад мэдээлэх;
2.3.захиалгын гэрээ цуцлагдсан, хүчингүй болсон талаар сууц, талбай захиалагч болон барилгын ажлын захиалагчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалгаж, үндэслэлтэй бол "захиалгын гэрээ хийгдсэн" тэмдэглэлийг тухай бүр устгах.
3.Барилгын ажлын зөвшөөрөл олгосон нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж, үнэн зөв, бүрэн байдлыг нягтлан баталгаажуулсны үндсэн дээр 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор албан ёсны цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэй мэдээлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням)-т тус тус даалгасугай.
4.Барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, ил тод, нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг батлагдсан төсөвтөө багтаан 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Нийтийн зориулалттай орон сууцын барилгад иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс тухайн сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нягтлах боломж бүрдсэн талаар олон нийтэд мэдээлж, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөх, залилангийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх