- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ("Алтандорнод Монгол" ХХК)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 186
Улаанбаатар хот
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ("Алтандорнод Монгол" ХХК)
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алтандорнод Монгол" ХХК, "Востокнефтегаз" ХХК, Оросын Холбооны Улсын иргэн С.В.Паушок нарын нэхэмжлэлтэй арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж амжилттай ажилласан Ажлын хэсгийн ажлын үр дүнг сайшаасугай.
2. Их хэмжээний төсвийн орлогыг яаралтай бүрдүүлэх, олон улсын арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор "Алтандорнод Монгол" ХХК, Оросын Холбооны Улсын иргэн С.В.Паушокын хамаарал бүхий компаниудын төр, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст учруулсан хохирол, татварын өр төлбөрийн нэгдсэн тооцоо, судалгааг гаргах, хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх, байгаль орчны хохирлын үнэлгээг хийж нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлэх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн үлдэгдэл нөөцийн хэмжээг тогтоож, техник-эдийн засгийн үнэлгээг хийн татварын өрөнд тооцож төрийн өмчит компанид шилжүүлэх боломжийг судлан санал боловсруулах, компанийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрөлтэй холбоотой урьдчилан хамгаалах болон хохирлыг барагдуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. "Алтандорнод Монгол" ХХК-ийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад 100.000.000 (нэг зуун сая) төгрөг, татварын өр төлбөрийн нэгдсэн тооцоо, судалгаа гаргах, тус компанийн эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхэд 20.000.000 (хорин сая) төгрөг, байгаль орчны хохирлын үнэлгээг хийлгэхэд 280.000.000 (хоёр зуун наян сая) төгрөг, орчуулга, сургалт зэрэг бусад үйл ажиллагаанд шаардагдах 17.200.000 (арван долоон сая хоёр зуун мянган) төгрөг, нийт 417.200.000 (дөрвөн зуун арван долоон сая хоёр зуун мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
