A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

АВТОБЕНЗИН,ДИЗЕЛИЙН ТҮЛШ, МАХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙГТОГТВОРЖУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 7.3, Өрсөлдөөний тухай хуулийн 13.4, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 56.1, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Автобензин, дизелийн түлшний үнэ өссөнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа их, дунд, бага оврын автобус бүхий аж ахуйн нэгж, байгууллагын шатахууны үнийн зөрүүнээс үүссэн алдагдлыг 2012 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр тооцон нийт 395,953.500 (гурван зуун ерэн таван сая есөн зуун тавин гурван мянга таван зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Нийслэлийн Засаг даргад олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

2. Шатахууны үнийн зөрүүнээс үүссэн алдагдлыг төсвөөс олгож байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт, нийтийн тээврийн байгууллагын дизелийн түлшний хангалт, нийлүүлэлтийг жигд, үнийг тогтвортой байлгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт тус тус даалгасугай.

3. Автобензин, дизелийн түлшний нөөц бүрдүүлэх, үнийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоо, судалгаа хийж, хянасны үндсэн дээр Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

4. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн 2012 оны 3 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний хооронд нийлүүлэх хэмжээг хавсралт ёсоор баталж, уг ажлыг аймгийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

5. Махны улирлын нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай 40.0 (дөчин) тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн зээл хэлбэрээр олгон санхүүжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

6. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2012 оны хавар, зуны улиралд нөөцийн мах нийлүүлэх гэрээг аймгийн Засаг дарга нар болон аж ахуйн нэгжтэй байгуулж, оновчтой хэлбэрээр борлуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт үүрэг болгосугай.

7. Малчдад шаардлагатай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр мал, махаар арилжаалах ажил зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

8. Гахай, шувууны мах, загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

9. Дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА