- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АШИГЛАХ ТУХАЙ
2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хэлэлцээрээр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийг ашиглах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 4.0 (дөрвөн) сая ам.долларын буцалтгүй тусламжаас 2.0 (хоёр) сая ам.долларыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг барихад, 1.5 (нэг сая таван зуун мянган) сая ам.долларыг "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, эхний ээлжийн барилга байгууламж (хашаа, харуул хамгаалалтын байр, Захирагчийн ажлын албаны контор, дэд бүтцийн барилга байгууламж гэх мэт)-ийг барих, 500.0 (таван зуун) мянган ам.долларыг "Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсүгэй. .
2. Засгийн газрын тусламжаар баригдах Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
