- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРУУН БҮСИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БАРУУН БҮСИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 110
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан шугам сүлжээний газруудын хэрэглээний бүтэц өөрчлөгдсөнөөс үүссэн алдагдлын 50.0 хувь болон нормативт хэмжээнд ногдох шугамын алдагдлаас шалтгаалж гарсан 2001 оны алдагдал нийт 300.6 (гурван зуун сая зургаан зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан шугам сүлжээний газруудын алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг зогсоож, тэднийг Эрчим хүчний тухай хуулийн дагуу зах зээлийн горимоор ажиллуулах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.
3. Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бүрэн хурааж авах, борлуулалт, төлбөр тооцооны дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах замаар техникийн бус алдагдал гаргах явдлыг багасгах арга хэмжээ авахыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн цахилгаан шугам сүлжээний газрууд болон "Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ХК-ийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг оновчтой сонгож боловсронгуй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ), дээрх аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Эрчим хүчний салбарын ажилтнуудын одоогийн мөрдөж байгаа цалин хөлс, олговор, хөнгөлөлт, шагнал урамшууллыг Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэлийн үр ашигтай нь уялдуулах замаар хянаж үзэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
6. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны тайлан, тэдгээрийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэхдээ үр ашгийн үзүүлэлтийг тэргүүн ээлжинд харгалзан үзэх, өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалж өртөг зардал, өр авлагаа нэмэгдүүлэн алдагдалтай ажилласан компанийн удирдлагатай хариуцлага тооцож байх, Төлөөлөн удирдах болон Хяналтын зөвлөлийн ажлын үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагааг нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
