- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ
ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн /цаашид "хуулийн" гэх/ 3 дугаар зүйлд заасан "зохиогчийн эрхэд хамаарах бүтээл" гэдэгт зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд бодит байдлаар хэлбэржсэн, хуулийн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад бүтээл туурвилыг хамааруулан ойлгоно.
2.Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүтээлийг орлого олох зорилгоор ашиглавал зохиогчийн болон дүрслэгдэж буй хүний зөвшөөрлийг авч тэдэнтэй буюу тэдний эрх бүхий төлөөлөгчтэй нь гэрээ хийж гол нөхцлийг харилцан тохиролцсон байвал зохино.
3.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг зохиох, туурвихад хоёр буюу хэд хэдэн этгээд оролцож тус бүр өөрийн оюуны бүтээлч хувь нэмрээ уг бүтээлд оруулсан бол Хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хамтарсан буюу нэгдсэн зохиогчийн эрх тус бүрт нь үүснэ. Харин материал цуглуулах, зураг, схем зурах зэргээр зохиогчид техник ажиллагааны туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтарсан буюу нэгдсэн зохиогч гэж үзэхгүй.
4.Хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "албан үүргээ гүйцэтгэх журмаар бүтээл туурвисан зохиогч" гэдэгт тухайн байгууллагад хөдөлмөрийн болон иргэний бусад гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасан гүйцэтгэх ажлын хүрээнд нь тухайн бүтээлийг туурвих үүрэг тусгасан зохиогчийг хамааруулан ойлгоно. Харин албан үүргээ гүйцэтгэх журмаар бүтээл туурвисан зохиолч тухайн байгууллагатай гэрээ хэлцэл хийгээгүй бол зохиогч нь зохиогчийн амины эрхийг, гэрээнд өөрөөр заагаагүй бол албан үүрэг гүйцэтгүүлж санхүүжүүлсэн байгууллага гэрээ, хэлцэлд заасан болзол, нөхцлийн дагуу /зохиогчийн зөвшөөрлөөр/ зохиогчийн эд хөрөнгийн эрхийг тус тус эдлэнэ.
5.Хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хамтын үүсмэл бүтээлийг…санхүүжүүлэгч этгээд /продюсор/ " гэдэгт тухайн зохиогчтой хөдөлмөрийн буюу бусад гэрээ байгуулан тухайн бүтээлийг туурвих үүрэг гүйцэтгүүлэн санхүүжүүлэх үүрэг хүлээсэн хуулийн этгээд, иргэнийг хамааруулан ойлгоно. Санхүүжүүлэгч нь хамтын үүсэл бүтээл зохиогчидтой /найруулагч, жүжигчид зэрэг/ гэрээ байгуулж тус бүрт нь олгох хөлсний хэмжээг тогтоосон байвал зохино. Хэрэв дээрх гэрээг хамтын үүсмэл бүтээл зохиогчийг тогтоох, тэдний хөлсийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжээний дотор санхүүжүүлэгчээс гаргуулан олгож байх хэрэгтэй.
6.Хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан "сургалтад ашиглах" гэдгийг нийтийн хүртээл болсон бүтээлийг аливаа сургууль, дамжаануудын хичээлийн хөтөлбөрийн хүрээнд түүнийг биелүүлэхэд зориулан орлого олох зорилгогүйгээр ашиглахыг ойлгоно. Хэрэв орлого олох зорилгоор бүтээлийг ашиглавал зохиогчийн зөвшөөрлийг авч түүнд төлөх хөлсний хэмжээг тохиролцон гэрээ байгуулсан байх ёстой.
7.Хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өвлөнө" гэсэн заалтыг зөвхөн зохиогчийн эд хөрөнгийн эрхийг эрх бүхий этгээд нь хуульд зааснаар буюу гэрээслэлээр өв залгамжлахыг ойлгоно. Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой /эд хөрөнгийн/ эрхийг өв залгамжлах харилцааг бүхэлд нь Иргэний хуулийн VI хэсэгт заасан хэм хэмжээгээр зохицуулна.
8.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Иргэний хүүлийн Ү1 хэсэгт заасан журмаас гадуур өв залгамжилж хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг хохироосон бол шүүх эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг үндэслэн хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг хамгаалах ба Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн дагуу уг бүтээлийг ашиглаж олсон орлогыг тогтоон ийнхүү хууль бусаар ашигласнаас олсон орлогыг буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгож байхын хамт өв залгамжлагчид зохих шагналыг олгож байвал зохино.
9.Хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар тогтоосон журмын дагуу бүтээлийг бүртгүүлж, бүртгэлийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж болохгүй бөгөөд нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн шалгаж, уг бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах эсэхийг шийдвэрлэж байна.
10.Зохиогчийн эрхтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардах асуудал гарвал шүүгчийн захирамж гарган Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах бөгөөд уул шинжээчийн бүрэлдэхүүнд тухайн салбарын өндөр мэдлэг, мэргэжилтэй хүмүүсийг оруулж, ямар асуудлаар дүгнэлт гаргуулахаа захирамжиндаа тодорхой тусгаж, оюуны өмчийн газрын туслалцааг авч байвал зохино.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Р.ЖАМЪЯНЧОЙЖИЛ
Текст томруулах
A
A
A
