A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БЭРХИЙН УУЛЫН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"ийн 9, 58 дугаар зүйл, Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн Зөвлөлийн ээлжит бус ХХVI хурлын протоколын 6.2 дугаар заалтын дагуу Бэрхийн уулын үйлдвэрийг Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн бүрэлдэхүүнээс гаргаж, Монголын талд иж бүрнээр нь шилжүлэн өгч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулагдсанаар тооцсугай.

2."Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.

3.Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгах нь:

а/бүтээгдэхүүний өртөг зардлыг хямдруулах зорилгоор "Бэрх-Уул" төрийн өмчит үйлдвэрийн газарт "Чандган талын нүүрсний уурхай" төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн, удирдлага зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжүүлэн аж ахуйн тооцоон дээр ажиллуулах арга хэмжээ авсугай;

б/"Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрыг цаашид менежментийн хэлбэрээр хувьчлах нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналыг боловсруулж Засгийн газарт оруулсугай;

в/Бэрхийн уулын үйлдвэрийн нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламжуудыг 2 дугаар хавсралтын ёсоор Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн албанд хүлээлгэн өгсүгэй;

г/Бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет" нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай.

4.Бэрхийн уулын үйлдвэрийн нийгэм-соёлын зориулалттай объектуудыг санхүүжүүлэхэд шаардагдах 350.0 /гурван зуун тавин сая /төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт нэмж тусгаж, энэ хэмжээгээр Хэнтий аймгийн 1999 оны татаасыг нэмэгдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

5.Өндөрхаан-Бэрхийн хоорондох 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг Бэрх хотын дизель станц, барилга байгууламж, цахилгаан хангамжийн шугам сүлжээний хамт Дэд бүтцийн хөгжлийн яамны Эрчим хүчний удирдах газарт шилжүүлсүгэй.

6.Өндөрхаан-Бэрхийн хоорондох 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулахад "Монголросцветмет" нэгдлээс оруулсан 974 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Монголросцветмет" нэгдлээс улсын төсөвт төлөх орлогоос 5 жилийн хугацаанд суутган тооцох гэрээ байгуулах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Монгол-Оросын хамтарсан "Монголросцетмет" нэгдлийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрчим хүчний удирдах газрын дарга Г.Ёндонгомбо нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ