A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ, ЦАГ АГААРЫН ГЭНЭТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Байгаль, цаг агаарын гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх замаар улс оронд учирч байгаа гарз хохирлыг багасгах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн болон бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учруулж болох байгаль, цаг уурын онцгой аюултай болон аюултай үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг холбоо, мэдээллийн хэрэгслээр шуурхай зарлан нийтэд хүргэх арга хэмжэээ авч байхыг Улсын байнгын онцгой комиссг Байгаль, орчны яам, Монголын Радио, телевиз, Зам, тээвэр, холбооны яам, бүх шатны Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад үүрэг болгосугай.

2.Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журмыг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтын ёсоор, цаг агаарын онцгой аюултай, аюултай үзэгдлийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3.Хөдөөгийн хөдөлмөрчид, үүний дотор малчдыг радио хүлээн авагчийн зай тэжээлээр тасалдуулахгүй хангахад байнга анхаарч тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

4.Ус, цаг уурын судалгааны олон жилийн материалд түшиглэн цаг агаарын өөрчлөлтийн талаар тойм мэдээг сар, улирал, хагас жилээр гаргаж төр, засаг, аж ахуйн байгууллагад өгч байх, түүнчлэн ус, цаг уурын талаархи шуурхай мэдээллийг дамжуулах, хүлээн авах, боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэвшилтэт техник, технилоги нэвтрүүлэх үндсэн дээр байгаль цаг агаарын онцгой аюултай болон аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл хангаж болохуйц хугацааны өмнө мэдээлж байх арга хэмжээ авахыг Байгаль, орчны яаманд үүрэг болгосугай.

5.Ус, цаг уур, байгаль орчны ажиглалт мэдээллийн сүлжээний тасралтгүй ажиллагааг хангахад шаардагдах төсөвт зардал, унаа, шатахуунаар хангаж, ус, цаг уурын байгууллагуудыг 1993 онд багтаан эрчим хүчний байнгын найдвартай эх үүсвэр, харилцаа холбооны хэрэгсэлтэй болгох арга хэмжээ авахыг аймаг, хот, сум, дүүргийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

6.Ус, цаг уур, байгаль орчны ажиглалт, мэдээллийн ажилд жил бүр шаардагдах багаж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материал авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр (түүний дотор валютын)-ийг жил жилийн төсөвт тусгаж байхыг Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.

7.Ус, цаг уур, байгаль орчны ажиглалт, мэдээллийн ажилд нэн даруй хэрэгцээтэй багаж төхөөрөмж, материалыг энэ онд худалдан авахад зориулан 80 мянган ам.долларын эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Худалдаа, үйлдвэрийн сайд н.Цогтод даалгасугай.

8.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээний тухай" Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 326 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.