A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад даалгасугай:

а/барилгын нийтлэг мэргэжил тус бүрээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэдгээрийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургалтын бусад байгууллагыг мэргэжлийн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий барилгын мэргэжлийн сургалтын загвар төвүүдийг зохих журмын дагуу ажиллуулах;

б/барилгын салбарын мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангах асуудлыг "40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран шийдвэрлэж байх.

2. Барилгын мэргэжлийн сургалтын загвар төвийн техник, тоног төхөөрөмж, дадлагын газрыг сайжруулахад шаардагдах зардал болон барилгын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, энэ чиглэлээрх сурах бичиг, гарын авлага зохиох, хэвлэхэд шаардагдах 368.0 /гурван зуун жаран найман/ сая төгрөгийг гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт даалгасугай.

3. Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн зах зээлийн судалгааг 5 жил тутам хийх, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас барилгын салбарын нэг суралцагчид зарцуулах зардал, эрхийн бичгийн хэмжээг 2006 оноос нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд даалгасугай.

4. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт үүрэг болгосугай:

а/барилгын мэргэжлийн сургалтын агуулга, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэн боловсруулж 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн сургалтад хэрэглэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

б/барилгын салбарын мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2006 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД