- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Дээд шүүхийн 1997 оны 282 дугаар
тогтоолын хавсралт
ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү үндсэн чиглэлийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зах зээлийн харилцааг зохицуулсан төрийн хуулийг бүтээлчээр хэрэглэж, аливаа иргэний хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс дагаж мөрдөж байгаа хуульд чанд нийцүүлж хуулийн хугацаанд үндэслэлтэй зөв, шударгаар хянан шийдвэрлэх явдлыг хангахад оршино. Үндсэн чиглэлийг бүх шатны шүүх, түүний Ерөнхий шүүгчид, шүүгчид, туслах шүүгчид иргэний шүүн таслах ажилд мөрдөж биелүүлнэ.
2.Аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч нарыг тэдний саналыг авсны үндсэн дээр иргэний эрх зүйн салбар шинжлэх ухааны чиглэлээр 1997 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мэргэшүүлэх зорилгоор тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гаргаж зохион байгуулна. Энэ нь дагнасан шүүх /захиргааны, татварын г.м/ байгуулсан үед ажиллах үндсэн бэлтгэл болж өгөхөөс гадна шүүн таслах ажилд мэргэших өнөөгийн шаардлагаас урган гарч байгаа болно.
3.Иргэний хэрэг маргааныг ИХШХ тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар хуанлийн 60 хоногт багтаан хянан шийдвэрлэж дуусгах, хэргийг түдгэлзүүлэх буюу хойшлуулах талаар хуульд заасан үндэслэл тогтоогдвол захирамж гарган шийдвэрлэж энэ тухайгаа зохигчдод мэдэгдэх, түдгэлзүүлсэн буюу хойшлуулсан шалтгаан нөхцөл арилмагц хэргийг нэн даруй сэргээн ерөнхий хугацаанаас үлдсэн хугацааны дотор шийдвэрлэж байх зарчмыг удирдлага болгоно.
4.Шүүгчдийн иргэний шүүн таслах ажлын чанарын байдлыг хагас, бүтэн жилээр тогтмол тооцон дүгнэж алдаа зөрчлийг эрс бууруулах арга хэмжээ авч шүүн таслах ажлаар эхний байранд шалгарсан шүүгчдийг хууль тогтоомжийн дагуу урамшуулж байвал зохино.
5.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр иргэд, байгууллагын нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй чирэгдүүлсэн, өөрийн хариуцлагагүйгээс алдаа зөрчил дахин давтан гаргасан шүүгчдийг хууль зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулах хүртэл хариуцлага тооцож байна.
Хоёр. Өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээж авах, хэрэг үүсгэх
6.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүлээн авах хуваарийг өөрийн орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн энэ ажлыг хуваарийн дагуу сайтар зохион байгуулан тухайн нэхэмжлэл, өргөдөл, гомдол ИХШХ тухай хуулийн 60, 63 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаад хуулийн шаардлага хангаагүй бол өргөдлийг биечлэн авчирч буй хүнд учрыг тайлбарлан буцаах, хэрэв нэхэмжлэл шуудангаар ирсэн буюу биечлэн авчирсан хүн нэхэмжлэлээ буцааж авахаас эрс татгалзвал данс бүртгэлд бүртгэн авч шүүгч захирамжаар буцааж байна.
Гурав.Нотлох баримт цуглуулах, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
7.Иргэний хэргийн нотлох баримтыг ИХШХШ тухай хуульд зааснаар зохигчид тэдний төлөөлөгчид, өмгөөлөгчдөөр өөрсдөөр нь бүрдүүлэх ажлыг сайн зохион байгуулж нэгдүгээрт, улс байгууллага, хувь хүний нууцтай холбоотой буюу өөр орон нутагт байгаа нотлох баримт авах, хоёрдугаарт, туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчид хууль сануулж мэдүүлэг авч байцаах аргаар олж авах, нотлох баримтыг шүүх цуглуулж хэвшүүлнэ.
8.Зохигчдын шаардсан нотлох баримтыг аль нэг байгууллага албан тушаалтан гаргаж өгөхгүй байгаа бол шүүгч албан бичиг явуулан шаардан авч шүүхийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол гэм буруутай этгээдэд захиргааны хариуцлагын тухай хуульд заасан шийтгэлийг захирамжаар ногдуулж байна..Нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримт нь ИХШХШ тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар зөвхөн эх нотлох баримт буюу эсхүл нотариатын албан ёсны баталгаатай хуулбар бол хүлээн авдаг журмыг хэвшил болгож хувилагч техник хэрэгсэл ашиглан татсан буюу олшруулан хэвлэсэн нотлох баримтыг хүлээн авдаг, үүнд тулгуурлан хэрэг шийдвэрлэдэг буруу практикийг зогсооно.
10.Хариуцагч эд хөрөнгөө нуух замаар төлбөр төлөхөөс зайлсхийж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамаарсан шүүгч хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх, хэрэг маргаан шийдвэрлэтэл хохирол нэмэгдэхээр бол хариуцагчаас тодорхой үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглох, хариуцагчийн дансны зарлагыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, төлбөрийг урьдчилан гаргуулах захирамж гаргаж холбогдох арга хэмжээ авч байна. Ингэхдээ аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоохгүй байхыг анхаарвал зохино.
Дөрөв. Шүүх хуралдааны бэлтгэл
11.Хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авч шүүхийн дуудлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол ИХШХШ тухай хуулийн 76 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна.
12.Иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч /хэлмэрч/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг шүүх хуралдааны оролцогчид товлосон цаг, газарт шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүхийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулбал прокурорын болон өмгөөлөх байгууллага, бусад холбогдох байгууллагад асуудлыг тавьж зохицуулж байна. Энэхүү арга хэмжээ нь үр дүнд хүрэхгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож байна.
13.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар нөхөн гаргуулах болсонтой холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулна. Энэ нь нэг талаас шүүхийн зардлыг нөхөхийн зэрэгцээ нөгөө талаас зохигчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой болно.
14.Нэг хариуцагчид холбогдох хэд хэдэн нэхэмжлэлтэй хэргийг, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид холбогдох хэргийг аль болох нэгтгэн шийдвэрлэхийг зөв гэж үзнэ.
15.Шүүх хуралдааны хэзээ, хаана болохыг мэтгэлзэгч талуудад заавал мэдэгдэх журмаар тэдний шүүх хуралдаанд биечлэн оролцох, амаар болон бичгээр мэтгэлзэх, давж заалдах эрхийг баталгаатай хангана.
Тав. Шүүх хуралдаан хийх, шийдвэр гаргах
16.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн болон ИХШХШ тухай хуулийн 10, 76 дугаар зүйлд заасан иргэдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг заавал хангах журмаар талуудын мэтгэлзэх эрхийг хангана.
17.Шүүгчийг татгалзсан буюу шүүгч өөрөө татгалзсанаас шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд харьяалал тогтоолгохоор дээд шатны шүүхэд хэргийг тоотоор ирүүлж байгаа буруу практикийг зогсоож, татгалзсан саналын хууль зүйн үндэслэлийг ИХШХШ тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар тогтоосны эцэст тогтоол, захирамжаар шийдвэрлэж байна.
18.Зохигчид эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бусад байгууллага, иргэний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй нөхцөлд ИХШХШ тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар шүүгч захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Гэхдээ захирамжид зохигчид чухам ямар үйлдэл, үйл ажиллагаа хийхээр эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ ямар хэмжээгээр татгалзсан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болохыг /хэдэн төгрөг ямар нэр төрлийн юу өгөхөөр ямар үйл ажиллагаа хийхээр үүрэг хүлээсэн/-ыг тодорхой зааж, татгалзсан, эвлэрэн хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн тухай албан ёсны бичгийн баримт авч байвал зохино.
19.Шүүхийн шийдвэрийг ИХШХШ тухай хуулийн есдүгээр бүлэгт заасныг баримтлан үйлдэнэ. Шийдвэрийн удиртгал хэсэгт зохигчдын биеийн байцаалт, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбарын агуулгыг тусгахын хамт хяналтын буюу дүгнэлтийн хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах буюу үл хангах нотлох баримт, баримтлах хуулийн зүйл заалтыг тодорхой зааж байна.
Зургаа. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа
20.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд ирсэн гомдолд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримт хавсарган ирүүлсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг эхний ээлжинд шалган тодруулж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох эсэх талаар шийдвэр гаргаж байна.
21.Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч нь хяналтын шатанд хүлээн авсан хэрэг, гомдолтой танилцаад эсэргүүцэл бичиж шүүх хуралдаанд оруулах үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхий шүүгчид танилцуулна. Хэрэв Ерөнхий шүүгч, шүүгч нарын санал зөрвөл гомдолд ерөнхий шүүгчийн нэрээр хариу өгнө.
22. Хяналтын шатны шүүхэд 3 буюу түүнээс дээш удаа ирж буй өргөдөл гомдлыг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч биечлэн хариу өгнө.
Долоо. Хууль хэрэглэх
23. Аливаа хэрэгт хуулийг зөв хэрэглэхийн тулд нэгдүгээрт, шийдвэрлэх гэж буй хэрэг нийгмийн ямар харилцаанд хамаарахыг тогтоож, хоёрдугаарт, уг тогтоосон харилцааг зохицуулж байгаа хуулийг зөв сонгон авч, гуравдугаарт, сонгон авсан хуулийнхаа зүйл, хэсэг, заалт нэг бүртэй тухайн харилцаа тохирч байгаа эсэхийг нягтлан үзсэний эцэст сая хэргийг зүйлчлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.
24.Шүүгч бүр хууль тогтоомжийн лавлах сантай байж, уг санд байнгын хөдөлгөөн хийж өөрчлөгдсөн буюу хүчингүй болсон хуульд тэмдэглэл хийх замаар хууль хэрэглэх бодит нөхцөлийг бүрдүүлэх
Найм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
25.Нэн даруй биелүүлэх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг шийдвэр гарсан өдөрт нь, бусад гүйцэтгэх хуудсыг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тэр өдөрт нь бичиж ажлын 3 хоногт багтаан шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж байна.
Текст томруулах
A
A
A