A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралт


ШҮҮХИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ ЖУРАМ 

 

Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24-р зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх нь доод шатны шүүхээ мэргэжлийн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох Ерөнхий шүүгчийн бүрэн эрх нь шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг багтаана.
3.Шүүхийн мэргэжлийн удирдлага нь доод шатны шүүхээс тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс нь оролцохгүйгээр хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх,хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаанд нэгдсэн практик тогтоох зорилгоор шүүгчдэд шүүн таслах ажиллагааны мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшүүлэх, холбогдох хууль тогтоомж, гарын авлага, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, шүүн таслах ажиллагааны алдаа, дутагдлыг илрүүлэн арилгах арга хэмжээний цогц мөн.

Хоёр.Мэргэжлийн удирдлагын хэлбэр
1.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажил нь доорх хэлбэртэй байж болно.
1/ хууль тайлбарлахад
2/ тодорхой хэрэг хянан шийдвэрлэхэд
4/ шалгах туслахад
5/ шүүхийн шийдвэрийг хянахад
6/ сургалт явуулахад
7/ шүүхийн практикийг нэгтгэн судалж зөвлөмж, тойм гаргахад
8/ бусад

Гурав.Тодорхой хэлбэрийн мэргэжлийн удирдлагаар хангах журам
А.Хууль тайлбарлах
6.Хууль тогтоомжийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол улсын Дээд шүүх хуулийн албан ёсны тайлбар гаргана.Тайлбарыг хууль тогтоох байгууллагын шийдвэр,төрийн захиргаа, хууль хамгаалах төв байгууллага, тусгай газар, тэдгээрийн удирдах албан тушаалтан,шүүх,шүүх судлалын төвийн санал буюу өөрийн болон Дээд шүүхийн шүүгчийн санаачилгаар боловсруулна.Хуулийн тайлбар боловсруулах ажлыг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч зохицуулан зохион байгуулна.
7.Тайлбарын төслийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч буюу ажлын хэсэг боловсруулна.Томилогдсон шүүгч,ажлын хэсэг төслийг боловсруулахдаа түүний эрх зүйн онолын үндэслэл,тухайн хуулийг хэлэлцэн баталсан явц, хэрэглэж байгаа практикийг судалж, шаардлагатай бол мэргэжлийн комиссын дүгнэлт гаргуулна
8.Төслийн анхны хувилбарыг боловсруулсны дараа шаардлагатай бол түүнийг Дээд шүүхийн шүүгчид, бусад шүүх, шүүгчид, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, хуульчид, мэргэжлийн төв байгууллагууд, тэдгээрийн ажилтан, Ерөнхий прокурорын газарт хүргүүлэн саналыг бичгээр авч нэгтгэн дахин боловсруулна.
9.Тайлбарын төслийг боловсруулж байгаа шүүгч, ажлын хэсэг нь тайлбарын илтгэлийг нэгэн зэрэг бэлтгэнэ. Илтгэлд тухайн хуулийг тайлбарлах шаардлага, түүний дотор хэрэглэж байгаа практик, түүний ололт дутагдал, төсөл боловсруулалтын явц, бусад байгууллага, албан тушаалтны санал, тайлбарын онол, практикийн үндэслэлийг тодорхой тусгасан байна.
10.Тайлбарын төслийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлж батална.
Төслийг хуралдаанаар хэлэлцэн батлах, ёсчлох журмыг Дээд шүүхийн хуралдааны дэгээр зохицуулна.
11.Дээд шүүхийн тайлбарыг тогтоолын хэлбэрээр гаргана.
Энэхүү тогтоолыг Шүүхийн тамгын газар, /Дээд шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга/ эрхлэн дараах байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
1/ аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх
2/ Ерөнхий прокурорын газар
3/ Цагдаагийн ерөнхий газар
4/ Монголын өмгөөлөгчдийн холбооны тэргүүлэгчид
5/ Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Төрийн мэдээлэл сэтгүүлийн зөвлөл
6/ тайлбарласан хуулийг хэрэглэх гол салбарын төв байгууллага
7/ МУҮИС-ийн хууль зүйн салбар
8/ Монгол Улсын дээд шүүхийн мэдээлэл сэтгүүлийн зөвлөл
9/ шаардлагатай бусад байгууллага, албан тушаалтан (Улсын дээд шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 82 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
12.Дээд шүүхийн тайлбарыг хүлээн авмагц нийт шүүгчид, холбогдох ажилтнуудаар нэг бүрчлэн судлуулах арга хэмжээг аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч зохион байгуулна.
Б.Тодорхой хэрэг хянан шийдвэрлэх
13.Эрүү, иргэний тодорхой хэргийг хянан шийдвэрлэсэн Дээд шүүхийн болон аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь тухайн төрлийн хэргийн байдлыг зөв үнэлэн дүгнэх, зүйлчлэх, хууль ёсны шударга шийдвэр гаргах, шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах байнгын гол хэлбэр болно. Энэхүү шийдвэрт дээр дурдсан шүүхүүдийн анхан шатны давж заалдах болон хяналтын шатны шийдвэр /таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал/ нэгэн адил хамаарна.
14.Дээд шүүх, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа түүний хэлбэр, түүнд тавигдах шаардлага, гаргах журмын талаар байцаан шийтгэх хуулийн шаардлагыг чанд баримтална.
15.Дээд шүүх, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэртээ тухайн хэрэг байдлыг нотлох баримтаар бүрэн тогтоосон эсэх, нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх, шүүх хэргийн байдлыг зөв үнэлэн дүгнэж зөв зүйлчилсэн эсэх, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй эсэх, шүүх шийдвэрээ нотлох баримтаар бүрэн зөв үндэслэсэн эсэх, шүүхийн шийдвэр хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан эсэхийг зааж доод шатны шүүхийн алдаа, дутагдал, түүний шалтгаан, арилгах арга замыг бүрэн заасан байвал зохино.
16.Тодорхой хэрэг дээд шатны шүүхээр хянагдсан шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн буюу хүчингүй болсон тохиолдол бүрт тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч дээд шатны шүүхийн шийдвэрийг заавал судлан өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийнэ. Шаардлагатай бол тухайн шүүхийн нийт шүүгч судалж болно.
17.Хуулийг зөв хэрэглэх, шүүхийн нэгдсэн практик тогтооход удирдамжийн ач холбогдолтой гэж үзсэн Дээд шүүх, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нийт шүүхэд хүргүүлж судлуулах буюу эмхтгэл болгон хэвлэж болно. Энэ шийдвэр нь удирдамжийн чанартай эсэхийг Дээд шүүхийн дэргэдэх шүүхийн судалгааны төв тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний саналыг үндэслэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Удирдамжийн чанартай шүүхийн шийдвэрийн санг Шүүхийн судалгааны төв эрхлэн, шийдвэрийг ангилан хадгалах бөгөөд энэ нь шүүхээс хэрэг шийдвэрлэх, тайлбар гаргах шүүн таслах баримт бичгийн сан болно.
В.Энгийн магадлал бичих
18,19 дүгээр заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Г.Шалган туслах
20.Доод шатны шүүхийн шүүн таслах ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, түүний ололтыг бататгах, алдаа дутагдал тэдгээрийн шалтгааныг илрүүлэн арилгах, шүүгчдийн хууль хэрэглэх, шүүхийн баримт бичиг боловсруулах ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн нэгдсэн практик тогтоох зорилгоор шалган туслах арга хэмжээ авч байна.
21.Шалган туслах ажил нь иж бүрэн буюу хэсэгчилсэн байж болох бөгөөд нийт шүүхийг тодорхой хугацаанд хамарч байвал зохино.Шалган туслах ажлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу явуулна.
Д.Шүүхийн шийдвэрийг хянах
22.Шүүхийн шүүн таслах ажиллагааны алдаа зөрчлийг цаг тухайд нь илрүүлэн арилгах,шүүхийн алдаанаас шүүгдэгч, хохирогч, зохигчид болон бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хууль бус хохирол учрах боломжийг хаах зорилгоор аймаг,нийслэлийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг /таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал/ хянаж байна.
23.Шүүхийн тухайн шийдвэрт гомдол гарсан, эсэргүүцэл бичсэн бол түүнийг байцаан шийтгэх хуульд заасан журмаар шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гараагүй,эсэргүүцэл бичигдээгүй бол сумын буюу сум дундын, дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол,шийдвэр,магадлалыг аймаг,нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэлийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал /П шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэснийг оролцуулан/ Дээд шүүхийн шүүгч (Монгол улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны 399 дүгээр тогтоолоор хассан) хянана.
24.Хэрэв шүүн таслах ажиллагаандаа хууль зөрчсөн алдаа, дутагдал гаргасан бол шийдвэрийг хянасан шүүгч, Ерөнхий шүүгч хуульд заасны дагуу эсэргүүцэл бичих буюу эсэргүүцэл бичих эрх бүхий шүүгчид саналаа хэргийн материалын хамт хүргүүлнэ. Эрх бүхий шүүх саналыг хүлээн авмагц хэргийг хянан хуулийн дагуу шийдвэрлэнэ.
25.Тухайн шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд түүнийг гаргаснаас хойш 10 хоногийн дотор хүргүүлэх үүргийг аймаг,нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, сумын буюу сум дундын дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч хүлээнэ.
Е.Сургалт явуулах
26.Шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэн хууль хэрэглэх,шүүхийн баримт боловсруулах мэдлэг,ур чадвар, дадлагыг дээшлүүлэх зорилгоор шүүгчдийн сургалт явуулна. Сургалтын хэлбэр,зохион байгуулалт журмыг Монгол улсын шүүхийн шүүгчдийн мэргэжлийг дээшлүүлэх давтан сургах үндсэн чиглэл, дүрмүүдээр тодорхойлно.
Ж.Шүүхийн практикийг нэгтгэн судалж, тойм зөвлөмж бичих
27.Шүүн таслах ажиллагааны хандлагыг тодорхойлох, нийтлэг алдаа дутагдлыг илрүүлэн арилгах,шүүхийн нэгдсэн практик тогтоох, хуулийг зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор зөвлөмж,тойм гаргана.Зөвлөмж,тоймын үндэс нь шүүхийн практикийг эрх зүйн салбар,дэд салбар,хуулийг бүлэг, зүйлээр буюу тодорхой шүүхээр нэгтгэн судалсан дүн болно.
28.Судалгааг Шүүхийн судалгааны төв, Дээд шүүхийн шүүгчид, бусад ажилтнууд жил, улирлын төлөвлөгөөний дагуу дангаараа буюу бусад байгууллага, тэдгээрийн ажилтнуудтай хамтран явуулна. Хэрэв Дээд шүүхийн шүүгч судалгааны ажилд оролцож байгаа бол ажлын зохицуулагч нь Дээд шүүхийн шүүгч байна.
29.Судалгааны дүнг үндэслэн тойм,зөвлөмжийг боловсруулсны дараа Шүүхийн судалгааны төвийн удирдлага, Дээд шүүхийн хуралдаанаар дангаар буюу зохих бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлж зөвшөөрүүлэн шүүхүүдэд хүргүүлнэ. Ийнхүү зөвшөөрүүлсэн тойм, зөвлөмжийг шүүн таслах ажлын бодлого боловсруулах, тайлбар гаргахад ашиглаж болно.Тойм зөвлөмжийг хүлээн авмагц нийт шүүгчид, бусад ажилтнуудаар нэг бүрчлэн судлуулж, ярилцлага зохиох үүргийг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчид хүлээнэ.
30.Дээд шүүхийн дэргэдэх шүүхийн судалгааны төвд судалгаа хийх журмыг уг төвийн тухай дүрмээр тодорхойлно.
З.Бусад хэлбэр
31.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын бусад хэлбэрт нийтлэл бичих, шүүн таслах ажлын онол-практикийн хурал хийх ярилцлага, лекц зохион байгуулах, үзүүлэх шүүх хуралдаан зохион байгуулах бусад ажил багтана.
32.Шүүн таслах ажиллагааны талаар судалгаа хийн, хуулийг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх, шүүн таслах ажлын нэгдсэн практик тогтоох хуулийг тайлбарлан таниулах онол практикийн асуудлаар нийтлэл бичих нь бүх шатны шүүхийн шүүгчид ялангуяа Дээд шүүх, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн мэргэжлийн үүрэг мөн.
33.Нийтлэл нь өгүүлэл, хууль, шүүхийн шийдвэрийн тайлбар асуултын хариу, ярилцлага болон бусад хэлбэртэй, хэвлэл, радио, телевизэд зориулсан байж болно.
34.Нийтлэл бичих ажлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, хэвлэлийн төлөөлөгч зохион байгуулна.
35.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах бусад хэлбэрийн ажлыг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч зохицуулан зохион байгуулна.