- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН ШҮҮХИЙН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
БНМАУ-ЫН ШҮҮХИЙН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь БНМАУ-д шүүхийн засаглалыг соёл иргэншил, ардчиллын хөгжлийн олон улсын түвшинд тогтоож бэхжүүлэх явдал юм.
Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд алгуурлалгүйгээр эхний шатанд авах арга хэмжээг БНМАУ-ын улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээн дэх өөрчлөн байгуулалтын өнөөгийн шаардлагад тулгуурлан ойрын ирээдүйн зорилтод нийцүүлэн дор дурдсанаар тодорхойлж байна.
НЭГ. Шүүн таслах ажиллагааг өөрчлөн шинэчлэх талаар
1.БНМАУ-ын шүүх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, БНМАУ-ын хуульд заасан бусад үйл ажиллагаа явуулахдаа хэний ч нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдах зарчмыг удирдлага болгон гуйвалтгүй хэрэгжүүлнэ.
2.БНМАУ-ын шүүх шүүн таслах ажиллагаанд ”нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох” зарчмыг хатуу мөрдөн ажиллана.
3.Шүүх шүүн таслах ажиллагаагаа өөрчлөн шинэчлэхдээ түүнийг иргэний эрхийг баталгаатай хангахад чиглүүлж нэг талаас БНМАУ-ын хуульд нарийн чанд нийцүүлэн хэрэгжүүлэх, нөгөө талаас шүүн таслах ажиллагааны чирэгдэл, хүнд суртлыг арилгах,аль болох шуурхай болгох чиглэлийг баримтална.Тэгэхдээ шүүгчдийн бие даан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх чадвар,хариуцлагыг өндөржүүлэх,эрх хэмжээг өргөтгөх нь зүйтэй гэж үзнэ.
4.Байцаан шийтгэх ажиллагааг шүүх хуульд заасан журмаар, шударга ёсны дагуу үнэнийг тогтоох зарчимд чанд нийцүүлэн явуулах эрх,үүрэгтэйг баталгаажуулан өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.Шүүх хуралд мэтгэлзэх зарчмыг тууштай хэрэгжүүлэн байцаан шийтгэх ажиллагааны хугацаа, шаардлагыг тодорхой төрлийн хэргийн онцлог, хэмжээнд тохируулан тогтоох санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
А.Эрүүгийн шүүн таслах ажиллагааг өөрчлөн шинэчлэх талаар
1.Шүүх эрүүгийн хэрэг хэлэлцэн шийдвэрлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтын материалд (баримтанд) хөтлөгдөхгүйгээр тал бүрээс нь бүрэн бодитойгоор бие даан шинэчилсэн байцаалт явуулж шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтаар бүрэн тогтоон гэмт хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, хуульд заасан шударга ял оногдуулах, эсхүл шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох баримтаар тогтоон цагаатгаж байх нь шүүхийн эрүүгийн шүүн таслах ажиллагааны үндсэн зорилго гэж үзнэ. Эрүүгийн зарим төрлийн хэргийг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэх журам тогтоолгоно.
2.Шүүх ял оногдуулахдаа гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь нийгмийн ёс суртахууны хэмжээ, үндэсний зан заншилд хэрхэн нийцэж байгааг харгалзан үзэж байна.
3.Ялын бодлогод шүүхийн практик, олон нийтийн санаа бодлыг судлах замаар дүгнэлт өгч байна. Энэ зорилгоор Дээд шүүх, аймаг, хотын болон тусгай шүүхээс шүүхийн практик судлах ажлыг шинэ шатанд гаргаж зохион байгуулна.
4.Шүүх хэрэг хэлэлцэх шүүх хуралд оролцогчдыг бүрэн оролцуулж, тэднээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бодит нөхцөлөөр хангана. Тэгэхдээ улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийг адил тэгш эрхтэйгээр оролцуулж, ялын шүүмжлэл, өмгөөллийн үгэнд тусгагдсан шүүгдэгчийн
гэм буруугийн хэр хэмжээ, түүнд оногдуулах ял, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаарх санал, дүгнэлтийг харгалзан тэдгээрийг хүлээн авах эсэх үндэслэлийг тогтоолд зааж байна.Түүнчлэн шүүн таслах ажлын явцад хохирогчид учирсан хохирлыг бүрэн арилгахад онцгой анхаарна.
5.Шүүх гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчилтэй тэмцэх ажлыг зөвхөн ялын бодлогыг зөв хэрэгжүүлэх, шүүх хурлын хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн энгийн магадлал бичиж түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авахуулан хариуг авах хэлбэрээр хэрэгжүүлнэ.
6.Шүүх хурлыг хуульд зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулах боловч хэрэг гарсан газар дээр буюу шүүгдэгчийн ажиллаж, сурч, амьдарч байсан хамт олны өмнө шүүх хурал хийх эсэхийг зөвхөн түүний хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх ач холбогдлыг харгалзан шийдвэрлэж байна.
Б.Иргэний шүүн таслах ажиллагааг өөрчлөн шинэчлэх талаар
1.БНМАУ-ын шүүх иргэний шүүн таслах ажиллагаандаа шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмуудыг удирдлага болгон хэрэгжүүлнэ.
2.Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа нөхцөлд өмчийн бүх хэлбэр, иргэд, байгууллагын эрхийг хамгаалах бололцоог өргөжүүлэх явдлыг нэн тэргүүний зорилт гэж үзнэ.Ялангуяа иргэдийн эрхийг хамгаалах явдлыг сайжруулж тэдний иргэний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглана.
3.Иргэдийн нэр төр,алдар хүндийг хамгаалах явдлыг иргэний шүүн таслах ажиллагааны нэн чухал хэсэг гэж үзэж, түүнийг өнөөгийн шаардлагын хэмжээнд явуулахад онцгой анхаарна.
4.Иргэний байцаан шийтгэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй хэрэгжүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгож шүүх бүрэлдэхүүнээр болон шүүгч ганцаараа шийдвэрлэх хэргийн төрлийг хуульчлан тогтоолгоно.
5.Иргэний байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч оролцуулах явдлыг өргөтгөн иргэдийн ялангуяа өөрийн эрхийг хамгаалах чадваргүй хүмүүсийн эрхийг баталгаатай хангахыг чухалчилна.
В. Аж ахуйн шүүн таслах ажлыг өөрчлөн шинэчлэх талаар
1.Үйлдвэрийн газар, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөвхөн үйлдвэрийн газар, байгууллага хоорондын харилцаанд төдийгүй тэдгээрийн болон дээд шатны байгууллага засаг захиргааны байгууллага хоорондын харилцаанд зөрчигдөхөөс хамгаалах зорилтыг тууштай хэрэгжүүлнэ.
2.Зах зээлийн эдийн засагт түргэн шилжих шаардлагыг харгалзан шүүхээс аж ахуйн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх онцлог, журмыг шинэчлэн хуульчлан тогтоож, тэдгээрийг нэг мөр зөв мөрдөж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хэвшүүлнэ. Тэгэхдээ аж ахуйн хэрэг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаа иргэний шүүн таслах ажиллагаа болон өөрчлөгдөж байгааг анхаарна.
3.Анхан шатаар хэргийг шүүгч,талуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх, хэрэв талуудын төлөөлөгчид ирээгүй бөгөөд тэдний оролцоогүйгээр шийдвэр гаргахад хангалттай нотолгоо бүрдсэн бол шүүгч ганцаараа шийдвэрлэх,давж заалдах шатгүйгээр тогтоол, магадлалыг зөвхөн хяналтын журмаар хянах,шаардлагатай нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар хэрэг үүсгэж байх, тогтоолын биелэлтийг банкны байгууллагаар дамжуулан гүйцэтгэх, үйлдвэрийн газар, байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зохих торгууль төлөхөөс гадна нөгөө байгууллагад учирсан хохирлыг арилгах зэрэг арбитрын байгууллагаас аж ахуйн маргаан хянан шийдвэрлэж байсан одоогийн журмын бусад шаардлагатай ажиллагааг хадгалан үлдээнэ.
4.Нэхэмжлэл гаргахын өмнө талууд гомдлын шаардлага заавал гаргаж маргаантай асуудлаа өөрсдөө зохицуулах арга хэмжээ авсан байхыг шаардах, маргааны үнийн дүн, байгууллагын салбар, системийн
харьяалал зэргийг харгалзан аж ахуйн маргааныг хянан шийдвэрлэх хязгаарлал тогтоох,хэргийг хяналтын журмаар зөвхөн зохих шатны ерөнхий арбитрч хянах зэрэг аж ахуйн маргаан хянан шийдвэрлэж байсан журмын иргэний байцаан шийтгэх хуульд нийцэхгүй бусад ажиллагааг өөрчилнө.
5.Аж ахуйн хэргийг зохих харьяалалд тогтоон бүх шатны шүүхээр хянан шийдвэрлэдэг журам тогтооно.
6.Иргэний болон аж ахуйн хэргийн нэхэмжлэлийн улсын тэмдгийн хураамж хураах журам хэмжээг шинэчлэн тогтооно.
Хоёр.Шүүхийн хараат бус байдлыг хангах талаар
1.БНМАУ-ын шүүх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, хуульд заасан бусад үйл ажиллагаа явуулахдаа гадны нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдах зарчмыг хэрэгжүүлэх дор дурдсан баталгааБНМАУ-ын Үндсэн хууль,шүүх,шүүгчийн тухай хууль,бусад хуульд тунхаглан бататгана:
1/ тодорхой хэрэг шийдвэрлэсний төлөө хариуцлагыг зөвхөн хуульд заасан байгууллагын өмнө хүлээх журам тогтооно.
2/ БНМАУ-ын шүүхийн үйл ажиллагааг БНМАУ-ын төсвөөс төвлөрсөн журмаар санхүүжүүлэх журам тогтоолгох нь зүйтэй гэж үзнэ. Шүүхийн материал хангамж, шүүгч ажилтнуудын цалин хангамж хууль хамгаалах бусад байгууллагын зохих шатны ажилтнуудынхаас дээгүүр байх зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ. Шүүхийн зохион байгуулалтын удирдлага, материал хангамж, санхүүжилтийг удирдах албыг шүүхийн хараат бус байдлыг хангах шаардлагад нийцүүлэн байгуулж ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлүүлнэ.
3/ шүүхийн хараат бус байдлыг хангах эрх зүйн баталгааг БНМАУ-ын хуульд тусгайлан тусгаж батлуулна.
4/ шүүгчийг сонгох зарчмыг өөрчлөн томилох зарчимд шилжиж, бүрэн эрхийн хугацаа нь томилсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаатай зөрөх, тэгэхдээ одоогийнхоос илүү байхаар тогтоолгон, шүүхийн тайлагнах журмыг өөрчилнө. Тэгэхдээ шүүгчдийн мэргэшил, ажлын ур чадварыг тогтмол шалган дүгнэж байх, албан тушаалаас огцруулах асуудлыг шийдвэрлэх журмыг хуульд нарийвчлан тодорхойлж, энэ ажлыг эрхлэх шүүгчдийн өөрийгөө удирдах байгууллага бий болгон ажиллуулна. Шүүгчдийн бүх талын боловсрол, мэргэшлийг дээшлүүлэн шүүн таслах ажлын ур чадварыг сайжруулах, тэднийг бэлтгэх, давтан бэлтгэх зохистой хэлбэр,журмыг тогтооно. Тэгэхдээ шүүгчдийг зөвхөн шүүхийн сонгож авсан хүмүүсээс түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр бэлтгэх,тэднийг 5 жилийн үечлэлээр давтан бэлтгэхийг чухалчилна.
5/Шүүх хурлыг төрийн онцгой үйл ажиллагааны хувьд сүр жавхаатай болгохын тулд шүүх хурлын журам сахиулах, шүүн таслах ажлын бэлгэдлийг бий болгон хэрэглэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
6/Шүүх, шүүгчдийн ажил үнэлж дүгнэх шалгуур, журмыг шинэчилж баталж мөрдүүлнэ. Тэгэхдээ дээд шатны шүүхийн заалтыг доод шатны шүүх нь заавал биелүүлэх, шүүх тус бүр хараат бус байх зарчмыг зөв хослуулна.
7/БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах явцад Дээд шүүх Үндсэн хуулийн хяналтын үүргийг хэрэгжүүлэх боломжийг судалж шийдвэрлүүлнэ.
Гурав.Төгсгөлийн заалтууд
1.БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэл нь нийт шүүх,тэдгээрийн бүх ажилтнуудын удирдлага болгох мөрийн хөтөлбөр гэж үзнэ. Тэд энэхүү үндсэн чиглэлийг БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж хэрэгжүүлнэ.
2.Шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэлийг БНМАУ-ынҮндсэн хууль, бусад хууль, төрийн дээд байгууллагын шийдвэрт тусгуулах арга хэмжээг БНМАУ-ын Дээд шүүх, нийт шүүх шүүгчид бусад ажилтнуудын оролцоотойгоор БНМАУ-ын Хууль зүйн яамтай хамтран зохион байгуулна. Ялангуяа шүүхийн үйл ажиллагаатай холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулахад санаачилга, шаардлагатай оролцоно.
3.БНМАУ-ын Шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэлд шаардлагатай үед БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурал өөрчлөлт оруулж энэ тухайгаа нийт шүүх, шүүгчдэд нэн даруй мэдээлж байна.
Текст томруулах
A
A
A