A

A

A

Бүлэг: 1979

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигийн хавсралт

 

УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл
1.Хилийн тухай Монгол Улсын хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр улсын хил хамгаалалтад оролцоно.
2.Аймаг, сумын Засаг дарга нь улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох иргэдийг ажил, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар улсын хил хамгаалалтад туслах хүч /цаашид “туслах хүчин” гэнэ/ болгон зохион байгуулж улсын хил хамгаалалтад оролцуулна.
3.Туслах хүчнийг хил орчмын аймаг, сум, багийн төв, хилийн боомт, хилийн сумангийн хэсэг, суурин газар, төмөр замын өртөө, зөрлөг болон шаардлагатай бусад газарт улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.
4.Туслах хүчний зорилт нь улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслахад оршино.
5.Улсын хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлтээ аймаг, сумынхаа Засаг даргад бичгээр гаргана. Уг хүсэлтийг өөрийн харьяа нутаг дэвсгэр дэх хил хамгаалах байгууллагын даргын саналыг үндэслэн тухайн аймаг, сумын Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөр хэлэлцэж Засаг даргын захирамжаар батална.
6.Улсын хил хамгаалалтад туслах хүчний бүрэлдэхүүнд орсон иргэнийг туслах хүчний гишүүн гэнэ. Туслах хүчний гишүүн нь таних тэмдэг, үнэмлэхтэй байна. Тэдгээрийн загварыг хилийн цэргийг удирдах төрийн захиргааны байгууллага батална.
7. Туслах хүчний үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хилийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг удирдлага болгоно.
 

Хоёр.Туслах хүчний удирдлага
1.Туслах хүчнийг Монгол Улсын Хилийн тухай хуульд заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, түүний дэргэдэх орон тооны бус Зөвлөл, Улсын хил хамгаалах байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд удирдлагаар хангана.
2.Хилийн аймаг, сумын Засаг даргын дэргэд Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл /цаашид энэ журамд “Зөвлөл” гэнэ/ ажиллана.
3.Хилийн аймаг, сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн зорилт нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Засаг даргад туслах явдал мөн.
4.Аймгийн Зөвлөлийн дарга нь аймгийн Засаг дарга, орлогч дарга нь хилийн ангийн дарга, нарийн бичгийн дарга нь Засаг даргын тамгын газрын дарга байна. Аймгийн зөвлөлийн гишүүдэд аймгийн цагдаагийн хэлтэс /газар/, Тамгын газрын санхүүгийн болон нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан нэгж, аймгийн тагнуулын алба, цэрэг-иргэний хамгаалалтын штаб, холбооны газар, эрүүл мэндийн газар, мал эмнэлгийн алба, галын албаны дарга, хилийн сумдын Засаг дарга нар байна. Аймгийн Засаг даргын захирамжаар бусад хүнийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.
5.Аймаг, сумын засаг дарга нь шаардлагатай гэж үзвэл аймаг, сумын зөвлөлийн нарийн бичгийн даргыг тамгын газрын бүтцэд багтаан орон тооны ажилтнаар томилж болно.
6. Сумын Зөвлөлийн дарга нь сумын Засаг дарга, орлогч дарга нь хилийн ангийн штабын ажилтан, нарийн бичгийн дарга нь сумын Засаг даргын тамгын газрын дарга байна. Сумын зөвлөлийн гишүүдэд сумын санхүүгийн тасгийн дарга, цагдаагийн байгууллага /тасаг, хэсэг/-ийн дарга, хэсгийн төлөөлөгч холбооны дарга, тагнуулын ажилтан, хүн эмнэлгийн эрхлэгч, мал эмнэлгийн байцаагч, багийн засаг дарга байна. Сумын Засаг даргын захирамжаар бусад хүнийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.
7.Хилийн цагийн байдал, хил хамгаалалтын онцлогтой уялдуулан сумын Засаг даргын шийдвэрээр туслах хүчний багийн зөвлөлийг байгуулж болно. Багийн зөвлөлийн дарга нь багийн засаг дарга байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хилийн анги, салбарын удирдлагатай зөвшилцөн тогтооно.
 

Гурав.Туслах хүчний Зөвлөлийн үүрэг
1. Нутаг дэвсгэртээ байгаа улын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн хил хамгаалалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна.
2. Хилийн тухай хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрхэн сахин биелүүлж байгааг хянан шалгаж шаардлагатай арга хэмжээ авна.
3. Туслах хүчнийг улсын хил хамгаалалтад оролцуулах ажлыг улсын хил хамгаалах байгууллагатй хамтран зохион байгуулна.
4. Улсын хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журмыг сахиулах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5. Улсын хил хамгаалалтад төсөвлөсөн нэмэгдэл зардлыг хилийн аймаг, сум, багийн төсөвт тусгаж, зарцуулалтад нь хяналт тавина.
6. Улсын хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулахтай холбогдсон асуудлаар саналаа зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
7. Хилийн бүс, зурваст ажил, үйлдвэрлэл эрхэлж байгаа туслах хүчний гишүүдийг оршин суугаа газраар нь хил хамгаалалтанд оролцуулах ажлыг зохион байгуулж удирдана.
8. Нутаг дэвсгэртээ байгаа хил хамгаалах байгууллагатай хамтран туслах хүчний гишүүдийн цугларалтыг жилд 2 удаа, нэгдсэн зөвлөлгөөнийг 1 удаа зохион байгуулж явуулна.
9. Хил хамгаалах байгууллагаас хилийн цагийн байдлын тухай мэдээлэл авч, шаардлагатай гэж үзвэл орон нутгийн байгууллага, иргэд, хил орчмын оршин суугчдад мэдэгдэж, тэдний сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.
10. Улсын хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэдийг хил хамгаалахад туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах эсэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
11. Хилийн цагийн байдал хүндэрсэн үед туслах хүчний гишүүдийг ажил, үйлдвэрлэлээс нь чөлөөлж, хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж удирдана.
12. Улсын хилийн болон хил орчмын дэглэмийг санаатай буюу давтан зөрчсөн Монгол Улсын иргэнийг хуулийн байгууллагад шилжүүлэх саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
13. Хил хамгаалах байгууллагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр хилийн бүс, зурваст айл өрхийг нутаглуулах арга хэмжээг зохион байгуулна.
14. Хил хамгаалалтад идэвх зүтгэлтэй ажилласан, хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журмын зөрчлийг удаа дараа илрүүлсэн туслах хүчний гишүүдийг өөрийн эрх мэдлийн хүрээнд шагнаж урамшуулах, дээд байгууллагын шагналд тодорхойлох, зөрчил гаргасан гишүүнийг туслах хүчний бүрэлдэхүүнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
15. Хилийн цагийн байдлын өөрчлөлттэй уялдсан нэмэгдэл чиг үүргийг гүйцэтгэж болно.
 

Дөрөв.Хил хамгаалах байгууллагын үүрэг
1. Улсын хил хамгаалалтд иргэдийг оролцуулах энэхүү журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч туслах хүчний Зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллуулна.
2. Туслах хүчний Зөвлөлтэй хамтран гишүүдийн нэгдсэн цугларалт, зөвлөлгөөнийг зохион байгуулна.
3. Хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулах ажиллагаанд гишүүдийг сургаж, дадлагажуулна.
4. Туслах хүчний гишүүдээс хил хамгаалалтад оролцох төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг боловсруулахад туслана.
5. Туслах хүчний Зөвлөл, гишүүдийг хилийн цагийн байдлын тухай мэдээллээр хангана.
6. Хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг судалж туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах, зөрчил гаргасан гишүүнийг туслах хүчний бүрэлдэхүүнээс хасах тухай саналаа Зөвлөлд оруулна.
7. Хил орчмын нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, иргэдэд улсын хил хамгаалалтын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, хилийн тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг сурталчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
8. Хилийн бүс, зурваст байнга байрлаж байгаа туслах хүчний гишүүдийг ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, хилийн эрлийн үед үүрэг гүйцэтгүүлэх хуваарь гаргаж, хилийн тодорхой хэсгийг хариуцуулан ажиллуулна.
9. Туслах хүчний гишүүдийн үүрэг гүйцэтгэж байгаа байдлыг шалгаж, урамшуулах, хариуцлага хүлээлгэх саналаа Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
 

Тав. Аймаг, сумын туслах хүчний Зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдийн үүрэг, эрх
1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хилийн аймаг, сумын Зөвлөлийн өдөр тутмын ажлыг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий төрийн захиргааны ажилтан мөн. Түүний үүрэг нь:
1.1. Туслах хүчний зөвлөлийн хурлыг зохион байгуулж хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангана.
1.2. Туслах хүчнийг улсын хил хамгаалалтад оролцуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг хил хамгаалах байгууллагатай хамтран боловсруулж зөвлөлийн даргад танилцуулна.
1.3. Туслах хүчний гишүүдийн байршил, хамгаалалтад оролцуулах төлөвлөгөө, зураг, бүдүүвч хөтөлнө.
1.4. Хилийн зөрчилтэй холбоотой зохион байгуулалтын болон хилийн цагийн байдал хурцдахад туслах хүчний гишүүд, хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийг хил хамгаалалтад оролцуулах арга хэмжээний төлөвлөгөө, зураг бүдүүвч боловсруулж, батлуулна.
1.5. Хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулахад туслах хүчний гишүүд оролцсон ажлын дүн, илрүүлсэн зөрчлийн нэгдсэн бүртгэл судалгаа хөтөлж, тэдний ажлыг үнэлэн дүгнэж, гишүүдийн цугларалт нэгдсэн зөвлөлгөөний үеэр мэдээлнэ.
1.6. Туслах хүчний гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл судалгаа хөтөлж, тэдний санал, гомдол, өргөдлийг хүлээн авч барагдуулан, салбар зөвлөлүүдийн ажлыг удирдаж, үүргээ гүйцэтгэж байгаа байдалд хяналт тавьж ажиллана.
1.7. Хил хамгаалалтад зориулсан зардлын зарцуулалтын тайланг нэгтгэн гаргана.
1.8. Хилийн цэрэгт алба хаах залуучуудыг судлах, шилж сонгох ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
1.9. Хилийн бүс зурвас, хил орчмын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугчдын бүртгэл судалгаа хөтөлж, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавина.
1.10. Шаардлагатай бусад судалгаа, бүртгэл хөтөлж Зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангана.
2. Туслах хүчний гишүүний үүрэг нь:
2.1. Тогтоосон журмын дагуу хилийн манааны үүрэг гүйцэтгэнэ.
2.2. Өөрийн хяналт, ажиглалтаар илрүүлсэн хилийн зөрчлийн тухай хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэнэ.
2.3. Улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн, зөрчихийг завдсан этгээдүүдийг илрүүлэн саатуулна.
2.4. Хил орчмын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суух, ажил үйлдвэрлэл явуулахдаа улсын хил хамгаалалтад оролцоно.
2.5. Хилийн бүс, зурвас, боомтын журмын биелэлтэд хяналт тавина.
2.6. Цагийн байдлын дагуу шуурхай ажиллахад бэлэн байна.
2.7. Хил орчмын нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, ан агнуурын болон тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ.
2.8. Мал бэлчээрээр хил давах явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, харьяалах хил хамгаалах байгууллагадаа мэдэгдэнэ.
2.9. Улсын хил хамгаалалтад оролцож, үүрэг гүйцэтгэх үедээ таних тэмдгээ зүүж үнэмлэхээ биедээ авч явна.
2.10. Хил хамгаалалтын инженер техникийн байгууламжийг сэргээн засварлахад туслана.
2.11. Хилийн цагийн байдлын онцлогтой уялдсан бусад үүргийг биелүүлнэ.
2.12. Туслах хүчний гишүүн нь өөрөө хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргахгүй байх үүрэгтэй.
3. Туслах хүчний гишүүний эрх нь:
3.1. Улсын хилийн бүс, зурваст зорчин явагчийн бичиг баримтыг шалгаж, зөрчил гаргагчдыг саатуулна.
3.2. Хилийн бүс зурвас, хил орчмын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчино.
3.3. Улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны төлөө төрийн дээд шагнал, нутгийн захиргаа, цагдаа, хил хамгаалах байгууллагаас мөнгөн урамшуулал авна.
3.4. Хуулинд заасан хөнгөлөлт эдлэнэ.
3.5.Хил хамгаалалттай холбогдсон санал хүсэлтээ улсын хил хамгаалах байгууллага, туслах хүчний зөвлөлд тавина.
Зургаа. Туслах хүчний гишүүд үүргээ гүйцэтгэх эрх зүйн баталгаа
1. Улсын хил хамгаалалтад идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан, онцгой гавьяа байгуулсан туслах хүчний гишүүнийг холбогдох журмын дагуу төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулна.
2. Улсын хил хамгаалах албан үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан туслах хүчний гишүүний гэр бүлд Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 2, 7-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.
3. Хил хамгаалахад туслах хүчний гишүүнд хот хооронд онгоц, галт тэргээр зорчих тийзийг ээлж харгалзахгүй олгож, эмчилгээ хийлгэхээр сумаас аймагт, аймгаас Улаанбаатарт зорчих нэг талын зардлыг тухайн сумын төсөвт тусгасан хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардлаас олгоно.
4. Туслах хүчний гишүүн нь улсын хил хамгаалах албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн машин, мотоциклоо ашигласан бол зарцуулсан шатахууныг улсын хил хамгаалах байгууллагаас олгож, машин техникээ засварлахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
5. Хилийн дэглэмийн зөрчил, хил зөрчигчийг илрүүлэн саатуулсан, эд барааг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бэлтгэж завдаж байгаа тухай үнэтэй мэдээлэл өгсөн туслах хүчний гишүүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн дагуу нутгийн захиргаа, хил хамгаалах цагдаагийн байгууллага, сум, аймгийн Зөвлөлийн дарга урамшуулал олгож, Төрийн дээд ба Засгийн газрын шагналд тодорхойлно.
6. Туслах хүчний гишүүнийг үнэ төлбөргүй эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, урлагаар үйлчлэх тэдний хүссэн аль нэг тогтмол хэвлэлийг захиалж өгөх арга хэмжээг хил хамгаалах байгууллага зохион байгуулна.
7. Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн даргын шийдвэрээр улсын хил хамгаалах ажилд 5-аас доошгүй жил тасралтгүй идэвх зүтгэлтэй ажилласан туслах хүчний гишүүн 10 хүртэл хүнд хил хамгаалах байгууллагын ахлагчийн албан тушаалын 1-3 сарын цалинтай дүйцэх цалинг жилд нэг удаа олгоно.
8. Улсын хил хамгаалалтад биечлэн оролцохдоо зэвсэг, холбооны хэрэгсэл хүнс, тусгай зориулалтын хувцас /эсгий гутал, хөвөнтэй өмд, бээлий/-аар хил хамгаалах байгууллагаас хангагдана.