A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 222 дугаар зарлигийн хавсралт

 

ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн цагдаагийн албан хаагчид цагдаагийн цол олгоход энэ журмыг баримтална.
2.Цагдаагийн албан хаагч цагдаагийн цолыг өдөр тутам хэрэглэнэ.

Хоёр.Цагдаагийн цол олгох

3. Цагдаагийн албан хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан цагдаагийн цол олгоно.
4. Цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгоход дор дурдсан хугацааг баримтална:

1/цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч 5 жил
2/цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч 5 жил
3/цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч 3 жил
4/цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад 3 жил
5/цагдаагийн ахмадаас цагдаагийн хошууч 4 жил
6/цагдаагийн хошуучаас цагдаагийн дэд хурандаа 5 жил
7/цагдаагийн хурандаагаас цагдаагийн хурандаа 6 жил

5. Цагдаагийн албан хаагчид цол олгох хугацааг тооцохдоо сахилгын шийтгэл хүлээн цол буурсан, хасагдсан, ажлаас халагдсан, тахир дутуугийн группэд байсан хугацааг хасаж тооцно.
6. Цагдаагийн офицер, ахлагчийн албан тушаалд анх томилогдож байгаа хүнд офицер, ахлагчийн анхны цолыг олгоно. Энэ тохиолдолд томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэл нь цагдаагийн офицер, анхны цолоос дээгүүр байвал мэргэжил, туршлагыг харгалзан дараагийн нь цолыг олгож болно. Гэхдээ цэрэг, цагдаагийн академи, их, дээд сургууль төгсөөгүй хүнд ахмадаас дээгүүр цол олгохгүй.
7. Цагдаагийн офицерын цолыг цагдаагийн төв байгууллагын даргын, ахлагчийн болон сонсогчийн цолыг тэднийг томилох эрх бүхий даргын тушаалаар олгоно.
8. Цагдаагийн офицер, ахлагчид дор дурдсан тохиолдолд энэ журмын 5 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө цол олгож болно:
а/ гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд онцгой амжилт гаргасан;
б/нийгмийн болон цагдаагийн байгууллагын ажилд чухал ач холбогдол бүхий бүтээл, санаалчилга гаргаж хэрэгжүүлсэн;
в/гэнэтийн осол, байгалийн гамшгаас хүний амь нас, их хэмжээний өмч хөрөнгө авран хамгаалсан;
г/ажиллаж байгаагаас дээгүүр ангиллын албан тушаалд томилогдсон.

9. Эрхэлсэн ажилдаа тогтвортой сайн амжилт үзүүлж байгаа Монгол Улсын цагдаагийн байгууллагын болон Цагдаагийн төв байгууллагын харьяа албаны хөдөлмөрийн ба ажил мэргэжлийн аваргаар 2-оос доошгүй удаа шалгарсан албан хаагчид албан тушаалын нь цолны зэрэглэлээс нэг шат дээгүүр цол олгож болно.
10. Хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчаар 10-аас доошгүй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж ахмад цолыг 5, хошууч цолыг 6-гаас дээш жил эдэлж байгаа алба хаагчид дараагийн нь цолыг олгож болно.
 

Гурав.Цагдаагийн цол олгохыг хойшлуулах, цолыг бууруулах, хасах, хураах
11. Цагдаагийн офицер, ахлагчийн ажлын үр бүтээлийг харгалзан ээлжит цолыг дараах тохиолдолд энэ журмын 4 дүгээр зүйлд заасан хугацаанд олгохгүй хойшлуулж болно.
а/эрхэлсэн ажлын үр дүн хангалтгүй байгаа;
б/хууль, цагдаагийн тангараг, төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн;
в/Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээж сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй байгаа;
г/захиргааны шийтгэл хүлээж захиргааны шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй, ял шийтгүүлж ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй байгаа;
д/эрүүгийн болон захиргааны хэргийн учир шалгагдаж байгаа.

12.Дор дурдсан тохиолдолд цагдаагийн алба хаагчийн цолыг нэг шат бууруулж буюу хасч болно:
а/хууль, цагдаагийн тангараг, төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн;
б/сахилгын зөрчил гаргасан.
13. Цагдаагийн цолыг бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч дутагдлаа бүрэн арилгасан бол цол бууруулснаас хойш 6 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа түүнд цолыг эргүүлэн олгож болно.
14. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдаагийн албан хаагчийг чөлөөнд гаргалгүй албанаас халж байгаа тохиолдолд цагдаагийн цолыг хураана.
15. Цагдаагийн цолоо хураалгасан хүн офицер, ахлагчийн албан тушаалд дахин томилогдвол түүнд офицер ахлагчийн анхны цолыг олгоно.