A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 304 дүгээр зарлигийн хавсралт 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАЛТЫГ 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

 

Нэг.Хөтөлбөрийн үндэслэл

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ нөхцөлд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах бодлого, цэргийн урлагийн онолд гарч буй зарчмын өөрчлөлт, хийгдэж буй цэргийн шинэчлэлийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын орчны үнэлгээ, түүний хэтийн төлөв, зэвсэглэл техникийн өнөөгийн болон хэтийн төлөв байдалд хийсэн үнэлгээ, цэргийн эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсруулсан эрдэм шинжилгээний даалгаврын дүгнэлт, “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үндэслэн Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь тайван цагт болон дайны үед хуулиар хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэх Зэвсэгт хүчний бэлтгэлийг хангах үндсэн нөхцөл байна.

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилт, агуулгад нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг боловсронгуй болгон хөгжүүлэх нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Зэвсэгт хүчний байгуулалтыг цаашид төгөлдөржүүлэх үндсэн зорилго, зорилтуудыг Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлтийн хэтийн төлөв, улс орныг батлан хамгаалах зэрэгцээ, Зэвсэгт хүчний байгуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шшардлагад тулгуурлан тодорхойлов.

Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр нь Зэвсэгт хүчний цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжих урт хугацааны бодлого, үйл ажиллагааны баримт мөн.

1.1.Зэвсэгт хүчинд тавигдаж буй өнөөгийн шаардлагууд:

1.1.1.Зэвсэгт хүчний үндсэн хүч нь тайван цагийн бүтэц, зохион байгуулалтаараа олон талт үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай, хөнгөн, хөдөлгөөнт, мэргэжлийн анги, салбаруудаас бүрдсэн байх;

1.1.2.Гүйцэтгэх үүрэгтээ зохицсон зэвсэглэл, техник хэрэглэлээр бүрэн хангагдсан байх;

1.1.3.Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий офицер, ахлагч, гэрээт цэргээр тайван цагийн орон тооны дагуу бүрэн хангагдсан байх;

1.1.4.Улс орныг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай хуулиар хүлээсэн олон талт үүргийг гүйцэтгэх чадавхийг хангахуйц санхүү-эдийн засгийн нөөцтэй байх.

1.2.Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд:

1.2.1.НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний чадавхи, боломж хязгаарлагдмал байгаа;

1.2.2.Батлан хамгаалах төсөв зөвхөн хэрэглээний шинжтэй байгаагаас Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэглэл техникийг үе шаттайгаар шинэчлэх, чадавхийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа;

1.2.3.Зэвсэгт хүчний үндсэн зэвсэглэл, байлдааны техникийн дийлэнх нь 25-30 жил ашиглагдаж, технологийн хувьд хоцрогдож, цаашид сэргээн сайжруулах засвар үйлчилгээ хийгүйгээр ашиглах боломж хязгаарлагдмал болсон;

1.2.4.Цэргийн сургалт, бэлтгэлийн материаллаг бааз Зэвсэгт хүчинд мэргэшсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагын түвшинг бүрэн хангаж чадахгүйн дээр цэргийн албан хаагчдын ахуйн хангалт, нийгмийн хамгаалал нь тэднийг албаа сэтгэл хоёрдахгүй хаах эрэлт, хэрэгцээг хараахан хангахгүй байгаа зэрэг болно.

Хоёр.Хөтөлбөрийн үндсэн зорилго, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

2.1.Хөтөлбөрийн үндсэн зорилго

Зэвсэгт хүчнийг үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах, нийтийг хамарсан байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, уламжлалт бус бусад аюулын үед хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхитай, мэргэшсэн болгон хөгжүүлэхэд хөтөлбөрийн үндсэн зорилго оршино.

Батлан хамгаалахын нөөцийн удирдлага, зохицуулалтыг өөрчлөн сайжруулах үндсэн дээр зэвсэгт хүчинд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үндэс мөн.

2.2.Зэвсэгт хүчний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд:

2.2.1.Уламжлалт бус аюул заналхийллийн шинэ орчин, хуулиар хүлээлгэсэн үүргүүдэд зохицуулан зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, ялангуяа НҮБ-ын ялангуяа энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бэлтгэлийг дээшлүүлэх;

2.2.2.Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгож Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, түүний дотор тайван цагт иргэн, цэргийн нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлэх;

2.2.3.Цэргийн албан хаагчдын нөхөн хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах.

Гурав.Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үндсэн арга хэмжээ

3.1.Уламжлалт бус аюул заналхийллийн шинэ орчин, хуулиар хүлээлгэсэн үүргүүдэд зохицуулан Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, ялангуяа НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол, уламжлалт бус бусад аюулын үед хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бэлтгэлийг дээшлүүлэх чиглэлээр:

3.1.1.Зэвсэгт хүчнийг олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи бүхий өндөр мэргэшсэн болгон хөгжүүлэхтэй уялдуулан батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3.1.2.Орон нутгийн хамгаалалтыг бүрдүүлж, төлөвшүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх;

3.1.3.Бүсийн тулгуур төвүүдэд байршилтай ерөнхий зориулалтын цэргийн мотобуудлагын ангиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх;

3.1.4.Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага болон Зэвсэгт хүчний цэргийн ангиудын штабыг олон улсын цэргийн төлөвлөлтийн штабтай хамтран ажиллах боломжтой хувилбарыг судлан туршиж, 2007 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

3.1.5.Аюулгүй байдлын шинэ орчин нөхцөл, улсын дайчилгааны төлөвлөгөөтэй уялдсан цэргийн дайчилгааны төлөвлөгөөний олон талт хувилбаруудыг шинээр боловсруулж, мөрдүүлэх;

3.1.6.Цэргийн нөөцийн хэмжээ, цувраажилтыг шинэчлэн тогтоож, төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогод нийцүүлэн бүсийн тулгуур төвүүдэд шилжүүлэн байршуулах, цэргийн дайчилгааны хэрэгцээт зарим төрлийн нөөцийн 70 хүртэлх хувийг улсын нөөцөд хадгалах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар орон нутгийн батлан хамгаалах чадавхийн үндсийг бүрдүүлэх; 3.1.7.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх зориулалтаар бүсийн төвүүдэд байршилтай Зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн сургалтын шинэ төвийг 2007-2010 онд 3, 2010-2015 онд 3-ыг тус тус байгуулах;

3.1.8.НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг зориулалт бүхий хоёр ангийг 2006-2009 онд орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, цэргийн техникээр бүрэн хангах, 2010 оноос гуравдахь ангийг шинээр байгуулж, улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үндэсний цэрийн байнгын хүчнийг 2015 он гэхэд 2500 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;

3.1.9.Цэргийн цагдаагийн салбарыг 2007 онд шинээр байгуулах;

3.1.10.Зэвсэгт хүчний “Сургалтын нэгдсэн төв”-ийг “Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв болгох;

3.1.11.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэригийн эмнэлгийн хөдөлгөөнт багийг 2007-2009 онд, томилгоот цэргийн ангиудын эмнэлгийн нэгж, энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төвд дэлгэн байрлуулах зориулалттай хээрийн цэргийн эмнэлгийг 2010-2015 онд тус тус байгуулах;

3.1.12.Хими, инженерийн болон бусад тусгай мэргэжлийн бүлэг, салбарын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.1.13.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэн хөдөлгөөнт чадварыг сайжруулж, байнгын бэлэн байдлыг хангах;

3.1.14.Цэргийн ангиудаас уламжлалт бус аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх зориулалттай, уян хатан, хөнгөн бүтэц, зохион байгуулалт бүхий “Зориулалт хүчин”-ийг байгуулах, томилгоожуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх.

3.2.Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгож Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, түүний дотор тайван цагт иргэн, цэргийн нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлээр:

3.2.1.Батлан хамгаалахын нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд урт, дунд хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгож, батлан хамгаалах төсвийн бүтцийг олон улсын жишигт ойртуулахын зэрэгцээ, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөр, гадаад хамтын ажиллагааны шугамаар гадаад орнуудаас батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламж, хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хөрөнгө, улсын хэмжээний бүтээн байгуулалтын томоохон ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах, илүүдэл авто, хуягт танкийн зарим техник хэрэгслийг зах зээлд зарж борлуулснаар төсвийн гадуурх орлогыг төвлөрүүлэх “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г бий болгох асуудлыг холбогдох дээд байгууллагаар шийдвэрлүүлж, энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг болон зэвсэгт хүчний цаашдын хөгжлийг хангах эдийн засгийн үндсийг бүрдүүлэх;

3.2.2.Цэрэг, иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах Засгийн газрын дэд төсөл хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний зарим төрлийн /нисдэг тэрэг, авто болон тусгай/ техник хэрэгслийг ашиглан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төлбөрт үйлчилгээ үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;

3.2.3.Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхитай батальон, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зориулалт бүхий цэргийн анги, томилгоот салбруудын зэвсэглэл, техникийг эхний ээлжинд шинэчлэх, сайжруулах;

3.2.4.Агаархын довтолгооноос хамгаалах цэргийн техник хэрэгсэлд технологийн шинэчлэл хийх, идэвхтэй галын хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

3.2.5.Цэргийн удирдлагын холбоо, мэдээллийн системийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудыг өгөгдөл, дуу, дүрс дамжуулдаг программын удирдлагатай тоон системийн стануудаар хангах, байнгын цахилгаан холбооны системийг тоон системийн техник, технолгиор шинэчлэн, шилэн кабельжуулах дэд төслүүдийг 2007-2012 онд хэрэгжүүлэх;

3.2.6.Техникийн чанар байдлын хувьд үүрэг гүйцэтгэх боломжтой авто, хуягт танкийн техник, артиллер, зенит болон буудлагын зэвсэглэлд сэргээн сайжруулах үйлчилгээ хийж, тодорхой хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлэх;

3.2.7.Гадаадын улс орнуудын сайжруулалтын технологийг нэвтрүүлэх, давхар зориулалт бүхий жижиг үйлдвэр, авто техник оношлох лабораторийг байгуулах, засварын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах замаар зарим төрлийн байлдааны зэвсэглэл, уэргийн техникийн байлдааны боломжийг дээшлүүлэх.

3.3.Цэргийн албан хаагчдын нөхөн хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, тэргүүн ээлжинд тайван цагт Зэвсэгт хүчинд алба хаах бие бүрэлдэхүүний зохистой харьцааг шинэчлэн тогтоож, хүний нөөцийн удирдлагын бодлогыг боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр:

3.3.1.Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагчидтай явуулах төр, цэргийн уламжлал, эх оронч хүмүүжлийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

3.3.2.Иргэнийг гэрээт цэргийн албанд элсүүлэх болон алба хаалгах журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах замаар гэрээт цэргийн албыг бэхжүүлэх, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдын тооны эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх;

3.3.3.Цэргийн мэргэжил олгох боловсролын стандарт, сургалтын агуулга, технологийг олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи бүхий өндөр мэргэшсэн Зэвсэгт хүчний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох;

3.3.4.Цэргийн сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний ахуй нөхцлийг сайжруулах;

3.3.5.Зэвсэгт хүчний ангиудын сургууль-дадлагын байр, танхим, хээрийн дадлагын талбайг орчин үеийн сургалтын тренажёр, бусад тоног төхөөрөмжөөр ханган, бие бүрэлдэхүүний болон дайчилгааны бэлтгэл үүрэгтэний сургалтыг явуулах боломжийг нэмэгдүүлэх;

3.3.6.“Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төв”-ийг бэхжүүлж, энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох болон нийт бие бүрэлдэхүүнтэй англи хэлний эрчимжсэн сургалт явуулдаг тогтолцоог бүрдүүлэх;

3.3.7.Цэргийн албан хаагчдад урт хугацааны зээл өгөх, газар эзэмших эрх олгох, барилгын материалыг хөнгөлттэй үнээр худалдах, байгууллагын мэдлийн орон сууц барих зэрэг аргаар 2006-2010 онд офицер, ахлагч нарын 5 хувь, 2011-2015 онд 6,5 хувийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх;

3.3.8.Цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчинд гэрээгээр ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст үзүүлэх халамж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөнгөлөлт үзүүлэх тусгайлсан журам боловсруулан хэрэгжүүлэх, цэргийн амралт, сувилал, жуулчлалын сүлжээ бий болгох.

Дөрөв.Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх үндсэн арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

4.1.Мотобуудлагын болон төрөл мэргэжлийн цэргийн байнгын бүрэлдэхүүнтэй анги, салбар, тусгай томилгоот салбар, нэгжүүдийн үүрэг гүйцэтгэх чадавхи дээшилж, байнгын бэлэн байдалтай салбаруудын тоо нэмэгдэнэ.

4.2.Зэвсэглэл, техникийг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлснээр энхийг сахиулах болон улсын бусад ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зориулалт бүхий цэргийн анги, томилгоот салбаруудын зэвсэглэл, цэргийн техник үе шаттайгаар шинэчлэгдэж, чанар байдал нь дээшилнэ;

4.3.Цэргийн сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, технологи өндөр хөгжилтэй орнуудын цэргийн их, дээд сургуулиудын жишигт ойртож, сургалтын материаллаг бааз нь сургалт эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг явуулах таатай орчныг бүрдүүлснээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд нийцнэ;

4.4.Цэргийн бүх шатны удирдлагын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны агуулга, технологи олон улсын жишигт ойртоно;

4.5.Цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчинд гэрээгээр ажиллагсадын нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэж, офицер, ахлагч, гэрээт цэрэг цэргийн албыг амьдралын зорилгоо болгон, итгэл үнэмшилтэй алба хаах нөхцөл бүрдэнэ;

4.6.Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх цэгцтэй тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд бие бялдар, сэтгэл зүйн өндөр тэсвэр хатуужлыг эзэмшүүлэх зорилго бүхий сургалт бэлтгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болгоно;

4.7.НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцох чадавхи бүхий хүчинтэй болсноор 2015 оноос эхлэн жил бүр мотобуудлагын батальон хүртэлх нэгжээр үүрэг гүйцэтгэх боломжтой болно.

Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиолдож болох эрсдэлийн төсөөлөл

Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийн эх үүсвэр дутагдах явдал нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд нөлөөлөх гол эрсдэл байх болно.

 Зөвхөн хэрэглээний шинж чанартай батлан хамгаалах арга хэмжээний өнөөгийн төсөв Зэвсэгт хүчний хөгжил, хэтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нөхцлийг хангах, байлдааны зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, цэргийн албан хаагч, ажилтан, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой зорилтын хэрэгжилтийн үр дүнг хязгаарлах магадлал өндөр байна.

Зургаа.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалт

6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах гол асуудлууд

6.1.1.Тохиолдож болох эрсдэл, саад бэрхшээлийг урьдчилан судалж нарийвчлан тооцоолох, түүнээс сэргийлэх, арилгах, даван туулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх;

6.1.2.Хөрш болон бусад улстай харилцах ухаалаг, тэнцвэртэй цэргийн гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг баримтлах;

6.1.3.Зэвсэгт хүчнийг хөгжжүлэх тухай асуудлаар олон нийтэд нээлттэй байх, тэднээс дэмжлэг авах талаар чармайж ажиллах;

6.1.4.Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого болон бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулан хэрэгжүүлэх;

6.1.5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд материаллаг нөөцийн хүчин зүйлийг тулгуур болгохын зэрэгцээ Зэвсэгт хүчний оюуны чадавхийг оновчтой ашиглах;

6.1.6.Хөтөлбөрийн хэрэгжүүлэх явцад болон эцсийн үр дүнг шалгах, хянах, үнэлэх үнэлгээний системийг шинээр болвсруулж мөрдөх.

6.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, хууль эрх зүйг боловсронгуй болгох асуудлууд

6.2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газар, БХЯ, ЗХЖШ, цэргийн анги, байгууллагууд хүлээх үүрэг, хариуцах ажлынхаа чиглэлээр нарийвчлан боловсруулж мөрдөх;

6.2.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлын төлөвлөгөөг шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг нарийвчлан боловсруулж мөрдөх;

6.2.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн акт, тушаал, шийдвэрүүдийг цаг тухайд нь боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, батлагдан гарсан хууль, эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах.

6.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөх

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөө 2 үе шаттай байна.

I шат /2006-2010 он/ -Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн болон материаллаг баазыг хангах;

II шат /2011-2015/-Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж дуусгах.

Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын дэд хөтөлбөр, БХЯ-ны төслүүдийг хэрэгжүүлнэ.

6.4.Хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрүүд

6.4.1.Дотоодын нийт бүтээгдэхүүнд батлан хамгаалах төсвийн эзлэх хувь хэмжээг улс орны эдийн засгийн хөгжлийн төлөв, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан олон улсын жишигт үе шаттайгаар ойртуулах асуудлыг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэх;

6.4.2.Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн 50 хүртэлх хувийг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд төвлөрүүлэх асуудлыг холбогдох дээд байгууллагаар шийдвэрлүүлэх;

6.4.3.НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрийг Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхийг дэмжихэд төвлөрүүлэх;

6.4.4.Гадаад хамтын ажиллагааны шугамаар гадаад орнуудаас батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламж, хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хөрөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд төвлөрүүлэх;

6.4.5.БХЯ-ны хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх, технологийн хувьд хоцрогдож, загвар нь хуучирсан авто, хуягт танкийн зарим техник хэрэгслийг зах зээлд худалдан борлуулж хөрөнгө төвлөрүүлэх;

6.4.6.Улсын агаарын орон зай аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжих нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох;

6.4.7.Улсын хэмжээний бүтээн байгуулалтын томоохон ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх;

6.4.8.Цэргийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний зарим төрлийн /нисдэг тэрэг, авто болон тусгай/ техник хэрэгслийг ашиглан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төлбөрт үйлчилгээ үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх;

6.5.Хөтөлбөрт өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тухайн нөхцөл байдлаас шалтгаалан түүнд зохицуулалт хийх шаардлага гарсан тохиолдолд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцөн Засгийн газраар шийдвэрлүүлнэ.