A

A

A

Бүлэг: 1979

Ерөнхийлөгчийн 2002 оны 171 дүгээр зарлигийн хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ ШТАБЫН ДҮРЭМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зэвсэгт хүчний Жанжин штаб /цаашид ЗХЖШ гэх/ нь төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллга мөн.
Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлага гэж улс орны аюулгүй байдлыг цэргийн аргаар хангах төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг ЗХЖШ-аас Монгол Улсын хуулийн хүрээнд, нэгдмэл зорилт, нэгдсэн стандартаар зохицуулахыг хэлнэ.
1.2.ЗХЖШ-ын үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.
1.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн ЗХЖШ-ын тайван болон дайны байдлын үеийн бүтэц, бие бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг тогтооно.
1.4.Хуулиар хүлээсэн чиг үүргээ зэвсэгт хүчин хэрэгжүүлэх үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангахад ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтэц нийцэж байна.
1.5.ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон дарга тэргүүлнэ.
ЗХЖШ-ын дарга нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлага дор ажиллана.
1.6.ЗХЖШ үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрэм, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, удирдамж, Засгийн газрын тогтоол, батлан хамгаалах асуудал эрхэлсэн болон төрийн захиргааны бусад төв байгууллагын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаал, үүргийн хүрээнд явуулна.
1.7.ЗХЖШ тайван цагт ерөнхий зориулалтын цэрэг болон төрийн цэргийн бусад байгууллагын харилцан ажиллагааны үндсийг тодорхойлж, тэдгээрийн штабуудад хууль, дүрмээр хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд удирдамж, чиглэл өгнө.
1.8.ЗХЖШ-ын даргын дэргэд түүнд зөвлөх эрхтэй зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг ЗХЖШ-ын дарга тогтооно.
Зэвсэгт хүчин, цэргийн болон иргэний байгууллагуудын хамтын ба харилцан ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэхэд зөвлөлийн хуралдаанд тэдгээрийн удирдах албан тушаалтныг оролцуулж болно.
1.9.ЗХЖШ зохих журмын дагуу тогтоосон тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 

Хоёр.Зэвсэгт хүчний Жанжин штабын үүрэг
2.1.Монгол Улсын цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хувьд ЗХЖШ дараахь үүрэг хүлээнэ:
2.1.1.төрийн цэргийн бодлогын асуудлаар санал боловсруулж, холбогдох дээд байгууллагад оруулах;
2.1.2.Олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төр, цэрэг-стратегийн байдлыг байнга судлан дүгнэлт хийж, төр, засгийн дээд байгууллагуудыг энэ тухай мэдэллээр тогтмол хангах;
2.1.3.Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн холбоо, удирдлагын автоматжуулсан системийн найдвартай байдлыг хангах техник, технологийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
2.1.4.Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэх журмыг тогтоож, биелэлтийг хянах, гадаадын нисэх хэрэгслэлийн нислэгийн байдалд цэргийн мэргэжлийн хяналт тавих;
2.1.5.Орон нутгийн хамгаалалтын бодлогыг тодорхойлоход оролцож, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
2.1.6.Улсын нөөцөд байх зэвсэгт хүчний хэрэгцээт материал хэрэгслэлийнтөрөл, тоо, хэмжээ, байршлын талаар санал боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлэх;
2.1.7.Батлан хамгаалах эрх ашгийн үүднээс нутаг дэвсгэрийн судалгаа явуулах, түүнийг төхөөрөмжлөх талаар санал боловсруулах, цэрэг-стратегийн ач холбогдолтой обьектуудын байршлыг тогтоох талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
2.1.8.Цэргийн тагнуулыг зохион байгуулах удирдамж боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, дүгнэх;
2.1.9.Цэргийн боловсрол, сургалт бэлтгэлийн болон албаны стандартыг тогтоож мөрдүүлэх;
2.1.10.Зэвсэгт хүчнийг шинэ зэвсэг, техник, материал хэрэгслэлээр хангах санал боловсруулах;
2.1.11.Бүх цэргийн Их хар сүлдний хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, залж цэнгүүлэх, тахилга үйлдэх ёслолыг тогтоосон журмын дагуу зохион байгуулах;
2.1.12.Зэвсэгт хүчинд судалгаа шинжилгээний ажил явуулах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах.
2.2.Цэргийн стратегийн төлөвлөлтийн төв байгууллагын хувьд ЗХЖШ дараахь үүрэг хүлээнэ:
2.2.1.Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг боловсруулан, батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
2.2.2.Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн дэлгэх, түүнийг дайнд ашиглах, улсын хил халхлах ерөнхий төлөвлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах;
2.2.3.Зэвсэгт хүчний тайван цагийн ба дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
2.2.4.Алан хядах болон тагнуул-хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэх ажиллагаанд зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, ангийг оролцуулах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2.2.5.Зэвсэгт хүчинд хадгалах материал хэрэгслэлийн нөөцийн хэмжээг тогтоох, бүрдүүлэх, сольж шинэчлэх ажлыг зохион байгуулах.
2.3.Төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хувьд ЗХЖШ дараахь үүрэг хүлээнэ:
2.3.1.Зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, анги, байгууллагуудын байлдааны томилгоот бүс, чиглэл, үүргийг тодорхойлох;
2.3.2.Зэвсэгт хүчин,цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны жижүүрлэлтийн горимыг тогтоож, гүйцэтгэлд хяналт тавих;
2.3.3.Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагч, цэргийн багийг захиргааны удирдлагаар хангах;
2.3.4.Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн албан тушаалын шалгуур үзүүлэлтийг тогтоох;
2.3.5.Төрийн цэргийн байгууллагуудын офицер, ахлагч нарын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийн жишгийг тогтоох санал боловсруулан холбогдох дээд байгууллагад оруулах;
2.3.6.Цэргийн нийтлэг дүрмүүдийн заалтын хүрээнд цэргийн албыг зохион байгуулах зааврыг батлан гаргах;
2.3.7.Цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоох;
2.3.8.Цэргийн хүрээ, хотхоны хязгаарыг тогтоох, албан тушаалтнуудыг томилох;
2.3.9.Цэргийн анги, байгууллагуудад захидал, харилцааны дугаар олгох;
2.3.10.Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд цэргийн хүч хэрэгслээр туслалцаа дэмжлэг үзүүлэх санал, тооцоог боловсруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
2.3.11.Аймаг, нийслэлийн цэргийн штабуудыг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах;
2.3.12.Цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний нэгдсэн тооцоог хөтлөх;
2.3.13.Төрийн ёслолын цэргийн арга хэмжээг зохион байгуулж явуулах.
2.4.Ерөнхий зориулалтын цэргийг удирдах дээд штабын хувьд ЗХЖШ тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:
2.4.1.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тайван болон дайны байдлын үеийн орон тоог батлах;
2.4.2.Ерөнхий зориулалтын цэргийн бие бүрэлдэхүүний сургалт, штабуудын бэлтгэлийн чиглэл, арга хэлбэрийг тодорхойлон төлөвлөж, мэргэжлийн удирдлагаар хангах;
2.4.3.Ерөнхий зориулалтын цэргийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж тэднийг бэлтгэх, давтан бэлтгэх, зохистой байршуулах арга хэмжээ авах;
2.4.4.Ерөнхий зориулалтын цэргийн бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны өндөр чанарыг хангах;
2.4.5.Ерөнхий зориулалтын цэргийн ар тал, зэвсэглэл, техникийн бүх төрлийн хангалт, үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах;
2.4.6.Ерөнхий зориулалтын цэргийн нэгтгэл, анги, байгууллагуудыг байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолтой тэмцэх чиглэлээр сурган бэлтгэж, шаардлагатай үед оролцуулах, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
2.4.7.Ерөнхий зориулалтын цэргийн нэгтгэл, анги, байгууллагуудыг улсын онц чухал обьектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр томилгоожуулах, сурган дадлагажуулах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах;
2.4.8.Тайван цагт ерөнхий зориулалтын цэргээр улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх санал, тооцоог боловсруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
2.4.9.Цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн албыг зохион байгуулах зааврын хэрэгжилтийг ерөнхий зориулалтын цэрэгт зохион байгуулах;
2.4.10.Ерөнхий зориулалтын цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдаас авах цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах;
2.4.11.Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн нууц хамгаалах журам, цэргийн далдуур удирдлагын горим тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих;
2.4.12.Ерөнхий зориулалтын цэргийн нэгтгэл, ангийн байлдааны туг, тамга, тэмдгийг тогтоосон журмын дагуу үйлдүүлэх;
2.4.13.Ерөнхий зориулалтын цэргийн зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангаж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, сэргээн сайжруулалт, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслэлийн хангалтыг төлөвлөж хэрэгжүүлэх;
2.4.14.Ерөнхий зориулалтын цэргийн байлдааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх ажлыг зохион байгуулах;
2.4.15.Ерөнхий зориулалтын цэргийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, худалдах, шилжүүлэх, шинээр авах санал боловсруулж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
2.4.16.Ерөнхий зориулалтын цэргийн бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлыг эрх хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулах;
2.4.17.Ерөнхий зориулалтын цэргийн төсвийн төслийг боловсруулж, батлан хамгаалах болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах.
2.5.Засгийн газрын тохируулагч агентлагын хувьд ЗХЖШ дараахь үүрэг хүлээнэ:
2.5.1.Зэвсэгт хүчний хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, бүх нийтээр дагаж мөрдөх журам, цэргийн тангараг, дүрэм, ЗХЖШ-ын даргын тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
2.5.2.Дайчилгааны бэлтгэл нөөцийн болон дүйцүүлэх албаны бие бүрэлдэхүүний сургалт, давтан сургалтанд нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх;
2.5.3.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын байршил, тэдгээрт тусгай зориулалтаар олгох газрын талаар санал боловсруулах;
2.5.4.Орон нутгийн цэргийн бүтэц, зохион байгуулалт, түүнийг ашиглах бодлогыг тодорхойлох;
2.5.5.Аймаг, нийслэлийн цэргийн дайчилгааны даалгаврыг тогтоох;
2.5.6.Аймаг, нийслэлийн цэргийн дайчилгааны төлөвлөгөө, батлан хамгаалах газрыг дэлгэх болон орон нутгийн цэргийг байгуулах төлөвлөгөөг хянан батлах, тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх;
2.5.7.Цэргийн дайчилгааны даалгавар бүхий төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид бие даан эсхүл эрх бүхий байгууллагуудтай хамтран шалган туслах ажил явуулах.
 

Гурав.Зэвсэгт хүчний Жанжин штаб дараарь эрх эдэлнэ:
3.1.1.Цэргийн бодлоготой холбогдох асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж, бусад удирдамжийн баримт бичгийн төслөд мэргэжлийн санал, дүгнэлт өгөх;
3.1.2.Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн акт гаргаж, тогтоосон журмын дагуу мөрдүүлэх;
3.1.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр гадаад орнуудын цэргийн дээд штабуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах;
3.1.4.Цэрэг-стратегийн ач холбогдол бүхий иргэний байгууламжийн байршлыг тогтооход мэргэжлийн дүгнэлт гаргах;
3.1.5.Цэргийн төлөвлөгөөт сургууль, дайчилгааны цугларалтын үед Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу дайчилгааны нөөцийн бүрэлдэхүүн, холбоо, тээврийн болон шаардлагатай бусад материал, хэрэгслэлийг дайчлан татах;
3.1.6.Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар ерөнхий зориулалтын цэргийн нэгтгэл, анги, байгууллагууд, төрийн цэргийн бусад байгууллагууд, аймаг, нийслэлийн цэргийн штабаас гаргуулан авах хугацаат мэдээний жагсаалтыг тогтоох, шаардлагатай мэдээ, тайлан гаргуулан авах;
3.1.7.Төрийн албаны төв байгууллагаас дүгнэлт гаргуулдагаас бусад ерөнхий зориулалтын цэргийн офицер, ахлагч нарыг албан тушалад томилох, чөлөөлөх;
3.1.8.Холбогдох хууль, эрх зүйн актын хүрээнд ерөнхий зориулалтын цэргийн офицер, ахлагч нарт цэргийн цол олгох, хасах, цэргийн жинхэнэ албанаас халах болон бэлтгэлд байгаа офицер, ахлагч нарыг цэргийн жинхэнэ албанд татах.