A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 25 дугаар зарлигийн 2 дугаар хавсралт
 


МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл / цаашид "зөвлөл" гэх/ нь "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлд зааснаар улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
3. Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөгч, эрдэмтэдийг оролцуулан ажлын хэсэг байгуулан ажиллуулна.
4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн.
Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол түүнийг хүчинтэйд тооцно.
Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил, Зөвлөл түүний Ажлын албанаас хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.
5.Зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэл гарах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргаж болно. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.
6. Зөвлөл нь Ажлын албатай байна. Ажлын албаны дүрэм, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг Зөвлөлийн дарга батална.
Ажлын албаны даргын үүргийг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл"-ийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
7. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, банкинд харилцах данстай байна.
8.Зөвлөлийн орлогч, нарийн бичгийн дарга, гишүүд нь Зөвлөлийн даргын гарын үсэг бүхий үнэмлэхтэй байна.
9.Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад жил бүр тайлагнаж байна.
Хоёр.Зөвлөлийн үүрэг, эрх
1. Зөвлөл нь дор дурьдсан үүрэгтэй:
1. Яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн салбар зөвлөл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах;
2. Төрийн захиргааны болон хуулль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг тодорхой хугацаанд зохион байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх;
3.Иргэдийн амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд халдах, хулгайлах, архидан согтуурах, танхайрах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон авилгалын эсрэг арга хэмжээг хүчтэй болгоход бүх нийтийн хүч, анхаарлыг чиглүүлэх;
4. Дангаараа буюу шүүх, прокурорын байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төсөл боловсруулан төр захиргааны дээд байгууллагад оруулах;
5. УИХ, Засгийн газраас баталсан нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, тэдгээр хөтөлбөрийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал, хүсэлтийг судлан түүний мөрөөр асуудал боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах;
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин тэднийг энэ ажилд өргөнөөр татан оролцуулах, туслалцаа үзүүлэх;
8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шүүх, прокурор, төрийн хянан шалгах байгууллагуудаас зохиох хамтын ажиллагааг зөвлөлийн ажилтай уялдуулан зохицуулах;
9. Гэмт хэргийн байдал, түүний шалтгаан нөхцлийн талаархи статистик мэдээг авч нэгтгэн судлах, дүгнэлт хийх;
10. Гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийх, шалтгаан нөхцлийг судлах, арилгах, таслан зогсоох арга хэмжээний чиглэлийг тогтоох;
11. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн бодлого, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бэлтгэх;
12. Аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний ажлыг шалган зааварлаж, чиглэл өгөх;
13. Зөвлөлөөс зохиож буй ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
14. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас эрх хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлд өгсөн үүрэг, хариуцуулсан ажлыг хэрэгжүүлж дүнг танилцуулах.
2. Зөвлөл нь дор дурдсан эрхтэй
1.Яам, агентлаг, төрийн бусад байгууллага, аймаг, нийслэлийн салбар зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын тайланг гаргуулан авах;
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийн биелэлтийг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн харъяалал харгалзахгүйгээр шалгах, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөх;
3.Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны зардлыг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хуваарилах, зарцуулах;
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагуудаас хагас, бүтэн жилээр гаргуулан авч, дүгнэлт хийх; Шаардлагатай гэж үзвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарим хэсгийг Зөвлөлийн мэдэлд төвлөрүүлж, улсын хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хөнгөрүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнд зарцуулах
5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хүмүүсийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;
6.Эрх хэмжээнийхээ асуудлаар улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах;
7. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж урамшуулахаар төр засгийн дээд байгууллагад уламжлах;
8.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны талаар холбогдох байгууллагад нь албан ёсоор танилцуулж хариу авах;
9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг хэвлэл, мэдээллийн байгууллагад өгч, яаралтай нийтэлж, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.

3. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх:
Зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/ зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах.;
б/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцах;
в/ аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийн ажлыг шалган туслах;
г/ зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэх үедээ өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн албан байранд тогтоосон журмын дагуу нэвтэрч холбогдох мэдээ, баримт, материал гаргуулан авах.
4. Зөвлөлийн даргын бүрэн эрх:.
Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/ зөвлөлийг тэргүүлж, хуралдааныг товлох, даргалах;
б/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Зөвлөлийн ажлын албаны бүтэц, нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний санхүүжитийн хэмжээг тогтоож, эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагуудын орон тоо, цалингийн сангийн хязгаарт багтаан орон тоог нь зохицуулах, албаны дүрэм, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталж, албаны дарга, ажилтныг томилох чөлөөлөх
в/ зөвлөлийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих холбогдох асуудлаар захирамж, албан даалгавар гаргах;
г/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын бүрэн эрх:
Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/ зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
б/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Зөвлөлийн болон Ажлын албаны хүрээнд шуурхай зохицуулж байх;
в/ аймаг, нийслэлийн Зөвлөлийг байнгын удирдлагаар хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
г/ Зөвлөлийн дарга, орлогч даргаас өгсөн үүрэг, хариуцуулсан ажлыг хэрэгжүүлэх.
6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тэргүүн түшмэл байна
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
1. Зөвлөлийн дэргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулахад зарцуулах зориулалт бүхий "Сан"-тай байна. Сангийн мөнгөн хөрөнгө нь "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хэсэг, төсвөөс баталж өгсөн хөрөнгө болон дотоод, гадаадын байгууллага, иргэдийн өгсөн хандив, төслийн хөрөнгөөс бүрднэ.
2. Сангийн дүрмийг Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хамтран батална.
3. Зөвлөл үйл ажиллагаа явуулахад шаардагдах төсөв, хөрөнгийг Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн гишүүний эрхлэх асуудлын хүрээний төсвийн багцад жил бүр бие даалган төлөвлөж, санхүүжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яам Зөвлөлийг ажлын байраар хангаж, ажлаа хэвийн явуулах бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ
 4. Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, бусад хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдэд заасны дагуу эдгээр хууль, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Зөвлөлийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ
Дөрөв. Аймаг,нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон нутгийн салбар зөвлөл / цаашид "салбар зөвлөл" гэх / зохицуулна.
2. Салбар зөвлөл нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
3. Салбар зөвлөл нь энэхүү журмыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг тусгасан журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулан мөрдөж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахтай холбогдсон хууль тогтоомж, дээд шатны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажиллана.
4. Орон нутгийн салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт тусгайлан тусган санхүүжүүлж байна. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн ИТХ, Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.
 

2004 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийг тусгав. /2008 оны 1 дүгээр сарын 24/