- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны
263 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт
ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг . Нийтлэг үндэслэл
1.1. Прокурорын ёс зүйн зөвлөл нь /цаашид “Зөвлөл“ гэх/ прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаархи асуудлыг шалгаж, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.2. Прокурорын ёс зүйн зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын сахилгын дүрэм, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалыг удирдлага болгон үйл ажиллагаагаа улсын хэмжээнд нэгдмэл байдлаар явуулна.
1.3. Монгол Улсын Ерөнхий прокурор нь Зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшигчийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дугаар зүйлийн 421.5-д заасныг үндэслэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
1.4. Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө орон гарвал Прокурорын байгууллагын тухай хууль, энэ дүрэмд заасан журмын дагуу нэр дэвшүүлж нөхөн томилуулна.
Хоёр . Зөвлөлийн бүрэлдэхүүн болон гишүүнд тавигдах шалгуур
2.1. Зөвлөл нь дарга, гишүүд гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд Зөвлөлийн даргаас эрх олгосон гишүүн Зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэнэ.
2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
2.3 Зөвлөлийн гишүүн нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, 5-аас доошгүй жил ажилласан прокуроруудаас бүрдэнэ.
2.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байна.
Гурав. Зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүрэг
3.1. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1 Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргана.
3.2. Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг эдлэнэ.
3.2.1. Зөвлөлийн дарга нь гомдол, хүсэлтийг хүлээн авч биечлэн шалгах;
3.2.2. Гомдол, хүсэлтийг харъяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
3.2.3. Прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах гишүүн, ажлын хэсгийг томилох;
3.2.4. Шалгалтын материалтай урьдчилан танилцаж нэмэлт шалгалт хийлгүүлэхээр буцаах,
3.2.5. Шалгалтын дүнг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх;
3.2.6. Шалгасан материалыг харъяаллын дагуу шилжүүлэх;
3.2.7. Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах, өөрийн эзгүйд зөвлөлийн хуралдааныг удирдах гишүүнийг томилох;
3.2.8. Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаас гаргасан дүгнэлтэнд гарын үсэг зурж баталгаажуулах;
3.3. Зөвлөлийн гишүүн дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
3.3.1. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах;
3.3.2. Зөвлөлийн гишүүн үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах;
3.3.3. Зөвлөлийн хуралдаанд тухайн прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар санал хэлэх;
3.3.4. Зөвлөлийн даргын томилсноор зөвлөлийн хуралдааныг даргалах;
3.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь үүргийг хүлээнэ:
3.4.1. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах;
3.4.2. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх;
3.4.3. Шалгалтын материалыг эмхэлж архивын нэгж болгох;
3.4.5. Бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.5. Ёс зүйн зөвлөлийн гишүүн дараах үндэслэл байвал гомдол, хүсэлтийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй.
3.5.1. Гомдол, хүсэлтийг өөрөө гаргасан бол;
3.5.2. Тухайн прокурортой эсхүл гомдол, хүсэлт гаргасан этгээдийн гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;
3.5.3. Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;
Дөрөв. Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа
4.1. Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гомдол, түүнчлэн прокурорын газруудаас ирүүлсэн хүсэлтийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч Зөвлөлийн даргад танилцуулна.
4.2. Зөвлөлийн дарга тухайн гомдол, хүсэлтийг хүлээн авч гишүүдэд хуваарилна.
4.3. Зөвлөлийн гишүүн гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шалгана. Хэрэв нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгана.
4.4. Прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахаар томилогдсон Зөвлөлийн гишүүн, ажлын хэсэг нь тухайн прокуророос Прокурорын байгууллагын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх талаар нарийвчлан шалгана.
4.5. Харин прокурор ёс зүйн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн тохиолдолд тухайн тайлбар дээр үндэслэн Зөвлөлийн дүгнэлт гаргаж, Улсын Ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлж болно.
4.6. Шалгалтыг явуулахдаа албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.
4.7. Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн гишүүн, ажлын хэсэг нь шалгалтын дүнгийн талаар Зөвлөлд танилцуулга бичиж, хуралдаанд илтгэнэ.
4.8. Прокурор болон гомдол, хүсэлт гаргасан этгээд өөрийн биеэр хуралдаанд оролцох хүсэлтээ гаргавал Зөвлөлийн хуралдаанд оролцуулж тайлбарыг сонсох ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй бол энэ нь Зөвлөлийн хурлыг хойшлуулах үндэслэл болохгүй.
4.9. Зөвлөл нь прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг анхан шатны журмаар 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэнэ.
4.10. Зөвлөлийн дарга 3 гишүүнийг томилох ба хуралдаан даргалагчийг мөн дээрх гишүүдээс томилно. Прокурор, гомдол, хүсэлт гаргасан этгээд дээрх бүрэлдэхүүний аль нэг гишүүнээс татгалзвал Зөвлөлийн дарга шийдвэрлэнэ.
4.11. Анхан шатны журмаар асуудлыг хянан хэлэлцээд олонхийн саналаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
4.11.1. Прокурор ёс зүй зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана;
4.11.2. Нэмэлт шалгалт хийлгэхээр буцаах;
4.11.3. Холбогдох материалыг харъяаллаар шилжүүлэх;
4.12. Прокурорын ёс зүй зөрчсөн гэж гаргасан Зөвлөлийн дүгнэлт нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж Улсын Ерөнхий прокурор сахилгын шийтгэлийг оногдуулна.
4.13. Анхан шатны журмаар гаргасан Зөвлөлийн дүгнэлтэнд хуралдаан даргалагч болон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.14. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн төслийг хуралдаанд илтгэсэн гишүүн, ажлын хэсэг боловсруулна.
4.15. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тухайн прокурорт гардуулан өгөх ба энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд хавсаргах бөгөөд энэ нь давж заалдах хугацааг тоолох үндэслэл болно.
4.16. Анхан шатны журмаар гаргасан дүгнэлтийг прокурор, гомдол, хүсэлт гаргасан этгээд нь эс зөвшөөрвөл мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор Зөвлөлийн даргад гомдол гаргаж болно.
4.17. Дээрх хугацаанд гомдол гаргаагүй бол уг хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор хуралдаанд даргалагч нь дүгнэлтийг Зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурорт танилцуулна.
4.18. Гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Зөвлөлийн бүх гишүүдийн тавиас доошгүй хувийн ирцтэйгээр дахин хэлэлцэж дүгнэлт гаргана.
4.19. Дээрх тохиолдолд Зөвлөлийн гишүүд шалгасан гишүүнээс асуулт асууж хариулт авах, шалгалтын материалтай танилцах, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар саналаа гаргаж, санал хураалтад оролцоно.
4.20. Саналыг илээр хураах ба хуралдаанд оролцсон гишүүн бүр дүгнэлт гаргах асуудлаар саналын нэг эрхтэй байна. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн тохиолдолд саналыг нууцаар хурааж болно. Зөвлөлийн гишүүдийн санал тэнцвэл Зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.
4.21. Давж заалдах гомдлыг хэлэлцэж гаргасан Зөвлөлийн дүгнэлт нь эцсийнх байна.
4.22. Санал хураалтанд Зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.
4.23. Зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
4.23.1. Анхан шатны журмаар шийдвэрлэсэн дүгнэлтийг хэвээр үлдээх;
4.23.2. Нэмэлт шалгалт явуулахаар буцаах;
4.23.3. Анхан шатны дүгнэлтэнд өөрчлөлт оруулах, дүгнэлтийг хүчингүй болгох;
4.23.4. Материалыг харъяаллаар шилжүүлэх;
4.24. Зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийг хуралдаан даргалагч 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорт танилцуулна.
Тав. Бусад асуудал:
5.1. Зөвлөлийн хуралдааны дэгийг Улсын Ерөнхий прокурор батална.
5.2. Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын Ерөнхий прокурорын газар хариуцна.
5.3. Зөвлөл Улсын Ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.
5.4. Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдлыг харгалзан Зөвлөлийн гишүүдэд Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно.
Текст томруулах
A
A
A