- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт
ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Прокурорын мэргэжлийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал, журмыг баримтална.
Хоёр.Зөвлөлийн бүрэлдэхүүн
2.1.Зөвлөл нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд үүргийг нь Улсын Ерөнхий прокуророос эрх олгосон зөвлөлийн гишүүн түр орлон гүйцэтгэнэ. /Ерөнхийлөгчийн 2015 оны 84-р зарлигаар өөрчлөн найруулсан/
2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хэн нэгнийг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаас татгалзсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор дахин санал оруулна.
2.3.Зөвлөл нь эрх зүйн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага бүхий прокуроруудаас бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан Улсын Ерөнхий прокурорын орлогч байна./Ерөнхийлөгчийн 2015 оны 84-р зарлигаар өөрчлөн найруулсан/
2.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байх бөгөөд түүнийг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар томилно.
Гурав.Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ
3.1.Зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1.Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг 3 жилд нэг удаа шалгаж, дүгнэх;
3.1.2.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх;
3.1.3.Хэрэв прокурор хяналтын үйл ажиллагааны явцад гаргасан өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнтэй холбоотойгоор тухайн шийдвэрийн талаар мэргэжлийн үүднээс Зөвлөлийн дүгнэлт гаргуулахыг хүссэн тохиолдолд холбогдох хэрэг, материалыг хянаж дүгнэлт гаргана;
3.2.Зөвлөлийн гишүүн дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
3.2.1.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах;
3.2.2.Зөвлөлийн хуралдаанд дүгнэлт гаргах асуудлаар саналын эрхтэй оролцох;
3.2.3.Зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэхтэй холбогдон илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах;
3.2.4.Прокурорын ёс зүйн аливаа зөрчлийг илрүүлсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлүүлэх;
3.3.Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
3.3.1.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах ажлыг удирдан зохион байгуулах;
3.3.2.Шалгалт хийх бүрэлдэхүүнийг Зөвлөлийн гишүүдээс томилох;
3.3.3.Шалгалтын явц байдал, холбогдох материалтай танилцаж, нэмэлт үүрэг чиглэл өгөх;
3.3.4.Зөвлөлийн хуралдааны товыг зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах;
3.3.5.Энэ журмын 5.15-д заасан тохиолдолд Зөвлөлийн хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах;
3.3.6.Шаардлагатай гэж үзвэл холбогдох хүмүүсээс мэргэжлийн туслалцаа авах зорилгоор шалгалтанд татан оролцуулах;
3.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь үүргийг хүлээнэ:
3.4.1.Энэ журмын 3.1.2-т заасан албан тушаалтнаас ирүүлсэн болон 3.1.3-т зааснаар тухайн прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч, бүртгэлд оруулан Зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;
3.4.2.Зөвлөлийн гишүүд орон нутагт томилолтоор ажиллах бэлтгэл ажлыг хариуцан зохион байгуулах;
3.4.3.Шалгалттай холбогдуулан зөвлөлийн дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
3.4.4.Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтлөх;
Дөрөв.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагаа
4.1.Энэ журмын 3.1-д заасан бүх тохиолдол нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг заавал шалгаж, тогтоох, дүгнэлт гаргах үндэслэл болно.
4.2.Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагаанд нийт гишүүдийг татан оролцуулж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг Зөвлөлийн дарга хариуцан зохион байгуулна.
4.3.Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагааг Зөвлөлийн гишүүд биечлэн гүйцэтгэх ба гишүүн бус этгээд шалгаж, дүгнэхийг хориглоно.
4.4.Журмын 3.1.2-т заасан холбогдох албан тушаалтнаас ирүүлсэн санал, эсвэл тухайн прокурорын гаргасан хүсэлтийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч, бүртгэлд оруулна. Шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн нарийн бичгийн дарга нэмэлт материал шаардан гаргуулж болно.
4.5.Нарийн бичгийн дарга хүлээн авсан санал, хүсэлтийг Зөвлөлийн даргад танилцуулах ба Зөвлөлийн дарга уг санал, хүсэлтийг шалгуулахаар тодорхой нэг гишүүнд хуваарилна.
4.6.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн асуудлыг шалгуулахаар гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилж болох ба харин прокурор өөрийн гаргасан шийдвэрийг маргаж буй асуудлыг шалгуулахад 3-аас доошгүй гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг томилно.
4.7.Энэ журмын 3.1.1-д заасан прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн төвшинг шалгаж, дүгнэх ажлыг явуулах хугацааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамж, төлөвлөгөөгөөр зохицуулах ба 3.1.2-д заасан мэргэшлийн төвшинг шалгах, дүгнэх ажиллагааг тухайн асуудлаар өгсөн үүрэг, даалгавар, саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ. /Ерөнхийлөгчийн 2015 оны 84-р зарлигаар өөрчлөн найруулсан/
4.8.Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг дараахь 4 чиглэлээр явуулна. Үүнд:
а/ Эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонжуураар шалгалт авч, дүгнэх;
б/ Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой дасгал ажиллуулах замаар сэтгэн бодох чадварыг нь тогтоож, үнэлгээ өгөх;
в/ Ажил хэргийн чадвар тогтоох зорилгоор ярилцлага хийж, үнэлгээ өгөх;
г/ Хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, ажилтай нь биечлэн танилцах замаар үнэлгээ дүгнэлт өгөх;
4.9.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын Ерөнхий прокурорын тушаалаар тусгайлан баталсан журам, заавраар зохицуулагдана.
4.10.Прокурор өөрийн гаргасан тодорхой шийдвэрийн үндэслэлийг хянуулахаар Зөвлөлд хандсан тохиолдолд энэ журмын 4.8 дахь хэсгийн заалт хамаарахгүй.
Тав.Зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэр
5.1.Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан дүнг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн 50-иас доошгүй хувь оролцсоноор ирц бүрдсэнд тооцно.
5.2.Хуралдааныг Зөвлөлийн дарга удирдан явуулах ба түүний эзгүйд түүнээс эрх олгосон гишүүн даргална.
5.3.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан гишүүн, хэрэв ажлын хэсэг томилогдсон бол ажлын хэсгийн ахлагч шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах бөгөөд холбогдох танилцуулга, судалгааг 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад ирүүлэх ба нарийн бичгийн дарга нь материалыг гишүүдэд урьдчилан тараах ажлыг зохион байгуулна.
5.4.Шалгалтын дүнгийн талаар гишүүд шалгалтын бүрэлдэхүүнээс асуулт асууж, хариулт авах, шалгалттай холбоотой баримт, материалтай танилцах, хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт асуух, тайлбар авах, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна.
5.5.Хэрэв тухайн прокурор Зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд түүнд хурлын товыг мэдэгдэж, энэ тухай баримтыг авах ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол түүнийг байлцуулахгүйгээр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
5.6.Гүйцэтгэсэн ажлынхаа үнэн зөвийг Мэргэжлийн Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн өмнө хариуцах ба хэрэв түүний өгсөн үнэлгээ нь бодитой биш хийгдсэн, эсвэл зөрүүтэй байдал илэрвэл шаардлагатай хэрэг материал, холбогдох баримт бичиг, мэдээ, тайланг нарийвчлан шалгаж, дүгнэлтийг өөрчлүүлнэ.
5.7.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэхдээ Зөвлөлийн хуралдаанаар прокурор нэг бүрийн тодорхойлолтыг сонсож, шалгалт, дасгал, ярилцлага, хяналтын ажлын үр дүнгийн үнэлгээг хэлэлцэж, гишүүн тус бүрийн саналыг хурааж шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байна.
5.8.Саналыг илээр хураах ба хуралдаанд оролцсон гишүүн бүр дүгнэлт гаргах асуудлаар саналын нэг эрхтэй байна. Зөвлөлийн дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.
5.9.Санал хураалтад Зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.
5.10.Мэргэжлийн Зөвлөлөөс тухайн прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлээд гаргах дүгнэлт нь прокурорын албан тушаалд “тэнцэнэ” эсвэл “тэнцэхгүй” гэсэн 2 хувилбарын аль нэг байна.
5.11.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачлалын дагуу дүгнэж, нийлбэр дүнгээрээ 60 хүртэл оноо авсан тохиолдолд прокурорын албан тушаалд “тэнцэхгүй”, 60-аас дээш оноо авсан тохиолдолд прокурорын албан тушаалд “тэнцэнэ” гэсэн дүгнэлт гаргана.
5.12.Прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох бөгөөд Мэргэжлийн Зөвлөл энэ талаарх дүгнэлтийг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлнэ.
5.13.Прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг маргасан асуудлаар Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцээд гаргах дүгнэлт нь тухайн прокурорын гаргасан шийдвэрийг “үндэслэлтэй” эсвэл “үндэслэлгүй” гэсэн 2 хувилбарын аль нэг байна.
5.14.Хэрэв Зөвлөл нь тухайн прокурорын гаргасан шийдвэрийг “үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд дээд шатны прокурорын шийдвэрийг нь хүчингүй болгуулах, эсвэл тухайн прокурорт уг асуудалтай холбоотойгоор оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар Зөвлөлийн дарга холбогдох албан тушаалтанд саналаа хүргүүлнэ. Харин тодорхой хэрэг, өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ тухайн прокурор мэргэжлийн алдаа гаргасан гэж үзсэн тохиолдолд түүнд сахилгын арга хэмжээ тооцох эсэх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, энэ тухай саналаа холбогдох албан тушаалтанд хүргүүлж болно.
5.15.Зөвлөл нь хууль, эсвэл энэ журам зөрчиж дүгнэлт гаргасан, эсвэл тухайн дүгнэлт нь Зөвлөлийн гишүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагаанд тулгуурлан гарсан гэж үзэх үндэслэлтэй бол Зөвлөлийн дарга асуудлыг өөр бүрэлдэхүүнээр шалгуулж, Зөвлөлийн хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах талаар шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд хуралдаанд Зөвлөлийн гишүүдийн 3/2-оос дээш хувь нь оролцож, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
5.16.Энэ журмын 5.15-д зааснаас бусад тохиолдолд гаргасан Зөвлөлийн дүгнэлт эцсийн байна.
Зургаа.Бусад асуудал
6.1.Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдлыг харгалзан Зөвлөлийн гишүүдэд Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно.
6.2.Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын Ерөнхий прокурорын газар хариуцна.
6.3.Зөвлөл Улсын Ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.
-- оОо --
Текст томруулах
A
A
A