- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 151 дүгээр зарлигийн хавсралт
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
1.Монгол Улсын иргэн төрийн тусгай хамгаалалтын албанд анх орохдоо Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг /цаашид энэ журамд “тангараг” гэх/-ийг ёс төртэй өргөнө.
2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч өөр байгууллагад шилжин ажилласны дараа Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаар эргэж томилогдвол тангараг дахин өргөхгүй.
3.Тангараг өргөх ёслолыг Төрийн тусгай хамгаалалтын газар зохион байгуулна.
4.Тангаргийг хамт олноор болон ганцаар өргөж болно.
5.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, төрийн тусгай хамгаалалтын албанд анх орж байгаа ажилтныг шууд захирах албан тушаалтан оролцоно.
/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 134 дугаартай зарлигаар өөрчлөлт оруулсан/
6.Тангараг өргөх ёслолын байр /газар/, хугацааг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга тогтоож, Төрийн тусгай хамгаалалтын газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн ажилтан, эсхүл төрийн тусгай хамгаалалтын газрын даргын томилсон албан тушаалтан бэлтгэл ажлыг зохион байгуулж тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдана. Тангараг өргөх ёслолын байр /газар/-нд Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.
7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаар томилогдсон иргэн тангараг өргөх ёслолын байр /газар/-нд тогтоосон цагт байраа эзлэн Монгол Улсын төрийн сүлд рүү харж цэх зогсоно. Хамт олноор тангараг өргөх ёслолд жагсаж зогсооно.
8.Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж буй ажилтан тангараг өргөх алба хаагчийг танилцуулан, тангаргийн бичгийг тангараг өргөгч бүрд гардуулна.
9.Тангаргийг хамт олноор өргөхөд тухайн нэгжийн дарга Монгол Улсын төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана.Тангаргийг ганцаар өргөх үед тангараг өргөгч тангаргийг цээжээр дээдлэн дуудна.
10.Тангаргийг цээжээр дээдлэн дуудаж дуусаад тангараг өргөгч төрийн сүлдэнд ёсолж мэхийн хүндэтгээд дараа нь төрийн далбааны өмнө очиж зүүн өвдөг сөхрөн адис авна.
11.Тангараг өргөсөн төрийн тусгай хамгаалалтын алба хаагч төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангаргийн бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж гарын үсэг зурна.
12.Тангараг өргөж дуусмагц хөгжимд Төрийн дуулал эгшиглэнэ.
13.Төрийн дуулал эгшиглэж дуусмагц тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөсөн алба хаагчид баяр хүргэж тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.
14.Тангаргийн бичгийг тухайн алба хаагчийн хувийн хэрэгт хадгална.
15.Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар тодорхой тэмдэглэл хөтлөнө.
Текст томруулах
A
A
A