A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 77 дугаар зарлигийн 2 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ХАН ХУУРЫГ ЗАЛАХ, ЦЭНГҮҮЛЭХ ЖУРАМ

 

1.Төрийн хан хуур (цаашид "Хан  хуур" гэнэ)-ыг  Төрийн  Ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулна.

2.Хан хуурыг Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөөнөөс түр гадагшлуулах бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар гүйцэтгэнэ.

3.Хан хуурыг Төрийн Ёслолын хүндэтгэлийн өргөөнөөс түр гадагшлуулахад төрийн хан хуурч дагалдан явна.

4.Хан хуурыг залах,  зөөх, тээвэрлэх үед зөвхөн чимэгт хоргонд нь байлгана.

5.Билэгийн тооллын шинэ жилийн эхэн буюу цагаан сарын шинийн нэгний морин цагт Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд хан хуурыг төрийн хан хуурч татаж цэнгүүлнэ. Ийнхүү цэнгүүлэхдээ Хан хуурыг хөглөж, "Төрийн хан хуурын хөг тэгширлээ" гэж хурсан олонд зарлаад хан хуураар "Морины явдал" хэмээх үндэсний уламжлалт аялгууг эгшиглүүлнэ. Мөн "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал"-ыг хан хуурын аялгуунд өргөн дуудаж хэлнэ.

6.Төрийн хан хуурыг татаж цэнгүүлэх үеэр байлцах хүмүүс, зохиогдох ажлын дэс дарааг Төрийн ёслолын алба тогтооно.

7.Төрийн хан хуурчийг мэргэжлийн байгууллагаас санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар томилно.

8.Төрийн хан хуурч нь хан хуурыг сар бүр үзэж, шаардлагатай арчилгааг хийнэ.

9.Хан хуурыг засварлаж сэлбэх бол төрийн хан хуурчийн биечилсэн хяналтын дор хан хуурыг урлан бүтээгч, мэргэжлийн бусад хүмүүсээр хийлгэнэ.

10.Төрийн хан хуурыг шинэчлэн хийх бол Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гүйцэтгэж, төрийн хан хуурын тодорхойлолтыг дахин тодотгоно.

11.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд морин хуур залахдаа төрийн хан хуураас өндөргүй хуур зална.

12.Төрийн хан хуурч хүндэтгэх шалтгааны учир үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түр орлох хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар томилно.

13.Төрийн хан хуурч хан хуурыг татаж цэнгүүлэх бүрт Ерөнхийлөгчийн Тамгын газраас хан хуурчид талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулна.

14.Төрийн хан хуурын дүрс, нэрийг бизнесийн болон сурталчилгааны зорилгоор ашиглах, хуулбарлах, эсхүл дуурайлган үйлдэхийг хориглоно.

15.Төрийн хан хуурын дүрс бичлэг, фото, кино зургийг авах бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.