- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТӨРӨӨС ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны119 дүгээр зарлигийн хавсралт
ТӨРӨӨС ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Өсвөр, залуу үеэ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, монгол зан заншил үндэсний уламжлалыг өвлүүлэх, бие дааж аж төрөх нөхцөлийг хангах, ХХI зууны босгоор дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхан орох нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн баталгаа бий болгоход төрийн бодлого чиглэнэ.
Төрийн бодлогын энэхүү агуулга нь бүхний төвд хүн, хүний хөгжлийн асуудлыг тавьж нийгэм, төрийг тууштай ардчилах зорилттой нягт холбоотойгоор хэрэгжих болно.
НҮБ-ын хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал, хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалт, шаардлагыг БНМАУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудад тусган хэрэгжүүлнэ.
Төрөөс явуулах бодлогын хүрээнд 18 хүртэлх насанд хүүхэд, 28 хүртэлх насанд залуус хамаарна. Хүүхдийн АСРАН ТЭТГЭНЭ,залуусыг БИЕ ДААЛГАХАД БЭЛТГЭНЭ
Хүүхдийн эцэг эхийн гар дээр ЭХИЙН ЭНЭРЭЛ, ГЭРИЙН ХҮМҮҮЖЛЭЭР өсгөхийг чухалчилна.
Гурав хүртэл насны хүүхдээ гэртээ өсгөж бойжуулах эхчүүдийн хөдөлмөрийг нийгмийн тустайд тооцон эдийн засаг, нийгмийн баталгааг бий болгож мэргэжил, хүсэл сонирхлынхоо дагуу гэрийн буюу хавсрах үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдүүлнэ.
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД төрийн ОНЦГОЙ АНХААРАХ АСУУДАЛ, ЭРХЭМ БАЯЛАГ мөн.
Эх,Нялхсын эрүүл мэндийн талаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлж хүүхдэд эрүүл аж төрөх мэдлэг, хүмүүжил олгох тогтолцоо бүрдүүлэхийг чухалчилна. Хүүхдийн, ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.
Хүүхэд, залуучуудын дунд олонтой тохиолддог өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бүх аймаг, хотыг охидын болон эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээр хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хүүхэд, залуучуудын ХҮМҮҮЖЛИЙГ ЭЦЭГ ЭХ, БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙГ УЛС голлон хариуцна.
Монголын гүн ухаан, уран сайхны өвөрмөц сэтгэлгээ, үндэсний бичиг, хэл соёл, зан заншил, өвөг дээдсийн өв уламжлалыг хүүхэд, залуучуудын хүмүүжлийн үндэс суурь болгоно. Хүн төрөлхтний соёл иргэншлийн үр шим, өв бүтээлтэй танилцах, хүртэх нөхцөл бүрдүүлнэ.
Эх орны түүх дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, говь хангай, гол мөрөн уул усны сав газраар аялал жуулчлал хийлгэх, биеийн тамир спорт, хөдөлгөөнт тоглоом, үндэсний спорт, дуу хөгжим, амралт цэнгээний газруудыг олшруулах зэргээр хүүхэд, залуучуудын хүсэл сонирхолд нийцэх орчныг буй болгоход өөрсдийнх нь хүч хөдөлмөрийг урамшуулан дэмжих болно.
Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн хэтийн төлөв, улс орны хөгжлийн хандлага, хувь хүний амьдралын хэрэгцээтэй уялдуулан сургуулийн насны бүх хүүхдэд ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоно.
Улсын үйлдвэр, хоршоо, компани болон хот айл, саахалт айлын буюу хувийн сургууль, хүүхдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачилгыг төрөөс дэмжинэ. Бүх төрлийн сургуулийн сургалтын агуулгын доод түвшинг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Хүүхэд, залуучуудын нас биений онцлогт тохирсон хямд төсөр, ганган чамин хийцтэй хувцас үйлдвэрлэх залуучуудын оёдлын жижиг үйлдвэрийн газруудыг олноор зохион байгуулж тэнд залуучуудаар өөрсдөөр нь хувцасны загварыг зохион бүтээлгэж үйлдвэрлэдэг болгох бололцоог хангаж өгөхөд анхаарна.
Хүүхэд, залуучуудад бага наснаас нь эхлэн ХӨДӨЛМӨРИЙН ХҮМҮҮЖИЛ, АМЬДРАЛЫН УХААН төлөвшүүлэхэд онцгой анхаарна.
Өмчийн олон хэлбэрийг зөв зохистой хөгжүүлэх талаар залуучуудын үүсгэл санаачилга, идэвхтэй үйл ажиллагааг дэмжин туслах замаар тэднийг үйлдвэрлэлд шууд оролцох бололцоог нэмэгдүүлнэ. Ингэхдээ хүүхэд, залуучуудын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн хөлсийг нь баталгаажуулах арга хэмжээ авна. СУРАХЫН ЗЭРЭГЦЭЭ ХӨДӨЛМӨРЛӨХ, ХӨДӨЛМӨРЛӨХИЙН ХАМТ СУРАХ бололцоогоор хангана.
Хүүхэд залуучуудын дотроос авьяаслаг хүмүүсийг тодруулан авьяасыг нь хөгжүүлэх, хамгаалан хүндэтгэх оновчтой тогтолцоог бий болгоно. ГОЦ АВЬЯАСТНУУДЫГ ТӨРИЙН ИВЭЭЛД АВЧ сургах, тэдний авьяас, оюуны чадавхийг нь гадаад, дотоодын зах зээлд зөв үнэлэх чиг баримталж тэтгэж тусална.
Хүүхэд, залуус зөв өсч хүмүүжих, аятай тухтай амьдрах орчин-ГЭР БҮЛ ЭРҮҮЛ САРУУЛ байх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
Ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэн сахиж, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ энэрэн хайрлаж хүндэтгэн дээдэлдэг эгэл журмыг залуу хүний хүнлэг ёсны дээд чанар гэж үзнэ.
Залуус гэр бүл болмогц эцэг эхээс тусгаарлан, БИЕ ДААЖ АМЬДРАХЫГ ТӨРӨӨС ДЭМЖИЖ эхний үед нэг өрөөтэй орон сууцны тоог олшруулах, амины сууц, шинэ гэр төхөөрөхөд туслах, гэр орноо төвхнүүлэхэд зорриулж хөнгөлттэй зээл олгох гэх мэтийн эдийн засгийн тусламж үзүүлнэ.
Анх ажилд орж буй залуучуудад албан газар нь амьдрал, хөдөлмөрийн халамж үзүүлэх тогтолцоо буй болгоно.
Залуу боловсон хүчнийг шилж сонгох, сургах, дахин сургах, нийгэм төрөө удирдан жолоодоход ИТГЭЛ ХАРИУЦЛАГА ХОСЛУУЛАН ХҮЛЭЭЛГЭЖ ажиллуулна.
Өнчин хүүхэд, залуучуудын талаар онцлон анхаарна. Асрах байрын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, улс, аймаг, сумаас тусалж тэтгэх ажлыг өргөтөгөх, хүүхдийг бие даасан амьдралд бэлтгэх, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, ажлын байраар хангахад үйл ажиллагааг чиглүүлнэ. Өнчин хүүхэд, багачуудыг үрчлэн авч, өв тэгш өсгөн хүмүүжүүлж байгаа хүмүүст төр, засгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Сульдаатай, эмгэг согогтой хүүхэд, залуучууд, жирэмсний хүндрэлтэй болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг асарч сувилахад онцгойлон анхаарна. Тахир дутуу, эмгэг согогтой хүүхдээ асран сувилдаг, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах арга хэмжээ авна.
Амьдралын хүнд гачигдалтай болон эмгэг согогтой хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх ажилд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон нийтийн үүсгэл, санаачилгыг дэмжинэ. НҮБ-ын ерөнхий ассамблейн 1971-1975 онуудад гаргасан оюуны хомсдолтой хүмүүсийн эрхийн тухай тунхаглал, тахир дутуу хүмүүсийн эрхийн тухай тунхаглалыг энэ талаар гарах хууль тогтоомжид тусган хэрэгжүүлнэ.
Гэмт хэрэг үйлдсэн, олон нийтийн хэв журмын зөрчилд холбогдсон хүүхдийг гэр бүл, хамт олон, найз нөхдийнх нь нөлөөлөлд хүмүүжүүлэх зарчмыг баримтлана. Нийгэм, олон нийтээс заавал тусгаарлан хүмүүжүүлэх шаардлага бүхий ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг аль болох богино хугацаанд сурган хүмүүжүүлэхээр хүүхэд хорих газрын өнөөгийн ажлын агуулга, хэлбэр нөхцөлийг өөрчлөн шинэчилнэ. Засарч, хүмүүжсэн хүүхэд, залуучуудын хөдөлмөр, амьжиргааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжиж, тэдний ажиллаж, сурч, амьдрах боломжинд зохиомол саад хориг тавих аливаа илрэл гаргуулахгүй байхад онцлон анхаарна.
Эх орны минь ирээдүй өнөөдрийн хүүхэд залуучуудын гарт байна.Тийм болохоор төрөөс хүүхэд, залуучуудын талаар явуулах энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд БНМАУ-ын төрийн болон улс төр, олон нийт, үйлдвэр, албан байгууллага, хөдөлмөрийн хамт олон, гэр бүл, иргэн бүрийн идэвхтэй үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй болно.
Текст томруулах
A
A
A