A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн  Засаг  даргын  2008 оны
 187   тоот  захирамжийн  хавсралт
 
 
 
 
ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл.
 
1.1.  Энэ журмын гол зорилго нь аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цахим тоглоомын үйлчилгээ эрхлэн явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
1.2.  Цахим тоглоом болон үүнтэй адилтгах үйлчилгээ, үйл ажиллагааг явуулж буй газруудад энэ журам хамаарна.
 
1.3.   Цахим тоглоомын газрууд нь дараахь бичиг баримтыг бүрдүүлж үйл ажиллагаа эрхэлнэ.
 
1.3.1. Үйлчилгээ явуулах байрны стандартыг хангасан тухай Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт,
 
1.3.2.  Цагдаагийн газрын тодорхойлолт,
 
 
Хоёр.  Цахим тоглоомын газруудын
           ажлын байрны шаардлага.
 
2.1.  Тоног төхөөрөмжийн хоорондын зай, нэг хүнд ногдох талбайн хэмжээ эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг мөрдөнө.
 
2.2.  Ажлын байрыг байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр бүрэн хангасан байна.
 
2.3.  Ажлын байрны өрөөний дулаан 1 хэмээс доошгүй, харьцангуй чийглэг 40-60 хувь, агаар сэлгэлтийг тогтмол хийж байх,
 
2.4.  Үйлчлүүлэгчийн гар угаах болон бие засах нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллах,
 
Гурав. Цахим тоглоомын газрын үйлчилгээ
             явуулахад тавих нөхцөл, шаардлага.
 
3.1. Үйлчилгээний стандартын шаардлага хангасан зориулалтын байр, танхимд үйл ажиллагаа явуулах ба зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.
 
3.2. Үйлчилгээний төрлийн сэдэв агуулга нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн ёс суртахуун, гоо зүйн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц байна.
 
3.3.  Цахим   тоглоомын  газрууд нь үйлчилгээний нэр, үйл ажиллагааны чиглэл, зорилго, бүтэц, ажлын цагийн хуваарь, үнэ тариф зэргийг тусгасан дотоод журамтай байна.
 
3.4. Ажлын байрны дүгнэлт, өөрсдийн тоглуулж буй тоглоомын нэр төрлийн жагсаалт, ажил үйлчилгээний танилцуулга, цагийн хуваарь, үнэ тарифын мэдээллийг үйлчилгээ явуулж буй газарт сонирхсон этгээд танилцаж болохуйц орчинд ил тод байрлуулна.
 
3.5. Цахим тоглоомын газар нь 19 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай байна.
 
3.6. Үйлчлүүлэгчдийн хөтөлгөөг тогтмол хийж, насанд хүрээгүй хүүхдийг 60 минутаас хэтрэхгүй хугацаатай тоглуулахаар зохицуулна.
 
3.7. Ажил, үйлчилгээ явуулж буй хуулийн этгээд, иргэд нь үйлчилгээний төлбөрийн билет, тасалбартай байна.
 
3.8.   Ажил, үйлчилгээ явуулж буй хуулийн этгээд, иргэд нь үйлчилгээ эрхлэн явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргах шалтгаан нөхцлийг арилгаж, түүнээс урьдчилан сэргийлж ажиллана.
 
Дөрөв. Сумын Засаг даргын хүлээх үүрэг.
 
4.1.  Энэ журмыг сумынхаа нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээр мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
 
Тав. Хориглох зүйл.
 
5.1. Цахим тоглоомын төрөлд гаж буруу хүмүүжил олгох, садар самуун, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг дүрсэлсэн хүүхдийн хүмүүжил, ёс зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх тоглоом тоглуулах,
 
5.2. Цахим тоглоомын программыг мөрийтэй тоглоомын хэлбэрээр өөрчлөн ашиг хонжоо олох хэрэгсэл болгох,
 
5.3.  Эрүүл   ахуй,  ариун   цэврийн   шаардлага хангаагүй байрны подвал, хонгилд цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх,
 
5.4.  Цагийн хуваарийг зөрчих,
 
 
 
Зургаа. Хяналт шалгалт, хариуцлага.
 
6.1. Цахим тоглоомын газарт эрх бүхий байгууллага, хууль хяналтын газруудаас холбогдох чиглэлээр тогтмол шалгалт хийнэ.
 
6.2.  Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба тоглоомын газрын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээг авна.