A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • НИЙГМИЙН ДЭГ ЖУРМЫГ ХАНГАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭЭС БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
                                                             2004 оны 11 дүгээр тогтоолоор
 
     НИЙГМИЙН ДЭГ ЖУРМЫГ ХАНГАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР  ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭЭС БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
           
            Нэг. Нийтлэг үндэслэл
            УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан *Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр*-ийг хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аймгийн нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулах, тэдний идэвхи саннаачилга, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. Энэхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, аймгийн нийт иргэд сахин биелүүлэх үүрэгтэй.
            Хоёр. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
            2.1 Аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурахтай тэмцэж, хэрэг зөрчил гаргасан тохиолдолд шалтгаан нөхцлийг арилгуулах, хөдөлмөрийн сахилга батыг чанд сахиулах талаар тодорхой арга хэмжээ авсан байна.
            2.2 Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь ажилтнууддаа төр, засгийн хууль тогтоомж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийг сурталчилах, мэдээллэх, хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулна.
            2.3 Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах явдлын шалтгаан нөхцлийг арилгах талаар аймгийн удирдлага, хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын энгийн магадлал, мэдэгдэл, зөвлөмж, төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, гарсан үр дүн хариуг нь тогтоосон хугацаанд өгнө.
            2.4 Сум, багийн засаг дарга болон аймаг, сумын *Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл*-ийн баталсан хуваарь маршрутын дагуу нийтийн эргүүлд аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудаа гарган ажиллуулна.
            2.5 Аж ахуйн нэгж байгууллага нь *Гэмт хэрэг зөрчилгүй*, *Архидалтгүй*, хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн 3.2, 5.18-д заасан *Аж ахуйн нэгж, байгууллага*-д даалгасан заалтыг хэрэгжүүлнэ.
            2.6 Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн орчныг хариуцсан газраа тогтмол цэвэр байлгаж, хог хаягдлаа ил асгахгүй, салхинд хийсгэж тараахгүй байхаар зохицуулж, мод, бут, сөөг, зүлэг тарьж ургуулах, хамгаалах, цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх, хаяг,_ гэрэлтүүлэг, чимэглэлийн холбогдох байгууллагатай тохиролцон батлагдсан зааврын дагуу үзэмжтэй хийлгэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж гэмтээхгүй байна.
            2.7 Батлагдсан стандарт, тогтоосон дэг журам, ариун цэврийн шаардлагыг хангасан газарт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлнэ.
            2.8 Согтууруулах ундаагаар үйлчлэх эрхтэй газрууд нь батлагдан гарсан журам, тогтоогдсон цагийн хуваарийг ягштал мөрдөхийн дээр , эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан согтууруулах ундаагаар зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчилнэ.
            2.9 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цагдаа, олон нийтийн байцаагч болон бусад эрх бүхий албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн, аливаа саад учруулахгүй байна.
            2.10 Хулгай, авто осол, хүний амь хохироох, танхайрах, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор харуул хамгаалалтаа сайжруулах, дохиолол хамгаалалтын хэрэгсэл тавиулна.
2.11 Төрийн болон төрийн бус байгууллага, бүх шатны сургуулиуд, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагад нэгдэж хүмүүжил, сурлага, ахуй амьдралаар хоцорч яваа хүүхдүүдэд онцгой анхаарал тавьж биечилж ажиллан, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие дааж ажиллаж амьдрах арга ухааныг эзэмшүүлэн, сургууль завсардалт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулна.
2.12 Албан газар, ажлын байранд архидан согтуурах явдлыг бүрмөсөн таслан зогсоож, согтууруулах ундаагүйгээр баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг өнгөрүүлдэг санаачлага, хөдөлгөөн өрнүүлж хэвшүүлнэ.
Гурав. Иргэний хүлээх үүрэг   
3.1 Архидан согтууралт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх талаар аймаг, сум, хууль, цагдаа, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
3.2 Бусдын хууль ёсны ашиг сонирхол, алдар хүнд, нэр төрийг хохироохгүй, нийгмийн дэг журмыг гажуудуулахгүй байх, гэмт хэргийн халдлагаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах, өөрөө үлгэр жишээ үзүүлж оролцохын дээр бусдыг шаардаж ажиллана.
3.3 Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, энэ чиглэлээр туслалцаа үзүүлэх үүргээ жигд биелүүлнэ.
3.4 Гудамж талбай, гэр орон сууц, орц, олон нийтийн газарт хэрүүл, зодоон үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, архидан согтуурч агсан тавих, ил задгай бие засах, нус цэрээ хаях зэргээр орчныг бохирдуулж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргах, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрахгүй байна.
3.5 Хууль бусаар галт зэвсэг, амьсгал боогдуулах болон нулимс асгаруулах хий олж өвч хадгалах, биедээ өвч явах, худалдах болон хутга мэсийг зэвсгийн чанартай авч явахгүй байна.
3.6 Замын хөдөлгөөнд оролцохдоо гарцтай газраар, гэрлэн дохиогоор гарах, тээврийн хэрэгслийг эзэмшигч бүр замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж, хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно.
3.7 Иргэний үнэмлэх болон иргэний гэр бүлийн бичиг баримтын шилжилт, хөдөлгөөнийг цаг тухайд холбогдох журмын дагуу хийлгэж, дээрх бичиг баримтыг эзэмших талаар гарсан журмыг чанд сахин биелүүлнэ.
3.8 Дархан-Уул аймагт амьдарч, ажиллаж, сурч байгаа иргэн аймгийнхаа нэр хүндийг хүндэтгэн дээдэлнэ.
3.9 Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах, эвдэж гэмтээхгүй байх, хог, хаягдлаа ил задгай хаяхгүй, шугам сүлжээний худаг, байрны орц, хонгилд хоноглохгүй байна.
3.10 Үр хүүхэд, өөрийн асрамжинд байгаа насанд хүрээгүй хүмүүс төрөл төрөгсөдөө гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байна.
3.11 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, 18 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах, хувиараа *гоонь*, *брашик* үйлдвэрлэхгүй байна.
Дөрөв. Энэхүү журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
4.1 Энэхүү журмыг зөрчигчдөд сум дундын шүүх, сум, багийн засаг Засаг дарга, Цагдаагийн эрх бүхий ажилтан, тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч болон тухайн байгууллагын дээд шатны эрх бүхий албан тушаалтнууд *Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай*, *Хөдөлмөрийн тухай* , *Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай *, *Архидан согтуурахтай тэмцэх тухай * хуулинд заасан захиргааны болон сахилгын шийтгэл ногдуулна.
Тав. Бусад зүйл
Энэхүү журам нь аймгийн нутаг дэвсгэрт 2004 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.