A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
                                                                                                                                               2006 оны 269 тоот тогтоолоор батлав.
 
 
                                         МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ
                                             ТЭМЦЭХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР
 
 
            Нэг. Хөтөлбөрийн үндэслэл шаардлага
 
            Мал хулгайлах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд гарч байгаа нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд Ховд аймагт сүүлийн 3 жилийн байдлаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 22.3 шахам хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж, 141361.5 сая төгрөгийн хохиролтой, 265 холбогдогчтой эрүүгийн 227 хэрэг бүртгэгдэн эл гэмт хэргийн улмаас нийт 1309 мал хулгайлагдаж, хулгайлагдсан малын 57.3 хувийг бод мал эзэлж байна.
            Малын хулгайн улмаас ард түмэн амьжиргааны эх үүсвэрээсээ салж,  хөдөө орон нутгаас  төв  суурин  руу  нүүх, ажилгүйдэл, ядуурлыг  бий  болгохын зэрэгцээ  Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Буянт, Дөргөн сумдад мал хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж насанд хүрээгүй хүүхдийг хулгайн гэмт  хэрэг рүү татан оролцуулах, тээврийн хэрэгслийг түлхүү ашиглах, онц  их хэмжээний  хохиролтой бүлэглэн үйлдэх, аймаг сум дамнасан малын хулгайн сүлжээ бий болж буй байдалд дүгнэлт хийж цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр боловсруулах  шаардлагатай  болсон.
 
            Хоёр. Зорилго, хэрэгжих хугацаа
 
2.1. Хөтөлбөрийн зорилго
Аймгийн  хэмжээнд гарч  байгаа  мал хулгайлах  гэмт хэрэг болон  хил, өөр   аймаг дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулан, иргэд олон нийтийн байгууллагын идэвх  оролцоог нэмэгдүүлэн энэ ажилд өргөнөөр татан оролцуулснаар аймгийн хэмжээнд мал  хулгайлах гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурч, малчид малаа байнгын  хариулга маллагаатай болгож аймаг, сум, багаараа малын хулгайчгүй болох зорилго тавьж ажиллахад гол агуулга  нь оршино.
            2.2.Хөтөлбөр хэрэгжих хугацаа:  2006 – 2008 он
 
            Гурав.  Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам
 
            А. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
            1. Аймаг, сумын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан байгуулан ард иргэдийг оролцуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулан, хөрөнгө хүчийг төвлөрүүлэх
            2. Мал хулгайлах гэмт хэргийн талаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран улирал тутам сум, багт сургалт сурталчилгаа явуулж хэвших
            3. Бод малыг аймгийн хэмжээнд индексжүүлэн тамгын сүлжээнд оруулах арга хэмжээ авах
            4. Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг олгож байгаа байдалд тавих хяналтыг сайжруулж, журмын дагуу олгох
            5. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар улирал бүр мэдээлэл өгч иргэдэд хүргэх
            6. Хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт  өгч, сумын Засаг дарга, ГХУСАЗЗ-н салбар зөвлөлийн даргын ажлын тайлан, сонсгол мэдээллийг  авч  хэлэлцэж  байх
            7. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг холбоо, унаа, орон байраар хангаж, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байх
            8. Хил залгаа аймаг, сумын цагдаагийн байгууллагын удирдах ажилтантай мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох замаар хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх
            9. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж үр дүн гаргаж байгаа сум, баг айл өрх, иргэдийн туршлагыг нийтэд хүргэх, шагнаж урамшуулах
            10. Мэдээлэл худалдаж авах нөхцөлийг хууль тогтоомжид заасан үндэслэлээр бүрдүүлэн сурталчлах
            11. Малын хулгай түлхүү гардаг сумдад Цагдаагийн байгууллага болон малчид, иргэдийн туслалцаатай морин эргүүл ажиллуулан үр дүнг тооцож байх.  
            Б. Шүүхийн  байгууллага
            1. Мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж буй сэжигтэн, яллагдагчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх
            2. Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлогыг чангатгаж ялын цээрлүүлэх зорилгыг түлхүү хэрэглэх
            3. Мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэгчдийн болон ялын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр сумдад хүргэж   байх
            4. Олны анхаарал татсан онц ноцтой гэмт хэргийн шүүх хурлыг тухайн орон нутагт нээлттэй хийж, олон түмнийг өргөн хамруулахад чиглүүлэх
            5. Шүүх хуралдааны хүмүүжүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээг сум бүрт хийхэд анхаарах.
             В. Прокурорын байгууллага
            1. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан малын хулгайн хэргийг шийдвэрлэх ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулах
            2. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлахаас урьдчилан сэргийлж тэдэнд авах таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах
            3. Мал хулгайлах гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналтыг сайжруулж хэргийн шийдвэрлэлтийг хуулийн хугацаанд хангуулахад анхаарч ажиллах
            4. Мал хулгайлах гэмт хэрэгт шийтгэгдсэн ялтны ял эдлэлтийн байдалд тавих прокурорын хяналтыг сайжруулж тэднийг ял завшуулахгүй байхад хяналтын ажлыг чиглүүлж ажиллах
            5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохиролыг барагдуулах, төлбөрт хүрэлцэхүйц эд хөрөнгө битүүмжлэх, хохирогч нарыг өмгөөлөх эрхээр хангаж өгөх.
            6. Прокурорын зохих болон дээд шатны хяналтыг чанд сахиулж, Прокуроруудын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх          
            Г. Цагдаагийн  байгууллага
            1. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд гарч байгаа мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан дүгнэлт гаргаж, урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх
            2. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх
            3. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг мал хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх эрэн сурвалжилах ажилд давтан сургаж дадлагажуулан шаардлагатай бол  3-аас доошгүй жил тутам сэлгэн ажиллуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэвших  
            4. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдэн хорих ял эдлээд  суллагдсан, хорихоос  өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийн хүрээнд захиргааны  хяналтанд авч  тэдний  хувийн байдал нийгэмшилтийн талаар мэдээллийг холбогдох сумдын удирдлага болон иргэдэд улирал тутам өгч байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх нэг бүрчлэн арга хэмжээг зохион  байгуулан ажиллах
            5. Мал хулгайлах гэмт хэргийн талаарх тайлан мэдээг улирал бүр нэгтгэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргад тогтмол мэдээллэж хэвших.
            6. Мал хулгайлах гэмт хэргийн улмаас эд хөрөнгө бусад эрх ашгаараа хохирогчдыг хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчөөр хангах боломж олгож, хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэхэд онцгойлон анхаарах.  
             Д. Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх алба
            1. Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэн тэргүүнд барагдуулж иргэд байгууллагыг хохиролгүй болгох
            Хулгайн гэмт хэрэгт урьдчилан хоригдож байгаа этгээдүүдэд мал  хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам, шүүхийн  ялын бодлого, холбогдох хууль тогтоомж, учирсан хохирлын эдийн засаг,  нийгмийн учир холбогдлыг сайтар таниулах зорилго бүхий асуудлаар сургалт  явуулах
            3. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх ялаа эдлэхгүй байгаа этгээдийг хорих ялаар солих саналыг шүүхэд гаргах
            4. Мал хулгайлах гэмт хэргийн учир ял эдлээд суллагдаж буй этгээдүүдийг цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж бүртгүүлсэн байх.
            Е. Хилийн цэргий 123-р анги 
            1. Хилийн зурваст оршин сууж буй малчид, сумын Засаг даргатай хамтран тухайн заставтай гэрээ хийх
            2. Хилчдийн сонор сэрэмж, хил хамгаалалт, хилийн нягтралыг байнга сайжруулж ажиллах
            3. Хилийн зөрчил, малын хулгай гарах үед эрлийн группийг хил нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
                 Ж. Сумын Засаг дарга
            1. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад олон нийтийн байцаагч, иргэд, хөрш, нөхөрлөлийг шаардлагатай газар, орчинд тодорхой чиг үүрэгтэйгээр ажиллуулан үр дүнг тооцон шагнах
            2. Сумынхаа бүх малыг им, тамга, нэгдсэн бүртгэлтэй болгож тавих хяналтыг өндөржүүлэх
            3. Өөр аймаг, хот, суманд шилжихийг хүссэн иргэний хүсэлтийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдолтой эсэх талаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн байгууллагын дүгнэлтийг авч шийдвэрлэх
            4. Сумынхаа хэмжээнд мал хулгайлж болзошгүй хүмүүсийн судалгаа гаргаж цагдаагийн хяналтанд байлгах
            5. Төв суурин газар төвлөрсөн мал, махны зах, нядалгааны  цэг ажиллуулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн  гэрчилгээг  тогтмол бичиж,  гэрчилгээгүй  мах,  түүхий  эд бэлтгэх,  худалдах, тууварлуулахгүй  байх
            6. Сумдад мал сүрэг хамгаалах нөхөрлөл бүлэг байгуулан байнгын ажиллагаатай болгох
            7. Олон нийтийн байцаагч нарыг хуулинд заасан эрх үүргийн дагуу ажиллуулах
            8. Хулгай их гардаг нутаг орчинд улирлын чанартай төлөвлөгөө боловсруулж, үе шаттай ажил зохиох
            9. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан байгуулах
            10. кобоны систем  нэвтрүүлэх
            11. Хуулинд заасны дагуу сумын Тамгын газарт алдуул малын бүртгэлтэй байх, мал тууврын маршрут гаргаж, хяналт тавих. 
            12. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон яллагдагчийн эд хөрөнгө, малын талаарх тодорхойлолтыг зохих хуулийн байгууллагад үнэн зөв гаргаж өгөх
            13. Хойшлуулшгүй ажиллагааны үед унаа, шатахуунаар хангаж дэмжлэг үзүүлнэ.   
            14. Харилцаа холбооны комдпанитай хамтран багийн холбоог байнгийн ажиллагаатай байлгах, тогтоосон цагт мэдээлэл солилцож байх.  
            З. Багийн Засаг дарга
            1. Малын хулгайтай тэмцэх асуудлыг ИНХ–аар хэлэлцэж малын хулгайчгүй баг болгох хөдөлгөөн өрнүүлж хулгайчийг цаг тухайд нь илрүүлж нийтэд мэдээлэх, мэдэгдэх.
            2. Айл өрх, саахалтаараа мал сүргээ өдрийн цагт хоньчлон хариулдаг, шөнийн цагт манаатай байлгах хэвшилд дадах
            3. Багийн өдөрлөг, хурал зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үеэр сумын удирдлага, хэсгийн төлөөлөгч зэрэг холбогдох хүмүүсийг оролцуулан хууль сурталчлах, мэдээлэл хийх ажил зохиох
            4. Багууд хоорондоо холбооны тусгай суваг ашиглан мал хамгаалах, хулгайн талаар мэдээлэл солилцож байх
            5. Багт мал сүрэг хамгаалах нөхөрлөл байгуулан байнгийн ажиллагаатай болгох.   
            И. Малчид- иргэд
            1. Аймаг, сумын нутаг дэвсгэрээс мал худалдан борлуулах, тээвэрлэж тууварлах, мал мах түүхий эд бэлтгэхдээ гарал үүслийн гэрчилгээг заавал авч занших
            2. Иргэн бүр сонор сэрэмжтэй байж мал сүргийнхээ хариулга, хамгаалалтыг сайжруулж, ялангуяа бод малыг хоньчлон хариулж хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл бололцоог гаргахгүй байх
            3. Мал бүхий иргэд бод малд зүсмийн бүртгэл хөтөлж өөрчлөлтийг багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх
            4. Овог, ахан дүүсээрээ уламжлалт тамгаа сэргээх, хийх
            5. Хулгайн хэргийн үед цагдаагийн ажилтан болон иргэдэд унаагаар туслах
            6. Малын хулгайтай тэмцэх, хулгайлагдсан мал олдсон тохиолдолд олдсон малын үнийн дүнгийн тодорхой хувийг малчны санаачлагаар илрүүлэгч, мэдээлэгчдийг урамшуулах, малыг гэмт халдлагаас хамгаалах санд төлөрүүлж болно.  
            7. Мал алдагдсан тохиолдолд нэн яаралтай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, бүртгүүлэх
            8. Бод малаа улсын хэмжээний индексжүүлсэн тамгын сүлжээнд бүрэн хамруулсан байх.
 
            Дөрөв.  Удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
 
            4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
            4.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг аймгийн ГХУСАЗЗ болон Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар хариуцан ажиллана.
            4.1.2. Суманд хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, нарийвчилсан төлөвлөгөө гарган Засаг дарга хариуцна.
            4.1.3. Хөтөлбөрийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, идэвх оролцоог дэмжин өргөн оролцуулна.
            4.2. Хөтөлбөрийн санхүүжилт
            4.2.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардал
            4.2.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан
            4.2.3. Хандив, тусламж
            4.2.4. Бусад
 
            Тав. Үр дүн, тайлагнах
 
            5.1. Аймгийн хэмжээнд дотоодын болон өөр аймаг, сум дамнасан мал хулгайлах гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан байна.
            5.1.2. Малчид, мал бүхий иргэдийн мал сүрэг өсөж амьжиргааны түвшин дээшилж хөдөө орон нутгаас төв суурин руу чиглэсэн их нүүдэл багасаж, тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.
            5.2. Тайлагнах
            5.2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө сумууд, хууль сахиулах байгууллага, бүр гарган биелэлтийг ханган зохиосон ажил, хүрсэн үр дүнг хагас жил тутам хууль зүйн хэлтэст ирүүлж байна.
            5.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг жил бүр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ГХУСАЗЗөвлөлд мэдээлж хэлэлцүүлнэ.
 
----------------оОо ---------------