- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МОД ТАРЬЖ УРГУУЛСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2007 оны 12 дугаар сарын
21-ний өдрийн 116 дугаар тогтоолын хавсралт
МОД ТАРЬЖ УРГУУЛСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү журмын зорилго нь цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын ажлын үр дүнг дээшлүүлэх, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үүднээс шинэ менежментийг нэвтрүүлж, төрөөс санхүүжүүлэх, урамшуулах харилцааг зохицуулахад оршино.
1.2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийж гүйцэтгэсэн цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын ажлыг үр дүнгээр нь үнэлэн орон нутгийн төр захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлэн урамшуулал олгоход энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3 Цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын ажилд ойгүй талбай, хээр тал, гол, горхи, булаг, шандын эхийг ойжуулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлж, сум, багийг элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ногоон зурвас байгуулах, заган ойг нөхөн сэргээх, хот, сууринг цэцэрлэгжүүлэх, өвөлжөө, бууцны ойролцоо хамгаалалтын зурвас байгуулах зорилгоор говийн нөхцөлд тохирсон мод, бут, сөөг, жимсний төрөл бүрийн модыг стандарт, нормативийн дагуу тарьж ургуулах зэрэг ажил үйлчилгээ хамаарна.
1.4 Энэхүү журмыг зөвхөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөнө.
Хоёр. Оролцогчдийн хүсэлтийг хүлээн авч бүртгэх
2.1 Цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын ажилд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид оролцогч гэх/ нь ойжуулалт хийх талбай нь харъяалагдаж буй сумын Засаг даргад өргөдөл, хүсэлтээ жил бүрийн 5 дугаар сарын 10-нд багтаан батлагдсан маягтын дагуу бичгээр гаргана. Иргэний өргөдөл буюу аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэнд ойжуулах талбайн байршлын тойм зураг, хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй танилцуулга, тооцоо судалгааг хавсаргасан байна.
2.2 Аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр урамшууллын гэрээнд оролцогчдийн өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэх, ойжуулалтын ажлыг хавар, намрын тооллогоор хүлээн авч акт үйлдэх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий тусгай комиссыг томилон ажиллуулна. Энэхүү комисс нь байнгын ажиллагаатай байх тул албан тушаалаар томилох бөгөөд сумын комисст сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамалыг заавал оруулна.
2.3 Энэ журмын 2.2-т заасны дагуу томилогдсон сумын комисс дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
2.3.1 энэ журмын 2.1-д заасны дагуу ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээж аваад тухайн оны 05-р сарын 20-ны дотор комиссын хурлаар өргөдөл, хүсэлтийг нэг бүрчлэн авч хэлэлцээд 3.1, 3.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг хянаж, хүлээн авах, буцаах эсэх талаар шийдвэр гаргана.
2.3.2 Энэ журмын 2.3.1-д заасны дагуу буцаахаар шийдвэрлэсэн өргөдөл, хүсэлтийг сумын ЗДТГазрын албан тоотоор эзэнд нь хүргүүлэх ба уг тоотод хүлээж авахаас татгалзах болсон үндэслэлийг заавал дурьдсан байна.
2.3.3 Энэ журмын 2.3.1-д заасны дагуу хүлээн авахаар шийдвэрлэсэн өргөдөл, хүсэлтийн дагуу ойжуулалт хийх, мод тарих талбайн усан хангамж, хөрсний үржил шим, газрын байршил, цаашид уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх боломжтой эсэхийг газар дээр үзэж танилцан мэргэжлийн дүгнэлт гаргаж, сумын Засаг даргад хүргүүлнэ.
2.3.4 Сумын Засаг дарга энэ журмын 2.3.3-т заасан комиссын дүгнэлтийг үндэслэн оролцогчтой гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай захирамж гаргах ба энэ шийдвэрийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан оролцогчтой “Мод тарьж ургуулсан иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох гэрээ”-г гурван жилийн хугацаатайгаар батлагдсан маягтын дагуу байгуулж, уг гэрээг тусгай дэвтэрт бүртгэнэ.
2.3.5 Гэрээг 3 хувь үйлдэж нотариатоор батлуулан, гэрээ байгуулагч 2 тал нэг, нэг хувь хадгалах ба үлдсэн хувийг 5 дугаар сарын 31-нд багтаан аймгийн ЗДТГазрын Үйлдвэрлэл, дэд бүтэц байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс/ҮДББОБЗХ/-т хүргүүлж бүртгүүлнэ. Хугацаа хоцорсон тохиолдолд өргөдөлийг хүлээн авахгүй ба уг өргөдлийг сумын ЗДТГазарт буцаан хүргүүлнэ.
Гурав. Ойжуулалт, мод тарих ажилд тавигдах үндсэн шаардлага
3.1 Оролцогч нь дор дурьдсан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна.
3.1.1 Говийн нөхцөлд ургах чадвартай, нутгийн уугуул модны тарьц суулгацаар хангагдах боломжтой байх
3.1.2 Ойжуулалт хийх, мод тарих талбайнхаа хамгаалалт, усалгаа, арчилгааг бүрэн хариуцах чадвартай байх
3.1.3 Мод тарих, ойжуулалт хийх талаар зохих мэдлэгтэй байх
3.1.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн байгууллагын орчныг тохижуулахаас өөр зориулалтаар төв суурингийн нийтийн эзэмшлийн талбайд, бэлчээр, булаг шандны эх, тариалангийн талбайг хамгаалах зэрэг зориулалтаар ойн зурвас байгуулах,
3.2 Дор дурьдсан үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү урамшууллын гэрээнд хамруулахыг хориглоно.
3.2.1 Мод үржүүлэг, тарьц суулгац бойжуулах зорилгоор мод тарих
3.2.2 Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд ойжуулалтын ажил хийх
3.2.3 “Газрын тухай” хуулийн 56.6-д “Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана” гэсэн заалтын хүрээнд аж ахуйн нэгж байгуулага гадна орчиндоо мод тарих
3.2.4 Байгууллага, аж ахуйн нэгж нь “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний дагуу жил бүрийн байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мод тарих
3.2.5 Уул уурхайн үйлдвэрлэл зэрэг байгаль орчинд шууд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэгчид нөхөн сэргээлтийн зориулалтаар мод тарих
3.2.6 Гэрээнд заасан модноос илүү гаргаж мод тарих
Дөрөв. Гүйцэтгэлийг хүлээн авч, урамшуулал олгох
4.1 Оролцогчийн тарьж ургуулсан модыг энэ журмын 2.2-т заасаны дагуу байгуулагдсан сумын комисс тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор нэг, хоёр, гурав дахь жилдээ ургаж байгаа мод нэг бүрийг тоолж хүлээн авч батлагдсан маягтын дагуу акт үйлдэн, гэрэл зургийг нь авч баримтжуулна.
4.2 Сумын комисс урьд жилүүдийн урамшуулын гэрээний үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй тайлан, тухайн жилийн ойжуулалтын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тооллогын дүнг нэгтгэн сумын Засаг даргаар хянуулж, хүлээн авсан актын хамт 10 дугаар сарын 20-ны дотор аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХэлтэст хүргүүлнэ.
4.3 Энэ журмын 2.2-т заасны дагуу байгуулагдсан аймгийн комисс нь сумдаас ирүүлсэн урамшууллын гэрээний биелэлт, мод тоолж хүлээн авсан актыг хүлээн аваад хяналтын тооллого хийх шаардлагатай зарим талбайд дахин тоолого хийж акт үйлдэнэ.
4.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй мод тариагүй буюу тарьсан мод нь 100 хувь ургаагүй этгээдийн гэрээг үл маргах журмаар цуцлана.
4.5 Сумын комисс энэ журмын 4.1-д заасан тоологын дүнг баталгаажуулах зорилгоор дараа оны 5 дугаар сарын 20-ны дотор дахин хаврын хяналтын тоолого хийж дүн мэдээг нэгтгэн, урьд өмнө нь хүлээн авсан актанд тодотгол хийж, сумын Засаг даргаар хянуулсны үндсэн дээр албан тоотоор аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХэлтэст ирүүлнэ. Аймгийн комисс мөн хугацаанд шаардлагатай зарим газарт хяналтын тооллого дахин хийнэ.
4.6 Энэ журмын 4.5-д заасны дагуу тодотгосон акт нь урьд оны хавар тарьсан модонд урамшуулал олгох эцсийн дүн болох ба намар тарьсан модыг уг журмын 4.1 дэхь заалтын дагуу дараа оны намрын тооллогоор хүлээн авсан акт нь эцсийн дүн болно.
4.7 Энэ журмын 4.6-д заасан тооллогоор хүлээн авсан акт, тухайн оны төсөвт тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга “Урамшуулал олгох тухай” шийдвэр гаргах ба урамшууллыг оролцогчийн тарьж ургуулсан мод нэг бүрт дор дурьсан үзүүлэлтийг харгалзан олгоно. Үүнд:
Тарьсан модны насны ангилал
|
Урамшуулал /төгрөгөөр/
|
1 настай
|
1000
|
2 настай
|
1500
|
3 настай
|
2000
|
Тайлбар: Анх тарьснаас хойш 12 сарын дараа ургаж байгаа таримал модыг нэг настай мод гэж үзнэ.
4.8 Аймаг, сумын ЗДТГазраас оролцогчид мод тарихад эхний ээлжинд тарьц суулгац худалдан авахад шаардагдах санхүүжилтийн тодорхой хэсгийг урьдчилгаа байдлаар олгож болох бөгөөд энэ тухай уг журмын 2.3.4-т заасан гэрээнд заавал тусгасан байна. Урьдчилгаа санхүүжилт олгосон тохиолдолд 4.7-д заасан урамшуулалаас уг санхүүжилтийг хасаж тооцно.
4.9 Хэрэв оролцогч заган ойг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бол урамшууллыг энэ журмын 4.7-д заасан харгалзах үзүүлэлтээр тооцох боломжгүй бол ойжуулсан талбайн хэмжээгээр тооцох бөгөөд энэ талаар аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон комисс урамшууллын хэмжээг тогтооно.
Тав. Урамшуулалын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
5.1 Аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХэлтэс нь энэ журмын 2.3.5-д заасны дагуу сумдаас ирүүлсэн гэрээг бүртгэж аваад тухайн оны 7-р сард багтаан урьд жилүүдийн урамшуулын гэрээний үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй тайлан, тарьсан модонд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, ирэх оны төсөвт суулгах саналаа боловсруулж, Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс /СЭЗБЗХ/-т хүргүүлнэ.
5.2 СЭЗБЗХэлтэс нь 5.1-д тусгагдсан саналыг хянаад Сангийн яам, Байгаль орчны яаманд хүсэлтээ уламжилж ирэх оны төсөвт тусгуулах замаар аймгийн ИТХ-аар батлуулж, тарьсан модонд олгох урамшуулалын санхүүжилтийг бүрдүүлнэ.
5.3 Энэ журмын 5.2-т заасан санхүүжилтээс гадна дор дурьдсан эх үүсвэрүүдээс бүрдүүлж болно.
5.3.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив /Тухайлбал: тухайн жилд сумын Засаг даргын даалгавар болон байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу байгаль хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан мод тарих үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын тарих ёстой мод бүрт ногдох 1000-2000 төгрөгний хандив байж болно./
5.3.2 Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн тусламж, дэмжлэг
5.3.3 Бусад
Зургаа. Бусад
6.1 Гүйцэтгэгч нь урамшуулал авсан модыг хамгаалж, арчлалгүй үхүүлсэн, мал амьтанд идүүлсэн тохиолдолд өөрийн зардлаар нөхөн тарих ба энэ нөхөн тарьсан модонд эхний жилд урамшуулал олгохгүй. Харин нөхөн тарилт хийгээгүй тохиолдолд урамшууллын мөнгийн буцааж төлүүлэх ба төлөөгүй тохиолдолд шүүх, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
6.2 Энэхүү журмын 2.3.4-т заасны дагуу байгуулсан гэрээний хугацаа дууссан тохиолдолд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдэд уг газрыг өмчлүүлэх эсвэл эзэмшүүлэх тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн сумын Засаг дарга аймгийн Газрын албатай хамтран шийдвэрлэнэ.
6.3 Энэхүү журмын 2.1-д заасан өргөдөл, хүсэлтийн маягт, 4.1-д заасан мод хүлээн авах актын загвар, 2.3.4-т заасан гэрээний маягт зэргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын тушаалаар батална.
Текст томруулах
A
A
A