- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын
даргын 2004 оны 165/143 дугаар хамтарсан тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхү журмын зорилго нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан туслах, мэдээлэл солилцох, хамтран үзлэг шалгалт хийх, улмаар мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа салбаруудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2.Энэхүү журмыг мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага, хилийн мэргэжлийн хяналтын албад, цагдаагийн бүх байгууллага дагаж мөрдөнө.
1.3.Цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хамтарч ажиллахдаа харилцан туслах зарчмыг баримтална.
1.4.Цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтарч ажиллах ажлын хүрээнд байгалийн баялгийг хамгаалах, хар тамхи болон бусад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, энэ ангилалд хамаарах эм биобэлдмэл, түүний эргэлт, химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүний эргэлт, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана.
1.5.Хамтран ажиллах журмыг төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад хүргүүлж нийт бие бүрэлдэхүүнд таниулах, мөрдөж хэвшүүлэх ажлыг Цагдаагийн ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар тус тусын чиглэлээр зохион байгуулна.
1.6.Хамтран гүйцэтгэх хяналт шалгалтын үндсэн чиглэлийг урьдчилан тохиролцож тус тусын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж болно.
Хоёр. Хамтарч ажиллах, хяналт шалгалт
хийх ажлын үндсэн чиглэлүүд
2.1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой улсын үйлдвэрийн газруудад өмч хөрөнгөтэй холбоотой гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг шалгах.
2.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон химийн хорт бодис, энэ ангилалд хамаарах эм био бэдмэлийн импорт, экспорт, үйлдвэрлэл, худалдаа, ашиглалт, хадгалалтад нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалт хамтран явуулах.
2.3.Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа зэрэг томоохон боомтуудад шаардлагатай үед үзлэг шалгалт зохион байгуулах.
2.4.Боловсролын бичиг баримт /үнэмлэх, гэрчилгээ, диплом/-ыг хэвлэх, хадгалах, олгох, хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийх.
2.5.Импортын бараа, хүнсний бүтээгдэхүүний болон биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, хэрэглэх хугацаа, хуурамч эсэхэд хамтарсан шалгалт хийх.
2.6.Хүнсний аюулгүй байдлыг хангах болон архи, согтууруулах ундааг хуулиар хориглосон газар, цэгт худалдах, үйлдвэрлэлийн бус аргаар болон стандартын шаардлага хангахгүй согтууруулах ундаа бэлтгэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ ногдуулах, бүртгэлд авах чиглэлээр хамтарсан үзлэг шалгалт явуулах, санал дүгнэлт гаргах.
2.7.Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдал, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахтай холбогдсон хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр, хэм хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын биелэлтэд хяналт тавих.
2.8.Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх талаарх маргаантай асуудлыг шийдвэрлэх.
2.9.Хууль тогтоомж зөрчиж ан амьтан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл, мод, ургамал, ойн дагалт баялгийг бэлтгэх, тээвэрлэх, худалдаалах, ашигт малтмалыг олборлох зэрэг байгалийн аливаа баялгийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн хэрэг зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.
2.10.Шинээр баригдаж буй барилга байгууламжийн авто машины зогсоолын талбай, орц, гарц нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд хамтарсан хяналт тавих.
2.11.Гудамжны гэрэлтүүлэг, явган хүний зам талбай замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаарлагад нийцэж буй эсэхэд хамтарсан хяналт тавих.
2.12.Авто тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийн явц байдалд хяналт тавих, автотээврийн хэрэгслийн улсын стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр тээврийн шугам замд хамтарсан үзлэг шалгалтыг зохиож, санал дүгнэлт гаргах.
2.13.Автозам, гүүр, түүний хиймэл байгууламж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхийг хамтран шалгаж, санал, дүгнэлт гаргах.
2.14.Эрчим хүч, мэдээлэл, холбооны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй найдвартай ажиллагааг алдагдуулах, хулгайлах зэрэг хэрэг зөрчлийг илрүүлж, осол аваарыг судалж таслан зогсоох, түүнд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулах, бүртгэлд авах чиглэлээр хамтарсан үзлэг шалгалт зохиож санал дүгнэлт гаргах.
2.15.Ломбард, нийтийн тээврийн үйлчилгээ, зочид буудал, саун массаж, тоглоомын болон кино үзвэрийн газрууд зэрэг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа стандарт, технологийн шаардлага хангаж байгаа эсэхэд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт гаргах.
2.16.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдаалах, тээвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаанд хамтарсан шалгалт явуулах.
2.17.Хүний амь нас үрэгдсэн үйлдвэрлэлийн хүнд осол, хурц хордлого, хүн малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж уг асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.
2.18.Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын байгууллага, иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа зүй зохистой явуулж байгаа эсэхэд хяналт тавих.
2.19.Шаардлагатай бусад асуудлаар.
Гурав. Байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагаа
3.1.Цагдаагийн байгууллага харилцан хамтран ажиллах хүрээнд дараах эрх, үүрэг хүлээнэ. үүнд:
3.1.1.Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналтын чиг үүргээ хэрэгүжүлэхэд бүхий л талын туслалцаа үзүүлэн хамтран ажиллах, хяналт шалгалт хийх.
3.1.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль тогтоомж төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандарт зөрчсөн тухай мэдээллийг илрүүлсэн тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэх.
3.1.3.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр зарим, төрлийн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах.
3.1.4.Байгууллага, иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгасан асуудал нь гэмт хэргийн шинжгүй бол захиргааны болон бусад хариуцлага тооцуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэх.
3.1.5.Мэргэжлийн хяналтын байгууллагаас шилжүүлэн ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх.
3.1.6.Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй хяналт шалгалтын явцад шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлэх.
3.2.Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллага нь харилцан хамтран ажиллах хүрээнд дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:
3.2.1.Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллгаын хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр шуурхай мэдээлэх буюу шилжүүлж байх.
3.2.2.Цагдаагийн байгууллагын хүсэлтээр ирүүлсэн зайлшгүй шаардлагатай зарим хэрэг, материалд үнэ төлбөргүй лабораторийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж өгөх.
3.2.3.Цагдаагийн байгууллагаас шилжүүлэн ирүүлсэн хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандарт зэргийг зөрчсөн асуудал бүрийг шалган хариу өгч байх.
3.2.4.Цагдаагийн ажилтнуудад мэргэжлийн хяналтын чиглэлээр зохих мэдлэг олгох, тэднийг дадлагажуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
3.2.5.Цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн материал, мэдээллийг хэдийд хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдээлэх.
Дөрөв. Бусад асуудал
4.1.Хамтын ажиллагааны явцад хоёр байгууллагын эрх ашиг хөндөгдсөн асуудлыг тухай бүр байгууллагын удирдлагын хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.2.Энэ журмын 1.4-т заасан асуудлаар Улсын мэргэжлийн хяналтын газрын холбогдох хэлтэс болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албад өөрийн хариуцсан салбарт жилд нэгээс доошгүй удаа хамтарсан үзлэг шалгалт зохион байгуулж, дүнг гаргаж, хоёр газрын удирдлагад танилцуулна.
4.3.Хамтарсан хяналт шалгалт хийхдээ хоёр талын холбогдох удирдлагаар удирдамж батлуулан ажиллаж, ажлын дүнг хоёр байгуулагын удирдлагад танилцуулна.
4.4.Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагын холбогдох нэгжүүд саадгүй солилцоно.
4.5.Цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шилжүүлсэн материал, мэдээллийг хэдийд хэрхэн шийдвэрлэсэн талаар харилцан мэдээлнэ.
4.5.Харилцан хамтын ажиллагаа, хамтарсан үзлэг шалгалт, нэгдсэн арга хэмжээний үр дүн, албан хаагчдыг шагнах, урамшуулах болон хамтын ажиллагааны бусад асуудлыг байгууллагын удирдлагууд хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.6.Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хамтарсан зөвлөгөөнийг жилд нэг удаа зохион байгуулна.
4.7.Хөдөө орон нутагт хамтарсан үзлэг шалгалт хийх тохиолдолд томилолтын зардлыг тус тусын байгууллага хариуцна.
] ] ]
Текст томруулах
A
A
A