- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦАГДААГИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ЦЕГ-ын даргын 1994 оны 75 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ЗӨвшӨӨрӨв, Монгол улсын ерӨнхий
прокурор Н.ГанбаЯр
Цагдаагийн тусгаЙ хэрэгсэл, мэх хэрэглэх заавар
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ"Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль"-д заасан тусгай хэрэгслийг, мөн хуульд заасан үндэслэл бүхий нөхцөлд хэрэглэнэ. Хуульд заагаагүй тусгай хэрэгсэл алба хаагчид тавьж олгох ба хэрэглэхийг хориглоно.
2. Бүх төрлийн тусгай хэрэгслийг хэрэглэхдээ Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, энэ зааврыг баримтлахын зэрэгцээ тусгай хэрэгслийг үйлдвэрлэгчийн гаргасан ашиглах зааврыг мөн мөрдөнө.
3. Олон хүнд нөлөөлөх, нэг бүрийн болон тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг /хүлгээс бусад/ ЦЕГ-аас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэхийг хориглоно.
4. Цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар болон галт зэвсэг хэрэглэж довтолсон буюу эсэргүүцсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэн довтолсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүйгээс бусад тохиолдолд хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно. Харин мэх хэрэглэж болно.
5. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсний дараа хүний эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарах болон гэмтэл учирвал эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулна. Мөн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн үндэслэл, хэрэглэсэн тусгай хэрэгсэл ба мэх, хүний эрүүл мэндийн байдалд гарсан өөрчлөлт, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай даргадаа нэн даруй илгээнэ.
6. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэхийг үндэслэлгүй, буруу хэрэглэсэн, тусгай хэрэгслийг гээгдүүлж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн тохиолдолд албаны шалгалт явуулж, буруутай албан хаагчид сахилгын арга хэмжээ авах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Албаны шалгалтын дүнг ЦЕГ-т нэн даруй мэдэгдэнэ.
7. Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан хүнийг цагдаагийн байгууллагад ажиллах найдваргүй гэж үзнэ.
8. Олон хүнд нөлөөлөхөөс бусад бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх шийдвэрийг цагдаагийн алба хаагч өөрөө гаргаж, үр дагаврыг хариуцна.
9. Дотоодын цэргийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл хэрэглэх бол энэхүү зааврыг мөрдөнө.
10. Цагдаагийн туслах ажилтанд тусгай хэрэгсэл олгохыг хориглоно.
Хоёр. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
11. Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэнэ.
12. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараах хэрэгсэл хамаарна.
а/ олон хүнд нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч
б/ усан хөөрөг
в/ утаан хөшиг үүсгэгч
13. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараах зорилгоор хэрэглэж болно. Үүнд:
а/ нийгмийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох,
б/ нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох
в/ байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх
г/ хориглон эсэргүүцэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах
д/ цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон
е /цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн буюу бүлэглэн довтолсон.
ё/ хүнийг барьцаанд авсан
ж/ ялтан, цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугтсан
з/ галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн
и/ хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн, эсхүл бүлэглэн довтолсон
к/ хорих, цагдан хорих, баривчлах байранд болон шүүх хуралдааны үед нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон.
14. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга буюу тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргаж, үр дагаврыг хариуцна. Түүний үүрэг:
а/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг магадлан, тусгай хэрэгсэл хэрэглэх зорилгыг тодорхойлно
б/ хэрэглэх тусгай хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, хэрэглэх хүрээ, дэс дараа, тактикийг тодорхойлно.
15. Энэ зааврын 13 дугаар зүйлийн а, в-д заасан тохиолдлуудад олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна. Урьдчилан сануулахдаа чанга яригчаар зарлах, удирдагч, зохион байгуулагчийг нь буюу тэдний төлөөлөгчдийг урьж мэдэгдэх, сануулга бичиг тараах зэрэг боломжтой аргыг хэрэглэнэ. Урьдчилан сануулгыг сонсож мэдсэний дараа үйлдлээ таслан зогсоох шинж тэмдэг мэдэгдэхгүй бол тусгай хэрэгсэл хэрэглэнэ.
16. Цаг хугацааны хувьд боломжтой бүх тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэлийг прокурорт урьдчилан танилцуулж, байлцахыг урина.
17. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх үйл ажиллагааг тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний томилсон алба хаагч удирдах ба түүний үүрэг нь:
а/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө бие бүрэлдэхүүнд гүйцэтгэх үүргийг тодорхой ойлгуулж, тэднийг тусгай хэрэгслийн нөлөөнөөс хамгаалах арга хэмжээ авах
б/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө уг хэрэгслийн нөлөөллийн бүсэнд байгаа гэм зэмгүй хүмүүс, ялангуяа эмнэлэгт болон хүүхдийн байгууллагад байгаа өвчтөн, хүүхдүүдийг урьдчилан холдуулах арга хэмжээ авах
в/ тусгай хэрэгсэл хэрэглэх ажиллагааг урьдчилан төлөвлөсөн хэмжээ, тактикийн дагуу явуулах ба зогсоох, дуусгах шийдвэрийг гаргаж, үр дагаврыг хариуцах
г/ тусгай хэрэгслийг бусдад булаалгахгүй байх арга хэмжээ авах
д/ тусгай хэрэгслийг хэрэглэхэд цагдаагийн байгууллагын тухай хууль, энэ заавар болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэгчийн зааврын заалтыг цанд мөрдөх явдлыг хангах
е/ энэ зааврын 18 дугаар зүйлд заасан арга хэмжээг хариуцсан зохион байгуулна.
18. Олон хүнд нэг зэрэг нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
а/ эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст тусламж үзүүлэх арга хэмжээ авна
б/ хордсон хүн, амьтан, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж холбогдох арга хэмжээ авна
в/ тусгай хэрэгслийн үйлчлэх чадвар дуусах хүртэл тухайн орчинд харуул хамгаалалт тавьж, иргэдэд зөвлөгөө, сануулга өгнө.
г/ тухайн орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авна
д/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсэн үндэслэл, үр дүн, ялангуяа учирсан хохирлын тухай дэлгэрэнгүй актыг хэрэглэснээс хойш 4 цагийн дотор бичиж цагдаагийн дээд шатны байгууллагад аль болох богино хугацаанд танилцуулна.
Гурав. Нэг бүрийн тусгай хэрэгсэл
19. Гавыг дараах тохиолдолд хэрэглэж болно.
а/цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн
б/энэ зааврын 13-р зүйлд заасан бүх тохиолдолд гавыг хэрэглэж болно.
20. Гавыг гар, хөл, хуруунд хийж болно. Үүнд:
1/хоёр гарыг урьд нь болон ард нь бугуйгаар холбож хийнэ
2/хөлд хоёр хөлийн нарийн шилбээр эсхүл өвдөгний дээгүүр тушиж хийнэ.
3/хурууны гавыг хоёр гарын эрхийн хуруунд хийнэ
4/хоёр ба түүнээс дээш хүний эрхий хуруу, гар болон хөлийг холбон гавлаж болно
5/хүнийг хуяглан хүргэх үед гарыг нь өөртэйгөө холбон гавлаж болно
6/хүнийг тээвэрлэх үед гар буюу хөлийг автомашины суудал, тэвш бусад эд зүйлтэй холбон гавлаж болно
7/гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахааргүй өөр зүйлээс түр хугацаагаар аргамжиж болно.
21. Хүйтний улиралд гавыг гадаа хэрэглэхдээ хөл, гарыг хайрч гэмтээхээс хамгаална.
22. Гав, ороох цамц хэрэглэж болох тохиолдлуудад хүлэг хэрэглэж болно. Хүлгийг хүний гар, биед шигдэхээргүй, сунадаггүй, үрж гэмтэл учруулахгүй эдлэлээр хийнэ. Дараах байдлаар хүлнэ
1/Хүлэгний үзүүрт тооно тушиж, жижиг гогцоо гарган баруун гарынх нь бугуйгаар гогцоолдон, хагас тугавчилж уяад гарыг ар нуруунд нь нугалан дээш нь татаж, хүлэгний үзүүрийг зүүн мөрөн дээгүүр давуулан мөрөвчлүүлж баруун суга доогуур гаргасны дараа зүүн гарыг ар талд нь нугалан шуугаар нь бүтэн тугалчилж уяад, зүүн далны маяа ясны орчимд мөрөвчилсөн хүлэгнээс гогдон эрхийвчилж, баруун гарыг давхар давуулан аль нэг хөлийг ар дээш сойж хөврөхөөр зангидна. Энэ аргыг "дөрвөлжин хүлэг" гэж нэрлэнэ
б/ хоёр гарыг урд нь ба ард нь зөөлөн дээр холбон тугавчилж үзүүрийг хөврөхөөр уяна. Тэгэхдээ хоёр гарыг бугуйгаар юм уу эрхий хуруунуудыг холбон хүлнэ. Энэ үед хүлгийг уг этгээд өөрөө тайлах боломжтойг анхаарна
в/ шаардлагатай бол сандал дээр даруулах болон багана зэрэг зүйлтэй холбож хүлж болно. Ингэхдээ холбож хүлсэн зүйл нь унаж дарагдах, цохигдохоос сэрэмжилнэ.
23. Ороох цамцыг даавуун эдлэлээр 2 м урт ханцуйтай хийнэ. Ороох цамцыг хүний урд талаас өмсгөж, арын гурван бүчийг хөврөхөөр уяж, ханцуйтай гарыг урд нь зөрүүлэн, ханцуйг хоёр суган доогуур оруулан ар тийш татаж, нуруун дээр нь зөрүүлээд урагш эргүүлэн хоёр гарын булчинг даруулан, суган доогуур оруулан ар тийш татаж, нуруун дээр нь зөрүүлээд ураг эргүүлэн хоёр гарын булчинг даруулан, суган доогуур оруулж үзүүрийг зөрүүлэн буцааж нуруунд хөврөхөөр уяна.
24. Ороох цамц, дөрвөлжин хүлэгтэй хүнийг байнгын хяналтад байлгах бай ороох цамц, дөрвөлжин хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. Нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэх шаардлагатай бол өөр араг ба тусгай хэрэгсэлтэй ээлжилнэ. Жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа эмэгтэй хүнд ороох цамц, дөрвөлжин хүлэг хэрэглэж үл болно.
25. Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас өөрийгөө жолоодох чадвараа алдсан буюу согтуу этгээд догшин хэрцгий авирлаж бусдын болон цагдаагийн албан хаагчид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулахаар бол уг этгээдэд хүлэг, ороох цамц хэрэглэж болох ба энэ тохиолдолд эмчийн зөвшөөрөл авах эсхүл эмчийн хяналтад байлгах шаардлагатай.
26. Дараах тохиолдолд цахилгаан ба резинэн бороохой, нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу буюу шүршүүр, резинэн ба хуванцар сумтай бууны аль нэгийг хэрэглэж болно. Үүнд:
а/ гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд саад болсон үйлдлээ зогсоох талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй
б/ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаа, шаардлагыг эсэргүүцсэн
в/ харилцан зодолдож байгаа хүмүүс үйлдлээ зогсоох шаардлагыг зориуд биелүүлээгүй
г/ цагдаагийн алба хаагчийн ам нас, эрүүл мэндэд аюултайгаар эсэргүүцэж болох, мөн хориглон эсэргүүцэж байгаа сэжигтэн, яллагдагч, ялтан этгээдийг баривчлах
д/ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан оргон зайлах оролдлого хийсэн бол цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж үзэж энэ зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно
е/ нийтийн эмх замбараагүй байдалд оролцож буй этгээдийн үйлдлийг таслан зогсоох ба баривчлах
ё/нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох ба баривчлах
ж/байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх
з/галт зэвсэг хэрэглэж болох үндэслэл байгаа тохиолдолд
27. Энэ зааврын 26 дугаар зүйлд заасан тусгай хэрэгслийг хэрэглэхийг хориглох тохиолдлууд
а/ тусгай хэрэгслийг хэрэглэсний үр дүнд тусгай хэрэгсэл дахин хэрэглэх үндэслэл арилсан бол
б/ энэ зааврын 26 дугаар зүйлийн а,б,в-д заасан тохиолдолд резинэн бороохойгоор хүний толгой, давсаг, бүсэлхий, бөөрний тус газар цохих, цахилгаан бороохойгоор хүний нүүр болон биеийн ил хэсэгт хүргэж хэрэглэхийг хориглоно.
в/ энэ зааврын 26 дугаар зүйлийн з-д зааснаас бусад тохиолдолд нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, резинэн ба хуванцар сумтай буугаар нэг метрээс ойр зайд нүүр лүү шууд чиглүүлэн буудахыг хориглоно
г/ ухаангүй согтуу хүнд энэ зааврын 26 дугаар зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
д/ нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, нөлөөлсөн хүн эсэргүүцэх, довтлохоо зогсоосны дараа түүнд нүүрээ угаах, арчиж цэвэрлэх боломж олгоно.
Дөрөв. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх
28. Тээврийн хэрэгслийн дугуйнд болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгслийг тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл гэнэ.
29. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараах тохиолдолд зам, газарт дэлгэн тавьж хэрэглэнэ. Үүнд:
а/ хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан
б/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан өөрөө жолоодон зугтсан эсхүл тийм этгээдийг тээвэрлэн зугтсан
в/ тээврийн хэрэгслийг зогсоох талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж зугтсан.
30. Хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтан өөрөө жолоодон зугтсан, эсхүл тийм этгээдийг тээвэрлэн зугтсан тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх боломжгүй бол галт зэвсэг хэрэглэн эсхүл ачааны автомашин болон бусад зүйлээр хаалт тавьж тээврийн хэрэгслийг албадан зогсоож болно.
31. Галт зэвсэг хэрэглэж тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо жолооч болон зорчигчийг буудахгүй байх нөхцөлийг хангана.
32. Ачааны автомашинаар хаалт тавихдаа шатахууны банкинд шууд цохилт ирэхгүй байхаар байрлуулна.
33. Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тохиолдолд түүний хурд, замын онцлог зэргээс шалтгаалж, онхолдож, замаас гарах зэргээр жолооч, зорчигч, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөлд эрүүгийн хуулийн гарцаагүй байдлын хэм хэмжээг хэтрүүлэхгүй бай үүрэгтэй.
34. Тээврийн хэрэгслийг албадан зогсоохын өмнө хурдыг хасах зорилгоор саад хэрэглэж болно.
Тав.Самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх
35. Мэхийг дор дурьдсан тохиолдолд хэрэглэж болно. Үүнд:
а/ галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бүхий бүх тохиолдолд
б/ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол
в/ гав, хүлэггүйгээр хуяглан хүргэх үед
36. Цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байлаа довтолсноос бусад нөхцөлд ор дурьдсан мэх хэрэглэхийг хориглоно. Үүнд:
а/ жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүний хэвлий дэх ургийг гэмтээж болох мэх хийх
б/ тахир дутуу, гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүний тухайн гэмтлийг сэдрээж болох мэх хийх
в/ мэх хийснээс хүний биед гэмтэл учирч болзошгүй нөхцөлд эрүүгийн хуулийн гарцаагүй байдлын хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх үүрэгтэй
37. Эхний мэх хийсний дараа мэх хийх үндэслэл арилбал давтан хийхийг хориглоно.
Текст томруулах
A
A
A